| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2021/03037/И |
| Дугаар | 102/ШШ2022/01495 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2022/01495
Б... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, регистр ..., Х...овогт Ж...ийн Б...,
Хариуцагч:... байранд байрлах, Б... дүүргийн З...,
Нэхэмжлэлийн шаардлага:Нөхөн олговорын 13 320 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ж.Б..., хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С..., прокурор Ц.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б... нь Б... дүүргийн З...д холбогдуулан нөхөн олговрын 13 320 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний эцэг Б.Ж... тухайн үед гарааш худалдаж авсан.Уг гарааш нь албан ёсны зөвшөөрөл холбогдох бичиг баримттай жил бүр газрын төлбөр төлж ирсэн.2021 оны нийслэлийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ... нутаг дэвсгэр, ... дугаар сургуулийн арын зам дагуу байрлаж байсан гараашуудыг албадан буулгасан. Буулгахын өмнө албан ёсны мэдэгдэх хуудас гараашийн хаалга дээр нааж үлдээсэн. Уг мэдэгдэх хуудаст хууль бус зөвшөөрөлгүй гараашуудыг албадан буулгана гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.Иймд Б... дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гараашийн нөхөн олговор болох 13 320 000 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч хариу тайлбартаа:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т Иргэний шүүхийн харьяалан шийдэх хэрэг маргааны төрлийг заасан бөгөөд Захиргааны хуулийн 5 дугаар зүйлд заасан бусад байгууллага албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны акт Иргэний хэргийн шүүхэд хамаарахгүй бөгөөд Захиргааны шүүхэд хамаарна гэж заасан байна.Хариуцагч буюу Б... дүүргийн З... нь захиргааны байгууллага ба маргааны зүйл нь ч акттай холбоотой байна.Нэхэмжлэгч нөхөн олговор гэж байгаа боловч энэ нь захиргааны актын улмаас үйлдэгдсэн захиргааны үйл ажиллагаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй байна.Мөн Ж.Б...ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүнд хавсаргасан баримтуудад Ж... гэх хүний Газар эзэмших эрхийн үнэмлэх байх бөгөөд нэхэмжлэгч уг үнэмлэхийн дагуу би газар эзэмших эрхтэй гэж нэхэмжлэл гаргасан байна.Тухайн ... оны эрхийн үнэмлэхийг Ж... гэх хүнд олгосон, Ж... гэх хүн нас барсан бөгөөд нэхэмжлэгч түүний төрсөн хүүхэд байна.Хэдий төрсөн хүүхэд нь нэхэмжлэгч боловч нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, өв залгамжлагч нь мөн эсэх асуудал яригдана.Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөр төлсөн баримт гаргаж өгсөн бөгөөд 2012 оныг хүртэл Ж... гэх хүн газар ашигласны төлбөрөө төлж байсан, 2013 онд нэхэмжлэгч төлсөн, 2015 оноос өнөөдрийг хүртэлх төлбөрийг Ж.Б... гэх хүн төлсөн байна.Өнөөдөр нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодруулахгүйгээр уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилбэл Ж.Б... гэх этгээд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал яригдана.Иймд нэхэмжлэгч Ж.Б...ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.Ж.Б... нь газрын төлбөрийг төлж байсан гээд гарч ирэхийг үгүйсгэхгүй.Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй хүний газрыг улсаас тохиролцож тусгай хэрэгцээнд эзэмшүүлэх зорилгоор нөхөн олговрын асуудал яригддаг.Гэтэл маргаан бүхий газар буюу гарааш нь дүүргийн засаг даргын захирамж шийдвэргүйгээр олгогдсон байдаг. Хэрэгт авагдсан Ж... гэх хүний ... оны үнэмлэх нь 1992 оны хуулиар Дүүргийн Засаг даргын эрхэд байсан, 2002 оны хуулиар мөн адил захирамжаар шийдвэр гаргах эрхтэй байна.Хууль хоорондын өөрчлөлттэй холбоотойгоор Нийслэлийн хэмжээнд бүх газрыг хаягаар нь гэрчилгээжүүлсэн бөгөөд гарааш багтаагүй.Учир нь хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ олгох боломжгүй зориулалттай байсан.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, мөн хот суурийн газрын дахин хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу хийгдсэн ажиллагаанд нөхөн олговор өгөхөөр зохицуулагдсан тул хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль дүрэм, дотоод журмаар зөвшөөрөлгүй газар эзэмших эрхгүй этгээдүүдэд нөхөн олговрын асуудал яригдахгүй.Мөн нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын захирамжтай маргадаггүй. Дүүргийн З... 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар газар чөлөөлөх шийдвэрийг гаргасан.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн нөхөн олговрын асуудал ярьдаг.Маргаан бүхий захирамжийг нэхэмжлэгч зөвшөөрч, маргадаггүй атлаа би зөвшөөрөлтэй нөхөн олговор авна гэж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага зөрчилдөөнтэй байна.Уг актыг хүчингүй болгох талаар яригддаггүй тул актыг зөвшөөрч байгаа гэж ойлгосон.Үүгээр зөвшөөрөлгүй гарааш эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрч байна гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.Захирамжийн гол агуулга, үндэслэл нь ... дүгээр хорооны ... дугаар сургуулийн хойно зөвшөөрөлгүй баригдсан гараашуудыг буулгаж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Прокурор дүгнэлтдээ:Ж.Б... нь Ж...ийн худалдан авч эзэмшиж байсан гэх Б... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр ... дугаар сургуулийн арын зам дагуу байрлаж байсан гараашийг Б... дүүргийн З...ас 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай захирамжийн дагуу албадан буулгасантай холбоотойгоор гараашийн нөхөн төлбөр 13 320 000 төгрөгийг нэхэмжилж байна.Хэрэгт ... оны 5 дугаар сарын 20-ны өдрийн амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн гэрчилгээ гэх баримт авагдсан байх бөгөөд үүнээс хойш уг газарт ямар нэг байдлаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байна.Мөн ... оны уг гэрчилгээний эдлэх эрх одоогийн эзэмших, ашиглах эрхтэй холбоотой эсэх нь тодорхойгүй байна.Газрыг хууль ёсны дагуу эзэмшиж байгаа бол эзэмших эрхийн гэрчилгээ гарах байсан.Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ямар нэг газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй, худалдан авч эзэмшиж байсан гэх ... тоот газрыг Ж... гэх хүнийг нас барснаас хойш Ж.Б..., Ж.Б... гэх хүний нэрээр төлбөрийг төлж байсан баримтууд байна.Ж.Б..., Ж.Б... нар Ж...ийн хүүхдүүд болох овгоороо нотлогдож байна.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн өмгөөлөгчөөс зөвлөгөө аваагүй байна.Нэхэмжлэгч хүний ёсны үүднээс шийдвэр гаргаач гэж байгаа боловч аливаа хууль шүүхийн байгууллага хуульд заасан үндэслэлийн дагуу шүүх хуралдааныг явуулж, шийдвэр гаргадаг. Ж... гэх хүнд ... онд гэрчилгээ гарсан байх боловч үүнээс хойших хугацаанд газрыг өвлөх болон Ж.Б..., Ж.Б... нарын хэн нь гарааш нураасантай холбоотойгоор нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь эргэлзээтэй нөхцөл байдал, нотлох баримтууд авагдсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхийн хуулбар, Б... дүүргийн ... дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, Б... дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн мэдэгдэх хуудас, гараашийн зураг, Б.Ж...ийн иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээний хуулбар, Б.Ж...эд ... онд олгосон амины хэрэгцээний газар эдлэх эрхийн үнэмлэх, Б... дүүргийн ... дүгээр хорооны З..., ОСНАА-н .... дугаар контор болон эрчим хүчинд Я.Б....ийн ... онд гаргасан өргөдөл, Б.Ж...ийн нэг машины гарааш өргөтгөлийн схем зураг, Б... Т... нарын хооронд хийгдсэн Б... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэр дээрх авто машины гарааш худалдаж авсан акт, Б.Ж...ээс Б... дүүргийн ... дүгээр хорооны З..., ОСНАА-н .... дугаар контор болон эрчим хүчинд гаргасан өргөдөл, Дүүргийн өмч газрын харилцааны албаны 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн шаардах хуудас, гараашийн газрын төлбөрийг Б.Ж..., Ж.Б..., Ж.Б... нараас төлсөн баримтууд, Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдөр төлбөрийн байцаагчийн Ж.Б...тэй хийсэн акт, Нийслэлийн Б... дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Газар чөлөөлөх тухай ... дугаар захирамжийн хэрэгжилтийн зургуудыг шүүхэд өгсөн.
Хариуцагчаас:Нийслэлийн Б... дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Газар чөлөөлөх тухай” .... дугаар захирамжийг шүүхэд өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж гаргуулсан хөрөнгийн үнэлгээний тайлан, хариуцагч байгууллагын хүсэлтээр цуглуулсан Б... дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” .... дугаар тогтоол, уг тогтоолын хавсралт Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2021 онд хийгдэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний нэмэлт өөрчлөлтийн жаргсаалтууд байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б...ын газрын нөхөн төлбөрт 13 320 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Миний эцэг Б.Ж... гараашыг худалдаж авч эзэмшиж байсан, албан ёсны зөвшөөрөлтэй, бид газрын төлбөрийг жил бүр төлж байсан, нөхөн олговрын 13 320 000 төгрөг гаргуулна гэв.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч тухайн газрыг эзэмших гэрчилгээ болон гэрээгүй байна.Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээтэй хүний газрыг улсаас тохиролцож тусгай хэрэгцээнд эзэмшүүлэх зорилгоор нөхөн олговрын асуудал яригдана гэв.
Б... дүүргийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” ... дугаар захирамжид “Дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, онцгой байдал үүссэн үед тусгай төрлийн машинууд нэвтрүүлэх, зам өргөтгөн, шинэчлэх зорилгоор ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... дугаар сургуулийн хойно байрлах зөвшөөрөлгүй 29 ширхэг гараашийг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсүгэй” гэжээ.
Дээрх 29 ширхэг гараашийн нэг болох 74 дугаартай гараашийг нэхэмжлэгчийн эцэг Б.Ж... нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байсан болох нь Б.Ж...эд ... онд олгосон амины хэрэгцээний газар эдлэх эрхийн үнэмлэх, Б.Ж...ийн нэг машины гараашийн өргөтгөлийн схем зураг, Б.Ж...ээс Б... дүүргийн ... дүгээр хорооны З..., ОСНАА-н ... дугаар контор болон эрчим хүчинд гаргасан өргөдөл, газрын төлбөр төлсөн баримтуудаар нотлогдож байна.
Б.Ж...ийн эзэмшиж байсан гараашийг нэхэмжлэгч Ж.Б... нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.
Нөгөө талаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар Ж.Б... нь дээрх гараашийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээгүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заажээ.
Зөвхөн дээрх гараашийн газрын төлбөрийг 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш Ж.Б..., Ж.Б... нар төлсөн байгааг үндэслэн нэхэмжлэгчийг тухайн гараашийн газрыг эзэмших эрхтэй гэж үзэх боломжгүй байна.
Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Бусдын эзэмшил газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан гэрээний хугацаа дуусахаас өмнө газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснээр нөхөн олговор олгох шийдвэр гаргана” гэж заасан байхад нэхэмжлэгч нь дээрх гараашийн газарт нөхөн олговор шаардах эрхгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр Ж.Б...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасныг баримтлан хариуцагч Б... дүүргийн Засан даргаас 13 320 000 төгрөг гаргуулах тухай Ж.Б...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 020 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖ