| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00570/И |
| Дугаар | 102/ШШ2022/01016 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/01016
2022 оны 03 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2022/01016 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн ...-р хороо, Д...ын гудамж, ... байрны ... тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Цэрэгжүүлсэн албаны Амгалан дахь салааны дарга ажилтай, регистр ..., Н. овогтой З...ын Б...,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, ... дүгээр байны .. тоотод байрлах, регистр ., Г... ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичиг бүрдүүлж өгөхийг Г. ХХК-д даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б.,
Хариуцагч Ж.Д.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Г... ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн ...-р хороо, Д...ын гудамж, ... байрны ... тоот 2 өрөө сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Г.” ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн ..-р хороо, Дандарбаатарын гудамж, ... байрны ... тоот .. өрөө сууцыг 50 050 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Байр ашиглалтанд орсон, гэрээ хийхдээ 46 000 000 төгрөг, 2020 оны 2-р сарын 13-ны өдөр 4 050 000 төгрөг төлж, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн. Ингээд байраа хүлээн авч осрон. Гэрээний 3.6-д зааснаар 2019 оны 12-р сарын 1-нд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл гэрчилгээ гаргаж өгөөгүй байна. Г... ХХК-д удаа дараа хүсэлт гаргасан, тодорхой бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Тухайн бүрдүүлж өгсөн баримтуудыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн газарт бүртгүүлэхээр өгөхөд компаниас нэрсийн жагасаалт ирээгүй гээд татгалзсан. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: З.Батчулуун нь 2019 оны 11-р сарын 1-ний өдөр манай компаний барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн ....-р хороо, ...-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... байрны .... тоот 38.5 м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалж “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан. Гэрээний дагуу орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн бөгөөд одоо байрандаа амьдарч байна. Бид энэ байрны өмчлөгч нь З.Б....болохыг зөвшөөрч байна. Барилгыг барихын тулд өмнөх захиралууд бүх барилга, газраа барьцаанд тавьж “Чингис хаан” банкнаас 3 тэрбум төргрөгийн зээл авч 1.1 тэрбумыг барилгатаа хэрэглэсэн, харин 1.9 тэрбумыг банкиндаа луйвардуулсан. Тус асуудлаар эрүүгийн хэрэг шалгагдсан, одоо хяналтын шатны шүүхэд явж байгаа. Прокурорын хориг тавьсан байгаа учраас төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй болоод байгаа. Иймд төлбөрөө бүрэн төлсөн айлуудын өмчлөгчөөр тогтоолгох эрх ашгийг хамгаалж дэмжиж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс “Орон сууц захиалгын гэрээ” /хх 4-5/, төлбөр төлсөн баримт /хх 6-7/,
Хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000728409 тоот гэрчилгээ /хх 18/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000770362 тоот гэрчилгээ /хх 23/ зэрэг баримтуудыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
З.Б... нь Г... ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ...байрны ... тоот 38.5 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг захиалж, 50 050 000 төгрөгийг төлөхөөр /хх 4-5 тохирчээ.
З.Б... нь орон сууцны үнэ 50 050 000 төгрөгийг бүрэн төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны баримтаар /хх 6-7/ тогтоогдсон, байрыг хүлээн авсан, төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй байна.
Орон сууц захиалгын гэрээний 3.8 дахь хэсэгт зааснаар...үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтуудыг хууль ёсны дагуу бүрдүүлж өгөх үүргийг Г... ХХК хүлээсэн боловч орон сууцыг бүхэлд нь зээлийн барьцаанд тавьсан, улсын бүртгэлийн Ү-2204... дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г... ХХК /хх 18, 23/ бүртгэгджээ.
Г... ХХК нь орон сууцыг ашиглалтад оруулсан боловч 64 тоот 2 өрөө сууцыг захиалагч З.Б...ы өмчлөлд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Иймд түүнийг 64 тоот 2 өрөө сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, гэрээний 3.8 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.. овогтой З.ын Б. нь Баянзүрх дүүргийн ...-р хороо, ...-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ... байрны ... тоот 38.5 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлж өгөхийг Г... ХХК-д даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.. ХХК-иас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА