| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00721/И |
| Дугаар | 102/ШШ2022/01018 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/01018
2022 оны 03 сарын 23 өдөр Дугаар 102/ШШ2022/01018 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: АНУ-ын К... муж, Сан Хосе 1100-Оахмент .... тоотод оршин суух, регистр ..., Б... овогтой О...ын Б...ийг төлөөлж Г.У...,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар хороолол, .... дугаар байрны .. тоотод оршин суух, регистр .., Д.. овогтой Н. А.,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.
Хариуцагч Н.А... өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.Б. нь Н.А.ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Миний бие Н.А.той 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Б.А. 2008 оны 6-р сарын 28-ны өдөр, охин Б.Энх-Учрал 2012 оны 5-р сарын 31-ний өдөр төрсөн. Миний бие 2010 оноос АНУ-д ажиллаж амьдарч байна. Энэ хугацаанд Н.А. өөр хүнтэй холбогдож амьдрал зохиосон тул цаашид хамт амьдрах боломжгүй байна. Дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн .-р хороо, .-р байрны . тоот ... өрөө байр, Приус 20 маркийн автомашиныг эхнэр хүүхдүүддээ үлдээж, хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөд татгалзахгүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Би анх О.Б.той 2008 онд Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн газарт гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас Б.А., Б.Э. нар төрсөн. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлах албанд цаашид хамтран амьдрах боломжгүй тухайгаа илэрхийлсэн бөгөөд миний зүгээс гэрлэлтээ цуцлуулах тал дээр татгалзах зүйлгүй. Хүү Б_А., охин Б.Э. нарыг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 5/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай 2022 оны 1-р сарын 19-ний өдрийн тэмдэглэл /хх 7/,
Хариуцагчаас хүү Б.Анандын төрсний гэрчилгээний хуулбар /хх 24/, охин Б.Э.ын Монгол улсад оршин суух үнэмлэх /хх 26/ зэрэг баримтуудыг тус тус гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2019 оноос тусдаа амьдарч байгаа, Н.А. нь өөр хүнтэй болсон, цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахаар шаарджээ.
3.Хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг зөвшөөрсөн, 2 хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
О.Б., Н.А. нар нь 2008 гэрлэж хамт амьдрах хугацаандаа 2008 оны 6-р сарын 28-ны өдөр хүү Б.А., 2012 оны 5-р сарын 31-ний өдөр охин Б.Э. нарыг төрүүлж /хх 24-26/ өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Гэрлэгч АНУ-д ажиллаж амьдарч байгаад эхнэр Н.А. нь 2019 онд Монгол улсад ирсэн, түүнээс хойш тусдаа амьдарч байгаа, одоо хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болсон нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. Цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигч гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг О.Б. нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргаагүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, хүүхдийн эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан О.ын Б., Н. А. нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 6-р сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.А., 2012 оны 5-р сарын 31-ний өдөр төрсөн охин Б.Э. нарыг эх Н.А.ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Э.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.А., охин Б.Э. 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг О.Б.оор тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Н.А....оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА