| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/ШШ2022/00391 |
| Дугаар | 102/2021/03813/И |
| Огноо | 2022-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 102/2021/03813/И
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэй 1 гудамж, 24 тоотод оршин суух, Боржгин овогт Цэрэннадмидийн А /РД:хг68052517/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 20-59 тоотод оршин суух, Шовх овогт Төмөр-Очирын Б-э /РД:уг86102571/
Нэхэмжлэлийн шаардлага: 18,000,000 төгрөг гаргуулах
Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа /Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/ ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Т.Б-ээс 18,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Ц.А миний бие Т.Б-этэй өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар бичил хороолол, * тоот хаягт байрлах * м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож улмаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч Т.Б-э нь тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч худалдан авсан орон сууцны үнээс 12,000,000 төгрөгийг төлөөгүй. Тиймээс бид энэхүү төлбөрийн үлдэгдэл дээр зээлийн гэрээг байгуулж, улмаар Т.Б-э нь 12,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 12 сарын хугацаанд сар бүрийн 5-нд 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл Т.Б-э нь зээлийн гэрээ байгуулсанаас хойш нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч ажилгүй болсон, машинаа зараад төлнө гэж элдэв шалтаг хэлж хойшлуулсаар өдий хүрч байна. Иймд хариуцагчаас 12,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 3.7-д заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 157 хоногийн алдангид 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А болон хариуцагч Т.Бямба-Очир нар 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 0566 тоот зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр Ц.А 12,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хүүгүй зээлэхээр болжээ. Төлбөрийн нөхцөлийг талууд сар бүрийн 05-ны өдөр 1,000,000 төгрөгөөр буцаан төлөхөөр, мөн гэрээнд заасан хугацааг хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангитай байхаар харилцан тохирсон байна.
2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Т.Б-ээс 18,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд ханджээ. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...байрны үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч төлбөрөө огт төлөхгүй байгаа учраас гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан” гэж тайлбарласан.
Зээлийн гэрээ байгуулах учир шалтгаан ямар ч байж болох бөгөөд урьд өөр зорилгоор авсан мөнгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлэх нь талуудын хүсэл зоригийн асуудал юм. Нэхэмжлэгчийн “...байрны үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулсан” гэх тайлбарыг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй.
Иймд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь урьд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дагуу үүссэн үүрэг буюу үлдэх 12,000,000 төгрөгийг зээлийн гэрээний харилцаа болгосон гэж үзнэ.
Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.
Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.
Хэрэгт хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж байсан талаарх баримт авагдаагүй тул зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн, гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг зөрчсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, үүргийн биелэлтийг шаардах эрх үүссэн.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ. Хариуцагч зээлийн гэрээг байгуулсан болон гэрээний зүйл болох 12,000,000 төгрөгийг хүлээн авсан, мөн буцаан төлөөгүй байгаа үйл баримтын талаар маргаагүй.
Ийм учраас хариуцагчаас үндсэн зээл 12,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцнэ.
Мөн талууд зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг нэхэмжлэгч тал хариуцагчаас шаардах эрхтэй.
Дээр дурдсанчлан талууд зээлийн эргэн төлөлтийг 1,000,000 төгрөгөөр, сар бүрийн 05-ны өдөр байхаар тохирсон. Иймд нэхэмжлэгч нь шүүхэд хандсан 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг шаардах эрхтэй.
Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 3,000,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Т.Б-ээс 15,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Б-ээс 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ат олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
|