Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/909

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.туул хөтлөн,

улсын яллагч Д.Агар

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Я.жаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******од холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2403006160843 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 12 дугаар сарын 12-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, засварчин мэргэжилтэй, “*******” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн ын , ны од оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн *******, *******ны 69б тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:МО*******/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 05 дугаар хороо, 10 дугаар хорооллын замд “Isizu Qkk” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  заалтуудыг зөрчиж явган зорчигч /07 нас, 02 сар, 25 хоногтой/ бага насны Э.-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 15 цаг 11 минутын орчимд, Баянгол дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын замд, “Isizu Qkk” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй...” гэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч /07 нас, 02 сар, 25 хоногтой/ бага насны Э.-ийг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дахь тал)

3ам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-9 дэх тал)

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10 дахь тал)

Бага насны хохирогчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дэх тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.заяагийн өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд миний ээж утсаар над руу залгаад хүү чинь машинд дайруулчихсан ГССҮТ-рүү шууд очоорой гэж хэлсэн. Тэр үед би ажил дээрээ жижүүрт хоноод гэр рүүгээ явж байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиход миний хүү Э.-э эмнэлэг дээр байгаагүй, харин дайрсан жолооч нь тэврээд орж ирж байсан. Миний хүүгийн баруун хөлийн шилбэ илэрхий хугарсан, баруун хөлийн тавхайн дээд хэсэгт том хэмжээний ил шархтай, баруун хөлийн хурууны үзүүр хэсэг харлаж эхэлсэн байсан. Яаралтай холбогдох шинжилгээг өгч яаралтай хөлийн хагалгаанд орсон...Хүүгийн биеийн байдал одоо дунд зэрэг, гипстэй гэртээ байгаа. Эмээтэйгээ байрны гадна байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн: “2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг өнгөрч байхад өөрийн зээ хүү -этэй хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны ын ны гаднах тоглоомын талбай дээр хүүгээ тоглуулаад би өөрөө сандал дээр сууж байсан. Зээ хүү маань өөрийн үеийн хоёр хүүхэдтэй цуг тоглож байгаад тоглоомын талбайг орхиод ны булан руу явж байх шиг байсан. Би араас нь та гурав наашаа байгаарай, хамаагүй машин зам руу орж болохгүй шүү гэж хэлж байсан.  Тэгээд хүүхдээ байрны орцны гадаа тоглож байна гэж бодоод сууж байсан. Тэгсэн чинь хүүхэд уйлах шиг, эмээ гэж дуудах шиг болохоор нь гайхаад босоод хартал “Алтан Тариа” гэсэн бичигтэй түгээлтийн машин орцны үүдэнд зогссон жолооч бололтой залуу зээ хүүг маань гэр дээрээ тэврээд явж байх шиг харагдсан. Тэр үед би миний зээ хүү мөн үү биш үү гээд гайхаж хэсэг яах учраа олохгүй байсан. Тэгтэл миний зээ хүү манинд мөргүүлчихсэн байсан. Жолооч залуу зээ хүүг маань “Эм Жи” нэртэй гэмтлийн эмнэлэг рүү авч орсон байсан. Эмнэлэгт очоод зээ хүүг асуутал орон дээр хэвтүүлсэн байсан. Дараа нь би ээж рүү нь утсаар ярьж зээ хүүг машинд мөргүүлсэн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч Д.ын өгсөн: “...“Isizu Qkk” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай байгууллагын нэр байдаг ба байгууллагын өмч юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь түгээлт хийдэг машин, тээврийн хэрэгсэл нь түгээлт хийдэг машин юм. Тухайн тээврийн хэрэгслийг ******* нь өөрөө хариуцаж унадаг ер нь бол ******* манай байгууллагад 2024 оны 5 дугаар сарын 27-нд жолооч засварчин гэсэн албан тушаал дээр томилогдон ажиллаж байгаад 6 сараас эхлэн тухайн машиныг бариад гадуур борлуулалтад явдаг болсон... Манай байгууллага тухайн жолоочтой хөдөлмөрийн гэрээ хийсэн байгаа, мөн машины жолооч *******од өөр дээр нь хүлээлгэж өгсөн... Бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг ойлгосон, бусдад учирсан гэм хорыг арилгахад манай гэм буруутай нь үйлдэл тогтоогдвол бусдад учирсан гэм хорыг хохирлыг барагдуулахад татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал)

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 10857 дугаартай “Э.-ийн биед баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун тавхайн эдийн дутагдал бүхий шарх, духны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 32-34 дэх тал)

Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 999530 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дахь тал)

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1617 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 44-45 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар *******ын өгсөн: “Би тэр өглөө 09 цагийн үед “Алтан Тариа” ХХК-аас борлуулагч ачигч нарын хамт бараагаа ачиж аваад түгээлтээ тараад 15 цагийн орчимд 10 дугаар хорооллын байрыг нь санахгүй байран дунд байрлах дэлгүүрт бараа өгчихөөд буцаж явж байхдаа байрны хажууд байдаг хорооллын замаар явж байсан. Тэр замын хоёр талаар машин тавьсан нэг эгнээгээр явж байхад зүүн талын буюу жолооч талын хаалга мөргөж 7 насны хүүхэд газарт унасан би тоормос гишгэсэн боловч хүүхдийн хөл дээгүүр гарсан. Тэгээд тэр хүүхдийг тэврээд ойрхон байгаа эмнэлэг руу орж өвчин намдаах тариа хийлгүүлж анхан шатны тусламж үзүүлж эмээгийнх хамт ГССҮТ-рүү авч очиж үзүүлсэн. Би 30 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн хүүхдийг хараагүй, хамт явж байсан ачигч хүүе наана чинь хүүхэд гэхээр нь хажуу тийшээ хартал яах ийхийн зуургүй гүйгээд ороод ирсэн...би 3.000.000 төгрөг эмчилгээнд зориулж өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бага насны хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 19.1-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас /07 нас, 02 сар, 25 хоногтой Э.-ийг мөргөж баруун шаант, тахилзуур ясны далд хугарал, баруун тавхайн эдийн дутагдал бүхий шарх, духны цус хуралт гэмтэл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.заяагаас тус тус (хавтаст хэргийн 82, 83 дахь тал)-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрсдийн сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:

Бага насны /07 нас, 02 сар, 25 хоногтой/ хохирогч Э.-ийн биед учирсан хүндэвтэр гэмтэл бүхий эрүүл мэндийн хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.заяа нь “*******оос сэтгэл санааны хохирол болон эрүүл мэндийн хохиролд нийт 11.250.000 төгрөг авсан болно...Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ.” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Дээрх бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.заяагийн гаргасан хүсэлт болон гэмт хэргийн улмаас бага насны хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр зэргийн гэмтэл, хохирол хор уршиг зэргийг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.             

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 90-91 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг (01) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.4-2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                  

   ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг (01)  жилийн хугацаагаар хасаж, хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг (01) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бага насны хохирогчийн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ