| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0909/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/920 |
| Огноо | 2024-11-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/920
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405022211241 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 30-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой /бичиг үсэг мэднэ/, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, одоогоор Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн халамжийн төв байранд байрлаж байгаа гэх, урьд нь:
-2002 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 662 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 30,000 төгрөгийн торгох ял шийтгэгдсэн,
-2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
-2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн,
-2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
-2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 346 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 5 сар 05 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
-2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1083 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн,
-2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 220 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЖЮ*******/, ******* овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс 2 захын архи, ундаа зардаг лангуун дээрээс хохирогч *******гийн эзэмшлийн “Samsung A54” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 767.940 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоор Сонгинохайрхан дүүргийн нийгмийг хамгаалах төвд амьдарч байгаа. Мөн төвд амьдардаг нэг багш эмэгтэйтэй амьдрал зохиож байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. ” гэв.
Гурав: Эрүүгийн 2405022211241 дугаартай хэргээс.
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн өгсөн: “2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Барс-2 захаас архи болон ундаа авах гэж орсон. Тэгээд би ундааны лангууны хамгийн эхний хаалгаар ороод худалдагчаас нь ундаа авах гэхэд ундаагаа сонгоод ав гэхээр нь ундаагаа сонгох гээд барьж явсан гар утсаа лангуун дээр нь үлдээгээд ундааны төрөл төрлөөс нь сонгоод аваад гар утсан дээрээ ирэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд би гар утас руугаа залгаж үзэхэд дуудаж байсан ба авахгүй байсан. Миний гар утасны цэнэг дуусаад унтарсан байх одоо холбогдож боломжгүй байгаа. Тухайн лангуун дээр надаас өөр хүн байсан...Хяналтын камер байсан би шүүж үзэхэд 40-45 орчим насны хөх өнгийн саравчтай малгай, хар куртиктэй настай ах байсан ба над руу харж байгаад миний гар утсыг аваад гарчихсан... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
3. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Samsung A54” загварын гар утас нэг ширхгийг 767.940 төгрөгөөр үнэлсэн...” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-22 дахь тал)
4. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Би 1-4 хүртэл дугаарласан зургуудыг харлаа. Үүнээс 1 гэх зураг дээр байгаа этгээд Барс-2 захын архи, ундааны лангуун дээрээс миний гар утсыг авч явсан хүн мөн байна. Би тухайн лангуун дээр ундаа авах гээд зогсож байхад архи худалдаж аваад явж байсан болохоор би өмссөн хувцас, зүс царайгаар сайн таньж байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-31 дэх тал)
5. Дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-2 захын архи, ундаа зарж борлуулдаг лангуунд 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр саарал малгай, хар куртиктэй, 40-45 насны сэжигтэн этгээд хохирогч эмэгтэй лангуун дээр үлдээсэн гар утсыг аваад зүүн талынхаа куртикний халаасанд хийж байгаа дүрс бичлэг үлдсэн байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 33-36 дахь тал)
6. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...хохирогч *******д “Samsung A54” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 37 дахь тал)
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Уугантулгын өгсөн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр өглөө эрт байсан ойролцоогоор 12 цагийн үед байх Барс-2 захын архи ундаа зарах бөөний төв буюу хойд талын лангуунуудын хамгийн захын лангуу руу орж 200 граммын Хараа нэртэй архи авч уусан. Би архи авах гээд явж байхдаа ганцаараа явж байсан. Тэгээд би тухайн газраас гарах гэтэл лангуун дээр нэг гар утас үлдээчихсэн байсан. Тэгэхээр нь би тухайн хавиар хүн харж байгаад архиа аваад бас тухайн лангуун дээр байсан гар утсыг аваад гарсан. Би тухайн гар утсыг авч гараад Хархорин захын гүүрэн доор гар утас авдаг ченж нар дээр очоод тухайн гар утсыг 150.000 төгрөгөөр зарсан. Тухайн гар утсыг зарсан мөнгөө би бэлэн мөнгөөр авсан. Тухайн үед би согтуу байсан болохоор нэг их зүйл санахгүй байна. Тухайн гар утсыг ямар загварын, ямар өнгөтэй гар утас байсан талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-17 дахь тал)
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Д.Уугантулгын өгсөн: “Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан тул надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би хэргийнхээ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.Уугантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал гаргасныг шүүгдэгчээс хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч ******* нь 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Барс-2 захын архи, ундаа зардаг лангуунаас худалдан авалт хийж байсан *******г лангуун дээр өөрийн эзэмшлийн “Samsung A54” гар утсаа түр тавьсан байх үед хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 767.940 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт авагджээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Хохирогчийн гар утсыг хулгайлан авсан үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч ******* нь өөрийн эзэмшлийн гар утсыг лангуун дээр түр тавьж, өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд хяналтын прокуророос түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Д.Уугантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
Хохирогч *******гийн 767.940 төгрөгийн үнэлгээ бүхий “Samsung A54” загварын гар утас биет байдлаар буцаан олгогдсон нь “...хохирогч *******д “Samsung A54” загварын гар утсыг хүлээлгэн өгсөн...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул (хавтаст хэргийн 37 дахь тал) шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогчийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, нөгөө талаас түүний хувийн байдалд хамаарах урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй дахин өмчлөх эрхийг эсрэг буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих” гэсэн гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар түүнд долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******* овогт *******ын Уугантулгыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Уугантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ