Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолтой Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, прокурор Э.Ууганзаяа шүүгдэгч Г.Насанжаргал түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал  нар оролцов.  

  Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг Их Монгол байрны 35-18 тоотод оршин суух, ПЮ84110482 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, Халиун нударга овогт Гаасүрэнгийн Насанжаргал нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэлтэй “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн 2299000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Хашжавт 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Халиуннударга овогт Гаасүрэнгийн Насанжаргалыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д зааснаар шүүгдэгч Г.Насанжаргалыг хоёр манга долоон  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Насанжаргалд оногдуулсан 2,700,000  төгрөгний торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003110254 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Г.Насанжаргалд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Насанжаргалд оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Насанжаргал түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно, мөн хуулийн 3-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл  үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, болон тогтоолын хавсралтад Ховд аймаг дахь Цагдаагийн газрын тамга дарагджээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ариунбилэгийн мэдүүлгээр улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Уг мотоцикль нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр данс хөтөлж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэж орлогод хүлээн авсан гэх нотлох баримт нь эргэлзээтэй он сараас нь харахад тодорхой байна. Мөн хавтаст хэрэгт Сумдын Засаг даргын тамгын газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг нөхөж гарын үсэг зуруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нямсүрэнг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Насанжаргал нь мотоцидлыг албан хэрэгцээндээ унаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын дундуур иргэн Б.Хашжавд 1,500,000 төгрөгөөр худалдсан атлаа Баатархайрхан багийн 2019 оны эд хөрөнгө тооллогод тоолуулахдаа мотоциль байгаа гэж амаар толуулсан баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Насанжаргал түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Насанжаргал болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх  ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  гомдолд   дурдсан  асуудлаар  хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянав.

Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Насанжаргалыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалтаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Chongoing Hongli” загварын улаан өнгийн 2299000 төгрөгийн үнэ бүхий мотоциклыг итгэмжлэн хариуцаж байхдаа 2018 оны 11 дүгээр сард иргэн Б.Хашжавт 1,500,000 төгрөгөөр худалдан борлуулан хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Г.Насанжаргалыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Chongoing Hongli” загварын улаан өнгийн  мотоциклыг  бусдад худалдан борлуулж итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг гарсан байдал, Г.Насанжаргалын үйлдлийн шинж чанар, тухайн үйлдлийг хийхэд хүргэсэн сэдэлт, санаа зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл байдал, гэм буруугийн шинжийг тал бүрээс нь нягтлан шалгаж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд хийгдээгүй зэрэг тухайн хэргийн талаар ач холбогдолтой байж болох нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг эргэлзээгүй талаас нь тогтоож чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байх тул хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь  нотлох баримтад үндэслээгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад  2018 оны зун улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд 91 ширхэг “Chongoing Hongli” загварын мотоциклыг  багийн Засаг дарга нарт өгсөн байна. Ховд аймгийн Жаргалант сумын 12 багийн Засаг даргад нийт 12 ширхэг мотоциклыг албан ажлын хэрэгцээнд ашиглуулахаар хүлээлгэн өгсөн байх бөгөөд тус сумын багийн засаг дарга нарын ихэнх нь эмэгтэй хүмүүс байдаг тул тэдний албан хэрэгцээнд мотоцикл ашиглаж  хэрэглэхэд хүндрэлтэй  байгааг харгалзан өөр тээврийн хэрэгсэл болон тухайн албан тушаалтны албан ажлын хэрэгцээнд ашиглаж болох бусад техник хэрэгслээр  солих  талаар удирдлагын зүгээс  ямар нэгэн зөвлөмж чиглэл, удирдамж өгч байсан эсэхийг нарийвчлан тогтоох, энэ талаар холбогдох гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай байна.

 Түүнчлэн хэргийн 5, 51, 53, 90, 91 хуудас дахь хэрэгт ач холбогдол бүхий байж болох   бичмэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хуульд заасан журмыг баримтлаагүй       байна.   

Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нэг бүрчлэн нарийвчлан шалгаж, хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоосны дараа  хэргийг  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд “хэрэгт авагдсан нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, хэргийн бодит байдал тогтоогдоогүй,мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаана уу” гэх   шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Шүүх хуралдааны тэмдэглэлд улсын яллагчаас “...шүүх хуралдаанд орон нутгийн  газраас зарласан мотоциклын тендерийн талаарх 161 хуудас баримтыг гарган өгч байна үнэлэх эсэх нь шүүхийн эрхийн асуудал.”, мөн “шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал 161 хуудас нотлох баримттай хэзээ танилцаж дуусах вэ.” Мөн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг прокуророос 161 хуудас нотлох баримт гаргаж өгч байгаа нь мэтгэлцээний эрх, тэгш байдал алдагдаж байна гэж үзэж байна. Прокурор хаанаас авчирсан нь мэдэгдэхгүй эх сурвалжаа заагаагүй баримтууд оруулж ирчихээд нотлох баримтаар үнэлүүлнэ гэж байгаа нь зохимжгүй.”/2 дугаар хх-8,9 дүгээр тал/ Шүүх хуралдаан даргалагчаас: “эхний нүүр болон арын нүүрэн дээр тэмдэг дарсан баримтыг шүүх авах боломжгүй.” Гэх зэрэг асуудлууд  тусгагдсан, түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч нар “140 гаруй хуудас баримтуудыг шүүх хэрэгт хавсаргасан байгаа гэж тайлбарласан боловч Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн хэрэгт уг баримтууд хавсаргагдаж ирээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09  дүгээр  сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/150 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн 1936003110254 дугаартай хэргийг  прокурорт буцааж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.         

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг прокурорт очтол Г.Насанжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                               

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.ТУЯА

 

                                   ШҮҮГЧИД                                          М.НЯМБАЯР

 

                                                                                               Л.АЛТАН