Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2022/00729

 

2022 оны 03 сарын 03 өдөр                         Дугаар 102/ШШ2022/00729                             Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Ц.. овогт Т.ын А.,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн ...-р хороо, Үндсэн хуулийн гудамж, өөрийн байранд оршин байрлах, .... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн 13/6 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э..,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М..,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

1.Нэхэмжлэгч Т.А... нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А...аас 130.405.215 төгрөг гаргуулж, О... ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ү-224/23475 дугаар албан мэдэгдлээр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг 104.210.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний 50 хувиар 2 дахь албадан дуудлага худалдаанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр оруулахаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол гарсан болохыг мэдэгдсэн байна.

Гэтэл анхны албадан дуудлага худалдаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан байхад Монгол улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “...хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна...” гэснийг зөрчиж, анхны албадан дуудлага худалдаанаас хойш түр тасалдсан хугацаагаа хассан ч 30 хоног өнгөрсний дараа зарласан тул анхны албадан дуудлага худалдаагаа хүчингүй болгож, дахин анхны албадан дуудлага худалдаа зарлах ёстой юм. Нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч, хууль бусаар татгалзсан хариу өгсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын  2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65 дугаар байрны 96 тоот орон сууцыг оруулж байгаа ажиллагаа нь хууль бус учир ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлалаар Т.А..аас 129.851.610 төгрөг гаруулж “О... ББСБ” ХХК-д олгож, хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд Т.А.., Д.С..., Ж.Т.. нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоотод байрлах 40,1 мкв талбайтай орон сууц, мөн М.Э...ийн өмчлөлийн Ү-2201... дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Х... хотхон, Баянхошууны гудамж ... дугаар байрны ... тоотод байрлах 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Э...ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Х... хотхон, Баянхошууны гудамж ... дугаар байрны зоорийн давхрын 10 тоотод байрлах 15 мкв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Барьцаа хөрөнгө болох Т.А..., Д.С..., Ж.Т... нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоотод байрлах 40,1 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй. Төлбөр төлөгч Т.А... болон Ж.Т...нар нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх орон сууцыг битүүмжилсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 15250471/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, үнэлгээний тайланг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/Ш32020/5827 дугаар захирамжаар түдгэлзүүлсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02011 дугаар шийдвэрээр үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангаж, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2072 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1049 дүгээр тогтоолоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2072 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1049 дүгээр тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэжээ.

 

3.Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Т.А... болон Ж.Т... нар нь шийдвэр гарснаас хойш өнөөдөр хүртэл төлбөр төлөөгүй 7 жил болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэдгийг шат бүрийн шүүх дээр тогтоодог. Нэхэмжлэгч талын тайлбараар 30 хоногийн дотор явагдаагүй гэж хэлдэг. 30 хоногийн дотор явагдах боломжгүй байсан. Учир нь Т.А..., Ж.Т... нар нь өөрсдөө үнэлгээ болон хувьцаа, хөрөнгийн жагсаалтаас хасуулах нэхэмжлэл гаргаж үүний дагуу шүүх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарсан тийм учраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зогссон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар түдгэлзүүлж 27.6 дахь хэсэгт зааснаар нөхцөл байдал арилмагц ажлыг цааш үргэлжлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Мөн Т.А... болон Ж.Т.. нарын гаргасан нэхэмжлэлийг шүүх дүгнэсэн. Дүгнэлтэд давж заалдах шатны шүүх нь гомдол болон нэхэмжлэлийн хүрээнд хэргийг бүхэлд нь шийдвэрлэдэг зохицуулалттай. Зохицуулалтын хүрээнд анхны дуудлага худалдаанд орсон гэх нөхцөл байдал эхэндээ яригдаж байсан тус хүмүүс дуудлага худалдааг мэдсэн, ажиллагааг хуульд нийцсэн гэдгийгНнийслэлийн шүүх хянасан учраас гаргаж байгаа гомдол үндэслэлгүй гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс: 2022 оны 01-р сарын 04-ний өдрийн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа” /хх 4/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 08-р сарын 01-ний өдрийн 3587 дугаар захирамж /хх 5-6/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 20-ний өдрийн 181/ШШ2016/01622 дугаар шийдвэр /хх 7-16/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02-р сарын 20-ний өдрийн 539 дугаар магадлал /хх 17-21/, Монгол улсын Дээд шүүхийн 2017 оны 05-р сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00664 дугаар тогтоол /хх 22-27/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр /хх 28-30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал /хх 31-34/, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10-р сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоол /хх 35-39/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн Ү-224/23975 тоот “Мэдэгдэл” /хх 40/, 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн “Гомдол гаргах тухай” /хх 41/, 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн 66 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол” /хх 42/, 2021 оны 12-р сарын 27-ны өдрийн “Гомдол гаргах тухай” /хх 43/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 01-р сарын 04-ний өдрийн 09/10 тоот албан бичиг /хх 44/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 53/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01-р сарын 11-ний өдрийн 1-224/22 “Итгэмжлэл олгох тухай” /хх 55/, 2022 оны 02-р сарын 16-ны өдрийн “Итгэмжлэл” /хх 102/,

Хариуцагчаас: 2022 оны 01-р сарын 31-ний өдрийн хариу тайлбар /хх 59-61/, 2018 оны 11-р сарын 21-ний өдрийн 102/ГХ2018/01192 дугаар “Шүүхийн гүйцэтгэх хуудас” /хх 61/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр /хх 62-64/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн 928 дугаар магадлал /хх 65-68/, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 10-р сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоол /хх 69-71/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамж /хх 72-73/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02011 дүгээр шийдвэр /хх 74-79/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 02-ны өдрийн 2072 дугаар магадлал /хх 80-85/, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01049 дүгээр тогтоол /хх 86-91/, 2021 оны 12-р сарын 09-ний өдрийн “Өнөөдөр” сонины хуулбар /хх 92/, 2020 /2021 гэхийг 2020 гэж бичсэн/ оны 12-р сарын 07-ны өдрийн 13/6 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” /хх 93/, 2021 оны 12-р сарын 10-ны өдрийн “Гомдол гаргах тухай” /хх 94/, 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн 66 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол” /хх 95/, 2020 оны 03-р сарын 03-ны өдрийн 3-32 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” /хх 96/,

Гуравдагч этгээдээс: О... банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн 2022 оны 01-р сарын 12-ны өдрийн Я2/22/004 тоот албан бичиг /хх 47/, Ориент инвест банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн 2022 оны 01-р сарын 11-ний өдрийн 22/004 тоот “Итгэмлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг /хх 48/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 49/ зэрэг баримтуудыг тус тус гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...анхны албадан дуудлага худалдаа 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр явагдсан, хоёрдахь албадан дуудлага худалдааг  2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар тогтоол гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т “...хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна...” гэснийг зөрчсөн тул хүчингүй болгуулахаар шаардсан байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1049 дүгээр тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэлээр татгалзжээ.

4.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогджээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3587 дугаартай захирамжаар Т.А.аас 129.851.610 төгрөг гаргуулж, О... ББСБ ХХК-д олгохоор /хх5-6/,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02-р сарын 26-ны өдрийн 102/ШШ2018/00636 дугаар шийдвэр /хх 28-30/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04-р сарын 16-ны өдрийн ... дугаар магадлал /хх 31-34/, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 10-р сарын 05-ны өдрийн 001/ХТ2018/01336 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрийг Т.А. нь сайн. дураар эс биелүүлбэл Т.Амарсанаа, Д.С..., Ж.Т.. нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны ... тоотод байрлах 40,1 м.кв талбайтай орон сууц, М.Э...ийн өмчлөлийн Ү-2201... дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Х. хотхон, Баянхошууны гудамж ... дугаар байрны ... тоотод байрлах 47.52 м.кв талбайтай орон сууц, М.Э.ийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хилчин хотхон, Баянхошууны гудамж .. дугаар байрны зоорийн давхрын .. тоотод байрлах 15 мкв талбайтай авто зогсоолыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр /хх 35-39, 62-71/ байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06-р сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/02011 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Т.ын нэхэмжлэлтэй Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Т.А., Д.С., Ж.Т. нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205. дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн . дугаар хороо, ... дугаар хороолол, Төмөр замын ... дугаар байрны .. тоотод байрлах 40,1 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн, тогтоолыг хүчингүй болгох, битүүмжлэх эд хөрөнгийг жагсаалтаас чөлөөлүүлэх тухай, 

Т.А. нар нь орон сууцыг 104 210 200 төгрөгөөр үнэдлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, 

Гуравдагч этгээд М.Э.ийн бие даасан шаардлагатай хэргийг тус тус хянан хэлэлцэж /хх 74-79/ шийдвэрлэжээ.

Энэ шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10-р сарын 02-ны өдрийн 2072 дугаар магадлал /хх 80-85/, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01049 дүгээр тогтоол /хх 86-91/хүчин төгөлдөр болсон байна.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Ж.Т.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан, хүсэлтийг хангаж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжаар /хх 72-73, 93/ түдгэлзүүлжээ.  Өөрээр хэлбэл, Ж.Т.ын гаргасан Т.А., Д.С., Ж.Т. нарын өмчлөлийн эрхийн улсын Ү-2205018956 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 65 дугаар байрны 96 тоотод байрлах 40,1 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилсэн, тогтоолыг хүчингүй болгох, битүүмжлэх эд хөрөнгийг жагсаалтаас чөлөөлүүлэх, гуравдагч этгээд М.Э.ийн битүүмжилсэн эд хөрөнгийг жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09-р сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01049 дүгээр тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, тогтоолыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2020 /2021 оны гэх, тооны алдаатай/ оны 12-р сарын 07-ны өдрийн 13/6 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” /хх 93/ гаргаж, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоосон байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхэд гаргасан тайлбартаа ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээсэн   гэж тайлбарласан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын  2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 4-224/3915 тоот         албан бичигт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04-р сарын 14-ний өдрийн 102/ШЗ2020/05827 дугаар захирамжийн үйлчлэл дуусгавар болсон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болно”  /хх  118/ гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд М.Э., нэхэмжлэгч Ж.Т. нар шүүхэд гаргасан, энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.  

Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.6.Шүүх энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.2-т заасан үндэслэл арилмагц төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтийг үндэслэн тогтоол гарган иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхээр заасан байна.

Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилснаар төлбөр авагч болон шийдвэр гүйцэтгэгчийн хэн нь ч сэргээх тухай хүсэлт гаргаагүй /хх 118, 119/ нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын  2022 оны 03-р сарын 02-ны өдрийн 4-224/3915 тоот, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 03-р сарын 03-ны өдрийн 204тоот албан бичгээр тус тус тогтоогджээ.

Үүнээс дүгнэвэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахаар тогтоол гаргасан нь  хууль зөрчсөн байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Хэргийн 7-27 дахь талд авагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Т.А.ийн гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг  шийдсэн, хүчин төгөлдөр шийдвэрүүд,  2021 оны 12-р сарын 10-ны өдрийн “Гомдол гаргах тухай” /хх 94/, 2021 оны 12-р сарын 24-ний өдрийн 66 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол” /хх 95/ нь хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах үйл ажиллагаанд гаргасан төлбөр төлөгчийн гомдлыг шийдвэрлэсэн баримтууд байна. 

 

5.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                         

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.2, 177.3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69-р зүйлийн 69.1, 75-р зүйлийн 75.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12-р сарын 07-ны өдрийн “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай “ 13/6 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, гуравдагч этгээд эс зөвшөөрвөл  гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА