| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2021/03666/и |
| Дугаар | 102/ШШ2022/01270 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2022/01270
| 2022 оны 04 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2022/01270 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК
Хариуцагч: У.Э
Нэхэмжлэлийн шаардлага: 1 150 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Бархассүрэн.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд тэрээр өөрийн эзгүйд өмгөөлөгчийг оролцуулан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч У.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 950 000 төгрөг, цэвэрлэгээний эд зүйл худалдан авахад зориулж шилжүүлсэн 200 000 төгрөг, нийт 1 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч нь манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан. У.Э нь ажиллах хугацаандаа “...надад мөнгөний хэрэг болоод байна, ...банкнаас зээл авах гэхээр хүү нь өндөр төлж чадах боломжгүй, би магистрын сургалтад суралцан мэргэжлээ дээшлүүлэх гэсэн юм, ...компаниас авсан сургалтын төлбөрийн мөнгө болон цэвэрлэгээний мөнгөө удахгүй эргүүлж өгнө” гэж компаниас 950 000 төгрөг зээлсэн. Гэвч тэрээр зээлсэн мөнгөө буцаан төлөөгүй тул зээл 950 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.2 Хариуцагчид манай байгууллагаас цэвэрлэгээний эд зүйл худалдан авахад зориулж 200 000 төгрөгийг бэлнээр өгсөн боловч тэрээр тухайн цэвэрлэгээний эд зүйлийг худалдан аваагүй. Иймд хариуцагчаас 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 200 000 төгрөг өгсөн, авсан баримт байхгүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээс гадна цэвэрлэгээний асуудлыг У.Э хариуцдаг байсан нь үнэн. Цэвэрлэгээ хийх гэж авсан гэх 200 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.
3.1 Сургалтын төлбөр 950 000 төгрөг зээлсэн асуудлын хувьд нэхэмжлэгчээс хариуцагчид цалин 500 000 төгрөг төлөөгүй байгаа тул уг 950 000 төгрөгөөс цалин 500 000 төгрөгийг хасаад үлдэх 450 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой гэжээ.
4. Нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ХГ-21-009 дугаар хөдөлмөрийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
5. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээл 950 000 төгрөг, эд зүйл худалдаж авахад зориулж өгсөн 200 000 төгрөг, нийт 1 150 000 гаргуулах.
3. Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд:
3.1 Нэхэмжлэгчээс зээл 950 000 төгрөг аваагүй бөгөөд дутуу олгосон цалин 500 000 төгрөгийг хасаад үлдэх 450 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой.
3.2 Нэхэмжлэгчээс эд зүйл худалдан авахад зориулж 200 000 төгрөг аваагүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ХГ-21-009 дугаар хөдөлмөрийн гэрээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Зээл 950 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
4.1.1 Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар Х.Баярбаатарыг томилсныг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1 хх 10 дугаар талын арын нүүр/
4.1.2 Х.Баярбаатараас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хаан банк дахь хариуцагчийн харилцах 5801139617 дугаар данс руу 950 000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны хуулгаар нотлогдож байхаас гадна хариуцагч нь дээрх дансыг өөрийн харилцах данс мөн эсэхэд болон 950 000 төгрөгийг бусдаас шилжүүлж авсан үйл баримтын талаар маргаагүй. /1 хх 44 дүгээр тал/
4.1.3 Хариуцагч нь дээрх 950 000 төгрөгийг нэхэмжлэгч “Мөнх ариун булаг” ХХК-иас зээлээгүй, мөнгийг Х.Баярбаатар шилжүүлсэн талаар маргасан.
4.1.4 Хэдийгээр Х.Б-аас 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 950 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх боловч хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч нь цалин 500 000 төгрөгийг хариуцагчид олгоогүй байх тул уг 950 000 төгрөгөөс цалин 500 000 төгрөгийг хасаад үлдэх 450 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой” гэх, мөн “...нэхэмжлэгч “М” ХХК-иас 950 000 төгрөг аваагүй” гэх тайлбараас үзвэл хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хэргийн талаар харилцан адалгүй тайлбар гаргаж байна.
4.1.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчид өмгөөлөгч мөн хамаарна.
4.1.6 Хариуцагчийн өмгөөлөгчийн 950 000 төгрөгийн талаарх харилцан адилгүй тайлбаруудаас “...нэхэмжлэгч нь цалин 500 000 төгрөгийг хариуцагчид олгоогүй байх тул уг 950 000 төгрөгөөс цалин 500 000 төгрөгийг хасаад үлдэх 450 000 төгрөг дээр эвлэрэх боломжтой” гэх тайлбар болон нэхэмжлэгчийн “...нэхэмжлэгч “Мөнх ариун булаг” ХХК-иас 950 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн” гэх тайлбар, Хаан банк дахь хариуцагчийн харилцах 5801139617 дугаар данс руу 950 000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг харьцуулан үзвэл хариуцагчийг нэхэмжлэгчээс 950 000 төгрөгийг зээлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.1.7 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээл 950 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.
4.1.8 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. Иймд нэхэмжлэгч нь зээл 950 000 төгрөгийг Хаан банк дахь хариуцагчийн харилцах данс руу шилжүүлсэн байх тул тэдний хооронд зээлийн гэрээг байгуулсан тооцохоос гадна нэхэмжлэгчийг мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
4.1.9 Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсанаар түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ. Талууд зээлийг буцааж төлөх хугацааг тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн зээлийг буцаан шаардах эрх шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үүссэн байна.
4.1.10 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч нь зээлийг хариуцагчид шилжүүлснээ нотлох үүрэгтэй, харин хариуцагч нь зээлийг буцаан төлснөө нотлох үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч нь хариуцагчид зээл 950 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд харин хариуцагч нь зээл 950 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн үйл баримт тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцгагч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээл 950 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
4.2 Цэвэрлэгээний эд зүйл худалдах авахад шилжүүлсэн 200 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
4.2.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчийг нэхэмжлэгч байгууллагад ажиллах хугацаанд ажил олгогч буюу нэхэмжлэгчээс ажилтан буюу хариуцагчид ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой түүнд итгэмжлэн өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах агуулгатай байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэлд хамаарч байна.
4.2.2 Талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан ХГ-21-009 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын ажилтнаар ажиллаж байсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
4.2.3 Талууд цэвэрлэгээний эд зүйл худалдах авахад зориулж 200 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн эсэх болон буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болж байна.
4.2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 200 000 төгрөгийг хариуцагчид ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой цэвэрлэгээний эд зүйл худалдах авахад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.3-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчид 200 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч 200 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч У.Э-ээс 950 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасан үндэслэлгүй тул хариуцагч У.Э-д холбогдох 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27 350 төгрөггаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН