| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2021/00547/и |
| Дугаар | 102/ШШ2022/01321 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2022/01321
| 2022 оны 04 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2022/01321 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г” ХХК /Н/
Хариуцагч: М.Болормаа
Нэхэмжлэлийн шаардлага: 16 383 935 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азбилэг.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Бархассүрэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч М.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 383 935 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч М.Б нь нэхэмжлэгч “Г” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1607169019 дугаартай кредит картын гэрээ байгуулан, 7 000 000 төгрөгийг сарын бэлэн бус гүйлгээний 2 хувийн, бэлэн гүйлгээний 3.5 хувийн, эрх хэтрүүлсний 2 хувийн, хугацаа хэтрүүлсний 1 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлсэн.
1.2 Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 7 399 253 төгрөг, хүүгийн төлбөрт 4 718 880 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2 379 029 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1 886 772 төгрөг, нийт 16 383 935 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1607169019 дугаартай кредит картын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үндсэн зээл 7 399 253 төгрөг, хүүгийн төлбөрт 4 718 880 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрч байна.
2.1 Харин нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2 379 029 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1 886 772 төгрөг гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний 20 хувиас хэтрүүлэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасан. Банкны дээрх хуулиар зохицуулсан нэмэгдүүлсэн хүү тооцох заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, зээл төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг хүү тооцох болон хугацаа хэтрүүлсний хүүг тооцохоор гэрээнд заасан. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний стандарт нөхцөлийг заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч М.Болормаад гэрээний стандарт нөхцөлийг санал болгосон. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т зааснаар зээлийн хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөр болон эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрийн заалт нь хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2 379 029 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1 886 772 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс “Г” ХХК-ийн 9016001014 дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаал, итгэмжлэл, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1607169019 дугаартай кредит картын гэрээ, кредит карт авах хүсэлт, кредит картын тооцооллын хүснэгт баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас шүүхэд итгэмжлэл баримт гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 7 399 253 төгрөг, үндсэн хүү 4 718 880 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2 379 029 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1 886 772 төгрөг, нийт 16 383 935 төгрөг гаргуулах.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн: Үүнд: 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1607169019 дугаартай кредит картын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үндсэн зээл 7 399 253 төгрөг, хүүгийн төлбөрт 4 718 880 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрсөн.
3.1 Гэрээний хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2 379 029 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1 886 772 төгрөг гаргуулах хэсэг нь хүчин төгөлдөр бус тул зөвшөөрөхгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Голомтбанк” ХХК-ийн 9016001014 дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Голомтбанк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 734 дугаар тушаал, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1607169019дугаартай кредит картын гэрээ, кредит карт авах хүсэлт, кредит картын тооцооллын хүснэгт нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ1607169019 дугаартай “Кредит картын гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч М.Б-д 7 000 000 төгрөгийг бэлэн бус гүйлгээний сарын 2 хувийн, бэлэн мөнгө авсны сарын 3.5 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 2 хувийн, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 1 хувь байхаар тохиролцож, зээлийн эрхтэй карт олгожээ.
6. Зээлийн гэрээний зүйл болон талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7. Гэрээний дагуу хариуцагч нь 7 399 253 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс зээлсэн үйл баримтыг талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин гэрээний хугацаа 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дууссан боловч зээлдэгч М.Болормаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, дансны хуулгаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний үдсэн зээлийн төлбөрт 7 399 253 төгрөг, хүүгийн төлбөрт 4 718 880 төгрөг төлөөгүй болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байхаас гадна хариуцагч үүнийг үгүйсгээгүй байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээлийн төлбөрт 7 399 253 төгрөг, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 4 718 880 төгрөгийг хариуцагчаас тус тус шаардах эрхтэй байна.
8. Талууд гэрээний 2 дугаар зүйлд төлбөр тооцооны нөхцөлийг тодорхойлж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд зээлийн эрх хэтрүүлсний хүүг 2 хувиар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувиар үндсэн зээлээс тооцохоор тохиролцжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээл, хүү төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн хүүгээс нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг тооцохоор гэрээнд заасан байна. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж тодорхойлсон байна.
9. Тухайн тохиолдолд гэрээний нэг тал болох банк нь хариуцагчид гэрээний стандарт нөхцөлийг санал болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг зөвшөөрөгч талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ. Гэтэл гэрээнд эрх хэтрүүлсний хүүг 2 хувиар, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувиар үндсэн зээлээс тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдохоор байна. Өөрөөр хэлбэл, гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд гэрээний дээрх заалт нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хугацаа хэтрүүлсний хүүгийн төлбөрт 2 379 029 төгрөг, эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 1 886 772 төгрөг шаардах эрхгүй.
10. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар карт эзэмших гэрээний бусад заалт нь хүчин төгөлдөр байна.
11. Дээрх үндэслэлээр хариуцагчаас 12 118 133 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 265 802 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 208 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б-гаас 12 118 133 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 265 802 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 208 840 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН