Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/881

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.туул хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405008751229 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 26-нд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* *******т үйлчлэгч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Хан-Уул дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ДЕ/, ******* овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байранд хохирогч Х.-гаас “жолооны эрхийг нь сэргээж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 1.500.000 төгрөгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.  

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Миний буруу. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405008751229 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.-гийн хохирогчоор өгсөн: “Би нойр булчирхайн үрэвсэл, сахартай оноштойгоор 1-р эмнэлэг дээр эмчлүүлж эмчийн хяналтад байдаг ба долоогоны хандыг 30 дуслаар хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож явж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Гурвалжингийн гүүрэн дээр замын цагдаа зогсоогоод үлээлгэхэд 0,40% гараад тэгээд намайг БГД-ийн замын цагдаа дээр очиж намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж миний жолоо барих эрхийг нэг жилээр хассан. Тэгээд 9 дүгээр сарын 14-ний өдөр замын цагдаагийн байцаагчтай уулзчихаад гараад явж байхад замын цагдаагийн үйлчлэгч намайг араас дуудаад эрхийг чинь сэргээлгэж өгөх үү гэхээр нь би найдвартай юу гэхэд найдвартай, би өмнө гаргуулж байсан, өөр хүн байна уу гэхээр нь би эрхээ хасуулсан дүү той холбогдоод нэг хүн эрх сэргээж өгнө гээд байна, чи сэргээлгэх үү гэхэд тэгье гээд тэгээд манай дүү над руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь  би АТМ-с 1.500.000 төгрөг гаргаж аваад замын цагдаагийн үйлчлэгчид бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн. Тэр эмэгтэй над руу 2 сарын дотор найдвартай гаргуулж өгнө, өөр хүнд битгий хэлээрэй, хэлбэл үнэмлэх гаргах хүн бид хоёр ажилгүй болно шүү гэсэн. Тэгээд би 2 сар хүлээгээд 2 сарын дараа тухайн хүн рүү удахгүй үнэмлэх чинь хэвлэгдэж байгаа гээд янз бүрийн шалтгаан хэлээд хойшлуулсаар байгаад 2024 оны 4 дүгээр сард залилуулснаа мэдээд цагдаад гомдол гаргасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.ын гэрчээр өгсөн: “Манай ээж 2024 оны 02 дугаар сарын дундуураас хойш ээж рүү залгахаар утсаа авахгүй эсвэл утас нь холбогдохгүй хэд хоносон. Тэгэхээр нь би ээжийн гэрт очоод өдрийг нь санахгүй байна хоёр сарын сүүлээр байх/ та яагаад утсаа авахгүй байгаа юм бэ утас чинь эвдэрчихсэн юм уу утас чинь болохгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн манай ээж ******* надад харин мөнгөний асуудал байгаа юм аа гэж надад хэлсэн тэгэхээр нь би ээж *******гаас хэдэн төгрөг юм бэ гэж асуухад ээж надад болчихно гэж хэлээд надаас юм нуугаад байсан. Тэгэхээр нь би яасан юм гэж тодруулж асуухад би жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд мөнгө хүнээс авчихсан юм аа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг хүнээс авчихсан юм гэж хэлсэн чинь ээж ******* надад 1.200.000 төгрөг гэж хэлсэн. тэгэхээр нь би мөнгийг нь өгчихье гэж хэлсэн тэгсэн ээж болгоноо гэж надад хэлсэн. Тэгээд надад чи тэр хүн рүү удахгүй болгоод өгчихнө гэж хэлээд өгөөч би тухайн хүнд чиний дугаарыг өгчихлөө гэж манай ээж ******* надад хэлсэн. Тэгээд удалгүй нэг үл таних хүн над руу залгахаар нь би удахгүй бичиг баримт нь болчих юм болов уу гэж бодоод над руу залгасан үл таних хүн рүү удахгүй бичиг баримт чинь болчих байх гэж хэлсэн. Түнээс хойш тухайн үл таних хүн өдөр шөнөгүй залгаад байхаар нь би ээж рүү энэ хүн чинь над руу байнга залгаад байна нэг бол бичиг баримтыг нь өгөөд эсвэл мөнгө төгрөгийг нь өгөөч гэж хэлсэн. Тэгсэн ээж ******* надад арай удах гээд байна болоогүй байна түр байж бай гэж хэлэхээр нь би ер нь бүтэхгүй юм байна гэж бодоод тухайн хүнд мөнгийг нь өгсөн учир нь над руу байнга залгаад хэцүү байсан болохоор ээжийн оронд мөнгийг нь тухайн хүнд өгсөн. Ээж ******* нь жолооны үнэмлэх гаргаж өгч чадахгүй, эрх бүхий албан тушаалтан тийм эрх байхгүй хүн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн яллагдагчаар өгсөн: “Би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүний хохирлыг барагдуулсан надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)

4. Хохирогч Х.-гийн “Миний бие үйлчлэгч *******гаас дансаар 1.500.000 төгрөг авсан тул надад гомдол санал байхгүй.” гэсэн бичгийн хүсэлт (хавтаст хэргийн 54 дэх тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 28 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байцаагчтай уулзахаар очсон Х.-гаас тус цагдаагийн байгууллагад үйлчлэгчээр ажилладаг ******* нь “жолооны эрхийг чинь сэргээлгэж өгнө гэж хэлж” 1.500.000 төгрөгийг бэлнээр авсан  хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

******* нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Х.-гаас 1.500.000 төгрөгийг залилж авсан болох нь:

Х.-гийн хохирогчоор өгсөн: “ 2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр замын цагдаагийн байцаагчтай уулзчихаад гараад явж байхад замын цагдаагийн үйлчлэгч намайг араас дуудаад эрхийг чинь сэргээлгэж өгөх үү гэхээр нь би найдвартай юу гэхэд найдвартай, би өмнө гаргуулж байсан, өөр хүн байна уу гэхээр нь би эрхээ хасуулсан дүү той холбогдоод нэг хүн эрх сэргээж өгнө гээд байна, чи сэргээлгэх үү гэхэд тэгье гээд тэгээд манай дүү над руу 750.000 төгрөг шилжүүлсэн. Тэгэхээр нь  би АТМ-с 1.500.000 төгрөг гаргаж аваад замын цагдаагийн үйлчлэгчид бэлнээр 1.500.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), Р.ын гэрчээр өгсөн: “...Тэгэхээр нь би яасан юм гэж тодруулж асуухад би жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд мөнгө хүнээс авчихсан юм аа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэдэн төгрөг хүнээс авчихсан юм гэж хэлсэн чинь ээж ******* надад 1.200.000 төгрөг гэж хэлсэн...Түнээс хойш тухайн үл таних хүн өдөр шөнөгүй залгаад байхаар нь би ээж рүү энэ хүн чинь над руу байнга залгаад байна нэг бол бичиг баримтыг нь өгөөд эсвэл мөнгө төгрөгийг нь өгөөч гэж хэлсэн. Тэгсэн ээж ******* надад арай удах гээд байна болоогүй байна түр байж бай гэж хэлэхээр нь би ер нь бүтэхгүй юм байна гэж бодоод тухайн хүнд мөнгийг нь өгсөн учир нь над руу байнга залгаад хэцүү байсан болохоор ээжийн оронд мөнгийг нь тухайн хүнд өгсөн. Ээж ******* нь жолооны үнэмлэх гаргаж өгч чадахгүй, эрх бүхий албан тушаалтан тийм эрх байхгүй хүн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүний хохирлыг барагдуулсан надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.

Залилах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч ******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчиж, хохирогчийн жолооны эрх сэргээлгэх хүсэл сонирхлыг ашиглан  2024 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 1.500.000 төгрөгийг жолооны эрхийг сэргээж өгнө гэж худал хэлж хуурч, найдвартай хүн байгаа гэхчилэнгээр итгэл үнэмшил төрүүлэн өөрийн хийж хэрэгжүүлж чадахгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 1.500.000 төгрөгийг бэлнээр авч залилсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Нөгөө талаас хохирогч З.- нь хуулиар зөрчсөн хэм хэмжээг зөрчиж тээврийн хэрэгслийн жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан бөгөөд түүнийг хууль бус аргаар сэргээлгэх гэсэн хохирогчийн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч *******гийн дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” буюу “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Хохирогч З.- нь мөрдөн байцаалтад “Хохирогч З.-гийн миний бие үйлчлэгч *******гаас дансаар 1.500.000 төгрөг авсан тул надад гомдол санал байхгүй.” гэсэн бичгийн хүсэлтийг гаргасан. (хавтаст хэргийн 54 дэх тал), мөн шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн зэргийг харгалзан  шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлоо нөхөн төлж хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох  ял шийтгэв.

Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                       ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ы *******г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ