Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1187

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Ууганзаяа,

шүүгдэгч, хохирогч Д.О, түүний өмгөөлөгч Д.Мөнхтөр,

шүүгдэгч, хохирогч О.Т, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

шүүгдэгч, хохирогч Г.Ц, түүний өмгөөлөгч Т.Төмөрбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308009690235 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Х овогт Д-ын О, Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 ахын хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Б овогт О-ын Т, Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “И” ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 3, өвөө, ахын хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Т овогт Г-ийн Ц, Монгол Улсын иргэн, 2004 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Б” ХХК-д бараа бэлтгэлийн ажилтай, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт *** тоотод оршин суух, регистрийн дугаар: ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О нь хохирогч Г.Ц-ын биед хүнд хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.Ц нь хохирогч О.Т-ий биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Т нь хохирогч Д.О-ийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;

шүүгдэгч Д.О, О.Т, Г.Ц нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэргийн зүйлчлэл гэм буруугийн хувьд маргахгүй, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гарган өгсөн 5 хуудас баримтуудыг;

шүүгдэгч О.Т-ий өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 160-216 дахь авагдсан нотлох баримтуудыг;

шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгчөөс хавтаст хэргийн 70, 56, 156 дахь талд авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Д.О, О.Т, Г.Ц нар нь багын найзууд ба 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо *** тоотод амьдардаг өөрсдийн найз, хуурай ах болох М.Н-ийн гэрт цагаан сарын золголт хийж хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.

Улмаар шүүгдэгч Г.Ц нь хохирогч О.Т-тэй урьд үүссэн өр, авлагаас болж маргалдах явцдаа гараараа нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь “баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч О.Т нь хохирогч Д.О-тэй урьд үүссэн гар утас барьцаанд тавьсан гэх асуудлаар маргалдах явцдаа гараараа нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь “баруун дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.О нь хохирогч Г.Ц-ыг “архи авч явах гэж байна” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь “их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- “2023.02.22-ны өдөр Г.Ц /19 нас эр/ нь бусдад зодуулсан байдалтай ирсэн” гэсэн утгатай Дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 19 дэх тал),

- “...ГССҮТ-с гаргасан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 61-н гарам гэх газраас Г.Ц 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бусдад зодуулсан байдалтай ирсэн” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хавтаст хэргийн 18 дахь тал),

- “...хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан ногоон өнгийн төмөр хаалгатай саарал өнгийн блокон хашаа байх ба уг хашааны хаалгаар дотогш ороход хашааны гол хэсэгт ертөнцийн зүгээр урагшаа харсан саарал 3 цонхтой, хүрэн өнгийн хаалгатай, шаргал өнгийн шавар байшин байна...” гэсэн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 21-24 дэх тал),

- Хохирогч Г.Ц-ын “...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байж байтал найз О манай гэрт ирсэн. Бид 2 ярилцаж байгаад айл хэсэхээр болоод 16 цагийн орчим О бид хоёр гараад З ахынд очсон. 19 цагийн орчимд Н гээд танил ахын гэрт очсон. Гэрт очиход найзууд болох Т, Т нар байсан ба нэлээн халамцуу байсан. Ингээд бид нар тухайн гэрт байсан айраг, пиво зэргээс хамт ууцгаасан. Ууж байгаад Т бид 2 урьд үүссэн мөнгөний асуудлаас болж маргалдсан ба гэрээс гарсан. Улмаар Т бид 2 харилцан зодоон хийсэн. Ингээд буцаж ороод эвлэрсэн ба ууж байсан пиво дууссан учир О, Т 2 дэлгүүр орохоор болсон. ...Ууж байх үедээ О, Т 2 байшингаас гараад маргалдаад Т О-ийг цохиод авсан. Улмаар гэрт байсан Т, Н бид 3 гараад салгасан. Тэр үед Т ахин над руу дайраад хавсарч унагаасан ба Т салгаад гэр рүү орсон. Орох гэтэл Т ахин дуудаж маргалдсан. Тэр үед Н ах гэрийнхээ цонхоор явцгаа гэж хэлсэн. Ингээд гэрт ороод байж байтал Т, Т нар яваад өгсөн. Хэсэг байж байгаад Т Т 2 буцаад ирсэн ба бид нар юм яриад сууж байтал Н ах намайг унт гээд унтуулсан. Тэгээд нэг сэрэхэд өглөө болчихсон толгой өвдөөд байсан ба хажууд О байсан. Тэгээд явж чадахгүй толгой дүүрээд байсан учир охин дүүгээ дуудаж гэртээ харьсан. Ингээд тэр цагаас хойш толгой маань өвдөөд эгч маань эмнэлэг руу авч явсан. Тухайн үед миний толгойд цус хурсан байсан. Т бид 2 гараад бие засаж дууссаны дараагаар хавсарч унагаасан. Хальт өшиглөж босоод ир гэж хэлсэн. Мөн хацар луу нэг удаа алгадсан. Цээж хэсэг рүү 2 удаа элэгдсэн. Гуя хэсэг руу хөлөөрөө өшиглөөд байсан. Т-ийг хавсарч унагаахад баруун тохой, зуун сарвуу баруун шанаа зуун тохой зэрэг газар халцарсан. Өөрөөр гэмтэл учраагүй. Дараа нь буюу О, Т 2 маргалдаж байхад нь салгаад ахин Т-тэй маргалдах үед нь би гараараа баруун нүд рүү цохисон. Тэр үед Т намайг хавсарч унагаасан. Намайг цохисны дараагаар Т-ий нүд улайгаад хавдсан. Надад учирсан их тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийг О учруулсан. Шөнө унтаж байхад цохиж дээрээс дэвссэн ба энэ тухай Н харсан. Мөн О өөрөө хэлсэн. Миний биед Т, О нараас өөр хүн бол халдаж гэмтэл учруулаагүй. Хамгийн сүүлд унтахад толгой тархи зүгээр байсан. Шөнө О намайг зодож цохисноос хойш миний бие дотор муухай оргиж явж чадахгүйд хүрсэн. Харин Т бол хэд хэдэн удаа хавсарч унагаах, элэгдэх, өшиглөх зэргээр цохиж зодсон ба толгойноос бусад гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 32-34 дэх тал),

-Хохирогч О.Т-ий “…Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** тоотод оршин суудаг. Ц, О, Т нартай нэг газарт өссөн учир сайн мэддэг. 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз Н, Т бид 3 танил ах болох Ө-ын гэрт очиж золголт хийсэн. Тэднийд нэлээн удаан суусан ба ганц нэг хундага архи ууцгаасан. Тэгээд орой бүрий тасрахын үед Тоосгон дэлгүүр орж 2 литрийн пиво 3 ширхгийг аваад Н-ийн гэр лүү явсан. Улмаар авч ирсэн пивоо ууцгаагаад ойр зуурын юм яриад сууж байтал найзууд болох О, Ц 2 Н-ийн гэрт ирсэн. Тэр үед Н “…ах нь согтуу байна. Та нар маргааш хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл О, Ц 2 золгочхоод явъя гээд гэрт нь орсон. Золгочхоод бид нартай хамт суугаад пивоноос уусан. Улмаар авсан 3 ширхэг пиво дууссан ба ахиж нэмж архи авна гээд миний данс руу мөнгө хийхээр болсон. Энэ үед Ц нь мөнгөгүй гээд байсан. Ц өмнө нь надаас 100 гаруй мянган төгрөг зээлж пиво авхуулж байсан ба мөнгөө өгөхгүй 1 сар гаруй болсон. Тэгэхээр нь таарсных гэж бодоод ярьсан ба бид хоёр хоорондоо бага зэрэг маргаан үүсгэсэн. Өмнө нь би мөнгө нэхэж хэд хэдэн удаа чат бичсэн боловч чатаа харахгүй, заримдаа шөнө орой залгаж хэрүүл хийгээд байсан. Гэтэл маргалдаж байх явцад Ц намайг охин шиг арчаагүй гэж хэлсэн. Улмаар бид хоёр гарч бие засахаар болсон ба байшингийн гадаа гарч бие зассан. Тэгээд үүдэн дээр ирээд бид хоёр ахин маргалдаж байхад Ц намайг нэг удаа нүд рүү маань цохиод авсан. Тэгэхээр нь би зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. ...Миний биед учирсан гэмтлийг найз Ц байшингийн гадаа маргалдаж байх явцад гараараа цохиж учруулсан. Би Ц-ын хөл хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн гараараа элэгдсэн. Ц-ын биед учирсан гэмтлийг хэн учруулсныг сайн мэдэхгүй байна. ...Би Ц-аас өөр хүн буюу О-ийн биед халдсан. Тухайн үед найз О-тэй утас ломбардсан асуудлаас болж маргалдсан ба түүний нүд рүү цохиж гэмтэл учруулсан. Харин О бол миний биед халдсан зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 39-40, 43 дахь тал),

- Хохирогч Д.О-ийн “… 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өөрийн гэртээ байж байгаад найз Ц-ын гэрт айл хэсэж очсон. ...Дараагаар нь үргэлжлүүлээд Н гээд ахын гэрт очсон. ...Ц бид 2 гэрт нь ороход найз Т, Т хоёр Н ахтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байсан. Улмаар бид хамтдаа Н ахын гэрт байсан архи, айраг, пиво зэргийг ууж дуусгасан. Энэ үед Ц Т байшингаас маргалдаад гарсан ба буцаж орж ирэхдээ эвлэрээд орж ирсэн. Улмаар Т бид хоёр Хишигтэн нэртэй дэлгүүр орж 4 ширхэг 2 литрийн пиво авч ирсэн. ...Ууж байх хугацаанд Т урьд болсон утасны маргаанаас болж маргалдаж бид хоёр байшингийн гадаа гарсан. Гараад хэрүүл хийж байтал намайг Т цохиод авсан ба бид хоёр барьцалдаад авсан. Тэр үед Ц Т 2 гарч ирээд бид хоёрыг салгасан ба орох гэж байтал Ц, Т 2 ахин маргалдаж эхэлсэн. Ингээд тэр үед Ц Т-ий нүд рүү цохиж, Т болохоор хавсарч унагаагаад элэгдээд байсан. Улмаар Т салгаад гэртээ оруулсан. Тэгээд бид нарын авч ирсэн пиво дуссан учир Н ах ахин шил архи задалсан ба ууж байгаад Т Т 2 гараад явцгаасан. Ингээд Ц Н ах бид 3 гэрт нь үлдсэн ба Н ах унтаад өгсөн. Ц нэлээн согтсон байсан ба гэртээ харьж унтана гээд гарах гээд байсан. Гарахдаа ширээн дээр байсан тал архийг өвөртлөөд явах гээд байсан учир би түүнийг болиулсан. Улмаар намайг заамдаж аваад подволк урсан. Тэгэхээр нь би толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би Ц-ыг түшээд гэр рүү нь явсан боловч замдаа ухаангүй болсон. Би бүснээс нь чирч яваад манай гэрт ирсэн. Өглөө сэрэхэд Ц нь царай нь сонин болчихсон. Бие нь сул байсан ба би тэр үедээ шартаад байна л гэж бодсон. ...Миний биед учирсан нүдний гэмтлийг Т цохиж учруулсан. Харин хүзүүний гэмтлийг Ц заамдах үедээ учруулсан. Ц-ын биед учирсан гэмтлийг хэн хэрхэн учруулсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ толгой руу нь би хэд хэдэн удаа цохисон. Учир нь Ц эхлээд архи өвөртөлж явах гээд байсан ба үүнээс болж маргаан үүссэн. Тэгээд намайг заамдаад хэрүүл маргаан хийгээд байхаар нь л би хэд хэдэн удаа толгой руу цохисон. Намайг ч мөн цохисон гэхдээ гэмтэл учруулахаар бол цохиогүй. Тэр өдөр Ц Т-тэй эхлээд маргалдаж байгаад орж ирсэн. Дараагаар нь ахиж маргалдсан ба Т хавирч унагаасан мөн элэгдсэн. Өөр хүн бол халдаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 48-49 дэх тал),

-Гэрч М.Н-ийн “…Би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод ээж болон 2 хүүгийн хамт амьдардаг. Тэгээд 2023 оны 02 дугаар 22-ны өдөр гэрийн ойролцоо танил ганц айлд орж золголт хийсэн. Тэгээд 18 цагийн үед хуурай дүү Т, Т хоёртой гэрт ирсэн. Гэр лүүгээ ирэх замдаа дэлгүүрээс 2.5 литрийн Сэнгүр нэртэй 3 ширхэг пивыг мөнгийг нь дундаасаа хувааж гаргаад авсан. Манай гэрт авсан Сэнгүр нэртэй пивоо хувааж уугаад гар утсаараа тоглоод байж байтал миний хуурай дүү О нь Т рүү чат бичээд хаана байгаа юм, яваад очъё гэж хэлээд Ц гэх дүүг дагуулан манай гэрт ирсэн. Тэгээд бид нар архи, пиво, айраг уусан. Тэгээд Т дүү Ц хоёр маргаад байшингаас гарсны араас Т дүү гарсан. Удалгүй Ц, Т, Т гурав гаднаас орж ирсэн. Энэ үед Ц-ын биед болон нүүрэн тус газар ил харагдах гэмтэл байхгүй. Харин Т-ий нүд хөхөрсөн байхаар нь би юу болсон талаар асуухад Ц гэнэдүүлж байгаад цохичихлоо гэсэн. Гэтэл О, Т хоёр байшингаас маргаад гарсан. Удалгүй буцаж орж ирсэн. Тэгээд би дүү нарыг гэрээс яв гэхэд манай гэрээс Т, Т хоёр явсан. Манай гэрт О. Ц бид гурав үлдсэн. ...Гэтэл шөнө 03 цагийн сэрээд хартал О сандал дээр суучихсан Ц урд шалан дээр хэвтэж байсан. Би босоод юу болоод байгаа юм бэ гэж асуухад хоорондоо маргаад Ц-ын гуя хэсэгт О өшиглөөд бос гэж хэлээд байсан. ...О, Ц хоёр хэр удаан хоорондоо маргалдаж, зодолдсоныг би мэдэхгүй байна. Нэг сэрэхэд О Ц-ыг гуя руу нь өшиглөж байгааг харсан. Би тэр хоёрыг манайхаас яв гэж хэлээд буцаад унтах гээд хэвтсэн. ...Өглөө сэрэхэд манай гэрт О, Ц хоёр байхгүй байсан ба гадаа гартал хашаан дотор О-ийн саарал өнгийн футболк, Ц-ын малгай, хөөрөг байсан. Би тухайн эд зүйлүүдийг аваад гэртээ оруулсан. Гэтэл ээж Ө өдөр О-ийн саарал өнгийн футболкийг жорлонд байх хогийн цэгт хаясан байсан…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57 дахь тал),

- Гэрч У.Т-ийн “...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр найз Т болон хуурай ах Н бид гурав айл хэсээд золголт хийгээд явсан. Тэгээд өдөр 13-14 цагийн үед хуурай ах Нгийн гэрт очих замаараа дэлгүүр орж тамхи, 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво авсан. Ингээд авсан пиво болон архиа уусан. Орой нь найз О болон Ц нар Н ахынд золгохоор ирсэн. ...Найз Т, Ц хоёр байшин дотор мөнгөнөөс болж маргалдаад гадаа гарсан. Би араас нь дагаж гартал Ц найз Т-ий баруун нүд рүү нь цохиод авсан. Гэтэл Т Ц-ын зүүн гуя хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Би найз Т-ийг бариад боль гэж хэлээд энэ хоёрыг салгасан. Бид гурав буцаж байшинд ороод О, Т хоёр маргалдаад байсан. Хоорондоо зодоон хийсэн зүйл байхгүй. Тэгээд би найз Т-ий хамт Н ахын гэрээс 23-аас 00 цагийн үед гараад явсан. Харин О, Ц нар Н ахын гэрт үлдсэн. ...Т Ц-ын нүүр болон толгой хэсэгт цохиж зодсон зүйл байхгүй. Намайг явахаас өмнө О, Ц хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Харин Т бид хоёрыг явснаас хойш хоорондоо маргалдсан эсэхийг бол мэдэхгүй. Т бид хоёрыг явах үед Ц-ын бие зүгээр, толгой болон нүүр биеийн бусад хэсэгт ямар нэгэн гэмтэл, шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 62-64 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2955 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…Дүгнэлт: 1.2. Г.Ц-ын биед их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доор цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, баруун тохой, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, баруун шанаа, зовхи, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5.6. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 7. Их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун тохой, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, баруун шанаа, зовхи, зүүн тохойнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…” гэсэн (1-р хавтаст хэргийн 70-72 дахь тал),

- Шинжээч эмч Б.С-ийн “…Их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна…” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 74 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3011 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…Дүгнэлт: 1. Д.О-т баруун дээд зовхи, хүзүүнд цус хуралт тогтоогдов. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэсэн (1-р хавтаст хэргийн 95-96 дахь тал),

- Шинжээч эмч Б.А-ын “…баруун дээд зовхины гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүнд цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэсэн (1-р хавтаст хэргийн 98 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “…Дүгнэлт: 1. О.Т-д баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгарал тогтоогдов. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэсэн (1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал),

- Шинжээч эмч Б.А-ын “…О.Т-ий биед учирсан баруун дээд доод зовхинд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарна. Харин баруун доод зовхинд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй… баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт зэрэг гэмтлүүд нь нэг удаагийн цохилтоос үүссэн байх боломжтой…” гэсэн мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 107-108 дахь тал) зэрэг болно.

 Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

​​​​​​​1.2. Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2955 дугаартай дүгнэлтээр хохирогч Г.Ц-ын биед амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 3011, 3010 дугаартай дүгнэлтээр хохирогч Д.О, О.Т нарын биед эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан үйл баримтыг нэгтгэн үзвэл шүүгдэгч Д.О, Г.Ц, О.Т, гэрч М.Н, У.Т нар нь цагаан сарын золголт хийж хамтдаа архидан согтуурсан байна.

Улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурч, урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааг эв зүйгээр шийдвэрлэж чадалгүй, харилцан бие биеэ үл хүндэтгэж, маргаан зодоон бий болсон байна.

Шүүгдэгч Г.Ц нь хохирогч О.Т-тэй урьд үүссэн өр, авлагаас болж маргалдах явцдаа гараараа нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь “баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч О.Т нь хохирогч Д.О-тэй урьд үүссэн гар утас барьцаанд тавьсан гэх асуудлаар маргалдах явцдаа гараараа нүүрэн тус газар цохиж улмаар эрүүл мэндэд нь “баруун дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.О нь хохирогч Г.Ц-ыг “архи авч явах гэж байна” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар цохисны улмаас эрүүл мэндэд нь “их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь тэдгээрийн хохирогчоор өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, гэрч У.Т, М.Н нарын мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Т-ий хохирогч Д.О-ийн нүүрэн тус газар гараараа цохиж, хохирогчийн биед “баруун дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл;

Шүүгдэгч Г.Ц-ын хохирогч О.Т-ий нүүрэн тус газар гараараа цохиж, хохирогчийн биед “баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун доод зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл;

Мөн шүүгдэгч Д.О-ийн хохирогч Г.Ц-ын толгойн тус газар цохиж, хохирогчийн биед “их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт” бүхий хүнд хохирол учруулсан үйлдэл нь тус бүр өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Т хохирогч Г.Ц-ын биед халдсан буюу хавсарч унагаах, хөл рүү өшиглөж цохисон боловч хохирогч Г.Цын биед учирсан баруун тохой, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, баруун шанаа, зовхи, зүүн тохойнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдсан.

Мөн шинжээч эмч Б.С “…Их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, духны дэлбэнгийн баруун хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй гэмтлүүд байна...” гэж мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь бусдын эрх чөлөөнд халдан гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.    

Улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүгдэгч О.Т, Г.Ц, Д.О болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч О.Т, Г.Ц нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.О-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

​​​​​​​1.3. Хохирол, хор уршиг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгчөөс хохирогч Г.Ц-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,250,000 төгрөгийг төлсөн талаар дурдаж холбогдох баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч байна.

Түүнчлэн хохирогч Г.Ц-ын авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 5,349,000 төгрөгийг шүүгдэгч Д.О нь төлж барагдуулсан баримтыг мөн шинээр гаргаж өгсөн.

Хохирогч О.Т, Д.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хохирогч Г.Ц мөн баримтаар гаргасан бүх зардал төлөгдсөн, одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид гаргах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул шүүгдэгч О.Т, Д.О, Г.Ц нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Г.Ц-ын биед хүнд гэмтэл учирсан тул тэрээр цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, хохирогч Г.Ц цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв. 

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Б.Мөнхтөр: “…Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй, цаашид Г.Ц-ын эмчилгээний зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн тул улсын яллагчийн дүгнэлт болох торгох ялыг оногдуулж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч О.Т-ий өмгөөлөгч Д.Ганбат: “…Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, өвөөгийн хамт амьдардаг, аав, ээждээ тус дэм болдог залуу хүүхэд. Тухайн үед сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхгүй гэмт хэрэгт холбогдсон. Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна…” гэв.

Шүүгдэгч Г.Ц-ын өмгөөлөгч Т.Төмөрбаатар: “…Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, харамсаж байна. Түүний эрүүл мэндийн хувьд нийтэд тустай ажил хийх боломжгүй, ээж нь өвчтэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна…” гэв

​​​​​​​2.2. Эрүүгийн хариуцлага

Хавтаст хэргийн материалд шүүгдэгч Д.О-ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 161 дэх тал), Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 174 дэх тал), асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 175 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 199 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 200 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1-р хавтаст хэргийн 201 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 202 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 203 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 204-208 дахь тал) зэрэг нотлох баримтууд,

шүүгдэгч О.Т-ий хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 160 дахь тал), Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 172 дахь тал), асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 173 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 213 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 214 дэх тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1-р хавтаст хэргийн 215 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 216 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 217 дахь тал) зэрэг нотлох баримтууд,

шүүгдэгч Г.Ц-ын хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 162 дахь тал), Хур системийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 176 дахь тал), асап сангийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 177 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 181 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 182 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 183 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (1-р хавтаст хэргийн 184 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 185 дахь тал), хорооны Засаг даргын тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 186 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хавтаст хэргийн 187-196 дахь тал) зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан байна.

Шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Т, Г.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал шүүгдэгч нарын үйлдэлд тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бие биедээ гэмтэл учруулан гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч Г.Ц-ын биеийн эрүүл мэндийн байдал/ зэргийг тал бүрээс харгалзан үзэж:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Ц-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж шүүгдэгч О.Т, Г.Ц нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг мэдэгдэв.

​​​​​​​​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Т, Г.Ц, Д.О нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Т болтол тус тус хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Х овогт Д-ын О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Б овогт О-ын Т, Т овогт Г-ийн Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 11,000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч О.Т, Г.Ц нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, О.Т, Г.Ц нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.О, О.Т, Г.Ц нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Д.О, О.Т, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.АМАР