Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/869

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403004840674 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 18-нд өдөр Булган аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******ын *******” ХХК-д аж ахуй хариуцсан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 1*******, *******ны *******од байнга оршин суух хаягтай, урьд нь 2003 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  283 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ГК/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь Баянгол дүүргийн 32 дугаар хороо, Ард аюушийн өргөн чөлөө, “E-mагt” худалдааны төвийн урд замд 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 21 цаг 02 минутын орчимд “Toyota Ractis” маркийн улсын дугаартай хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замын хөдөлгөөнд оролцож явсан мопедтэй мөргөлдөж, ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нийтдээ 10.000.000 төгрөг нэхэмжилсэн. Миний хувьд өөрийн эзэмшлийн машинаа 7.000.000 төгрөгөөр тооцож өгсөн, дансаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ дотор мопедын үнэ орж байгаа. Эрүүл мэндийн даатгалын төлбөрийг нөхөн төлсөн. Хохирогчийн биеийн байдал хэвийн, ажилдаа орсон байгаа. Хохирогчтой өөрийн боломжоороо хохироо нөхөн төлөх талаар ярилцаж тохиролцсон.

Хоёр: Эрүүгийн 2403004840674 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал)

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10 дахь тал)

3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “******* нь 0.00 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын хохирогчоор өгсөн: “Миний хувьд 2024 оны 6 дугаар сарын 30-ны орой өөрийн эзэмшлийн мопедыг жолоодоод 21 цагийн орчим 3, 4-р хорооллын эцсийн гэрлэн дохиотой уулзварын улаан гэрэл асаж улмаар би зогссон. Ингээд ногоон гэрэл асахаар нь уулзвараар баруунаас зүүн зүгийг чиглээд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан чинь гэнэт миний зүүн гар талын туслах замын тойргоос нэг хар өнгийн машин гарч ирсэн, улмаар би баруун гар тийш саадыг тойрох гэсэн боловч яах ч аргагүй нөгөө машины баруун талын хаалга хэсгээр шүргүүлж улмаар газарт унасан. Тухайн үед би толгойдоо хамгаалах хэрэгсэл хэрэглэж яваагүйн улмаас унахдаа толгойгоороо цементэд цохигдсон. Ингээд би хэсэг хугацааны дараа замын хажууд сэргэсэн, ингээд удалгүй цагдаа нар болон эмнэлэг ирж намайг авч эмнэлэгт хүргэж өгсөн. Мөн цагдаа нар хэмжилт хийсэн юм. Би 40-50 км цагийн хурдтай явж байсан, харин тэр машин туслах тойргийн замаас шууд хөндлөн ороод ирсэн. Би явах ёстой дүрмийн дагуу явсан. Харин тэр хүн туслах тойргоос тэс хөндлөн орж ирсэн намайг мөргөсөн. Миний хувьд мопедыг жолоодож явахдаа хамгаалах хэрэгсэл буюу каск өмсөж яваагүй байсан. Би B, C, C-1 ангиллын жолооны эрхтэй, харин мотоцикл жолоодох А ангиллын жолооны эрх байхгүй юм...би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ын дахин хохирогчоор өгсөн:  “Ослын улмаас надад баримтаар 3.806.388 төгрөгийн хохирол учирсан. Мөн мопедын эвдрэлийн үнэлгээ 1.077.200 төгрөг нийт 4.883.588 төгрөгийн хохирол учирсан. Жолооч надад 2.000.000 төгрөг өгсөн...Би жолоочоос түүний эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр бодож шилжүүлэн авч байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суухгүй, зав муутай, тиймээс энэ хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад -ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...******* нь Баянгол дүүргийн 32 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, E mart худалдааны төвийн урд замд 2024 оны 6 дугаар сарын 30-ны орой 21 цаг 02 минутын орчимд улсын дугаартай Т.Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад мопедтой мөргөлдсөний улмаас мопедны жолооч ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ын Отгонбаяр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.093.080 төгрөгөөр эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ аван эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 2.093.080 төгрөг гарсныг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

7. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8822 дугаартай “ын биед баруун талд зулай яснаас зулай-чамархайн заадас хүрч урагш даган чамархай яснаас доош суурь ясны их бие их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн тенториум дагасан хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, субарахнойдал зайд цус харвалт, баруун сарвууны долоовор хурууны шивнүүрийн далд хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал)

8. “Автотээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 275 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-69 дэх тал)

9. “Хас Үнэлгээ” ХХК-ийн “Mopid”-ийн эвдрэлийг нийт 1.077.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 78-80 дахь тал)

10. 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1453 дугаартай мөрдөгчийн “Мопедны жолооч ын Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. улсын дугаартай Т.Ractis маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ын ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 84-85 дахь тал)

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд өөрийн улсын дугаартай Т.Ractis маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод БГД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 3,4-р хорооллын эцсийг чиглээд зүүнээс баруун зүгт зорчиж явсан. Улмаар эцсийн гэрлэн дохиотой уулзварын наад талд байрлах зүүн гар тийш буцаж эргэх тэмдэгтэй тойргоор зүүн гар тийш эргэж баруунаас зүүн зүгийг чиглэн явж байсан урсгал руу орох үед эхлээд харахад надад ямар нэгэн машин, хүн ирж байгаа зүйл харагдаагүй. Тэгэхлээр нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэн эргэх үйлдэл хийсэн чинь миний баруун гар талаас толгойдоо каск өмсөөгүй, мопедтой хүн 3-р эгнээгээр хурдтай давхиж орж ирээд миний машины баруун хажуугаас шүргэгдээд газарт унасан. Ингээд би машинаа зогсоогоод буугаад ирсэн нөгөө мопедны жолооч залуу юм ярьж чадахгүй ухаан санаа нь орон гаран болсон байсан ба тэр орчимд байсан хүмүүс цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Удалгүй нөгөө хүнийг эмч ирж үзсэн, мөн цагдаа нар бид хоёрыг байхад ирж хэмжилт хийсэн...Осол миний буруугаас болсон гэдгийг би сайн мэдэж байна. Гэхдээ хорооллын замын голын тусгаарлах хэсэгт байх өндөр өндөр моднууд нь үзэгдэх орчныг хязгаарласан байсан...Би нөгөө жолоочид 2.000.000 төгрөг зарцуулаад байна. Үүнтэй холбоотой баримт нь надад байгаа. Миний хувьд хохирогчид учирсан бодит хохирлыг боломжоороо өгч барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал)

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 122 дахь тал) жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн  124 дэх тал), ял шалгах хуудас (хавтаст хэргийн 129 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь 2024 оны 6 дугаар сарын 30-ны орой 21 цагийн 02 минутын орчимд “Toyota Ractis” маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж Баянгол дүүргийн 32 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, “E-mагt” худалдааны төвийн урд замд  мопедтэй явж байсан ын мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт авагджээ.

Дээрх зам тээврийн ослын улмаас хохирогч ын эрүүл мэндэд нь баруун талд зулай яснаас зулай-чамархайн заадас хүрч урагш даган чамархай яснаас доош суурь ясны их бие их далавч руу үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн тенториум дагасан хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, субарахнойдал зайд цус харвалт, баруун сарвууны долоовор хурууны шивнүүрийн далд хугарал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол учирсан нь:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10 дахь тал), ын хохирогчоор өгсөн “...ногоон гэрэл асахаар нь уулзвараар баруунаас зүүн зүгийг чиглээд зорчих хэсгийн 3-р эгнээнд явж байсан чинь гэнэт миний зүүн гар талын туслах замын тойргоос нэг хар өнгийн машин гарч ирсэн, улмаар би баруун гар тийш саадыг тойрох гэсэн боловч яах ч аргаггүй нөгөө машины баруун талын хаалга хэсгээр шүргүүлж улмаар газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал), -ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8822 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 39-41 дэх тал), “Автотээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 275 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 65-69 дэх тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн “Mopid”-ийн эвдрэлийг нийт 1.077.200 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 78-80 дахь тал), 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 1453 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 84-85 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

******* нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 10. Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх: 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Улсын яллагчаас гаргасан гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч ын биед учирсан хүнд гэмтэл бүхий эрүүл мэндийн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан талаарх нийт 3.806.388 төгрөгийн  баримтууд хавтаст хэрэгт хавсаргуулжээ. (хавтаст хэргийн 135-164 дэх тал), Мөн зам тээврийн осол гарах үед хохирогчийн унаж явсан “мопет 1.077.200 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн баримт болон хавтаст хэргийн 165 дахь талд авагдсан баримтуудаас шүүгдэгч ******* нь хохирогч ын данс руу 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийн 0966 дугаартай итгэмжлэлээр *******аас т “Toyota Ractis” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, арилжихаар итгэмжлэл олгосон баримт,

хохирогч ын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “...нийт хохиролд *******ын өөрийн эзэмшлийн автомашиныг хохирогч Отгонбаярын нийт хохиролд шилжүүлэн авч цаашид холбогдогч *******т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000 төгрөг, 49.920 төгрөг, 1.408.160 төгрөг нийт 1.478.080 төгрөгийг нөхөн төлсөн талаархи баримтууд зэргийг харгалзан шүүгдэгчийг хохирогч ыг энэ хэрэгт баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлсон байна.

“Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” нь шүүх шинжилгээний байгууллагаас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэсэн гэмт хэргийн хохирогчид учрах боломжтой сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд энэхүү жишиг стандартыг тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж нийтлэг хэрэглэхээр зохицуулсныг хяналтын прокурор анхаараагүй байна.

Хохирогч ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч 4 дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоосон байх боловч хамтарсан тушаалаар батлагдсан сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтыг хохирогчид танилцуулаагүй байна.  

Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхэд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх онцгой эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрхийг хяналтын прокурор хангасан гэж үзэхээргүй байна.

Иймд хохирогчийн энэхүү эрхийг хангах үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нь сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар  Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “энэ гэмт хэрэг нь болгоомжгүй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, баримтын хүрээнд хохирлоо нөхөн төлсөн, түүний гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар  хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг *******т мэдэгдсүгэй.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг дурдсугай.

8. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний жолооны  үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ