Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/167

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,   

Улсын яллагч О.Батнасан,    

Шүүгдэгч Ж.Б, О.М,      

Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Ж-ийн Б, Бо овгийн О-ны М нарт холбогдох 2405009640213 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь “...” ХХК-д “дампын оператораар” ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Ноён сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн нүүрсний уурхайн засварын газарт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед уурхайн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилга”-ны 7.1.“Аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй болон ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ажилтныг ажиллуулахыг хориглоно”, 7.2. Мэргэжлийн бус, албан ёсоор томилогдоогүй хүнээр сэрээт өргүүр ажиллуулахыг хатуу хориглоно” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин сэрээт өргөгч ажиллуулан өргөлт хийж байгаад араагаа салгаагүйгээс шалтгаалан сэрээт өргөгч хөдөлж, дампын дугуй салгах гэж байсан засварчин Б.Быг дампын дугуй болон сэрээт өргөгч хоёрын дунд хавчуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх хэрэгт,    

Шүүгдэгч О.М нь “...” ХХК-д засварчнаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Ноён сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн нүүрсний уурхайн засварын газарт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед уурхайн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилга”-ны 7.1.“Аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй болон ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ажилтныг ажиллуулахыг хориглоно”, 7.2.“Мэргэжлийн бус, албан ёсоор томилогдоогүй хүнээр сэрээт өргүүр ажиллуулахыг хатуу хориглоно” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Ж.Б-оор сэрээт өргөгч жолоодуулсны улмаас Ж.Б нь сэрээт өргөгч ажиллуулан өргөлт хийж байгаад араагаа салгаагүйгээс шалтгаалан сэрээт өргөгч хөдөлж, дампын дугуй салгах гэж байсан засварчин Б.Б-ыг дампын дугуй болон сэрээт өргөгч хоёрын дунд хавчуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.Б, О.М нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Засварчдад хүч дутаад байхаар нь туслах зорилготой очсон. О.М ганцаараа байсан. Би очоод дугуй салгаж хүч хүрэхгүй байсан. Би дампын оператор ажил хийдэг. Уг нь засварт оролцох ёсгүй, машины кабинаасаа буудаггүй. Туслах зорилгоор очсон. Сэрээт өргөгчийн кардаан нь ажилладаггүй юм байна лээ. Өргөгчийг би ажиллуулж байсан. Би кардаанаа татаад буусан. Б дугуй сэрээт өргөгч хоёрын дундуур ороод хавчуулагдсан. Дугуй сэрээт өргөгч хоёрын дундуур орохыг хориглодог. Би буугаад өөр хүн суулгах гэж байсан. Гэтэл кардаан нь ажиллаагүй гэв.

Шүүгдэгч О.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед шөнийн ээлжид засварчнаар ажиллаж байсан. Шөнийн ээлжид 5 засварчин ажиллаж байсан. 01 дүгээр сард их хүйтэн байсан учраас дампуудад эвдрэл их гараад ачааллаа дийлэхгүй бид тав нэг хэсэгтээ хуваагдаж ажилласан. Төгөлдөр уулан дээр нөгөө 2 нь хоёр машин засвар дээр орж ирэхээр хуваагдаж ажиллая гэж ярьсан. Тэгээд Ж.Б тавдугаар дугуй буудсан гэж орж ирсэн. Ж.Б орж ирэхэд  нь би дугуйгаа бүх шпилкүүдийг нь тайлаад ганцаараа сугалах гэхээр дийлдэггүй Б, А 2 нөгөө машинд нь ажиллаж байсан. Тэгээд хүч хүрэхгүй болохоор нь тухайн үед ахалж ажиллаж байсан А-ээс би ганцаараа хүч хүрэхгүй байна яах вэ гээд асуусан чинь тэгвэл дампын оператороосоо буугаад тусламж ав гэсэн. Би юу гэж гуйх вэ дээ гэхэд А очоод Ж.Б-ыг буугаад манай засварчинд тусалж өгнө үү гэж хэлсэн. Тухайн үед Ж.Б туслахаар болоод бууж ирэхэд нь сэрээт өргөгч барьж чадах уу гэж асуухад барьж чадна гэхээр нь суулгасан. Мэргэжлийн бус ажил хийлгэсэн нь миний буруу. Тэгээд бууж ирээд хоёулаа дугуйгаа салгах гээд эхлээд бараагүй. 16-тай том дугуй учраас салгаж дийлээгүй. Тэгээд тусламж гуйхаар А, Б хоёр дээр очоод би дугуйгаа салгаж чадахгүй байна ирж тусал аа гэхэд А үлдээд Б туслахаар ирсэн. Б дугуй салгах гээд ирэхэд Ж.Б сэрээт өргөгч дээр байсан. Тэгээд дугуйг салгах хооронд Б сэрээт өргөгч дугуй хоёрын хооронд ороод татаад салгаж дийлэхгүй юм байна гээд Ж.Б-ыг буу гэж хэлсэн. Ж.Б буухдаа кардаанаа татаад араа нь салгагдаагүй гэдгийг анзаараагүй буусан байсан. Тэгээд араа салаагүй кардаан нь ажиллахгүй байсан учраас сэрээт өргөгч хөдлөөд Б-ыг хавчуулсан. Тэгээд сэрээд өргөгч унтраагаад бид хэд түрж гаргаад Быг гаргаад хагийн түрүүнд эмч дуудсан. Дараа нь ХАБЭА-г дуудсан тэгээд тэр өдрөө эмнэлгийн машинаар эмнэлэг рүү явсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ноён суманд 03 цагийн үед “...” ХХК-ийн авто засварын талбай дотор Дамп загварын 80 тонны даацтай тээврийн хэрэгслийн 5 дугаар дугуй хагарсан орж ирэхээр нь багажаар дугуйг нь тайлж аваад сугалах үед М ах, дампын оператор Б бид гурав машины хажууд байхад Б сэрээт өргөгч машин дээр очоод 6 дугаар дугуйг сэрээт өргөгчөөр өргөж байсан болохоор нь заавал компанийн засварчид л барьдаг болохоор Б дээр очоод барьж болохгүй буу гэхэд намайг сонсоогүй бололтой сэрээт өргөгчөөр дугуйг өргөөд байсан. Тэгэхээр нь би сэрээт өргөгчийн баруун талд гарсан байж байхад сэрээт өргөгчийн хажуугаас орж ирээд дугуйтай хавсарч миний ташаа хэсгийг шахаад сэрээт өргөгч унтарсан. Тэгээд 10 минут хавчуулагдаж байгаад манай ажлынхан намайг гаргасан... Би Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед миний нуруу болон аарцгийн хэсэг гэмтэлтэй байсан. Тэгээд гэмтлийн эмнэлгээс гараад өөрийн гэртээ 2 сарын хугацаанд хэвтрийн дэглэм барьж эм ууж байсан. 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 7 хоногийн хугацаанд гэмтлийн эмнэлэгт физик эмчилгээ болон сэргээн засах эмчилгээ хийлгэсэн. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 26-ны өдөр хүртэлх хугацаанд “Мөнгөн Гүүр” эмнэлэгт физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээ, бариа засал болон эм тарианы эмчилгээ хийлгэсэн. Одоогоор миний бие ясны гэмтэл байхгүй харин бүсэлхий болон нуруу хэсэгт хөшиж өвддөг, мөн зүүн хөлийн мэдрэл дарагдсан. Цаашдаа дахиж эмчилгээ хийлгэнэ. Энэ бүх эмчилгээний зардлыг “...” ХХК-аас гаргаж байгаа, ийм учраас надад гомдол санал байхгүй, энэ хэргийг хааж өгнө үү. 2,000,000 төгрөг бол хүрсэн, би тодорхой сайн мэдэхгүй байна. Мөн би сарын цалингаа бүрэн бас тогтмол авдаг. Энэ хэргийг хааж өгнө үү, надад гомдол санал байхгүй. “...” ХХК-аас миний хохирол болон зардлыг бүрэн барагдуулж байгаа учир цагдаагийн байгууллагад цааш шалгуулах шаардлага байхгүй. (хавтаст хэргийн 32-35 дахь тал)

Иргэний хариуцагч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие Өмнөговь аймгийн Ноён сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” ХХК-д Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны ахлах инженер албан тушаалд 2024 оны 01 дүгээр сараас томилогдон ажиллаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед уурхайн засварын хэсэг дээр, засварын хэсэгт ажилладаг Б.Б нь засварын ажил хийж байхдаа сэрээт өргөгч болон дампын дугуйнд хавчуулагдсан үйлдвэрийн осол гарсан, уурхайгаас Б.Б-ыг Ноён сум руу авч ирж Ноён сумын эмнэлэг болон аймгийн бүсийн оношилгооны төвд үзүүлсэн. Тэгээд яаралтайгаар Улаанбаатар хот руу тээвэрлэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлж, биеийн байдлыг нь үзүүлэхэд Б.Б-ын аарцаг, нурууны яс шахагдсан, зөөлөн эдийн гэмтэл авсан гэж оношилсон байсан. Б.Б нь 5 хоног Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарч гэрийн дэглэмд 45 хоног эмчилгээ хийлгэсний дараа 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс Гэмтэл согог судлалын үндэсний төвд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байна. “...” ХХК-д Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр уулын хэсэгт дампын жолоочоор ажилд орж, ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс засварын хэсэгт засварчнаар шилжин ажиллаж эхэлсэн. Тухайн үед засварын хэсэг дээр шөнийн ээлжид засварчин Д.А, засварчин О.М, Б.Б ажиллаж байсан. Осол гарах үед уулын хэсэгт ажиллаж байсан дампын жолооч Ж.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл эвдэрч, засвар үйлчилгээ авахаар засвар дээр ирж дампын жолооч Ж.Б болон дээр дурдсан ажилчид осол болох үед хамт хажууд байсан. Дээрх ажилчдын ажилд авсан тушаал байгуулсан гэрээ байгаа. Манай уурхайгаас осол гарсны маргааш нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комисс хуралдаж, хурлын тэмдэглэл үйлдэж, холбогдох баримт бичгийг бүрдүүлж, Хөдөлмөрийн улсын байцаагчид хүргүүлсэн. (хавтаст хэргийн 39-40 дэх тал)    

Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний төрсөн дүү Базарын Б нь 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён суманд үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй нүүрсний уурхайд засварчнаар ажилд орсон. Харин 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 03 цагийн үед миний дүү Б нь том дампын дугуйг сольж засварлах үед дампын оператор нь сэрээт өргүүр унаад хүрж ирсэн гэж хэлсэн. Тэгтэл өнөөх унаж ирсэн хүн нь сэрээт өргүүрийн арааг салгалгүй бууснаас болж сэрээт өргүүр нь дүүг маань дугуй руу шахаж аарцгийн ясыг хугалсан байсан. Тэр үед уурхайн эмч нь сувилагчийн хамт Улаанбаатар хотын ГССҮТ рүү тээврийн хэрэгслээр зөөвөрлөж авчирсан байсан. Миний мэдэх зүйл энэ байна. Манай дүү Б нь өөрөө мэдүүлэг өгөх боломжгүй эмчилгээ хийгдээд хэвтэж байгаа. Одоогоор дүүгийн ухаан санаа эрүүл, хэвтрийн байдалтай босож алхаж чадахгүй байгаа.” (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

Гэрч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие тухайн үед уурхай дээр 14 хоногийн ээлжийн ажилдаа ирсэн ажиллаж байсан. Тухайн осол болох 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө миний бие амарч байсан. Манай уурхай дээр дөрвөн хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан ажилтан нэг ээлжид ажилладаг, тэр шөнө уурхайн шөнийн ээлжид Б гэх ХАБ-н ажилтан үүрэг гүйцэтгэж байсан, би ослын талаар 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 07 цагт мэдсэн. Тэгээд осол болох үед хамт байсан ажилчид, тэр шөнө ажиллаж байсан хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Б нарыг дуудаж уулзахад Б.Б нь засварын хэсэг дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дамп, сэрээт өргөгч по-н завсар хавчуулагдаж, гэмтсэн талаар мэдэж, Ноён сумын эмнэлэг рүү яаралтай тээвэрлэж, биеийг нь үзүүлж, анхан шатны тусламж авах ажлыг зохион явуулсан. Ноён сумын эмнэлэгт очиж биеийг нь үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот руу тээвэрлэж Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү хүргэж нарийн оношилгоо хийдэг гэсний дагуу Улаанбаатар хот руу Б.Б-ыг тээвэрлэж хүргэн өгч нарийн оношилгоо хийлгэж гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Манай байгууллага Уулын хэсэг гааль экспорт, засвар, механик аж ахуйн хэсэг, гал тогоо уурхайн кемп хариуцсан гэх 3 хэсэгт хувааж нэг өдөрт 4 ХАБ-н ажилтан ажилладаг, тухайн 4 ажилтан өдөр шөнийн ээлжид гарахдаа ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. Мөн нийт ажилчдад улиралдаа нэг удаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар сургалт мэдээлэл өгдөг. Тухайн үед шөнийн ээлжид ажиллаж байсан ХАБ-н ажилтан орой 18 цагт шөнийн ээлжид гарах ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, хариуцсан хэсэг дээр ажиллах талаар урьдчилсан ажлын даалгавар, түүнтэй холбогдох аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч ажилд гаргасан байсан. Дээр нэр дурдсан ажилчдыг ажилд анх авахдаа уурхайн ажлын хэсэг дээр ажиллах талаар сургалт мэдээ мэдээлэл өгч, хариуцсан ажлын хэсэг дээр ажилд томилогдох үед хөдөлмөрийн аюулгүй ажил эрүүл ахуйн үйлдвэрийн хүнд хордлого авахаас урьдчилсан сургалт ордог.” (хавтаст хэргийн 50-51 дэх тал)

Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 01 дүгээр сарын 25-наас 01 дүгээр сарын 26-нд шилжих шөнө засварын хэсэг дээр шөнийн ээлжид М, Б, Төгөлдөр нарын хамтаар үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан, шөнө 03 цагийн үед уулын хэсгээс хоёр дамп засвар дээр засвар үйлчилгээ авахаар ирсэн. Нэг дампын дугуй нь хагарсан нөгөө дампынх нь өргөгч эд анги солиулах эвдрэлтэй, Б.Б бид хоёр уг эд анги солиулах дампын эд ангийг тайлах гээд байж байхад хоёр дахь дугуй нь хагарсан дамп ирсэн. Тэгээд сүүлд орж ирсэн 80 тонны дамп загварын тээврийн хэрэгслийн 6 дугаар дугуйг салгаад сольчих гэж М-д хэлээд би ганцаараа дугуй салгах хэцүү байдаг болохоор дампын жолооч Б ахыг кабинаасаа бууж ирээд манай засварчинтай хамтраад дугуйгаа тайлчих гэж хэлсэн. Тэгээд би Бтай нөгөө машин дээр эд анги тайлах гээд байж байхад М ах бид хоёр салгаж чадахгүй байна гэхээр нь Б хамт дугуйг нь салгаж өгөхөөр явсан. Тэгээд төд удалгүй дамп, сэрээт өргөгч хоёрын голд Б.Б хавчуулагдсан орилж байсан. Би машин доороос гарч ирэхэд сэрээт өргөгчийн жолоон дээр Б сууж байсан. Тэгээд би Б-ыг сэрээт өргөгчөөс буулгаж би сэрээт өргөгчийн жолоочийн залуур дээр сууж арааг салгаж, сэрээт өргөгчийг арагш нь түрж холдуулж Быг гаргасан. Тэр үед сэрээт өргөгч унтарсан араатай байсан. Манай байгууллага бид нарыг ажил гарах болгонд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж ажилд гаргадаг. Мөн улиралдаа нэг удаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар сургалт мэдээлэл өгдөг.” (хавтаст хэргийн 53-54 дэх тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3489 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Б-ын биед ууц ясны шахагдсан хугарал, ясны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” (хавтаст хэргийн 58-59 дэх тал)   

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20 дахь заалтад (“үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөхийг) гэж заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс “...” ХХК-ийн нүүрсний уурхайн засварын газарт засварчнаар ажил үүргээ гүйцэтгэж байсан Б.Б нь сэрээт өргүүрийн машинд шахагдаж биедээ гэмтэл авсан болох нь тогтоогдож байгаа тул үйлдвэрлэлийн осол мөн. Хавтас хэрэгт авагдсан материалыг судлахад “...” ХХК-ийн засварын засварчдад өдөр тутмын зааварчилгааг ХАБ-ын ажилтан Баттөмөр өгсөн. Тухайн ажилтнуудад анхан болон урьдчилсан ээлжит зааварчилгааны сургалтуудыг орсон талаарх бичиг баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Тухайн засварын хэсэгт засварчдыг ахлан ажиллах, хяналт тавих ажилтан томилогдоогүй байсан байна. Засварын ахлах ажилтан нь тухайн засварын хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар хяналт тавих үүрэгтэй, тухайн ажлуудыг удирдан зохион байгуулах бөгөөд ХАБ-ын ажилтантай хамтран ажиллах үүрэгтэй. Мөн дампын оператор  Ж.Б-оор чиг үүргийн бус ажил үүрэг гүйцэтгүүлсэн зэрэг зөрчлүүд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн байна. Гэрчийн мэдүүлгүүдээс тухайн хэрэг ослын үед Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдлын холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, зааврыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Дампын оператор Ж.Б нь засварчин Мы хэлснээр сэрээт өргөгчийг жолоодож чиг үүргийн бус ажил үүрэг гүйцэтгэсэн, сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилгааг зөрчин бусдыг эрсдэлд оруулсан зэрэг үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7. дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд өдөр тутмын зааварчилга өгсөн талаарх бүртгэл авагдсан байгаа бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны шөнийн нярадын дэвтэрт Б.Б, Д.А, О.М нарын гарын үсэг зурагдаж баталгаажсан байна. “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” МNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэсэн заалт хангагдсан. Осол болох шууд шалтгаан нь тухайн хэрэг ослын үед дампын оператор Ж.Б нь сэрээт өргөгч жолоодсон, засварчин О.М жолоодуулсан үйлдэл нь Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилгааны 7.1, 7.2 дахь хэсэг, Сэрээт өргөгчийн операторын эрсдэлийн үнэлгээг зөрчсөн үйлдэл болж, аюул эрсдэлийг бий болгосон, тухайн ажлын үед хэрэгжүүлэх дүрэм журмыг мөрдөөгүй хайхрамжгүй үйлдлүүдийг гаргаж, хүнийг гэмтээсэн байна. Холбогдох зааварчилгааг мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаагүй, сэрээт өргөгчийг жолоодуулсан засварчин М, жолоодсон Ж.Б нарын гаргасан үйлдлүүд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7. дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Осол гарах болсон суурь шалтгаан нь нөгөө талаас тухайн ослын үед засварын талбайд ахлах ажилтангүй, ажлын талбайд хяналтгүй ажил үүрэг гүйцэтгэсэн. Өдөр тутмын байнгын хяналтыг тухайн цех тасгийн ахлах тавьж ажиллах бөгөөд түүний ажил үүргийн хуваарь, зохион байгуулалтыг ажил олгогчоос хийх үүрэгтэй. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.”, 27.5.2 дахь хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд ажилтнаа манлайлан ажиллах” заалтын хүрээнд ажил олгогч, засварын талбайн ахлахаас хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй болно.” (хавтаст хэргийн 75-78 дахь тал)

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал)

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дэх тал)

“...” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24/А140 дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг (хавтаст хэргийн 127 дахь тал)

“...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 128 дахь тал)

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эмчилгээний зардлыг “...” ХХК-аас төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 131-133 дахь тал)

“...” ХХК-ийн захирлын Б.Б-ыг үндсэн ажилтнаар томилсон тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 134-135 дахь тал)

“...” ХХК-ийн Б.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 136-144 дэх тал)

“...” ХХК-ийн захирлын О.М-ыг үндсэн ажилтнаар томилсон тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 145-147 дахь тал)

“...” ХХК-ийн захирлын Ж.Б-ыг ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 148-156 дахь тал)

“...” ХХК-ийн захирлын Т.Б-ыг үндсэн ажилтнаар томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 157-169 дэх тал)

“...” ХХК-ийн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилгаа” (хавтаст хэргийн 170-174 дэх тал)

“Үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас” (хавтаст хэргийн 175 дахь тал)

“Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” (хавтаст хэргийн 176-177 дахь тал)

“Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын протокол” (хавтаст хэргийн 178-180 дахь тал)

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтэр”-ийн хуулбар (хавтаст хэргийн 181-204 дэх тал).   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Б, О.М нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагч шүүгдэгч Ж.Б, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгч О.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэх, шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, өөрийн болгоомжгүй үйлдлээс болж ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, цаашид анхаарал болгоомжтой ажиллана гэх тайлбарыг тус тус гаргав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Б нь “...” ХХК-д “дампын оператораар” ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Ноён сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн нүүрсний уурхайн засварын газарт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед уурхайн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилга”-ны 7.1.“Аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй болон ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ажилтныг ажиллуулахыг хориглоно”, 7.2. Мэргэжлийн бус, албан ёсоор томилогдоогүй хүнээр сэрээт өргүүр ажиллуулахыг хатуу хориглоно” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин сэрээт өргөгч ажиллуулан өргөлт хийж байгаад араагаа салгаагүйгээс шалтгаалан сэрээт өргөгч хөдөлж, дампын дугуй салгах гэж байсан засварчин Б.Б-ыг дампын дугуй болон сэрээт өргөгч хоёрын дунд хавчуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,  

шүүгдэгч О.М нь “...” ХХК-д засварчнаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Ноён сумын ... багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус компанийн нүүрсний уурхайн засварын газарт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн үед уурхайн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилга”-ны 7.1.“Аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй болон ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ажилтныг ажиллуулахыг хориглоно”, 7.2. Мэргэжлийн бус, албан ёсоор томилогдоогүй хүнээр сэрээт өргүүр ажиллуулахыг хатуу хориглоно” гэх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчин Ж.Б-оор сэрээт өргөгч жолоодуулсны улмаас Ж.Б нь сэрээт өргөгч ажиллуулан өргөлт хийж байгаад араагаа салгаагүйгээс шалтгаалан сэрээт өргөгч хөдөлж, дампын дугуй салгах гэж байсан засварчин Б.Быг дампын дугуй болон сэрээт өргөгч хоёрын дунд хавчуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.    

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, О.М нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мэдүүлэг (хавтаст хэргийн 32-35 дахь тал), иргэний хариуцагч Д.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), гэрч Б.Д-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), гэрч Г.Г-ийнийн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал), гэрч Д.А-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3489 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал), Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Батцэцэгийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 75-78 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17 дахь тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21 дэх тал), “...” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24/А140 дугаартай “Итгэмжлэл хүргүүлэх тухай” албан бичиг (хавтаст хэргийн 127 дахь тал), “...” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 128 дахь тал), хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 131-133 дахь тал), “...” ХХК-ийн захирлын Б.Б-ыг ажилтнаар томилсон тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 134-135 дахь тал), “...” ХХК-ийн Б.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 136-144 дэх тал), “...” ХХК-ийн захирлын О.М-ыг үндсэн ажилтнаар томилсон тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 145-147 дахь тал), “...” ХХК-ийн захирлын Ж.Б-ыг ажилд шилжүүлэн томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 148-156 дахь тал), “...” ХХК-ийн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилгаа” (хавтаст хэргийн 170-174 дэх тал), “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдээлэх хуудас” (хавтаст хэргийн 175 дахь тал), “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” (хавтаст хэргийн 176-177 дахь тал), “Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус комиссын протокол” (хавтаст хэргийн 178-180 дахь тал), “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байрны давтан зааварчилгааны дэвтэр”-ийн хуулбар (хавтаст хэргийн 181-204 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.          

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь “...” ХХК-д тосолгоочин, дугуй засварчнаар ажиллаж байсан болох нь “...” ХХК-ийн уурхайн захирлын 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23/Б920 дугаартай “Б.Б-ыг үндсэн ажилтнаар ажилд авах тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн 134 дэх тал)-аар,  

шүүгдэгч О.М нь “...” ХХК-д засвар механикийн хэсэгт засварчнаар ажиллаж байсан болох нь “...” ХХК-ийн уурхайн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24/Б075 дугаартай “О.М-ыг үндсэн ажилтнаар ажилд авах тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн 145-147 дахь тал)-аар,

шүүгдэгч Ж.Б нь “...” ХХК-д өөрөө буулгагчийн оператороор /80тн/ ажиллаж байсан болох нь “...” ХХК-ийн уурхайн захирлын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23/Б1535 дугаартай “Ж.Б-ыг ажилд шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар (хавтаст хэргийн 148-156 дахь тал)-аар тус тус нотлогдож байна.

“...” ХХК-д шүүгдэгч Ж.Б нь өөрөө буулгагчийн оператороор, шүүгдэгч О.М нь засвар механикийн хэсэгт засварчнаар тус тус ажиллаж байхдаа “...” ХХК-ийн захирлын баталсан “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилгаа” (хавтаст хэргийн 170-174 дэх тал)-ны  7.1. “Аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй болон ажлын хувцас хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй ажилтныг ажиллуулахыг хориглоно”, 7.2. “Мэргэжлийн бус, албан ёсоор томилогдоогүй хүнээр сэрээт өргүүр ажиллуулахыг хатуу хориглоно” гэх, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх”, 18.2.7 дахь хэсэг “өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” үүргийг тус тус зөрчсөн болох нь Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 75-78 дахь тал)-ээр тогтоогдсон ба, шүүгдэгч О.М нь Ж.Б-оор сэрээт өргөгч жолоодуулсны улмаас шүүгдэгч Ж.Б нь сэрээт өргөгч ажиллуулан өргөлт хийж байгаад араагаа салгаагүйгээс шалтгаалан сэрээт өргөгч хөдөлж, дампын дугуй салгах гэж байсан засварчин Б.Быг дампын дугуй болон сэрээт өргөгч хоёрын дунд хавчуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.      

Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллага дахь “Сэрээт өргөгчийн операторын аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна. 

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3489 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал)-ээр хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Н.Б-ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр шүүгдэгч Ж.Б, О.М нарын үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримтыг үйлдвэрлэлийн осол гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.    

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.   

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан атал хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Б, О.М нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч Ж.Б, О.М нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бын эрүүл мэндэд ууц ясны шахагдсан хугарал, ясны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “Одоогоор миний бие ясны гэмтэл байхгүй харин бүсэлхий болон нуруу хэсэгт хөшиж өвддөг, мөн зүүн хөлийн мэдрэл дарагдсан. Цаашдаа дахиж эмчилгээ хийлгэнэ. Энэ бүх эмчилгээний зардлыг “...” ХХК-аас гаргаж байгаа, ийм учраас надад гомдол санал байхгүй, энэ хэргийг хааж өгнө үү. 2,000,000 төгрөг бол хүрсэн, би тодорхой сайн мэдэхгүй байна. Мөн би сарын цалингаа бүрэн бас тогтмол авдаг. Энэ хэргийг хааж өгнө үү, надад гомдол санал байхгүй. “...” ХХК-аас миний хохирол болон зардлыг бүрэн барагдуулж байгаа учир цагдаагийн байгууллагад цааш шалгуулах шаардлага байхгүй. (хавтаст хэргийн 32-35 дахь тал) гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт “...” ХХК”-аас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын эмчилгээний төлбөр төлсөн гэх (хавтаст хэргийн 131-133 дахь тал) баримт авагдсан байгаа хэдий ч шүүгдэгч Ж.Бын зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Компани миний цалингаас суутгаж хохирогчид 2,000,000 гаруй төгрөг төлсөн” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ж.Б-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд 2,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас Б.Б-ын хэвтэн эмчлүүлэхтэй холбогдуулан гаргасан төлбөрт 5,496,000 төгрөг (хавтаст хэргийн 62 дахь тал) зарцуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байх боловч уг байгууллагыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоох, мэдүүлэг авах, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах зэрэг холбогдох ажиллагааг хийгээгүй орхигдуулсан байх тул эдгээр хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын байгууллага 5,496,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхээр нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.         

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, О.М тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг, шүүгдэгч Ж.Б, О.М нар хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн тайлбарыг тус тус гаргав.        

Шүүгдэгч О.М-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүгдэгч Ж.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцсон ба, шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.    

Шүүхээс шүүгдэгч Ж.Б, О.М нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгч Ж.Б, О.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлсөн зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.М-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, О.М нарт шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв энэхүү хугацаанд биелүүлээгүй бол шүүх мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ж.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.     

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ж.Б, О.М нар нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Ш овгийн Ж-ийн Б, Бо овгийн О-ны М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, О.М нарт шүүхээс оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б, О.М нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтыг, Эрүүл мэндийн даатгалын байгууллага 5,496,000 (таван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга) төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.   

6. Шүүгдэгч Ж.Б, О.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Бд 2,000,000 (хоёр сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.    

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Б, О.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ