| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0830/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/851 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/851
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч М.Анхбаяр,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Түвшинбаяр,
хохирогч ******* /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001193 дугаартай 1 хавтаст хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 27-нд Завхан аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ******* группд барилгын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Нарны үйлдвэрийн төвийн бүс *******ны *******ны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ИВ/, ******* овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” их дэлгүүрийн орчимд хохирогч *******той автомашины зогсоол булаацалдсаны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 660.200 төгрөгийг нөхөн төлсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “ Би одоогоор гадаад улсад ажиллаж амьдарч байна. Надад нийт 660.200 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Миний чихний хэнгэрэг цоорсон. Ажлаа хийж чадахгүй нөхцөлд байдалд хүрсэн. Сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон. Сэтгэл санааны хувьд 2-р зэрэглэл гэж тогтоосон байсан. Цаашид чихний хэнгэрэг ямархуу байхаас шалтгаалж хагалгаанд орох эсэхээ шийднэ.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2405000001193 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн хохирогчоор өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 30-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 26 дугаар хорооны Нарны хорооллын баруун талд байрлах Номин их дэлгүүрийн автомашины зогсоол дээр автомашинаа байрлуулах гээд ухрах үед ард нэг залуу зогсож байсан. Би тамхи татаж байгаа юм байна гэж бодсон. Ухрах гэсэн чинь автомашины хойно тулчхаад хөдлөхгүй байсан. Тэгэхээр нь би цонхоо нээгээд би автомашинаа байрлуулах гэсэн юм гэхэд 30 орчим насны, цагаан өнгийн фудволктой, барилддаг юм шиг бүдүүн биетэй, бор царайтай, нүдний шилтэй, шорттой залуу манай эхнэр ирж байгаа чи энд машинаа тавих боломжгүй зайл гэсэн. Нийтийн эзэмшлийн талбайд машин зогсоогүй бол би автомашинаа тавих гэсэн юм гээд хэлсэн. Тэгэхэд нөгөө залуу за эхнэр ирж байгаа чи хүний хэл ойлгодоггүй юм уу, яваад өөр газар тавь гээд хэлсэн. Эхнэр машин хоёр чинь алга байна, хоосон байгаа газар би автомашин тавья аа зогсоолоос холд гэж хэлсэн. Нөгөө залуу болохоор чи яасан юм ойлгодоггүй пизда вэ гэж хэлсэн. Иймэрхүү маргаан болж байхад хар өнгийн “Lexus RX450” маркийн УНЛ улсын дугаартай автомашинтай эхнэр нь ирсэн. Эхнэр нь цонхоо нээгээд хэл амаар доромжилсон. Эхнэрийнх нь машинаас настай эмэгтэй хүн бууж ирээд намайг хэл амаар доромжилсон. Тухайн үед би хэсэг маргалдаж зогссоны дараа үл таних залууг хойшоо болж бай би ухраад гарлаа гэж хэлэхэд залуу за гээд тодорхой хэмжээнд ухраад зогссон. Энэ үед машиныг үл таних залуу тулсан. Миний машины шил рүү цохисон. Би машинаас буугаад ухраад гарья гэхэд яагаад машин тэрэг цохиод байгаа юм бэ гэхэд чи муу хүн мөргөлөө зайлаач эндээс гээд тулж хүрч ирсэн. Тэгээд миний энгэрээс заамдсан. Эхнэр нь хажуу талаас доромжилсон. Би эхнэрт нь ухраад гарья гэж дахин хэлсэн. Залуу намайг заамдаж аваад миний энгэрээс заамдаж боосон. Миний өмсөж явсан ногоон өнгийн хатуу материалтай хантаазаар намайг боосон. Хэсэг боосны дараа ухаан алдаж унасан. Буцаад сэргэх үедээ нөгөө залуу түлхсэн. Энэ үед залуугийн фудволк урагдсан. Эхнэр нь бид хоёрыг салгасан. Салгасны дараа нөхөр нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрөөд солгой гараараа залууг цохих гэж оролдсон. Дахиад зодоон эхэлсэн. Залуугийн нүүр рүү би дахин нэг ч удаа цохиогүй. Залуу нь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. Зодоон нь хэсэг хугацаа өнгөрсөн дараа танихгүй хоёр залуу бид хоёрыг салгасан. Салаад явсан хойноо миний машины урд талын гупер өшиглөсөн. Нэлээн үйл явдал өнгөрсний дараа хоорондоо гараа барилцаад салсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.-н гэрчээр өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад орой 22 цагийн үед нөхөр ******* руу гар утсаар яриад гэрийн гадаа зогсоол байна уу хараадах гэж хэлсэн. Би Нарны гүүрээр эргээд Нарны хороолол руу орохоор буцаад эргэж байсан. Би Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын баруун талын Номин их дэлгүүрийн хойд талын автомашины зогсоол дээр машинтайгаа ирэхэд манай нөхөр ******* нь надад зогсоол аваад зогсоол дээр зогсож байсан. Манай нөхрийн дэргэд саарал өнгийн “Lexus” маркийн машинтай эрэгтэй хүн цонхоороо толгойгоо гаргаад хойшоо манай нөхөртэй юм яриад байж байсан. Би ирээд машинаа тавих гэсэн юм аа, би нөхөртөө зогсоол захисан юм гэж тайлбарлаж хэлсэн. Тэгэхэд үгүй энэ олон нийтийн зогсоол яахаараа танайх тавьдаг юм бэ гээд байсан. Тэгэхээр нь би жаахан хүүхдүүдтэй яваад оройтчихоод нөхөртөө зогсоол захисан юм. Чи өөр газар тавьчихаа гээд машин дотроосоо хэлсэн. Хэсэг хугацааны дараа нөгөө саарал машинтай залуу хойшоо ухарч байгаад манай нөхөр *******ыг машиныхаа хойд талаараа мөргөсөн. Мөргөж байгаа дуу нь надад сонсогдсон. Би машинаасаа буугаад машины дэргэд нь очсон. Манай нөхөр ******* нь машинд мөргүүлсэн, нөгөө жолооч нь машин цохичихлоо гэмтээчихлээ гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би бууж очоод хүн мөргөчихлөө яаж байгаа юм бэ гээд хэлсэн. Тухайн залуу нь ухраад парклаад гарах гэж байсан гэж хэлсэн. Чи яахаараа хүн мөргөдөг юм бэ гээд хэлсэн. Энэ үед манай нөхөр нөгөө жолооч хоёр хоорондоо барьцалдсан. Нөгөө жолооч нь нөхрийн нүүр рүү нь толгойгоороо түлхээд мөргөөд байсан. Би нөхрөө боль боль гээд салгахад манай нөхрийн фудволкыг нь урсан байсан. Манай нөхөр нөгөө жолоочийг гараараа түлхсэн. Тэгээд бие биеэ харилцан цохиж байсан. Би голд нь салгах гээд зогсож байсан. Зодолдоод дууссаны дараа хоорондоо гар бариад салсан юм. Би хоёр охиноо дагуулаад Номин их дэлгүүр орсон. Би гараад *******ны орцны үүдэнд гэр рүүгээ орох гэж байхад нөгөө жолооч залуу манай нөхөр дээр ирчихсэн. Манай нөхөртэй дахиад юм яриад зогсож байсан. Чи ямар сонин ядаргаатай залуу вэ хүн мөргөчхөөд гээд хэлсэн. Тэр залуу надаас уучлалт гуйсан. Хэсэг хугацааны дараа манай нөхөр нөгөө жолооч залуу гар бариад салсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)
3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10252 дугаартай “*******ийн биед баруун чихний хэнгэргийн цооролт, баруун нүдний салст, дээд уруулын доор салст, хүзүү, цээжинд цус хуралт, хүзүү, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтатс хэргийн 30-31 дэх тал)
4. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “…2024 оны 7 дугаар сарын 30-нд 21:56:37 цагт цагаан өнгийн фудволктой доогуураа хар өнгийн өмдтэй эрэгтэй хүн эрэгтэй хүний зогсож байгаа газарт саарал өнгийн бага оврын жийп автомашины ухрах хөдөлгөөн хийж сул зогсоол руу орох гэж буй байдал. 22:01:25 цагт дэлгэцийн баруун дээд хэсэгт цагаан өнгийн фудволктой эрэгтэй хүнийг саарал өнгийн дунд оврын жийп автомашины хойшоо ухраад автомашины ар хэсгээрээ түлхэж буй байдал. 22:01:51 цагт саарал өнгийн дунд оврын автомашинаас ногоон өнгийн хантаазтай эрэгтэй жолооч бууж ирэхэд цагаан өнгийн фудволктой эрэгтэй хүн нь автомашины ар хэсгээс ирээд барьцалдаж буй байдал, автомашины зам дээр ирээд зогссон хар өнгийн дунд оврын жийп автомашинаас хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн барьцалдаж байгаа хүмүүсийг харж буй байдал. 22:02:16 цагт цагаан өнгийн фудволктой, ногоон хантаазтай эрэгтэй хүмүүс нь барьцалдах, цохилцох хөдөлгөөн хийж байгаад салахад цагаан өнгийн фудволктой эрэгтэй нь өөрийнхөө фудволкийг урж буй байдал. 22:02:39 цагт цээжээ нүцгэлсэн эрэгтэй нь ногоон өнгийн хантаазтай эрэгтэй хүний толгой хэсэг рүү цохиж, харилцан бие биеэ цохилцож, барьцалдах, гараараа цохих, хөдөлгөөнүүдийг хийж байх ба автомашины гэрэл тод тусаж байснаас зарим хөдөлгөөнүүд нь тодорхой бус байв. Хажуу явган хүний замаар явж байсан хоёр эрэгтэй хүмүүс ирээд салгав.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-72 дахь тал)
5. Хохирогч *******ийн хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 39-59, 61-68 дахь тал)
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “...Би хохирлыг нь барагдуулна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 30-ны шөнийн 22 цагийн үед шөнө Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин” их дэлгүүрийн орчимд хохирогч *******той автомашины зогсоол булаацалдсаны улмаас маргалдаж, Ж. ухрах хөдөлгөөн хийхдээ автомашины ар хэсгээрээ *******ыг түлхсэнээс *******, Ж. нар харилцан барьцалдаж, гараараа цохилцож, ******* нь Ж.ийн толгой хэсэг рүү гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэргийн цооролт, баруун нүдний салст, дээд уруулын доор салст, хүзүү, цээжинд цус хуралт, хүзүү, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 69-72 дахь тал), *******ийн хохирогчоор өгсөн: “...намайг заамдаж аваад миний энгэрээс заамдаж боосон. Миний өмсөж явсан ногоон өнгийн хатуу материалтай хантаазаар намайг боосон. Хэсэг боосны дараа ухаан алдаж унасан. Буцаад сэргэх үедээ нөгөө залуу түлхсэн. Энэ үед залуугийн фудволк урагдсан. Эхнэр нь бид хоёрыг салгасан. Салгасны дараа нөхөр нь миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Би зөрөөд солгой гараараа залууг цохих гэж оролдсон. Дахиад зодоон эхэлсэн. Залуугийн нүүр рүү би дахин нэг ч удаа цохиогүй. Залуу нь миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал), Г.-н гэрчээр өгсөн: “...Энэ үед манай нөхөр нөгөө жолооч хоёр хоорондоо барьцалдсан. Нөгөө жолооч нь нөхрийн нүүр рүү нь толгойгоороо түлхээд мөргөөд байсан. Би нөхрөө боль боль гээд салгахад манай нөхрийн фудволкыг нь урсан байсан. Манай нөхөр нөгөө жолоочийг гараараа түлхсэн. Тэгээд бие биеэ харилцан цохиж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10252 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа удаа дараа цохисон, боосон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун чихний хэнгэргийн цооролт, баруун нүдний салст, дээд уруулын доор салст, хүзүү, цээжинд цус хуралт, хүзүү, нуруу, зүүн өвдөгт зулгаралт хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******той маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Дөрөв: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч *******ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо “...сэтгэл санааны хувьд 2-р зэрэглэл гэж тогтоосон байсан. Цаашид чихний хэнгэрэг ямархуу байхаас шалтгаалж хагалгаанд орох эсэхээ шийднэ.” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч *******аас 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 460.200 төгрөгийг тус тус хохирогч *******ид шилжүүлсэн талаархи баримт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг баримтаар төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******аас гаргуулж хохирогч *******ид олгохоор шийдвэрлэв.
Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын хамгийн бага нэгжээр торгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүхээс шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Зургаа: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4-2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар *******аас хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч *******ид олгосугай.
6. Хохирогч нь эмчилгээтэй холбогдох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдсугай.
7. Эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ