| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/02591/и |
| Дугаар | 102/ШШ2022/00946 |
| Огноо | 2022-03-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2022/00946
| 2022 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2022/00946 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.С,
Хариуцагч: Олон улсын боловсрол хөгжил сан.
Нэхэмжлэлийн шаардлага: 14 203 680 төгрөг гаргуулах.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, хариуцагчийн өмгөөлөгч А.А.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал.
Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүйгээр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.С нь хариуцагч Олон улсын боловсрол хөгжил санд холбогдуулан 14 203 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие өөрийн хүү Б.Э-ыг Австрали улсад суралцуулахаар Олон улсын боловсрол хөгжил сантай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу урьдчилгаанд 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 550 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 950 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн өдөр 384 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 167 360 төгрөг, мөн өдөр 1 130 880 төгрөг, мөн өдөр 1 021 440 төгрөг, нийт 9 203 680 төгрөг төлсөн.
1.2 Австрали улс руу явахын тулд дансанд 60 000 000 төгрөг байршуулдаг гэсний дагуу 60 000 000 төгрөгийг бусдаас хүүтэй зээлж, байршуулсан. Хүүгийн төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн.
1.3 Хариуцагч нь гэрээгээр тохирсны дагуу хүү Б.Э-ыг Австрали улсад суралцуулах үүргээ биелүүлээгүй. Иймд гэрээний дагуу төлсөн 9 203 680 төгрөг, бусдаас зээлж, дансанд байршуулсан 60 000 000 төгрөгийн хүүгийн төлбөрт төлсөн хохирол 5 000 000 төгрөг, нийт 14 203 680 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Олон улсын боловсролын хөгжлийн сан нь нэхэмжлэгч С.С-тай гэрээ байгуулж, 9 203 680 төгрөг авсан нь үнэн. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлсэн. Австралийн сургуулийн урилга ирсэн бөгөөд гэрээг нэхэмжлэгч тал байгуулсан. Гэвч Б.Э нь өөрөө Австрали улсын визэнд ороогүйн улмаас Австрали улсад яваагүй. Үүнд хариуцагч тал буруугүй.
3.1 Нэхэмжлэгчтэй 60 000 000 төгрөгийн барьцаа мөнгийг яаж олох эсэх талаар, мөн хүүгийн гэрээнд заагаагүй. Хариуцагчаас шалтгаалж хүүхэд сургалтад яваагүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй. Нэхэмжлэгч тал өөрсдөө визээ мэдүүлээгүйгээс болж үр дагавар гарвал тухайн байгууллага хариуцахгүй гэж гэрээнд заасан байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хэргийн 6-14, 26 дугаар талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүх хэргийн нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй.
4. Хариуцагчаас Хаан банкны 5176022529 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчаас Олон улсын боловсрол хөгжил сан болон Б.Э, С.С нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 190515 дугаартай, зөвлөх үйлчилгээний гэрээ, Гадаад оюутны элсэлтийн батламж, суралцуулах урилга, сургалтын гэрээ болон эдгээрийн Монгол хэл дээрх орчуулга баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр Э.А-ээс гэрчийн мэдүүлэг авсан, [email protected]д үзлэг хийсэн. Хариуцагчийн хүсэлтээр Олон улсын боловсрол хөгжил сангийн цахим хаягт үзлэг хийсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч С.С-гийн нэхэмжлэлээс 9 203 680 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 5 000 000төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1 Б.Э-ыг Австрали улсад суралцуулахаар Олон улсын боловсрол хөгжил сантай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчид урьдчилгаа 550 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр, 950 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 4 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, мөн өдөр 384 000 төгрөг, 1 167 360 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, мөн өдөр 1 130 880 төгрөг, мөн өдөр 1 021 440 төгрөг, нийт 9 203 680 төгрөг төлсөн. Гэвч хариуцагч нь гэрээний үүрэг болох Б.Эрхэмбаярыг Австрали улсад суралцуулах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчид төлсөн 9 203 680 төгрөг гаргуулах.
2.2 Б.Э-ыг Австрали улсад суралцуулахын тул гэрээнд зааснаар 60 000 000 төгрөгийг дансанд байршуулсан бөгөөд уг 60 000 000 бусдаас зээлсэн. Түүний хүүд төлсөн 5 000 000 төгрөг гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:
3.1 Хариуцагч гэрээний үүргээ биелүүлсэн. Сургуулийн урилга ирсэн боловч Б.Эрхэмбаяр нь өөрөө Австрали улсын виз мэдүүлээгүй тул 9 203 680 төгрөгийг буцаан шаардах эрхгүй.
3.2 Гэрээнд зааснаар нэхэмжлэгч өөрөө дансанд мөнгө байршуулах ёстой. Уг мөнгийг нэхэмжлэгч бусдаас зээлж хүү төлсөнд хариуцагч буруугүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны 5176022529 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Олон улсын боловсрол хөгжил сан болон Б.Эрхэмбаяр, С.Сарантуяа нарын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 190515 дугаартай, зөвлөх үйлчилгээний гэрээ, Гадаад оюутны элсэлтийн батламж, суралцуулах урилга, сургалтын гэрээ болон тэдгээрийн Монгол хэл дээрх орчуулга, гэрчийн мэдүүлэг, [email protected]д үзлэгээр илэрсэн захидал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 9 203 680 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
5.1 Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 02 190515 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг байгуулсан үйл баримтын талаар зохигч маргаагүй. Маргааны зүйл нь гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг буцаан шаардах эрхтэй эсэх байна.
5.2 Дээрх гэрээний 1.1-д зааснаар хариуцагч нь Б.Эрхэмбаярыг Австрали улсад хэлний бэлтгэлд суралцуулахад зөвлөх үйлчилгээг үзүүлэх, сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, нэхэмжлэгч нь сургалтын төлбөрийн урьдчилгаа 1 500 000 төгрөгийг хариуцагчид төлөх. Үлдэх төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр заажээ.
5.3 Гэрээний 1.2.1-д зөвлөх үйлчилгээ гэдэгт суралцагчийн хэлний бэлтгэлд суралцуулахад шаардлагатай бичиг баримт материалыг хүлээн авч, сургуульд бүртгүүлэх, шаардлагын дагуу баримт материалыг хянах, сайжруулах, цахим болон буухиа шуудангаар хугацаанд нь илгээх, сургуулийн урилгыг хүлээн авч, виз мэдүүлэх үйл ажиллагааг хамааруулсан байна.
5.4 Хэдийгээр талууд дээрх гэрээг зөвлөх үйлчилгээний гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний нөхцөл, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хүчин төгөлдөр зуучлалын гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд зааснаар Б.Эрхэмбаярыг Австрали улсад хэлний бэлтгэлд суралцуулахад шаардлагатай бичиг баримт материалыг хүлээн авч, сургуульд бүртгүүлэх, шаардлагын дагуу баримт материалыг хянах, сайжруулах, цахим болон буухиа шуудангаар хугацаанд нь илгээх, сургуулийн урилгыг хүлээн авч, виз мэдүүлэх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлснийг хариуцагчид төлөх үүрэгтэй.
5.5 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 550 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэрээний урьдчилгаанд, 950 000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мөн гэрээний урьдчилгаанд, 4 000 000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөрт, мөн өдөр 384 000 төгрөгийг бүртгэлийн хураамжид, 1 167 360 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сургалтын төлбөрийн зөрүүнд, мөн өдөр 1 130 880 төгрөгийг визний хураамжид, мөн өдөр 1 021 440 төгрөгийг эрүүл мэндийн даатгалд, нийт 9 203 680 төгрөгийн хариуцагчид төлсөн нь хариуцагчаас нэхэмжлэгчид цахим шуудангаар илгээсэн захиа /хэргийн 53 дугаар тал/-аар тогтоогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй. Иймд уг үйл баримтаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5.6 Австрали улсын Astley English college-с Б.Эрхэмбаярыг тус сургуульд суралцуулахтай холбогдуулан гадаад оюутны элсэлтийн батламж, суралцуулах урилга, сургалтын гэрээ зэрэг баримтуудыг хариуцагч нь нэхэмжлэгчид мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байна.
5.7 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
5.8 Хариуцагч нь нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсан саналыг хүлээн авсан нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу төлсөн нийт төлбөр 9 203 680 төгрөгөөс 1 000 000 төгрөгийг суутгаж, үлдэх 8 203 680 төгрөгийг төлөх талаар дурдсан хариуцагчаас нэхэмжлэгчид илгээсэн цахим шуудангийн захиагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагчид урьдчилан мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь уг саналыг хүлээн авсан гэж үзэхээр байна.
5.9 Дээрх баримтад дурдсанаар хариуцагч нь нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбоотой 1 000 000 төгрөгийг суутгах нь баримтад үндэслэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, 1 000 000 төгрөг суутгах талаар гэрээнд заагаагүй байх тул талуудыг энэ талаар тохиролцсон гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний дагуу төлсөн нийт 9 203 680 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байна.
6. 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
6.1 Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ Б.Э-ыг Австрали улсад хэлний бэлтгэлд суралцуулахтай холбоотой гэрээнд зааснаар 60 000 000 төгрөгийг дансанд байршуулахын тулд бусдаас зээлж байршуулсан. Зээлийн хүүгийн төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн тул хохирол 5 000 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон.
6.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.
6.3 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь бусдаас 60 000 000 төгрөг зээлсэн, мөн уг зээлийн төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас 5 000 000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 162 209 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Олон улсын боловсрол хөгжил сангаас 9 203 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.С-д олгож, үлдэх 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 162 209 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН