Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2020/0187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г

Нэхэмжлэлийн шаардлага: Хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 сарын 26-ний өдрийн 705 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.Д миний бие үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 10а байрны 7, 12, 15, 17, 18, 19, 20, 21, 26, 28, 29, 30, 31,40, 43, 44, 46, 55, 56, 59, 60, 61, 67, 71 тоот, 106 байрны 2,7,8,12,15,17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 30, 32, 33, 34, 40, 44, 45, 47, 48, 55, 56, 59, бЗ тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болно.

Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтээр иргэн миний дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж, өмчөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг ноцтой зөрчиж байна. Миний бие энэхүү шийдвэрийг олж мэдсэн даруйдаа эс зөвшөөрч ЗЕХ-н 93 дугаар зүйлийн 93.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д заасныг журамлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан. Гэвч тэд хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу нэхэмжлэлээ Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байна.

Миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулж, өмчлөлийг шилжүүлэх гэтэл Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн газрын ажилтан “таны өмчлөх эрхийн бүртгэлийг түдгэлзүүлсэн тул орон сууцны өмчлөл шилжүүлэх боломжгүй” гэсэн хариу амаар өгсөн. Улмаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст бичгээр өргөдөл гаргахад 2019 оны 9 сарын 11-ний 1418 дугаартай албан бичгээр "... 2019 оны 2 сарын 26-ны өдрийн 705 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн түдгэлзүүлсэн” гэх агуулга бүхий хариу ирсэн. Миний бие 2019 оны 2 сарын 26-ний өдрийн 705 дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийн талаар өмнө нь огт сонсоогүй бөгөөд ийнхүү өргөдлийн хариугаар олж мэдсэн. Улмаар тус актыг хайсны эцэст нотлох баримтын шаардлага хангаагүй зурган файл олсон болно.

Хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 сарын 26-ний өдрийн 705 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг шууд зөрчсөн хууль бус захиргааны акт байна. Тухайлбал:

1. Хяналтын улсын байцаагч нь тус захиргааны актаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 -т үндэслэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18.7.1-т улсын байцаагч нь улсын бүртгэлийг түдгэлзүүлэх эрхтэй болохыг заасан. Гэвч энэхүү “улсын бүртгэлийг түдгэлзүүлэх” зрх нь улсын байцаагчид ямар ч хязгаарлалтгүй олгосон бүрэн эрх биш. Өөрөөр хэлбэл, улсын байцаагч өөрийн үзэмжээр иргэний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлж болохгүй, харин хуульд заасан түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн тохиолдолд түдгзлзүүлдэг. Иргэний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэлийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд /ЭХЭУБтХ/ тодорхой заасан. ЭХЭУБтХ-ийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн талаар гомдол гарсан бол улсын байцаагчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна” гэж заасан. Тодруулбал, эрхийн улсын бүртгэлийг давхардуулан бүртгэсэн, эсхүл хуурамч баримт бичигг үндэслэн бүртгэсэн тохиолдолд л бүртгэлийг түдгэлзүүлэх эрх зүйн зохицуулалттай байна. Миний өмчлөлийн дээрх орон сууцнуудад улсын бүртгэлийг давхардуулан бүртгэсэн, хуурамч баримт бичигт үндэслэн бүртгэсэн асуудал огт байхгүй. Миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 101/Ш32017/21655 дугаартай захирамжаар баталгаажсан эвлэрлийн гэрээний дагуу дээрх орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болно. Гэтэл хяналтын улсын байцаагч нь огт үндэслэлгүйгээр ийнхүү миний эрхийг ноцтой зөрчиж байна.

2. Хяналтын улсын байцаагч нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж байгаагийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлах шаардлагатай. ЗЕХ-д зааснаар захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоож нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох, захиргааны актыг мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хяналтын улсын байцаагч Б.Ганзориг нь 705 дугаартай дүгнэлт үйлдэхдээ дээрх ажиллагаануудыг огт хийсэнгүй. Тодруулбал, огт нотлох баримтгүй, үндэслзлгүйгээр “хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй” хэмээн дүгнэсэн, мөн ЗЕХ 43 дугаар зүйлд заасны дагуу хаяглагдсан этгээд надад захиргааны актын талаар огт мэдэгдээгүй байна, Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Гэтэл надад мэдэгдээгүй буюу хүчин төгөлдөр бус захиргааны актад үндэслэн миний өмчлөх эрхийн улсын бүртгэлийг түдгэлзүүлжээ.

3. Дээрх захирамжаар зөвхөн иргэн миний эрх ашиг бус, надтай худалдах худалдан авах гэрээ байгуулж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн иргэд өөрсдийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авч чадахгүй хохирсоор байна. Хяналтын улсын байцаагч Б.Г2019 оны 02 сарын 26-ний өдрийн 705 дугаартай захирамжаар энэ гэм буруугүй 40 гаруй иргэдийн эрх ашгийг зөрчөөд байна.

4. Миний бие Болормаа гэгчийг огт танихгүй байтал иргэн Б.Дөлгөөн, Болормаа нарын гомдлоор хэмээн биднийг өөрсдөө өмчлөх эрхийг түдгэлзүүлэх тухай гомдол гаргасан мэтээр санаатай бичсэн байдаг. Би ийм гомдол гаргаагүй. Иргэн хэзээ ч өөрийн эрх ашгийг зөрчих, эрхээ түдгэлзүүлэх талаар гомдол гаргах учиргүй. Гэтэл биднийг өөрсдөө гомдол гаргасан мэтээр бичиж ийм дүгнэлт гаргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” хэмээн заасан. Хяналтын улсын байцаагч Б.Г2019 оны 02 сарын 26-ний өдрийн 705 дугаартай дүгнэлт нь дээрх байдлаар хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлиин 106.3.1-т заасны дагуу тус актыг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Дөлгөөний тус шүүхэд хандаж гаргасан “Хяналтын улсын байцаагч Б.Г2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 705 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг өгч байна.

Иргэн Д.Б, Б.Д нараас Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж гаргасан гомдлын дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А, 10Б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаартай бүртгэлийн хувийн хэрэг дэх нотлох баримтуудыг хянахад уг үл хөдлөх эд хөрөнгөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021862 дугаарт тус тус салгаж бүртгэхдээ улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй /нотлох баримт зөрүүтэй, бүрэн бус байхад бүртгэсэн, зарим үл хөдлөх эд хөрөнгийг орхигдуулсан, давхардуулсан, шүүхийн шийдвэрээс зөрүүлж бүртгэсэн гэх мэт/ нөхцөл байдал тогтоогдсон.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх заалтад “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” гэж заасан тул 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр хяналтын улсын байцаагчийн 2019 оны 705 дугаар дүгнэлтээр шийдвэрлэсэн.

Хяналт шалгалтын хүрээнд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авч, хууль тогтоомж зөрчсөн холбогдох бүртгэлүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлт нь хуульд нийцсэн шийдвэр тул иргэн Б.Дөлгөөний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд тус иргэний “Хяналтын улсын байцаагчийн 2019 оны 705 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгч Б.Д тус шүүхэд хандаж “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад уг дүгнэлтийн Ү-2003021859, Ү-2003021860 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтээр, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7 дахь заалтыг үндэслэн...Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А, 10Б хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт салгаж бүртгэхдээ...хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй тул... Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860, Ү-2003021861, Ү-2003021862 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн уг бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх”-ээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч уг дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээ “...өмчлөгч иргэдийн хэн аль нь гомдол гаргаагүй тул түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй, акт гаргахдаа Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийг үндэслээгүй, хуульд заасан түдгэлзүүлэх нөхцөл байдал үүсээгүй байгаа, өмчлөгч этгээдэд мэдэгдээгүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна: 18.7.1-д хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; 18.7.2-т өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А, 10Б хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөд анхдагч барьцааны гэрээ бүртгэлтэй байхад уг эд хөрөнгийг бусад өмчлөгч нарт салгаж бүртгэсэн асуудлаар маргаан үүссэн гэх үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагаас Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй эд хөрөнгөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021859, Ү-2003021860 дугаарт салгаж бүртгэсэн бүртгэлийг бүхэлд нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн байна.

Гэвч маргаан бүхий захиргааны актад “зөрчилтэй бүртгэл хийсэн байж болзошгүй” гэсэн үндэслэлээр хяналт шалгалт хийхээр шийдвэрлэсэн, үүний дагуу ажлын хэсэг томилогдон хяналт шалгалт хийгдэж илтгэх хуудас бичигдсэн боловч хариуцагч захиргааны байгууллагаас эцэслэн шийдвэрлэсэн захиргааны акт гараагүй, уг дүгнэлтэд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг давхардуулан бүртгэсэн талаар иргэний хэргийн шүүхэд маргаан үргэлжилж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна.

 

Энэ нь хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатайг илэрхийлж байх ба нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа “шинээр захиргааны акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлэх” үндэслэлтэйг дурдаж энэ талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзэв.  Учир нь захиргааны эрх зүйд “түдгэлзүүлэх” тухай ойлголт нь агуулгын хувьд тухайн харилцаанд оролцогч этгээдүүдэд эрх зүйн түр хамгаалалт тогтоох, эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой бөгөөд маргаан бүхий захиргааны акт энэ зорилгоор гарсан хэдий ч ийнхүү түдгэлзүүлсний эцсийн үр дүн цаашид хэрхэн гарах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тул маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1-д заасныг тус тус баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн Ү-2003021859, Ү-2003021860 дугаар бүртгэлд холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын /60 хоног/ хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын /60 хоног/ хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Б.Г2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргасан, “Улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” дүгнэлтийн Ү-2003021859, Ү-2003021860 дугаар бүртгэлд холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

4. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д