Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 0163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны  дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Г  

Хариуцагч: “А ” ТӨҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “0080 УБЕ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг “Л” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн “А ” ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгуулж, уг автомашиныг иргэн Б.Г нэр дээр зөвтгөж бүртгэхийг “А ” ТӨҮГ-т даалгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр В/251 дугаартай албан бичгээр “А ” ТӨҮГ-т хандаж, зээлийн гэрээний дагуу гэх үндэслэлээр иргэн А.Б миний өмчлөлийн 9090УНБ улсын дугаартай Мерседес бенц 8-350,0 маркийн тээврийн хэрэгслийг, мөн Л ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр В/252 дугаартай албан бичгээр “А ” ТӨҮГ-т хандаж, зээлийн гэрээний дагуу гэх үндэслэлээр иргэн Б.Гминий өмчлөлийн 0080УБЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашиныг тус тус өөрийн компанийн өмчлөлд шилжүүлэн авчээ.

Тээврийн хэрэгслүүдийг өөртөө шилжүүлж авах тухай “А  ТӨҮГ-т гаргасан албан бичигтээ “зээлийн гэрээний дагуу” гэж бичсэн байх бөгөөд иргэн А.Батбаатар, иргэн Б.Гбид нар “Л” ХХК-тай зээлийн гэрээ огт байгуулж байгаагүй байхад бидний эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан байна.

Иймээс 0080 УБЕ улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг “Л” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн “А ” ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгуулж, уг автомашиныг иргэн Б.Гнэр дээр зөвтгөж бүртгэхийг “А ” ТӨҮГ-т даалгаж өгөхийг хүсье.

Нэхэмжлэгч нар энэхүү бүртгэл хийгдсэнийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн бөгөөд шаардлагатай баримтуудыг “А ” ТӨҮГ-аас хуулбарлан авч 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх гэсэн боловч харьяаллын бус гэх үндэслэл зааж, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32019/05197 дугаар шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, улмаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 181/Ш32019/06110 дугаар шүүгчийн захирамжаар дээрх шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан болно. Иймд харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгааг хүлээн авна уу.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Б.Г0080 УБЕ улсын дугаартай ланд круйзер-200 маркийн автомашиныг “Л” ХХК-ийн нэр дээр шилжүулэн бүртгэсэн “А ” ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгуулж, уг автомашинийг Б.Гнэр дээр шилжүүлж бүртгэхийг “А ” ТӨҮГ-т даалгуулахаар нэхэжлэл гаргажээ.

Тус үйлдвэрийн газар нь Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр
тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар
олгох журам”-ын хүрээнд шилжилт хөдөлгөөн хийсэн бөгөөд Иргэн А.Батбаатар,
Б.Г нараас “Л” ХХК-тай зээлийн гэрээ байгуулсан байсан
бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан байдаг.

Иймд Б.Г нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж
хэрэгсэхгүй болгож өгнө үү
" гэжээ.

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2-т “...Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална...’’, Зам, тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “Автотзэврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т “...Аөтотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж улсын дугаар, гэрчилгээ олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах үйл ажиллагааг улсын хэмжээнд аймаг, нийслэл дэх бүртгэлийн байгууллага /цаашид Бүртгэлийн байгууллага гэх/ эрхлэн гүйцэтгэнэ...” гэж заасны дагуу Авто тээврийн үндэсний төв нь автотээврийн бүртгэлийн үйл ажиллагааг гүйцэтгэдэг.

Хариуцагч А  нь нэхэмжлэлийн үндэслэл болсон 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч нарын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан дээрх журмын дагуу хийсэн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь журамд заасны дагуу тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг өөрөөс шалтгаалах баримт бичгийг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэний үндсэн дээр бүртгэлийн байгуулага нь автотээврийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон журамд заасны дагуу хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэгч нарын “...эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдсан...” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нар “энэхүү бүртгэл хийгдсэнийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн” гэж шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дараах байдлаар үгүйсгэгдэнэ.

 Дээр дурдсанаар нэхэмжлэгч нар өерсдийн тээврийн хэрэгслээ шилжуүлэхээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Монгол Улсын иргэний үнэмлэхийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бүртгэлийн байгууллагад хүргүүлж, түүний үндсэн дээр бүртгэл хийгдсэн атал бүртгэл хийгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд түүнийг мэдээгүй байх боломжгүй юм.

Энэхүү тайлбарт хавсарган хүргүүлж буй нотлох баримтаар нэхэмжлэгч А.Бнь 2018 оны 01 дүтээр сарын 12-ны өдөр “Лс” ХХК-иас автомашинаа хүлээн авсан болох нь нотлогдох бөгөөд тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлд дурдсан 9090УНБ улсын дугаар бүхий автомашин болон тзэврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшин, ашигласаар байгаа тул тэзврийн хэрэгслийн бүртгэл хийгдсэнийг мэдээгүй байх үндэслэлгүй болно.

Нэгэнт нэхэмжлэгч нар нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу зохих баримтуудыг бүртгэлийн байгууллагад хүргүүлсэний үндсэн дээр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл хийгдсэн байх бөгөөд уг бүртгэл хийгдсэнийг нэхэмжлэгч нар мэдэж байгаа нь илэрхий байх тул нэхэмжлэгч нарын зрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийнхүү нэхэмжлэгч нар нь өерсдийн хүсэл зоригийн дагуу холбогдох баримтуудыг бүртгэлийн байгууллагад бүрдүүлэн өгч шилжүүлэг, бүртгэлийг хийлгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслүүдээ эзэмшиж, ашиглаж байгаа ба энэ хугацаанд “Лс” ХХК-д аливаа гомдол, санал гаргаагүй, бүртгэлийн байгууллагад хандаагүй атлаа 1 жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Дээрх зүйлээс үндэслэн нэхэмжлэгч нар нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн бүртгэлийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн болохоо нотлож чадаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн байх тул мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч Б.Гнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Б.Гтус шүүхэд хандаж “0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгуулах, уг автомашиныг Б.Гнэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ “...зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй, бусдад машинаа шилжүүлэхээр өргөдөл хүсэлт гаргаагүй байхад миний өмчийг бусдад шилжүүлснээр бүртгэсэн нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргаж байна.

             Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл иргэн Б.Гнь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгүүлсэн байх  ба уг автомашиныг “Л” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн бүртгэсэн болохыг Б.Гүнсмаад Авто тээврийн үндэсний төвөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон Тээврийн хэрэгслийн лавлагаагаар мэдэгдсэн, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.

            Түүнчлэн Б.Гнь дээрхи лавлагааг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгуулах, уг автомашиныг Б.Гнэр дээр шилжүүлэн бүртгэхийг даалгуулах, Л ХХК болон иргэн С.Чинбат нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг барьцаалсан гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2019/05197 захирамжаар “иргэний хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана”, 79.2-т “шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн автомашины бүртгэлийн талаар мэдсэн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс нэг хоногийн дараа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлийг тус шүүх хүлээн авахаас татгалзаж буцааснаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

            Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас уг бүртгэлийг хийхдээ үндэслэл болгосон баримтууд гэж “Л” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр огноолсон, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст ирүүлсэн хүсэлт, тухайн тээврийн хэрэгслийн гэрчидгээ, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт зэргийг нотлох баримтуудаар ирүүлсэн боловч “Л” ХХК-ийн хүсэлтэд “зээлийн гэрээ”-г хавсаргаж ирүүлээгүйн дээр 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтад “шилжүүлсэн хүний гарын үсэг” зурагдаагүй байна.

            Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д зааснаар тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах үйл ажиллагаа нь Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаарч байх бөгөөд мөн хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 171.2-т Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж тус тус заажээ.

            Хуулийн дээрхи заалтыг үндэслэн Монгол Улсын Зам тээврийн сайдын 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 59 дүгээр тушаалаар “Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг баталсан байх бөгөөд журмын “Гурав”-ын 3.1.1-д “автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн…бол бүртгүүлэхээр, 3.3-д Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг баримтыг үндэслэн бүртгэнэ, 3.3.1 иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт; 3.3.2-т шилжүүлэн авч байгаа өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар; 3.3.3-д автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, 3.3.4-д тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дэвтэр, 3.3.5-д автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ, 3.3.6-д улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 3.3.7-д жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт, Жич: Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, Фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ны шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна” гэж тус тус заажээ.

            Эдгээр хууль болон журмын заалтуудаас үзвэл өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх зайлшгүй шаардлагатай, өмчлөгчийн гарын үсгээ зурж зөвшөөрсөн маягтыг үндэслэн уг бүртгэлийг хийх үүрэгтэй байх боловч хариуцагч захиргааны байгууллага энэ үүргээ биелүүлээгүй, журмын холбогдох заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал,  Б.Гнь бүртгэлийн маягтад гарын үсэг зураагүйг тухайн авто машиныг Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлэх хүсэлтийг Б.Ггаргаагүй гэж үзэхээр байх бөгөөд тус компани нь “зээлийн гэрээний дагуу шилжүүлж өгнө үү” гэж хүссэн, уг зээлийн гэрээг хүсэлтдээ хавсаргаж ирүүлээгүй байхад хариуцагч бүртгэлийг хийсэн нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шилжүүлэг хийх үндэслэл болговол зохих бичиг баримтын бүрдэл  дутуу байхад бүртгэлийг хийсэн нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгч Б.Гөмчлөлийн 0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг Л ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул уг бүртгэлийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Уг авто машины өмчлөлийн талаар болон бусдын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх талаар зээлийн, барьцааны гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан шүүхэд үүсээгүй гэж тайлбарлаж байгаа талуудын тайлбарыг үндэслэн, нэгэнт шүүхээс 0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг “Л” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож байгаа тул тухайн автомашиныг иргэн Б.Гөмчлөлд бүртгэхийг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 171 дүгээр зүйлийн

171.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “0080 УБЕ улсын дугаартай, Ланд круйзер-200 маркийн автомашиныг “Л” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын бүртгэлийг хүчингүй болгож, уг автомашиныг иргэн Б.Г нэр дээр бүртгэхийг хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.Д