Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/879

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Н.Энхтөр,

шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ийн  *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405022321130 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 5 дугаар сарын 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *******, ******* **************од оршин суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүрэг*******, *******ны од оршин сууж байгаа, урьд 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:РЭ/, ******* овогт *******ийн  *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ш.******* нь 2024 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч З.ийн хоолойг багалзуурдан, нүүрэн тус газарт нь цохиж эрүү, дээд уруулын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Ш.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ “Би найзаараа дамжуулаад 500.000 төгрөг өгсөн. Тухайн үед намайг цохих гэхээр нь  би түрүүлээд цохисон архи уусан байсан.” гэв.

Гурав: Эрүүгийн 2405022321130 дугаартай хэргээс.

1. Мөрдөн шалгах ажиллагааны З.ийн хохирогчоор өгсөн: “Би өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гэртээ амарч байхад манай найз над руу залгаад “нөгөөдөр япон явлаа хүүхдийн хонхны баяр болоод эхнэр хүүхдээ аваад Тэрэлж явсан хоёулаа уулзаж нэг хоёр пиво уух уу гэсэн. Тэгээд бид хоёр уулзахаар болж 20 цаг өнгөрч байхад Модны хоёрт байрлах пабад уулзсан. Тэгээд бид хоёр уулзаж байхад нэмэгдээд Ууганбаяр гээд найз маань бид хоёр дээр ирсэн. 21 цагийн үед ирсэн. ирээд удаагүй байтал ын найз гэх ******* ирсэн. *******г дуудсан юм шиг байна лээ гэхдээ надад дуудлаа гэж хэлээгүй. Тэгээд бид дөрвүүлээ болж пиво уух гэсэн чинь ******* пиво уудаггүй 100 грамм ууна гээд тусдаа 100 грамм архи захиалж уусан. *******г 100 грамм ууж байхаар нэг шил юм аваад уучихгүйдээ гэсэн чинь ******* тэгье гээд 0,7 литрийн “Эдэн” нэртэй архи захиалж авсан тэр архинаас нь бид хоёр 2, 3 татсан. архи уугаагүй пиво уусан. Тэгээд бид нар “Эргэн дурсахуй” бааранд ороод суусан. Тэнд очиход ын таньдаг 2, 3 хүүхэн сууцгааж байсан. Тэгээд бид нар нийлж суугаад ууж байгаад баарнаас 02 цагийн үед гараад би гэр рүүгээ хорооллын эцэс рүү харих гээд таксидаад *******, нэг үл таних хүүхэн, бид нар хорооллын эцэс орсон. Тэгээд хороололд очоод “” гэх зочид буудалд өрөө авсан авч бид нар бөөндөө тус буудалд орсон. Тэгээд өрөөнд орсны дараа нөгөө хүүхэн надад хандаж чи жаахан байж байгаад яваач наад цуг явж байгаа хүмүүс чинь эвгүй нөхдүүд байна шүү дээ гэсэн. Тэгээд гаднаас ******* орж ирээд “чи зайлаачээ зайлчихна гэсэн шүү дээ би наад хүүхнийг чинь хусах гээд байна шүү дээ гээд” байхаар нь “чи одоо юу солиороод байгаа юм бэ гэсэн чинь над руу гүйж ирээд багалзуурдаад нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би хажуу тийшээ болоод босох гэсэн чинь миний төмсгөөс нэг гараараа базаад нөгөө гараараа миний дээрээс цохиод нүдээд байсан. Тэгж байхдаа писда минь чамайг зайл гээ биз дээ гээд орилоод байсан. Би арай гэж тэрнээс салаад шууд тэр өрөөнөөс гарч цагдаа дуудсан. Тэр эмэгтэй тухайн үед мэдээгүй байх бид хоёрыг салгах янз бүрийн үйлдэл хийгээгүй. Тэр эм эгтэйн нэрийг нь би мэдэхгүй. “Эргэн дурсахуй” баарнаас цуг ирсэн. ын таньдаг хүн байх гэж бодож байна гэхдээ сайн мэдэхгүй. Миний төмсөгт 5,6 оёдол тавьсан, уруул дээр 2 оёдол тавьсан. Хүзүүн дээр 2 оёдол тавьсан. Гомдолтой байна зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.ийн гэрчээр өгсөн: “Би тухайн өдөр “Эргэн дурсахуй” бааранд найз -ийн хамт орсон. Тухайн бааранд 2-3 залуутай танилцсан бөгөөд -э нь тухайн гурван залуугийн нэг залуутай явсан. Би үл таних хоёр залуугийн хамт үлдээд бид гурав Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 3, 4 дүгээр хороололд байрлах “” нэртэй зочид буудалд орсон. Тухайн буудлын өрөө нь 2 ортой өрөө байсан бөгөөд би нэг орон дээр нь унтаад өгсөн. Тухайн буудалд ороход уг хоёр залуу нь хоорондоо маргалдаад байсан. Арай намхан залуу нь би буудлын тооцоо хийсэн энээ тэрээ гээд маргалдаад байгаа бололтой байсан. Би уг өрөөнд ороод шууд унтаад өгсөн. Би 08 цаг гээд сэрэхэд тухайн хоёр залуу байхгүй би ганцаараа сэрсэн. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир өрөөндөө ороод унтаад өгсөн тэр хоёр залуу буудалд орохдоо маргалдаад байсан арай намхан залуу нь арай өндөр залуугаа би чиний төлбөр тооцоог хийсэн гэх зэргээр хэрүүл маргаан хийх гээд байсан. Би ороод унтаад өгсөн учир тэр хоёрыг хэрхэн зодолдсоныг мэдээгүй өглөө сэрэхэд буудлын өрөө энд тэнд цус болсон байсан бөгөөд би ганцаараа сэрсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал)

3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6818 дугаартай “З.ийн биед эрүү, дээд уруул няцарсан шарх, төмсөгний хуухнагт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Э.ын өгсөн: “Эрүү дээд уруул, хуйхнагт үүссэн шарх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эрүү, дээд уруулд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт, хуйхнагт үүссэн шарх зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Хуйхнагт учирсан гэмтэл нь цохих, өшиглөх үед үүсэх боломжтой, базах үед үүсэх боломжгүй.” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-31 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.*******гийн яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.. Нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Би хохирогчид 500.000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал)

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дэх тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 81-84 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

З. нь н. түүний найз н., Ш.******* нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2024 оны 5 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө паб болон шөнийн цэнгээний газраар тус тус үйлчлүүлж улмаар З., Ш.******* шөнийн цэнгээний газарт танилцсан Ч.ийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудалд орсон бөгөөд буудлын өрөөнд Ш.*******, З. нар нь хоорондоо маргалдсан байна.

Тухайн маргааны улмаас Ш.******* нь хохирогч З.ийн хоолойг багалзуурдан, нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүү, дээд уруулын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн шуу, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт авагджээ.

Шүүгдэгч Ш.******* нь хохирогч З.ийн эрүүл мэндэд нь халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

З.ийн хохирогчоор өгсөн: “...******* орж ирээд “чи зайлаачээ зайлчихна гэсэн шүү дээ би наад хүүхнийг чинь хусах гээд байна шүү дээ гээд” байхаар нь “чи одоо юу солиороод байгаа юм бэ гэсэн чинь над руу гүйж ирээд багалзуурдаад нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би хажуу тийшээ болоод босох гэсэн чинь миний төмсгөөс нэг гараараа базаад нөгөө гараараа миний дээрээс цохиод нүдээд байсан. Тэгж байхдаа пизда минь чамайг зайл гээ биз дээ гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10 дахь тал), Ч.ийн гэрчээр өгсөн: “...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан учир өрөөндөө ороод унтаад өгсөн тэр хоёр залуу буудалд орохдоо маргалдаад байсан арай намхан залуу нь арай өндөр залуугаа би чиний төлбөр тооцоог хийсэн гэх зэргээр хэрүүл маргаан хийх гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6818 дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал), шинжээч Э.ын өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч З.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Ш.******* нь хохирогчийн хоолойг багалзуурдан, нүүрэн тус газарт нь гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос Ш.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол хор уршгийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч З.ийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэрэгт хохирогчоос хохирол төлбөртэй холбоотой баримтууд хавсаргуулаагүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн байх боловч түүнд учирсан гэмтлийн зэрэг, учирсан хохирлыг харгалзан шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2024 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Ш.*******гээс гаргуулж хохирогч З.т олгохоор шийдвэрлэв

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

 “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс торгох ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас /240/ хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид мэдэгдэв.

Энэ хэрэгт Ш.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:     

1. ******* овогт *******ийн  *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.   

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар Ш.*******гээс хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд 3.300.000 төгрөг гаргуулж  хохирогч З.т олгосугай.

6. Хэрэгт Ш.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ