Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00503

 

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2022/00503

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, * дугаар байр, * тоотод оршин суух, Б ургийн овогтой Р-ийн Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, * дугаар байр, *тоотод оршин суух, Д овогт Л-ийн Х /РД:чо87110375/

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э

хариуцагч Л.Х

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Б нь Л.Хэд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Р.Б миний бие анх 2007 онд Л.Хтэй таницаж, 2009 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн бөгөөд бидний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр охин Х.А төрсөн. Бид 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний амьдрал санхүүгийн хувьд тийм ч боломжийн байгаагүй тул би БНСУ-д Олон улсын худалдаа бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж ирээд ажиллахаар болсон. Ингээд би 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БНСУ руу сурахаар явсан бөгөөд охин Агаа аав Хэд нь үлдээгээд явсан. Миний бие БНСУ-д сургалцахаар ирснээс хойш охинтойгоо байнгын холбоотой байж хэрэглээний мөнгө, хувцсыг нь явуулж ирсэн. Гэтэл Л.Х нь 2019 оноос эхлэн утсаар ярих нь багасаж, ярихаараа хэл амаар доромжилж, таарамжгүй харилцаатай байдаг болсон. Бүр сүүлдээ охинд минь намайг буруугаар ойлгуулж, утсаар яриулахаа больсон. Миний бие 2017 оноос хойш охиноо санаад Монголдоо очиж охинтойгоо хэд хэдэн удаа уулзаж байсан. Мөн миний охин утсаар ярих бүрдээ ээжийгээ санаад байна, ээжтэйгээ хамт баймаар байна гэдэг байсан тул 2020 онд миний ээж манай охин Х.Аг аваад хамтдаа БНСУ-д ирж надтай хамт хэсэг хугацаанд байсан. Гэвч Ковид-19 цар тахлаас болоод Монгол руу буцаад дахин ирж уулзаж чадаагүй байна. Би 2022 онд сургуулиа төгсөөд Монголдоо очиж ажиллаж, охинтойгоо хамт амьдрах хүсэлтэй байна. Иймд дараах нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:

1/ Гэрлэлтээ цуцлуулна.

2/ Хүүхдийн асрамжийг өөртөө авч, тэтгэлэг тогтоолгоно. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Р.Б-тэй анх 2007 онд дээд сургуулийн нэг ангид орж анх танилцаж байсан. 2009 он хүртэл үерхэж байгаад 2009 онд нэг гэрт орж хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр охин Х.А мэндэлсэн. Эхнэр бид хоёр дээд сургуулиа төгсөж чадалгүй замаас нь орхисон. Охиноо төрсний дараа 2013 онд Нийслэлийн амгалан амаржих газар ажилд орж 2019 онд ажил гэрээ ойртуулж охиноо сургууль, цэцэрлэгт нь хүргэж илүү олон цагийг охинтойгоо өнгөрүүлэхийн тулд ажлаасаа гарсан. Эхнэр Р.Б 2016 онд Санюүүк коллежид сургч эхэлсэн бөгөөд 2017 онд төгсөж тэр жилийнхээ 9 дүгээр сард нь цалингийн зээл авч эхнрээ БНСУ руу сургахаар явуулсан. Үүнээс хйш 5 жилийн хугацаанд долоо хоногоор, арван дөрвөн хоногоор гуравхан удаа ирж байсан. Би охиноо 5 настай цэцэрлэгийн хүүхэд байхад нь анх авч үлдэж байсан бөгөөд эхнэртээ дараа болчих вий гэсэн сэтгэлээр өдий хүртэл охиноо асарч, ээжийн орон ээж болж өдий хүртэл эрүүл, саруул бойжуулж өсгөж байгаа. Хол байгаа хосуудын хооронд үл ойлголцол маргаан гардаг байсан бөгөөд энэ нь олон жилийн хугацаанд салах хүртэл явжээ. Ингээд би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Охиноо эхийн асрамжид өгч, хүүхдийн тэтгэлгийг төлнө гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд Н.Э-д шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл /хх4/, Р.Б-ийн гадаад паспортын хуулбар /хх5/, гэрлэлтийн баталгааны хуулбар /хх6/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх7/, Р.Б-ийн сургуульд сурч буй тодорхойлолт /хх8-9/, ажлын газрын тодорхойлолт /хх10-11/, тэтгэлгийн тодорхойлолт /хх12-13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №401 Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 14/-ийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас шүүхэд Х.А-гийн төрсийн гэрчилгээний хуулбар /хх27/, Өрхийн эмнэлгийн тодорхойлолт /хх28/, Сургуулийн тодорхойлолт /хх29/-ыг гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Р.Б болон Л.Х нар 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор бүртгэж, 1107000712 дугаар гэрлэлтийн гэрчилгээ олгосон ба гэрлэгчдийн дундаас 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр охин Х.А төржээ.

 

2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Р.Б нь Л.Хэд холбогдуулж гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ ...зан харьцааны таарамжгүй байдлын улмаас хамт амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.

 

Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №401 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл-ээр тогтоогдож байна.

 

Талууд тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан охин Х.Аг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай харшлахгүй.

 

Түүнчлэн хүүхдүүд эхийн асрамжид үлдэж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж хүүхдэд олгохоор шийдвэрлэх нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ургийн овогтой Р-ийн БД ургийн овогтой Л-ийн Х нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр охин Х.Аг эх Р.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн охин Х.Аг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг Л.Х-ээс гаргуулан охин Х.А-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ