Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар    2024/ШЦТ/1227

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

Улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч И.О, түүний өмгөөлөгч Ш.Чингис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* дугаар хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймгийн ******** суманд төрсөн, ** настай, *********** боловсролтой, ********* мэргэжилтэй, ******** ажилтан, ам бүл *, ***** хамт ***** дүүргийн ** дугаар хороо, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Б овогт И-гийн О  (РД:****************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч И.О нь ******* дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****-ны замд 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын орчим Toyota Prius 20 маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ухрах үйлдэл хийх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шагайн хашлага ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 854 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:  Үүнд

1. Шүүгдэгч И.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр ********-нд эхнэр хүүхдийн хамт хашаа үзчихээд буцаад явж байхдаа гудамжнаас төв замын уулзвар луу орох гэтэл баруун гар талын тээврийн хэрэгсэл хол байсан, зүүн гар талаас тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд нь хойшоо зам тавьж өгөх санаатай ухарсан чинь ард байсан хүнийг хараагүй, хохирогч эгчийг мөргөөд унагаачихсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагааны яллагдагчаар өгсөн “...Би өдөр ********-нд газар үзчихээд буцаад ********* дүүргийн **-р хороо *** тоот гэрүүгээ эхнэр А хүүхэд Д-ийн хамт эхнэр Мичидмаагийн эзэмшлийн Toyota prius маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад гудамжнаас гарч ирээд туслах замаас төв зам руу нийлэх гээд уулзвар луу орох гээд унаж явсан машиныхаа хамрыг хийсэн байж байхад миний тал буюу баруун талаас цагаан өнгийн Toyota prius-20 маркийн улсын дугаарыг нь санахгүй байна нэг машин гүйцэж түрүүлээд ороод ирэхээр би жоохон зам тавиад өгчих гээд хойшоо ухарсан. Тэр үед миний араар гарч байсан явган зорчигчийг харалгүй мөргөсөн. Би машинаасаа буугаад нөгөө хүн дээр очиход 64 настай эмэгтэй хүн зам дээр сууж байсан. Би тэр хүний биеийг нь асуухад “хөл жоохон эвгүй босож чадахгүй байна” гэж байсан. Тэр үед манай эхнэр А өөрийнхөө утсаар эхлээд түргэнд дараа нь цагдаад дуудлага өгсөн тэр үед түргэн ирээгүй ажил ихтэй байна гээд, харин цагдаа удалгүй ирээд хэмжилт хийгээд намайг драгер багажаар үлээлгээд миний машиныг ачаад явсан. Үзэгдэх орчин чөлөөтэй, замын эвдрэл гэмтэл байгаагүй тэр гадаа нартай цэлмэг байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, би 2016 онд жолооч болсон, В ангилалтай. Манай эхнэр А-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй. Би тэр үед дангаж хойшоо ухарч байсан болохоор 1 орчим км цагийн хурдтай ухарч байсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал),

3. “**-** ***  дугаартай машин хүн шүргэчихлээ” гэх дуудлага мэдээллийн хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),

4. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-10 дахь тал),

5. Жолооч болон явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “0,00%” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

6. Хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ гараад завсрын буудлын зүүн талын явган хүний замаар явж байтал гудамжнаас нэг машин гарч ирсэн ба төв орох гээд миний урд талд ирээд зогссон. Уг тээврийн хэрэгслийн араар тойрч гарах гэтэл нөгөө тээврийн хэрэгсэл хойшоо ухрах үйлдэл хийгээд намайг мөргөсөн бөгөөд миний бие мөргүүлээд газар унасан. Газар унчихаад босох гэтэл хөл дээрээ босож чадаагүй шууд миний баруун талын хөл хавдсан. Тухайн үед осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн эхнэр цагдаа болон яаралтай түргэн тусламж дуудсан. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэргийн хэмжилт хийгээд жолооч болон намайг драгер багажаар үлээлгэж шалгахад ямар нэгэн зүйл илрээгүй. Зам тээврийн ослын улмаас тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэн зүйл байхгүй. Миний бие Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Д.Д-гийн 2024 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн 10201 дугаартай дүгнэлтийг уншиж танилцахад миний биед баруун шагайн хашлага ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдсон байна гэсэн дүгнэлт гарсан байсан би уг дүгнэлтийг уншиж танилцсан ба дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх баримт байхгүй осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч эмчилгээтэй холбоотой зардлуудыг төлж барагдуулж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас эмийг 195,000 төгрөгөөр худалдан авсан. Уг зардлыг Очирсүрэн мөнгийг нь гаргаж өгсөн. Гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

7. Иргэний хариуцагч, нэхэмжлэгч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр миний бие нөхөр Очирсүрэнгийн хамт миний эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хамт ******* дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах завсрын буудлын орчим зорчин явж байсан ба туслах замаас төв замд нийлэх гээд явж байсан юм уулзвар дээр зогсож байтал хажуу талаас нэг цагаан өнгийн Приус маркийн машин гүйцэт түрүүлээд ирэхээр зам тавьж өгөх гээд хойшоо бага зэрэг ухрах үйлдэл хийсэн. Тэгсэн чинь эсрэг талаас ирж байсан явган зорчигч наана чинь хүн уначихлаа гэхээр харсан жолоочийн эсрэг талын хойд талд газар уначихсан байж байхаар нь машинаасаа буугаад та яасан бэ гэж асуусан хөл эвгүй болчихлоо намайг ухрах үйлдэл хийхээр чинь сандраад уначихлаа гэж хэлсэн. Тэгээд түргэн болон цагдаагийн байгууллагад миний бие дуудлага өгсөн. Дуудлагын дагуу эхлээд Тээврийн цагдаагийн албанаас бүрэлдэхүүн ирж хэргийн газар хэмжилт хийгээд явган зорчигч болон манай нөхрийг драгер багаж үлээлгэж шалгахад ямар нэгэн зүйл илрээгүй. Иргэнд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-23 дахь тал),

8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10201 дугаартай “1.Д.Ц-гийн биед баруун шагайн хашлага ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

9. Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Д.Д-гийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1000347 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 49-53 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Жолоочийн эрхийн лавлагаа (хавтаст хэргийн  34 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч И.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд:  шүүгдэгч И.О- нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 10 минутын орчим ******* дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****-ны замд “Toyota Prius-20” маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухарч үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. гэсэн заалтыг тус тус зөрчиж явган зорчигч Д.Ц-г мөргөж эрүүл мэндэд нь баруун шагайн хашлага ясны хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Ц-гийн мэдүүлэг, иргэний хариуцагч, нэхэмжлэгч С. А-гийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 10201 дугаартай шинжээчийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээч Д.Д-гийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1000347 дугаартай дүгнэлт, жолоочийн нэгдсэн сан, авто тээврийн хэрэгслийн нэгдсэн сангийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Шүүгдэгч И.О-гийн “Toyota Prius-20” маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухарч үедээ явган зорчигч Д.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул И.О-г “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр баримтаар хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Түүнчлэн шүүгдэгч И.О нь хохирогчид 1.200.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч И.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч И.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн үед нь үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, хохирогч Д.Ц нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоолгох шаардлагагүй гэж хүсэлт гаргасан байдлыг харгалзан шүүгдэгч И.О-г торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч И.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

            Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /“Механик ундрага” ХХК-д туслах ажилтан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

Шүүгдэгч И.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт И-гийн О-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч И.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.О-д оногдуулсан 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.О нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг И.О-д сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР