Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2022/00791

 

2022 оны 03 сарын 09 өдөр                             Дугаар 102/ШШ2022/00791                          Улаанбаатар хот

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ..дугаар байрны .. тоотод оршин суух, “Д...” ХХК-д механикч ажилтай, регистр ., Х. овогтой Б.ийн Г.,  

            Хариуцагч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, Г.., Энх тайвны өргөн чөлөө гудамж, .. дугаар байрны .. тоотод оршин суух,  “П.” ХХК-д тооцооны нягтлан бодогч ажилтай, регистр .., Б... овогтой Ө.ийн Н.,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г...,   

 Хариуцагч Ө.Н...,  

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Г... нь Ө.Н...т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие Ө.Н...тэй 2014 онд танилцаж, 2017 оны 10-р сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр охин Г.М.., 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин Г.М.. нар төрсөн. Бид 2020 оны 1 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах болсон шалтгаан нь үзэл бодол, зан харьцаа таарахгүй, 2 талын гэр бүлээс амьдралд их оролцдог байсан. Би өөр гэр бүлтэй болж хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, 2 охиноо ээжид нь үлдээнэ, тэтгэвэр төлнө гэжээ.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Б.Г... намайг жирэмсэн байхад гэр бүлээс гадуурх харилцаатай болж, түүнээс болж салсан. Намайг төрөх үед эмнэлэг дээр 1 удаа ирсэн. Гэрлэлтээ цуцлуулна, 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгоно гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 4/, хүүхдийн төрсний лавлагаа /хх 5-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 2-р сарын 9-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 7/ зэрэг баримтуудыг гаргажээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон, зан харьцаа, үзэл бодол нийлдэггүй, гэр бүлийнхэн нь амьдралд оролцдог гэх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахаар шаарджээ.

3.Хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрсөн, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.  

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

 Б.Г.., Ө.Н... нар нь 2014 оноос хамт амьдарч 2017 гэрлэлтээ бүртгүүлсэн байх ба хамт амьдрах хугацаандаа 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр охин Г.М..., 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр охин Г.М... нарыг төрүүлж /хх 4-6/  өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Гэрлэгч зан харьцаа, үзэл бодол нийлдэггүй, хэн алиных нь гэр бүлийнхэн  амьдралд оролцдог шалтгааны улмаас байнгын хэрүүл маргаантай байдаг, нөхөр Б.Г... нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон, улмаар хүүхэдтэй болсон, талууд 2020 оны 3-р сараас тусдаа амьдарсан нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. Цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Зохигч гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг Б.Г... нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргаагүй байна.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, хүүхдийн эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

    

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б..ийн Г.., Ө..ийн Н.. нарын гэрлэлтийг цуцалж, 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр төрсөн охин Г.М., 2020 ..оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Г.М.. нарыг эх Ө.Н...ийн асрамжинд үлдээсүгэй. 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Г.М.., Г.М... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Б.Г...аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ө.Н...ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА