Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2022/00932

 

2022 оны 03 сарын 16 өдөр                           Дугаар 102/ШШ2022/00932                          Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ...дүгээр хороолол, Х.. хотхон, .. дүгээр байрны . тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ., Б. овогтой З.ийн А.,  

            Хариуцагч: Баянгол дүүргийн .. дугаар хороо, ... дугаар байрны ...тоотод оршин суух, Ү., регистр ., Б. овогтой М.ын М., 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.А.,

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С.,    

Хариуцагч М.М.,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч З.А. нь М.М.т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие М.М...тай 2011 оноос хамт амьдарч, 2012 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин М.Б..., хүү М.Т... нар төрсөн. Хамт амьдарч байхдаа би маш их хүчирхийлэлд өртдөг, бие болон сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. Жил болгон ямар ч сураггүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй 2-5 сар алга болдог, биднийг хоол унд, хэрэглээний мөнгөгүй орхидог.  Иймэрхүү байдлаар 5-6 жил амьдарсан. Би аргагүйн эрхэнд 2017 онд Солонгос явсан, явахдаа охиноо хадам ээж Ц...д, хүүгээ өөрийн ээж аавд үлдээгээд явсан. М... гэр бүлтэй болсон бөгөөд охиныг аавтай нь амьдруулсан байсан. Гэтэл охиныг надтай яриулахгүй болсон, улмаар гуян дээр нь 3 сорвитой болсон байсан. Би ажлаа хийж чадахгүй болж, охиндоо санаа зовоод  2022 оны 1-р сарын 27-нд ирсэн. Ирээд хадам дүү Н.оор охиныхоо сургуулийг заалгаж очиж уулзсан. Гэтэл дүүгээ зодсон байсан. Өнгөрсөн хугацаанд хүү Т.тэй огт уулзаагүй байсан. Би 2 ихэр хүүхдээ өөрийнхөө асрамжинд байлгаж, тэтгэлэг гаргуулна гэжээ. 

2.Хариуцагч хариу тайлбартаа: З.А....тай 2011 онд танилцсан. 2012 онд ихэр хүүхэдтэй болсон. Би тэр үед оюутан байсан боловч гэрч бүлээ тэжээх болж ажил хийсэн. Бидэнд гэр орон байгаагүй, Эрдэнэтэд манай аав, ээжийнд байсан. Бидний амьдралд эдийн засгийн хувьд гачигдалтай үе байсан. Би 2016 онд Солонгос явж 10 сар ажиллаад ирсэн, ирээд 4-5 сар хамт амьдарсан, тэгэхэд А... салахаар шийдсэн байсан. 2017 оны 5-р сард тохироод би охиноо, хүүгээ ээжид нь үлдээгээд явсан. З.А... 2017 онд Солонгос явсан, охинтойгоо холбоотой байсан. Би 2018 онд гэр бүлтэй болж, охиноо өөр дээрээ авсан. Охин ээжтэйгээ холбогдохоор сэтгэл санаа нь тогтворгүй болдог байсан. 3 жил болоход би хүүтэйгээ холбогдоогүй нь үнэн. 2021 онд охины гуяны дотор талд “цэг” болсон байсан. Өрхийн эмнэлэгт үзүүлээд Гэмтлийн эмнэлэгт очиж тэнд хагалгаанд орсон. Манай ээж, дүү хоёр амьдралд хөндлөнгөөс их оролцдог, буруу ойлголт бий болгодог зэргээс болоод би таагүй харилцаатай байдаг. Энэ нь ч амьдралд нөлөөлсөн. А...2 хүүхдээ асран хамгаалахад татгалзахгүй, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв. 

 

3.Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн 2-р хорооны засаг даргын ам бүл, хаягийн тодорхойлолт /хх 6/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх 7-8/, Ерөнхий боловсролын 13, 141 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх 9-10/, Өрхийн эмчийн тодорхойлолт /хх 11/, орон сууц хөлслөх гэрээ /хх 12-14/,

Хариуцагчаас гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 22/, Шүүхийн шийдвэрээр, иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /хх 23/, Баянгол дүүргийн 10-р хорооны Засаг даргын ам бүл, хаягийн тодорхойлолт /хх 24/, тодорхойлолт /хх 25-29, ХААН банкны депозит дансны хуулга /хх 30-45/, амбулатороор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудыг тус тус гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

З.А..., М.М... нар нь 2011 оноос хамт амьдарч байгаад 2012 оны 06 дугаар сарын 17-ны өдөр охин М.Б..., хүү М.Т... нарыг төрүүлжээ.

Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй бөгөөд хүүхдийн эцгээр М.М...ыг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосон /хх 7-8/ байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26-р зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 38-р зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Талууд гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүл болох зорилгоор хамт амьдарч байжээ. Харин талууд зан харьцааны таарамжгүй байдал, амьдралд нь хэн алиных нь гэр бүл хөндлөнгөөс оролцдог байдлын улмаас 2017 оноос тусдаа амьдарч байгаа, М.М... нь өөр хүнтэй гэрлэсэн /хх 22, 24/ зэрэг шалтгаанаар цаашид хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.    

Хэдийгээр талууд цаашид хамт амьдрах боломжгүй, ихэр хүүхдийг эхийн асрамжинд үлдээхэд хариуцагч маргаагүй боловч хүүхдийн  хувьд эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж, хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс хэн аль нь чөлөөлөгдөхгүй болно. 

Түүнчлэн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

Иймд М.М..аас хуульд заасан журмаар тэтгэлэг гаргуулж охин М.Б..., хүү М.Т.. нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Хэргийн 25-29 дэх талд авагдсан иргэдийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүйг дурьдах нь зүйтэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.М...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 06-р сарын 17-ны өдөр төрсөн хүү М.Т... охин М.Б. нарыг эх З..А...гийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн  40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэг, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин М.Б..., хүү М.Т... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг М.М...аар тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч М.М...аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

4.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА