Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00237

 

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2022/00237

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * дугаар хороо, Ж гудамж, * тоотод оршин суух, Ө ургийн овогтой Э-ын Т

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Ж гудамж-* байр,*  тоотод оршин байх, О ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Т-д гаргуулахыг даалгах

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2  талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Т-д гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Нэхэмжлэгч Э.Т нь БНСУ-д гэр бүлээрээ хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө орон сууц худалдан авах зорилготой байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр О ХХК-д барилгын материал нийлүүлэгч Д.М, Э.Х нартай харилцан тохиролцож, тэдний нийлүүлсэн бараа материалынхаа үнэд тооцон авсан О ХХК-ийн барьж байсан Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2  талбайтай, * тоот хаягт байршилтай орон сууцыг 97,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Ингээд О ХХК-ийн захиалгын ажилтан Т.Э-тэй уулзаж, дээрх нэр бүхий 2 хүнтэй орон сууц худалдан авах талаар ярилцаж байгаагаа хэлэхэд Т.Эр нь ...уг 2 хүнийг өөрийн компанид барилгын материал нийлүүлж байгаа, бартерийн нөхцлөөр уг орон сууц тэдний мэдэлд борлуулагдаж байгаа талаар хэлсэн. Үүний дараа нэхэмжпэгч нь тэдэнд мөнгө өгөх гэж байгаагаа хэлж, албан ёсны гэрээ хэнтэй хийх талаар асуухад Т.Эр нь захиралтайгаа зөвлөлдөж байгаад Орон сууц захиалгын гэрээ-г хийж, төлбөр тооцоо бүрэн дууссан талаар гэрээнд тусгайлан зааж, ...барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа шууд ирж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах бичиг баримтын бүрдлийг аваарай гэсэн учир Д.М-ын ХААН банк дахь 5166537596 тоот дансанд нэхэмжлэгч нь 90,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 7,000,000 төгрөгийг орон сууцны өмчлөлийн гэрчилгээ гаргуулсны дараа өгөхөөр харилцан тохирсон.

Ингээд 2020 оны 8 дугаар сард тухайн орон сууц ашиглалтад орсны дараа орон сууцаа хүлээн авч, байрны улсын бүртгэлийг хийлгэхээр О ХХК-д хандтал тухайн компани нь Д.М, Э.Х нартай маргаан гарсан гэсэн үндэслэлээр иргэн Э.Тд орон сууцыг өгөхөөс татгалзсан. Олон удаагийн уулзалт, учир байдлаа тайлбарласны эцэст орон сууцанд орохыг зөвшөөрсөн ч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаас татгалзсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудыг үзвэл энэ хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан Э.Х нь 105,000,000 төгрөгийг О ХХК-иас авах авлагатай байсан байх бөгөөд түүнийхээ оронд маргааны зүйл болох орон сууцыг авч, зөрүү төлбөр болох 46,680,000 төгрөгийг өөрөө төлөх тохироотой байжээ. Энэ нь Цагдаагийн байгууллагын шалгаж буй эрүүгийн хэргийн материалд авагдсан Э.Х-гийн болон одоо маргааны зүйл болоод буй Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай орон сууцны зориулалттай барилгыг барьсан А ХХК-ийн захирал Н.Май-гийн мэдүүлгүүдээр нотлогдоно. Харин Э.Х нь Сонгинохайрхан дүүрэгт өөрөө энэ маргааны зүйлээс тусдаа өөр барилга барьж байгаа газраа 220,193,750 төгрөгийн арматур, бетон зуурмагийг Д.М-аас хүлээж авсан байх ба Д.М-д төлбөрт нь тооцож маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрхийг нь олгосон нь хэргийн материалаас тодорхой харагдаж байна. Д.М нь уг орон сууцыг нэхэмжлэгч Э.Т-д 97,000,000 төгрөгт тооцон худалдаж, 90,000,000 төгрөгийг нь өөрийн дансаар авч, үлдэх 7,000,000 төгрөгийг нь гэрчилгээ гаргахаар авахаар тохиролцож, өөрөө О ХХК руу ирж, Орон сууц захиалгын гэрээ-г хийлгэж өгсөн нь ч тогтоогдож байна. О ХХК нь арилжааны журмаар худалдсан орон сууцаа ямар нэгэн төлбөр тооцоогүй талаараа гэрээнийхээ 2.2-т тусгайлан зааж, нэхэмжлэгч Э.Тд шилжүүлсэн ба дотор нь орж амьдрах нөхцлийг нь хангасанаас ч энэ үйл баримт тогтоогдоно. Энэ бүхнээс дүгнэхэд маргаан бүхий орон сууцны төлбөр тооцооны асуудал нь Э.Х, Д.М нарын хоорондын маргаантай ямар нэгэн холбоогүй бөгөөд Д.М-ын 220,193,750 төгрөгийн бараа материалаар энэ орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй ба хэлэлцэн тохирсон ёсоор үнийг төлсөн нэхэмжлэгч Э.Т-гийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцтай холбоотой асуудлаар Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал гэсэн хариуг өгсөн учраас иргэний шүүхэд хандсан. Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 315 дугаартай албан бичгээс үзвэл Э.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа ба уг гэрээнээс үдэх маргааны асуудал нь иргэн Э.Т-г хохироох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд орон сууцны гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг ихэсгэсэн. Ингээд үндсэндээ нэхэмжлэгч нь дараах хоёр нэхэмжлэлийг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1/ Нэхэмжлэгч Э.Т-г Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох;

2/ Тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Тд гаргуулахыг О ХХК-д даалгуулах.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О ХХК нь 2020 он 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн н.М-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээний нийт төлбөр 151,668,000 төгрөг. Гэрээ байгуулсны дараа н.М нь гэрээг иргэн Э.Т-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээг иргэн Э.Т-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Маргаан бүхий орон сууцны нийт төлбөр 151,668,000 төгрөг бөгөөд уг төлбөрөөс иргэн Э.Х-д өгөх ёстой байсан өглөг болох 105,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 46,668,000 төгрөгийг гэрээний захиалагч тал болох Э.Т нь төлөх үүрэгтэй байсан. Учир нь хариуцагчийн хувьд орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгчид тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх, нөгөө талаас нэхэмжлэгч нь тухайн орон сууцны үнийг бүрэн төлөх үүргийг хүлээсэн. Орон сууц захиалгын гэрээний 1.3, 2.1, 4.1 дэх хэсгүүдэд зааснаар гэрээгээр орон сууцны үнийг бүрэн төлөх үүрэг нэхэмжлэгчид үүссэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж үлдэгдэл төлбөр болох 46,668,000 төгрөгийг хариуцагчид нэхэмжлэгч нь төлөөгүй. Тиймээс маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгож, тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхийг О ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

3.Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: О ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.Мтай Орон сууц захиалгын гэрээ байгуулж Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай орон сууцыг нэг метр квадратын үнийг 2,200,000 төгрөгөөр тооцож, нийт орон сууцны төлбөрт 151,668,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дагуу урьдчилгаа төлбөрт 105,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 46,668,000 төгрөгт 1 тонн нь 1,750,000 төгрөгийн үнэ бүхий 27 тонн арматур өгч үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Орон сууц захиалгын гэрээ байгуулсны дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Д.М нь манай компани дээр ирж орон сууц захиалгын гэрээг иргэн Э.Т руу шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэн Э.Тд тус орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн бөгөөд тухайн өдөр 105,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 46,668,000 төгрөгийн үнэ бүхий 27 тонн арматур өгөхөөр тохиролцсон ч өнөөдрийг хүртэл манай компанид мөнгө болон арматур төмөр хүлээлгэн өгөөгүй байна. Нэгэнт манай компанид орон сууц захиалгын гэрээний дагуу төлбөрийг шилжүүлээгүй байх тул тус орон сууцанд хууль бусаар оршин сууж буй иргэн Э.Тг албадан гаргах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Баянгол дүүрэг 18 дугаар хороо, 67а байрны 402 тоот 68.94 м2 талбайтай орон сууцыг иргэн Э.Тгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг хууль ёсны дагуу худалдан авсан өмчлөгч. Нэхэмжлэгч нь гэрчилгээ гармагц үлдэгдэл төлбөрөө төлөх бүрэн боломжтой, энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн байгаа. Маргаан бүхий орон сууцыг хариуцагч байгууллагын зүгээс Э.Хд 105,000,000 төгрөгийн бетон нийлүүлсэн төлбөрт нь тооцож өгөөд, үлдсэн 46,000,000 орчим төгрөгийг Э.Х нь хариуцагч байгууллагад төлөхөөр тохиролцсон зүйл байгаа байх. Тухайн үед хариуцагч байгууллага нь орон сууцыг 151,668,000 төгрөгөөр борлуулсан гэдэгтэй тусгайлан маргах зүйл байхгүй. Хамгийн гол нь Э.Х нь тухайн байрыг өөрийн захиран зарцуулах эрхэндээ шилжүүлж авсныхаа дараа н.М-тай тодорхой төрлийн бартерын зүйлийг авахаар тохироод түүнийхээ төлбөрт тооцож н.Мд орон сууцыг шилжүүлсэн. н.М нь цаашаа 97,000,000 төгрөгөөр нэхэмжлэгч Э.Ттай тохиролцсон. Энэ орон сууцыг хэн хаашаа хэдэн төгрөгөөр борлуулах асуудал нь тухайн хүмүүсийн үзэмжийн асуудал гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь н.Мтай тохиролцсон тохиролцооныхоо дагуу хариуцагч байгууллагатай очиж орон сууц захиалгын гэрээ хийсэн. Хариуцагч байгууллага нь энэ орон сууцны үнэ 100 төлөгдчихсөн буюу энэ орон сууцтай холбоотой Э.Т-тай ямар ч төлбөрийн асуудал байхгүй гэдгийг гэрээний 2.2-т зааж өгсөн. н.Мын гэрчийн мэдүүлэг дээр Э.Хгийн өмнө тухайн орон сууцтай холбоотой хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу 220,193,750 төгрөгийн бараа материалаа өгчихсөн гэж хэлсэн. Э.Х нь О ХХК-ийн өмнө 46,668,000 төгрөгийн армартур нийлүүлэх үүрэг хүлээж байсан. Харин н.М нь Э.Хгийн өмнө армартур хийлүүлэх гэрээнийхээ үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Э.Х нь дунд нь нугалаа үүсгэж өөрөө Сонгинохайрхан дүүрэгт барьж байсан газраа арматураа буулгаад авчихсан учраас учраас өнөөдрийн маргаан үүсэж байгаа. Түүнээс гадна Э Х нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Одоо бол гуравдагч этгээдээр өөрөө хохирсон мэтээр оролцож байгаа энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Одоо 7,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа, тухайн үлдэгдлийг улсын бүртгэлийн гэрчилгээ гарч ирэхээр өгнө гэж тохирсны дагуу 7,000,000 төгрөг төлөхөд бэлэн байгаа. Энэ талаар н.Май захирал нь хүртэл мэдэж байсан. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа байр суурь хэвээрээ байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч байгууллагатай 2019 оноос 105,000,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх ажлаар анх холбогдсон. Ингэж бетон зуурмаг нийлүүлснийхээ төлбөрт орон сууц авахаар тохиролцсон. Тохиролцсоны дагуу тухайн орон сууцыг авах үедээ н.М гэдэг хүнтэй барилгын бараа материалыг бартераар авъя гэсэн тохиролцоо хийсэн. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр н.М болон хариуцагч байгууллагын захиралтай уулзаж, байраа шилжүүлж аваад бараа материал нийлүүлэх боломжтой гэдгээ хэлсэн. 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр миний зөвшөөрлөөр н.М гэдэг хүнтэй О ХХК орон сууц захиалгын гэрээ хийсэн. Тухайн гэрээнд 105,000,000 төгрөгийн авлагыг хасаж, үлдэх 46,668,000 төгрөгт тооцож 27 тонн армартурыг О ХХК-д олгосноор тухайн орон сууцыг н.М гэх хүнд 100 хувь шилжүүлж өгнө гэж тохирсон. Энэ явдал болсны дараа 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр н.М гэдэг хүн дахиж яриад би тохирсон ёсоор армартур өгнө, харин орон сууцны захиалгын гэрээг Э.Т гэдэг хүнд шилжүүлэх талаар ярьсан. Ингээд тухайн гэрээг Э.Т гэдэг хүнд шилжүүлсэн хэдий ч н.М нь надад болон О ХХК-д армартурыг өгөөгүй, өгөх талаар удаа дараа шаардсан. Ингэж явсаар 2020 оны 8 сард залилуулсан гэдгээ мэдэж, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Нэхэмжлэгчийн сая дурдсан 220,193,750 төгрөгийн төлбөрийн асуудал нь төлөгдсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Учир нь миний бие н.М гэдэг хүнд нийтдээ 3 ширхэг орон сууц, тодорхой хэмжээний бэлэн мөнгө зэргийг шилжүүлсэн. Гэхдээ 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орон сууц шилжүүлснээс хойш н.М-с юу ч аваагүй байгаа. Өмнө нь тухайн яриад байгаа үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний бараа материал авсан нь үнэн, маргахгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээн дээр зааснаар 151,668,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг яагаад 97,000,000 төгрөгөөр авна гэж тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс бага үнээр авна гэж тохирсон талаар би гайхаж байна. Маргаан бүхий орон сууцны төлбөрийг надад төлөх хэсэг нь хамаагүй байж болно. Гэхдээ хариуцагч байгууллагатай хүртэл төлбөрийн асуудалтай орон сууцны төлбөрийг 100 хувь төлөөгүй байж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй байна. Мөн Э.Т гэдэг хүнд би 2020 оны 6 сард н.М гэдэг хүнтэй асуудал үүссэн талаар хэлсэн. Э.Т гэдэг хүн ч гэсэн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаад явсан байх. Тухайн үед ийм нөхцөл байдал үүсэн гэхэд Э.Т гэх хүн н.М гэдэг хүнээс мөнгөө буцааж авах боломжтой байсан. Мөнгөө буцааж аваад О ХХК-тай гэрээгээ байгуулах талаар санал тавихад саналыг хүлээж аваагүй. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлэхдээ н.Май захиралтай уулзаад тухайн орон сууцыг авахыг зөвшөөрсөн гэж байна. Гэтэл ийм нөхцөл байдал үүсээгүй, харин энэ маргаантай асуудлаа хэн аль нь ярилцаад шийдвэрлэсний дараа орон сууцыг авах, өгөх асуудлыг шийдвэрлэх талаар ярилцсан байдаг. Гэтэл Э.Т гэдэг тухайн орон сууцанд зарим нэг тавилга захиалсан байгаа гэдэг зүйлийг яриад түлхүүрийг нь аваад амьдарсан. Эцэст нь хэлэхэд магадгүй н.М болон Э.Т нар нь үгсэн тохиролцоод, тухайн орон сууцны үнийг хямдруулаад авна гэж тохирсон зүйл байж болзошгүй гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчээс шүүхэд Э.Т-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/, итгэмжлэл /хх5/, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн О ХХК болон Э.Т нарын хооронд байгуулагдсан №04/02 тоот Орон сууц захиалгын гэрээ /хх4-11/, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Э.Тгийн О ХХК-д гаргасан өргөдөл, Монгол шуудан ХК-ийн иргэнд очих баримт /хх12,13/, 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 815 тоот Баянгол дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас /хх14, 15/, Барилгын фото зураг /хх16/, 402 тоотын цахилгаан, СӨХ-ны баримтууд /хх95-97/, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 90,000,000 төгрөгийг Д.Мд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх 101/, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх Э.Тгийн Хаан банк дахь дансны үлдэгдлийн тодорхойлолт /2 хавтас, хх 19/, Дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун, хүйтэн усаар хангах, бохир ус татан зайлуулах гэрээнүүдийг гаргаж өгсөн.

 

7.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн 3894 тоот материалд авагдсан баримтууд /хх33-93 /, Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай  орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2020 оны 003/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2 хавтас, 27-31/-ийг шүүхээс бүрдүүлсэн.

 

8.Хариуцагчаас шүүхэд О ХХК-ийн итгэмжлэл, О ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 17-ны 003/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /2 хавтас, хх32, 33/, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн О ХХК болон Д.М нарын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ /2 хавтас, хх49-59/, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн О ХХК болон Э.Т нарын хооронд байгуулагдсан №04/02 тоот Орон сууц захиалгын гэрээ /2 хавтас, хх55-61/-нүүдийг гаргаж өгсөн.

 

9.Хариуцагчийн хүсэлтээр хэрэг бүртгэлтийн 200502679 дугаартай хэрэгт авагдсан баримтууд /хх121-246/-ыг шүүхээс бүрдүүлсэн.

 

10.Шүүхийн санаачилгаар Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай  3 өрөө орон сууцны өмчлөх эрх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй талаарх УБЕГ-ын лавлагаа /хх 108/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын * давхар, * автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй * айлын хүчин чадал бүхий, автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга /Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай байр-2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 003/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй/-ын өмчлөгчийн талаарх лавлагаа, холбогдох баримтууд /2 хавтас, хх110-189/, О ХХК, А ХХК-иудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүд, хувьцаа эзэмшигчдийн лавлагаа/2 хавтас, хх106-109/-г хэрэгт бүрдүүлсэн.

 

11.Хариуцагчийн хүсэлтээр Д.М-ыг гэрчээр асууж, мэдүүлгийг хэрэгт хавсаргасан /2 хавтас, хх14,15/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч О ХХК-д холбогдуулж Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2  талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Э.Тд гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрийн шаардлагыг өөрчилж, ихэсгэсэн. Үүнд:

1/ Нэхэмжлэгч Э.Тг Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай  3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох;

2/ Тухайн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Э.Тд гаргуулахыг О ХХК-д даалгуулах.

 

Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Татгалзлаа ...Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар байрны үнийг дутуу төлсөн учир өмчлөгч болох боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Улмаар нэхэмжлэгч Э.Тд холбогдуулж түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад үндсэн нэхэмжлэлийг бүхэлд хангаж, харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр О ХХК болон Э.Т нар №04/02 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

1/ О ХХК нь Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Э.Тгийн өмчлөлд шилжүүлэх;

2/ Э.Т 151,668,000 төгрөгийг төлөх.

 

Талууд дээрх гэрээг Орон сууц захиалгын гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Э.Т болон хариуцагч О ХХК-иуд гэрээний төлбөр хэдэн төгрөг байсан болон уг төлбөр төлөгдсөн талаар маргаантай байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянгол дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын * давхар, * автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй * айлын хүчин чадал бүхий, автомашины дулаан зогсоол, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай барилга /Баянгол дүүрэг, * дугаар хороо, Ж гудамж, * байр-2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 003/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй/-ын өмчлөгчийн талаарх лавлагаа, холбогдох баримтуудыг хэрэгт нотлох баримтаар авсан. Уг баримтуудаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн борлуулалтын ажлыг хамтран ажиллах гэрээний дагуу О ХХК нь хариуцан хийсэн байна.

 

Уг үйл баримтыг О ХХК нь Э.Ттай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан явдал, гэрээний 2.2-т ...Захиалагч нь гэрээ байгуулсан өдөр үнийн дүнг 100 хувь төлсөн болно гэж заасан байдал, гэрч Д.Мын шүүхэд өгсөн мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сараас хойш нэхэмжлэгч Э.Т маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч Э.Т үл хөдлөх эд хөрөнгийг 97,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Э.Т нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт 90,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар хариуцагч О ХХК-ийн заасан этгээдэд шилжүүлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дийлэнх хэсгийг хариуцагчийн заасан этгээдэд төлж барагдуулсан үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзсэн. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Э.Тг тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч О ХХК-д даалгаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн ...үлдэгдэл төлбөрийг гэрчилгээ гарсан хойно төлөхөөр тохирсон гэх тайлбарыг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийн ...Э.Т гэрээний төлбөрөө бүрэн төлөөгүй гэх татгалзал үндэслэлгүй.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзэхэд хариуцагч О ХХК нь талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №04/02 тоот Орон сууц захиалгын гэрээ-г нэг талын санаачилгаар дуусгавар болгож, өгсөн авснаа харилцан буцаах агуулгатай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэжээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзвэл мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.Т-ы эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлөх боломжтой.

 

Гэвч үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан буюу Э.Т гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Тг Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, эрх бүхий байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагч О ХХК-д даалгасугай.

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянгол дүүргийн * хороо, * байрны * тоот хаягт байршилтай, * м2 талбайтай талбайтай 3 өрөө орон сууцыг Э.Тгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч О ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ХХК-иас 140,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Тд олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ