Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00372

 

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00372

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б, Х сум, * тоот хаягт оршин байх, Б ХХК /РД:3191397/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, Ж гудамж, * тоот хаягт оршин байх, А ХХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,501,800 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М

Хариуцагчийн төлөөлөгч Э.А, өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хариуцагч А ХХК-иас 17,501,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал дараах байдлаар тайлбарлаж байна.

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК болон А ХХК-иуд №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 18,501,800 төгрөгийн үнэтэй 2,342 кг үхрийн гулууз мах нийлүүлсэн. Талуудын байгуулсан гэрээний 4.2-т зааснаар барааг хүлээн авснаас хойш 3-5 хоногийн дотор төлбөрийг гүйцэтгэх байсан ч хариуцагч 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1,000,000 төгрөг төлснөөс өөрөөр төлбөр хийгээгүй. Иймд хариуцагчаас үлдэх 17,501,800 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Бид нэхэмжлэлдээ гэрээ цуцлах гэж бичсэн боловч үнэндээ өгсөн барааны үнийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байгаа болно. 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-нд манай компанийн тамга дарагдсан. Гэрээг зохих этгээдийн зөвшөөрлийн дагуу С.Б гэж хүн байгуулсан. Энэ нь ямар ч хууль зөрчөөгүй. Бид хэрэгт 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл уг баримтын эх буюу нэг /хорон хувь/ хувь нь хариуцагчид явж байгаа. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь н.Х гэж хүнээс 1,200,000 төгрөг аваад бидэн рүү 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь ахиж 100,000 төгрөг аваад уг мөнгөө шилжүүлэхгүй байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Энэ байдал нь өөрөө хариуцагчийг бараа хүлээж авсан, бараагаа бусдаар дамжуулан авсан гэдгийг давхар нотолж байгаа. Тэгээд ч хариуцагч нь өөрөө н.Х гэж хүнийг эрүүгийн цагдаагийн албанд шалгуулж байна. Өөрийгөө эрүүгийн хэрэгт хохирогч гэж шалгуулж байгаагаа ч шүүхэд хэлж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа хариуцагч тал дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Манай А ХХК нь жижиглэнгээр мах бэлтгэж, хоолны газруудад түгээлт хийдэг. 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би Б.Х гэж хүнээр дамжуулж нэхэмжлэгч Б ХХК-ийн менежер гэх хүмүүстэй Хүчин шонхор захын үүдэнд уулзсан. Би Б.Х-тэй өмнө нь нэг удаа уулзаж, түүнээс мах, малын дайвар бүтээгдэхүүн авч байсан учир түүгээр дамжуулж нэхэмжлэгч талтай уулзсан юм. Ингээд манай компани нэхэмжлэгч Б ХХК-иас мах худалдан авахаар тохирч маргааш нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийсэн. Ер нь бол би нэхэмжлэгч талд ...намар малын дайвар бүтээгдэхүүн авах хүсэлтэй байгаа гэж санал хэлсэн. Нэхэмжлэгч тал надад ...тэгвэл бидэнтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хий, тэгвэл намар дайвар бүтээгдэхүүн өгнө гэсэн учир уг гэрээг байгуулсан юм. Намайг гэрээ байгуулахад угаасаа гэрээний гол нөхцөл тодорхой бус байсан. Ингээд би явсан. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс над руу утасдаад ...ирж тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зур, гэрээний дагуу Х гэж хүн ирээд барааг чинь аваад явсан гэж хэлсэн. Би ...би гэрээний дагуу ямар ч бараа аваагүй учир зурахгүй гэж хэлсэн. Ингээд би Х-рүү ярьж авсан барааны төлбөрөө төл гэж хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би өөрөө Хүчит шонхор зах дээр очиж Х-тэй уулзаад ...дансанд байгаа мөнгөө өг, би цаашаа нэхэмжлэгч рүү төлбөр төлнө гэж хэлсэн. Ингээд түүнээс 1,000,000 төгрөгийг аваад шууд нэхэмжлэгч рүү шилжүүлсэн. Ердөө ийм л зүйл болсон. Тэрнээс биш нэхэмжлэгч манай компани руу ямар ч бараа шилжүүлээгүй, би хүлээж аваагүй. Би хэнд ч өргүй. Х-гээс авсан мөнгийг шилжүүлсэн явдлыг нэхэмжлэгч тал буруу ойлгоод нэхэмжлэл гаргасан байна. Би н.Х гэж хүнээс нийтдээ 1,300,000 төгрөгийг авсан. Гэхдээ бидний хооронд өөр тооцоо байсан учир би 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлээд үлдэх хэсгийг өөрөө авсан. Хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтын нэг хувь буюу хорон хувь нь надад байгаа нь үнэн. Уг баримт нь Х-д байсан бөгөөд би түүнээс 1,000,000 төгрөгийг шилжүүлж авахдаа давхар авсан. Одоо уг баримтаа үндэслэж түүнийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа. Энэ баримт надад байлаа гэдэг нь намайг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцооллыг зөвшөөрсөн үг биш юм. Цаашлаад талуудын хооронд 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулагдсан №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г нэхэмжлэгч талаас төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан. Нэхэмжлэгч компанийн бүртгэлийн гэрчилгээн дээр уг гэрээг байгуулсан С.Б гэж хүн байхгүй байгаа. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, А ХХК-ийн №0057762 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн гэрчилгээ, А ХХК-ийг бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэсэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 70 тоот албан бичиг, Б ХХК-ийн Хаан банк дахь 5038070365 тоот дансны хуулга, Б ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын баримт, Б ХХК-ийн тооцооны үлдэгдлийн баталгаануудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4.Хариуцагчаас А ХХК-ийн 2021 оны НӨАТ-ын борлуулалтын болон худалдан авалтын тайлан, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Э.Аын Төрийн банк ХХК дахь дансны хуулга, А ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шимтгэл ногдуулалтын тайлан, А ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 9 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шимтгэл ногдуулалтын тайлан, А ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 10 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шимтгэл ногдуулалтын тайлан, А ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 11 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шимтгэл ногдуулалтын тайлан, А ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 12 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, шимтгэл ногдуулалтын тайлан, Б.Ж-ын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэг гаргах нь гэсэн бичгийн баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК болон А ХХК-иуд №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулжээ.

 

2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулж 17,501,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 18,501,800 төгрөгийн бараа буюу 2,342 кг үхрийн гулууз мах нийлүүлсэн. Хариуцагч 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Үлдэх 17,501,800 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ гэжээ.

 

Хариуцагчийн зүгээс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-тай №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г байгуулсан, гэрээний зүйл нь махан бүтээгдэхүүн байсан талаар маргаагүй. Харин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба татгалзлаа ...гэрээний дагуу ямар ч бүтээгдэхүүн буюу мах хүлээж аваагүй, ...гэрээг нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримт, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий Тооцооны үлдэгдлийн баталгаа-г тус тус шүүхэд гаргаж өгсөн. Зарлагын баримтын хүлээн авагч гэсний ард Хэн мэдхэв гэсэн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа дээр Төлөгч байгууллагын нягтлан бодогч Б.Х гэсэн нэр бичигдэж, гарын үсэг зурагдсан байна.

 

Нэхэмжлэгч талаас дээрх байдлыг ...хариуцагчийн заасан этгээдэд махыг хүлээлгэн өгч, баримт үйлдэж, гарын үсгийг зуруулсан гэсэн бол хариуцагч нь ...уг баримтыг Хгээс 1,000,000 төгрөгийг шилжүүлж авахдаа давхар авсан. Одоо уг баримтаа үндэслэж түүнийг эрүүгийн журмаар шалгуулж байгаа. Энэ нь намайг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн тооцооллыг зөвшөөрсөн үг биш гэж тайлбарласан.

 

2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 4.3-т Бүтээгдэхүүний төлбөр тооцоог бэлтгэн нийлүүлэгч Б ХХК-ийн Хаан банк дахь 5038070365 тоот дансанд шилжүүлнэ гэжээ.

 

Дээрх байдлыг хариуцагчийн төлөөлөгчийн ...хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа 18,501,800 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтын нэг хувь надад байгаа... гэх тайлбар,

2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч Э.А нь Б ХХК-ийн Хаан банк дахь 5\5 тоот дансанд 1,000,000 төгрөгийг ...б\ 5\5 гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримтуудтай харьцуулан судлахад нэхэмжлэгчийг нийт 18,501,800 төгрөгийн үнэ бүхий махан бүтээгдэхүүнийг хариуцагчид шилжүүлсэн, үлдэх төлбөр нь 17,501,800 төгрөг байгаа гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасны дагуу 18,501,800 төгрөгийн үнэ бүхий махыг хариуцагчид буюу хариуцагчийн заасан этгээдэд хүлээлгэн өгсөн гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч А ХХК нь №БММ-21/71 тоот Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний дагуу 18,501,800 төгрөгийн үнэ бүхий махыг нэхэмжлэгчээс хүлээн авсан, үлдэгдэл 17,501,800 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн тул хариуцагч уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болж буй Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г нэхэмжлэгчийг төлөөлж С.Б дур мэдэн байгуулсан болох нь тогтоогдоогүй, гэрээнд нэхэмжлэгч компанийн тамга дарагджээ. Хуулийн этгээдийн холбогдох ажилтнууд ажил үүргийнхээ хүрээнд бусад этгээдтэй харилцсан үйлдлийг төлөөлөх эрхгүй этгээдийн ажиллагаа гэж үзэхгүй.

 

Мөн Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заажээ. Зохигчийн хоорондох гэрээнд нэхэмжлэгчийг төлөөлж оролцсон этгээд гэрээг дур мэдэн байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүй төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гэрээний талаар мэдэж байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Иймд хариуцагчийн ...гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 17,501,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245,459 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 245,459 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ