| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2022/00818/и |
| Дугаар | 102/ШШ2022/00903 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2022/00903
| 022 оны 03 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2022/00903 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А.Б,
Хариуцагч: Г.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох тухай.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч А.Б, хариуцагч Г.Б.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Б хариуцагч Г.Б холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Г.Б-тай 2005 оны 8 дугаар сард танилцаж, 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүргүүлж, гэр бүл болсон. Миний бие 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр АНУ руу явсан бөгөөд Г.Б-гийн виз гараагүй тул Монгол улсад үлдсэн. Тухайн үед Г.Б нь 2 сартай жирэмсэн байсан. Миний бие АНУ-д 16 жил амьдарсан. Тэндээ бусадтай гэр бүлийн харилцаатай болж, хүүхэдтэй болсон Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие ойрын хугацаанд АНУ-руу буцах шаардлагатай байгаа.
1.2 Намайг АНУ-д байхад буюу 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бидний хүү Б.Содва төрсөн.
1.3 Бидний хүүхэд болох Б.С-г эх Г.Б-гийн асрамжид үлдээж өгнө үү.
1.4 Хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг төлнө.
1.5 Мөн хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой 30 000 000 төгрөгийг хариуцагчид өгнө гэжээ.
2. Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч А.Б-тай 2004 онд танилцаж, 1 жил гаруй хамтран амьдарсан бөгөөд 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүргүүлж, гэр бүл болсон. Тэрээр 2005 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр АНУ руу явсан. Түүнээс хойш нэхэмжлэгчтэй уулзаагүй 16 жил болж байна. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна.
2.1 Нэхэмжлэгч А.Б-тыг АНУ-руу явсны дараа бидний хүүхэд болох Б.Содва 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Нэхэмжлэгчтэй тусдаа байх үеэс эхлээд хүүхэд миний асрамжид байгаа. Иймд хүүхдийг өөрийн асрамжид үлдээнэ.
2.2 Хүүхдийг өөрийн асрамжид үлдээж байгаа тул нэхэмжлэгчээс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулна.
2.3 Нэхэмжлэгч нь хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой надад 30 000 000 төгрөг өгнө гэснийг хүлээн авна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас баримт шүүхэд гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлсэн.
2.1 Гэрлэгчдийн дундаас 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Содва төрсөн.
2.2 Гэрлэгчид 2006 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлт цуцлуулах.
2.3 Хүү Б.Содваг эх Г.Б-гийн асрамжид үлдээх.
2.4 Эцэг А.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах.
2.5 Нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөгийг хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардалд тооцон хариуцагчид өгөх.
3. Хариуцагч Г.Б нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн, хүүхдүүдийг өөрийн эхийн асрамжид үлдээх, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах, нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөгийг хүүхдийг тэжээн тэтгэхтэй холбоотой зардалд тооцон авах.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч А.Б болон хариуцагч Г.Б нарыг 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэрлэснийг улсын бүртгэлд бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Содвагийн төрсний бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүрэг дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч А.Б болон хариуцагч Г.Б нар 2005 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүлж гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлж, эхнэр, нөхөр болсон. Гэрлэгчид 2005 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа. 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрлэгчдийн дундаас хүү Б.Содва төрсөн.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хэрэглэсэн боловч гэрлэгчид эвлэрээгүй. Өөрөөр хэлбэл, талууд хуулиар тогтоосон урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн байна.
7. Талууд 16 жилийн хугацаанд тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах хүсэл зориггүй, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлаас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнгүй гэж үзэхээр байна.
8. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
9. Талууд 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.Содваг эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон, мөн хүү Б.Содва төрсөн үеэсээ эхлэн эхийн асрамжид өсөж бойжиж байгаа нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “...гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцож болно...” гэж заасантай нийцэж байх тул хүүхдийг эхийн асрамжид үлдээв.
10. Шүүх хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хүү Б.С эцэг А.Б-аас тэтгэлэг гаргуулж олгох үндэслэлтэй байна.
11. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдийг тэжээн тэтгэх тухайгаа бие даан харилцан тохиролцож болно. Нэхэмжлэгч нь 30 000 000 төгрөгийг хариуцагчид хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой зардалд тооцон шилжүүлэхээр талууд тохиролцсон нь хуулийн дээрх зүйлд харшлаагүй байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг гаргуулан хариуцагчид олгов.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт А-Б /РД:/, Боржигон овогт Г.Б /РД:/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.С-г эх Г.Б-гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Б.С-г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг А.Б-аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-аас 30 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.Б-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН