| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0882/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/908 |
| Огноо | 2024-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч М.эзаяа,
шүүгдэгч *******,
хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ы *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405031931346 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, хувиараа элс хайрга борлуулдаг ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, урьд нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялаас чөлөөлөгдсөн, /РД:УХ*******/, ******* овогт *******ы *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” баарны орчимд *******ы биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “*******өөс 2.000.000 төгрөг авсан. Бид хоёр хамтдаа ажиллаж байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.
Гурав: Эрүүгийн 2405031931346 дугаартай хэргээс.
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ы хохирогчоор өгсөн: “Би ******* гэх залуутай 1 жилийн өмнө өөрийнх нь “Хово” маркийн машиныг барихаар ажилд орохдоо танилцаж байсан. 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр *******, гэх найзынх нь төрсөн өдөр гээд уулзаж хоолонд орох гэж байгаа гэхээр нь би цуг явъя гэж хэлсэн. Тэгээд буюу //, ******* бид гурав 10 дугаар хорооллын “Stella-д” байрлах хятад хоолны газар орж хоол идэж архи уусан. Шөнө 12 цагийн үед хоолны газраас гараад төмөр замын “Эргэн дурсахуй” бааранд орж дөрвүүлээ 0.75 граммын “Эден” архи аваад хувааж уусан. Удалгүй үл таних эрэгтэй хүн Германаас ирсэн гээд *******тэй юм яриад суугаад байсан. Тэгээд 03 цагийн үед баар хааж ах хоёулаа гэр нэг зүгт юм чинь харья гэхэд ******* бааранд танилцсан залуутай зууралдаад явахгүй байсан. ах такси олоод ******* ах, Жижгээ ахыг явуулах гэсэн боловч явахгүй байхаар нь ах такси бариад өөрөө яваад өгсөн. Би *******ийг салгаад явах гэхэд намайг “СU” ороод архи, пиво байна уу хараад ир гэхээр нь ойролцоо байх “СU” орчхоод гарч *******өд пиво зарж байна гурвуулаа цуг оръё гэхэд би та нарын баас шээсийг бэлдэж байгаа ороод аваад ир гэхээр нь тийм юм байхгүй Жижгээ бид хоёр таны өрийг дарах гээд нойр хоолгүй ажиллаж байгаа гэхэд чи яасан миний аав ээж рүү ярих уу гэхээр нь ярина гээд би ээж рүү нь залгахад шууд босож ирээд үсдэж дараад нүүр толгой руу цохиод миний утсыг өшиглөөд эвдэж, гинжийг маань тасалсан. Би зугтаах үед миний хойноос гүйгээд чулуу хаана байна ална гэхээр нь би босоод гүйх гэхэд дахин миний үснээс зулгаагаад нүүр толгой руу цохиод миний толгой эргээд сууж байхад ******* би яг одоо ална гээд модны ёроолоос чулуу авах гэж байхаар нь би босоод зам руу гараад нэг хүнээс цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа дуудсан. Цагдаа дуудаад ирэхгүй байхад ******* намайг дараад зодоод байхад Жижгээ салгах гээд би “СU” руу ороод худалдагчийнх нь дугаараас гэрийнхэн рүүгээ ярьсан. Миний толгой эргээд, зүүн гар атгаж болохгүй, тохой зулгарсан, дээд, доод уруул сэтэрсэн, цээж зулгаралттай байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гомдолтой байна. Би хариу үйлдэл үзүүлж биед нь халдаж цохиогүй. Харин намайг цохихоор нь би биеэ хамгаалаад нүүр амаа дарсан. Намайг зодож байхад Жижгээ хажууд байсан боловч тасарчихсан байсан. Би “Iphone X” маркийн гар утсыг 2023 онд дүүгээсээ 500.000 төгрөгөөр авч байсан. Мөнгөн гинжийг маань манай эхнэр бэлгэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ы хохирогчоор дахин өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 20-ны шөнө 01 цагийн үед *******, , буюу /Жижгээ гэж дуудаг/ ах нартай хамт Баянгол дүүргийн 04 дүгээр хороо “Эргэн дурсахуй” бааранд ороод бид дөрөв 0,75-тай “Эвок” гэдэг архинаас 3 шилийг ууж дуусгаад 04 цагийн үед явахаар болоод уг баарнаас гарсан. Баарны гадаа ах тасраад замын хажууд унтаад өгсөн. ******* ах үл таних хүнтэй юм яриад явахгүй байсан. Тэгсэн ах наад хоёрыгоо такинд суулгаад явуулчхаарай гээд өөрөө такси бариад яваад өгсөн. ******* ах “СU” дэлгүүрт архи байна уу харчхаад ир гээд намайг явуулсан. Тэгээд би “СU” дэлгүүр рүү ороод харсан чинь архи байхаар нь одоо нэмж уувал тасарчхаж магадгүй гэж бодоод аваагүй. Тэгээд буцаж ******* ах дээр ирээд архи байхгүй байна гээд хэлсэн чинь арчаагүй шдээ чиний баас шээсийг чинь би бэлдэж байгаа зайл гээд намайг хөөгөөд байхаар нь миний дургүй хүрээд май энэ машины түлхүүрээ ав гэхэд чи эрүүлдээ наад түлхүүрээ авчирч өг явах гэж байгаа бол бүгдэд нь хэлээд яваарай гэхээр нь би ээж рүү нь залгаад би танайд ажиллахаа болилоо гэсэн чинь ******* ах босож ирээд намайг үсдэж дараад миний нүүр болон толгой руу олон удаа цохиж зууралдаж байхад миний утас болон гинж газар унасан тэгээд удалгүй ах босож ирээд бид хоёрыг салгахад би зугтаагаад “СU” дэлгүүр рүү ороод худалдагчийн утсыг нь гуйж байгаад цагдаад дуудлага өгсөн. ******* ах чиний баас шээсийг би бэлдэж байна гэж томорсноос болж маргаан эхэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Эргэн дурсахуй” баарны орчимд *******ы биед халдаж хөнгөн хохирол санаатай учруулсан гэх дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 7 дугар сарын 20-ны өдөр буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд 124.762 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)
4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9723 дугаартай “*******ы биед уруул, завжинд язрал, цээж, тохой, баруун сарвуунд зулгаралт, уруул, хацар, шанаа, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ийн яллагдагчаар өгсөн: “Би хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн. ******* нь надад гомдол санал байхгүй гэсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
2024 оны 7 дугаар сарын 20-нд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд *******, ******* нар нь бусад этгээдийн хамтаар төрсөн өдрийн баяр тэмдэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тус баарны гадна үл ялих зүйлээс маргалдаж, ******* нь *******ыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн хэргийн үйл баримт авагджээ.
******* нь *******ыг үсдэж, нүүр, толгойн тус газарт гараараа цохиж, өшиглөсний улмаас уруул, завжинд язрал, цээж, тохой, баруун сарвуунд зулгаралт, уруул, хацар, шанаа, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
*******ы хохирогчоор өгсөн: “...*******өд пиво зарж байна гурвуулаа цуг оръё гэхэд би та нарын баас шээсийг бэлдэж байгаа ороод аваад ир гэхээр нь тийм юм байхгүй Жижгээ бид хоёр таны өрийг дарах гээд нойр хоолгүй ажиллаж байгаа гэхэд чи яасан миний аав ээж рүү ярих уу гэхээр нь ярина гээд би ээж рүү нь залгахад шууд босож ирээд үсдэж дараад нүүр толгой руу цохиод миний утсыг өшиглөөд эвдэж, гинжийг маань тасалсан. Би зугтаах үед миний хойноос гүйгээд чулуу хаана байна ална гэхээр нь би босоод гүйх гэхэд дахин миний үснээс зулгаагаад нүүр толгой руу цохиод миний толгой эргээд сууж байхад ******* би яг одоо ална гээд модны ёроолоос чулуу авах гэж байхаар нь би босоод зам руу гараад нэг хүнээс цагдаа дуудаад өгөөч гэж гуйгаад цагдаа дуудсан...Би хариу үйлдэл үзүүлж биед нь халдаж цохиогүй. Харин намайг цохихоор нь би биеэ хамгаалаад нүүр амаа дарсан. Намайг зодож байхад Жижгээ хажууд байсан боловч тасарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал), *******ы хохирогчоор дахин өгсөн: “...******* ах дээр ирээд архи байхгүй байна гээд хэлсэн чинь арчаагүй шдээ чиний баас шээсийг чинь би бэлдэж байгаа зайл гээд намайг хөөгөөд байхаар нь миний дургүй хүрээд май энэ машины түлхүүрээ ав гэхэд чи эрүүлдээ наад түлхүүрээ авчирч өг явах гэж байгаа бол бүгдэд нь хэлээд яваарай гэхээр нь би ээж рүү нь залгаад би танайд ажиллахаа болилоо гэсэн чинь ******* ах босож ирээд намайг үсдэж дараад миний нүүр болон толгой руу олон удаа цохиж зууралдаж байхад миний утас болон гинж газар унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), С.-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 9723 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ийн яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 51-52 дахь тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч нь хохирогчийг үсдэж, нүүр, толгойн тус газарт гараараа цохиж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь уруул, завжинд язрал, цээж, тохой, баруун сарвуунд зулгаралт, уруул, хацар, шанаа, сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тай маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч *******ы биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй” гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байх ба хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хохирогчийн яаралтай тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцаж 124.762 төгрөгийн зардал гарсан болох нь (хавтаст хэргийн 43 дахь тал)-д авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 124.762 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс торгох ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ы *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******өөс 124.762 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
6. Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ