Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Оюунчулуунд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолтой Н.Оюунчулуунд холбогдох эрүүгийн 2036000000165 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, прокурор Э.Ууганзаяа   нар оролцов. 

  Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Жаргаланд суманд 1967 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг Оюу Мандал 35 айлын орон сууцны 17 тоотод оршин суух, ПЯ67050862 регистрийн дугаартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10000000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, Хулан цувдаг овогт Нямдоржийн Оюунчулуун нь 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Five Winds Asset Managent” гэх сүлжээний нэр ашиглан иргэн Д.Лхагва-Очирыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Лхагва-Очироос 5035450 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Хулан цувдаг овогт Нямдоржийн Оюунчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хулан цувдаг овогт Нямдоржийн Оюунчулуунд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Оюунчулуунд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 7,700,000 /долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх торгох ялыг найман мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,200,000 /найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оюунчулуунд оногдуулсан найман мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,200,000 /найман сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.Оюунчулуунд тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Н.Оюунчулуунаас 4715475 /дөрвөн сая долоон зуун арван таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг гаргуулан хохирогч Д.Лхагва-Очирт олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Оюунчулуун давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолд 2 дугаар сараас 6 сар хүртэл төлсөн 2,3 сая төгрөг хасаж тооцогдсон, харин  7 дугаар сард төлсөн 300000 төгрөг, 8 дугаар сард төлсөн 300000 төгрөг, нийт 600000 төгрөгийг миний нийт торгох ялын төлбөрөөс хасагдахгүй байгааг анхаарч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Шүүгдэгч Н.Оюунчулуунд оногдуулсан торгох ялын биелэлттэй холбоотой албан бичиг ирүүлэхдээ Н.Оюунчулуунаас 2020 оны 7, 8 дугаар саруудад төлсөн нийт 600,000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч тооцоогүйтэй холбоотой торгох ялын хэмжээг шүүх буруу тогтоосон байна. Иймд Н.Оюунчулуунаас гаргасан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Оюунчулууны гомдлын дагуу хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Оюунчулуун нь “Five Winds Asset Managent” гэх компанийн нэрийг ашиглан, хөрөнгө оруулалт хийх талаар Ховд аймагт сургалт явуулж, улмаар 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 3 дугаар сарын 01 хүртэлх өдрүүдэд хохирогч Д.Лхагва-Очироос хөрөнгө оруулалт хийх нэрийдлээр 2650000 төгрөгийг бэлнээр, 2385450 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн авч, нийт 5035450 төгрөгийг залилан авсан, 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хөрөнгө оруулалтын ногдол ашиг гэж 13 удаагийн шилжүүлгээр 119975 төгрөгийг хохирогчид шилжүүлж, “хөрөнгө оруулалт хийхээр евро захиалсан, компанийн сүлжээг шинэчилж байгаа” хэмээн хууран мэхэлж шилжүүлж авсан мөнгийг буцааж өгөлгүй хохирогчийг хохироож,  өмчлөгчийн эд хөрөнгө залилах гэмт хэрэг үйлдсэн болох  нь тогтоогджээ.

 Шүүгдэгч Н.Оюунчулууны гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  заасан залилах гэмт хэргийн “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг хангасан байх бөгөөд хэргийн үйл баримт болон гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн  гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Н.Оюунчулуун гаргасан гомдолдоо: ”...7 дугаар сард төлсөн 300.000 төрөг, 8 дугаар сард төлсөн 300.000 төгрөг, нийт 600.000 төгрөг миний нийт торгох ялын төлбөрөөс хасагдахгүй байгааг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Н.Оюунчулуун нь торгох ялын төлбөрт 2020 оны 7 дугаар сарын 31-нд 300.000 төгрөг, 8 дугаар сарын 27-нд 300.000 төгрөгийг тус тус төрийн банкинд тушаасан орлогын баримтыг давж заалдах шүүхэд гомдлын хамт ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч  Н.Оюунчулуунд  ял шийтгэл оногдуулахдаа  өмнөх буюу 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас 2.300.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэнд тооцож, үлдэх 7.700.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн, нийт 8.200.000 төгрөгөөр  торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Н.Оюунчулуун нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол гарахын өмнө буюу 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдөр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын төлбөрт 300.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар нотлогдож байх ба энэхүү төлбөрийг анхан шатны  шүүх  түүний өмнөх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн торгох ялаас хасаж тооцолгүй орхигдуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч Н.Оюунчулууны эдлээгүй үлдсэн 7.700.000 төгрөгийн торгох ялаас 300.000 төгрөгийг хасаж, нийт 7.400.000 төгрөгийн ялыг эдлээгүй үлдсэнд тооцож, ялыг нэмж нэгтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай  нийцнэ гэж дүгнэв.

Харин шүүгдэгчийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр торгох ялын төлбөрт төлсөн 300.000 төгрөгийг түүний 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулаад эдлээгүй үлдсэн торгох ялаас хасах үндэслэлгүй байна.  Учир нь уг 300.000 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол гарсны дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар хасаж тооцох боломжгүй.

Харин уг төлбөрийг торгох ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар торгох ялаас хасаж тооцох боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудад зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Оюунчулууны давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолын 3 дахь заалтын.. 7.700.000 гэснийг 7.400.000 гэж, мөн 3, 4 дэх заалтын 8.200.000 /найман сая хоёр зуун мянга/ гэснийг 7.600.000 /долоон сая зургаан зуун мянга/ гэж тус тус өөрчилж, шийтгэх  тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Оюунчулууны давж заалдах журмаар гаргасан гомдлыг зарим хэсгийг хүлээн авсугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр оролцогчид Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.                                 

                       

                       

                       

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                                                  ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                          Л.АЛТАН