Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1204

 

 

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108 01186 1977 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн Э.Б, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ариутгагч мэргэжилтэй, “***” ХХК-д угаагч ажилтай, ам бүл дөрөв, нөхөр, хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ** багийн ** тоотод байнга оршин суух хаягтай боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянцагааны ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: **, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” ХХК-ийн нийтийн байрны жижүүрээр ажиллаж байх үедээ байр түрээслэгч нараас “Д гуай түрээсийн төлбөрөө өгөөрэй гэж байна” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.М-оос 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 100,000 төгрөг, хохирогч Б.Б-аас мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр 95,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч Н.У-аас мөн оны 4 дүгээр сард 215,000 төгрөгийг бэлнээр авч нийт 410,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Э.Б нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд буюу үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн нийтийн байрны жижүүрээр ажиллаж байх үедээ байр түрээслэгч нараас “Д гуай түрээсийн төлбөрөө өгөөрэй гэж байна” гэж худал хэлж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.М-оос 100,000 төгрөг, хохирогч Б.Б-аас 95,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, мөн хохирогч Н.У-аас 215,000 төгрөгийг бэлнээр авч нийт 410,000 төгрөгийн хохирол учруулан залилсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

-Тухайлбал, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 01 дэх тал), шүүгдэгч Э.Б-ийн Хаан банк дахь “...2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 22:03 минутад ** тоот данснаас ..түрээс гэх утгаар 100,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 18:23 минутад ** тоот данснаас ..”2 тоот” гэх утгаар 95,000 төгрөг” тус тус шилжин орсныг харуулсан дансны хуулга (хавтаст хэргийн 51-69 дэх тал),

-хохирогч Н.У-ийн “Би ** ХХК-ийн нийтийн байрны эзэн болох Д гуайн данс руу түрээсийн мөнгөө сар болгон шилжүүлдэг байсан юм. Гэтэл түрээсийн байранд жижүүрээр ажиллаж байсан махлаг биетэй үл таних эмэгтэй Д гуай байрны мөнгөө намайг хураагаад авчхаарай гэсэн, та байрныхаа мөнгийг өгөөрэй” гэж хэлэхээр нь би 2021 оны 04 дүгээр сард 215,000 төгрөгийг тухайн эмэгтэйд бэлнээр өгсөн. Дараа нь Д гуай надтай уулзахдаа “жижүүрээр ажилд орсон эмэгтэй хэд хэдэн айлын түрээсийн мөнгө аваад алга болсон, чи тэр эмэгтэйд мөнгө өгсөн үү” гэж асуусан. Тэгэхээр нь би 215,000 төгрөг өгсөн тухайгаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 196-199 дэх тал),

-хохирогч Б.М-ийн “...мөн 2021 оны 04 дүгээр сард би өөрийн 5637077145 тоот данснаас түрээс гэх утгаар 100,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 203-205 дахь тал),

-хохирогч Б.Б-ийн “..түрээсийн төлбөр төлөх өдөр хэтрэхээр үйлчлэгч нь мөнгө нэхээд орж ирдэг байсан санагдаж байна. Тэгээд мөнгө шилжүүл гэж хэлсэн данс руу түрээсийн төлбөрөө шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 220-223 дахь тал),

-Иргэний нэхэмжлэгч Т.Д-ийн: “...Б нь ажиллаж байх хугацаандаа манай нийтийн байранд төлбөр төлж оршин сууж байсан хүмүүсийн төлбөрийг бэлнээр болон дансаар миний нэрийг барьж худал худал хэлж авсан байсан. ..нийт 6 хүнээс дансаар болон бэлнээр 670,000 төгрөгийг авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 159-161 дэх тал) зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

          Түүнчлэн, шүүгдэгч Э.Б яллагдагчаар: “...тухайн үед түрээсийн мөнгийг нь шахаж авах болсон үе байсан тул “түрээсийн мөнгөө өгөөрэй” гэж хэлээд өөрийн Хаан банкны ** дугаарын данс руу болон бэлнээр авсан. Д эгчид өгөх ёстой байсан боловч надад мөнгөний хэрэгцээ гараад байсан болохоор өгөөгүй...” гэж (хавтаст хэргийн 97 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “... мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэсэн болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б-г “залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Б.М, Б.Б, Н.У нар нь гомдол саналгүй, түрээсийн мөнгөө залилуулсан боловч байрандаа суучихсан учир нэхэмжлэхгүй зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Т.Д нь шүүгдэгч Э.Б-аас хохиролд 717,000 төгрөгийг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгч Э.Б-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

            2.1.     Талуудын санал, дүгнэлт

            Улсын яллагч: “…шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй… ” гэв.

            Шүүгдэгч: “ …хэлэх зүйлгүй…” гэв.

            2.2.      Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Э.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 73 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дэх тал), эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 74 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугаа ухамсарлаж байгаа хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Э.Б нь шүүхээс тогтоосон дөрвөн сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг тогтоох хэсэгт тусгайлан сануулав.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА