Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 146

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч  Х.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж

Шүүгдэгч Д.Барсболдын өмгөөлөгч И.Отгонсүрэн

Шүүгдэгч Д.Эрдэнэбадрахын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах нарт холбогдох эрүүгийн 201419000154 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн.1983 оны12 дугаар сарын 19-нд төрсөн. 34 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, аав, ээж, дүү нарын хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын 3 дугаар багийн Давст гэх газар оршин суух, улсаас гавъяа шагналгүй, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэгдэж 01 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Балчиг овгийн Дуламрагчаагийн Барсболд РД/НЛ:83121970/

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, эрэгтэй, халх, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн Номгоны ар гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 05 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан Мөнгө овгийн Дагвын Эрдэнэбадрах РД/ЙГ:74030816/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах нар нь бүлэглэн,  2014 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст багийн нутаг Агуйт гэх газраас иргэн Р.Жаргалын өвөлжөөний модон амбаарт хууль бусаар нэвтэрч 5 ш хивс, 12 цагаантай эмээлийн мод, хурган дотортой эрэгтэй дээл 2 ш, эрэгтэй хүний монгол гутал зэрэг эд зүйлийг 00-53 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэрэглэж хулгайлан бусдад 9.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Барсболд шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Дэлгэрхаан сумын төв дээр Эрдэнэбадрахтай архи ууж байхад тэр надад Жаргал өвөлжөөнөөсөө хаваржаа руугаа нүүж байхад өвөлжөөнийх нь амбаарт 12 цагаан мөнгөтэй эмээл үлдсэн талаар яриад бид хоёр эмээлийг нь авахаар болж тохироод орой 22 цагийн орчимд Эрдэнэбадрах бид хоёр миний эзэмшлийн 00-53УНК улсын дугаартай Хуандай Грейс маркийн машинтай яваад сумынхаа шатахуун түгээгүүрээс түлш аваад  Жаргалын бууцан дээр очиход УАЗ 53 маркийн эвдэрхий тээврийн хэрэгсэл байхаар нь кабин дотроос нь лапатка шиг төмөр аваад модон амбаарынх нь цоожийг  хөшиж онгойлгоод амбаарт орж шар өнгийн модон авдар цоожгүй байхаар нь онгойлгож үзэхэд 12 цагаантай шар модтой, цэнхэр оломтой, 2 ш жирэмтэй, дөрөө, гөлөм байхгүй эмээл, хурган дотортой эрэгтэй хүний бор гадартай дээл, хүрэн өнгийн хээ угалзтай эрэгтэй хүний жижгэвтэр монгол гутал зэргийг аваад авдарны хажууд хуйлж тавьсан байсан хивснүүдийг аваад хотруу явсан. Замдаа Баянхангай сумын шатахуун түгээх станц дээр очоод түгээгчид нь 15 литр түлшээр хоёр хивсийг нь өгөөд хот орж Саппоро дээр машинаа тавиад үстэй дээлээ машинд үлдээгээд эмээлийг авч Нарантуул захруу очоод 30 гаруй насны дунд зэргийн нуруутай залууд Эрдэнэбадрах бид хоёр 480 000 төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хуваагаад Эрдэнэбадрах монгол гутал, үстэй дээл хоёрыг аваад такси бариад явсан. Би тэндээсээ Яармагт байх гэр рүүгээ явсан. 2014 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Жаргал надруу яриад та хоёр манай амбаараас авсан юмаа буцаагаад өгчих гэхээр нь би юу яриад байгаа юм бэ бид хоёр аваагүй гэж хэлээд утсаа тасалсан. Дараа нь би хэргээ үнэнээр нь хүлээн мэдүүлсэн. Би Жаргалын хохиролыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Шүүгдэгч Д.Эрдэнэбадрах шүүхийн хэлэлцүүлэгт болон  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Барсболд бид хоёр түүний микро маркийг тээврийн хэрэгсэлтэй явж байхад Барсболд надад Жагаагийнд манай өвөөгийн эмээл байх ёстой гээд хоёул тэр эмээлийг нь авахаар болоод Жаргалын өвөлжөөний амбаарын цоожийг Барсболд хөшиж онгойлгоод ороход авдар нь онгорхой байсан. Тэр авдраас нь  мөнгөн тоногтой модон эмээл,  хивс, эрэгтэй хүний 2 ширхэг хурган дотортой дээлийг аваад хотруу явах замдаа хоёр хивсийг нь түлшнээс өгөөд хот орж эмээлийг нь 480 000 төгрөгөөр өгөөд дээлийг нь Барсболдын машинд үлдээгээд явсан. Үстэй дээл гутал хоёрыг нь таксинд орхиод алдсан. Хэрэг хийж учруулсан хохиролоо нөхөн төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж  байна гэв.

            Хохирогч Р.Жаргал шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтэндээ: Р.Жаргал миний бие Д.Барсболд нараас хохиролдоо бэлэн мөнгө, адуу, үхэр, тэмээ, хонь ямаа авч хохиролоо барагдуулсан тул санал гомдол байхгүй болно гэжээ.

            Хохирогч Р.Жаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Агуйт гэх газар байх манай өвөлжөөний амбаараас 2014 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 3*4 харьцаатай шар эрээн өнгийн шинэ хивс, 2*1,5 харьцаатай орны араар татдаг ягаан эрээн өнгийн 2 ш хуучин хивс, 2*1,5 харьцаатай улаан эрээн өнгийн 2 ш хуучин хивс, хурган дотортой хар өнгийн гадартай эрэгтэй хүний дээл, хүрэн өнгийн пүүсүү гадартай хурган дотортой дээл, хуучин цагийн эрэгтэй хүний 38 өмсгөлтэй хээ угалзтай монгол гутал зэргийг алдсан юм. Эмээлээ 3,5 сая төгрөгөөр, 3*4 харьцаатай шинэ хивсээ 300 000 төгрөгөөр, 2*1,5 харьцаатай орны араар татдаг ягаан эрээн өнгийн 2 ш хуучин хивсээ тус бүрийг нь 150 000 төгрөгөөр, 2*1,5 харьцаатай улаан эрээн өнгийн 2 ш хуучин хивсээ тус бүрийг нь 100 000 төгрөгөөр, эрэгтэй хүний хурган дотортой дээлээ 1 000 000 төгрөгөөр үнэлнэ. Монгол гутлаа мөнгө хатуу байхад 1991 онд аав минь 1 500 000 төгрөгөөр авч байсан юм. Тэгэхлээр би одоо би түүнийг 5 000 000 төгрөгөөр үнэлнэ. Манай бууцруу юм зөөх үед Эрдэнэбадрах хамт зөөлцөж өгсөн юм. Тэгэхдээ л амбаарт байгаа юмыг маань харсан байх. Хэрэг гарах үеэр Эрдэнэбадрах, Барсболд нар хотруу явчихсан байхаар нь би сэжиглэсэн юм. Энэ хоёроос өөр хүн авах боломжгүй юм. Алдсан эд  зүйлээ би нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/

            Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх 2014 оны 02 дугаар сарын сүүлээр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Агуйт гэх газарт байрлах өвөлжөөнөөсөө нүүж хаваржаандаа буусан ба мөн оны 03 дугаар сарын 10-ны өдөр манай Агуйт гэх газар байрлах өвөлжөөний амбаарт хулгай ороод дотроос нь эд зүйл алдагдсан бололтой байна гэхээр нь би нөхөр Жаргалын хамт өвөлжөөн дээрээ ирж үзэхэд манай амбаарын цоожийг хөшиж эвдээд цоожийг нь буцаагаад цүүнд нь өлгөсөн байсан ба амбаарт орж эд зүйлээ бүртгэхэд 12 цагаан мөнгөн тоногтой эмээл 5 ширхэг хивс, 2 ш хурган дотортой эрэгтэй хүний дээл зэрэг эд зүйлс алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

            Т.Найданжүдийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны 03 дугаар сарын 10-ны өглөө Баяржаргал надруу яриад манай өвөлжөөнд хулгай орсон байна уу үгүй юу очоод үзээд өгөөч гэхээр нь Энхтөртэй өвөлжөөн дээр нь очоод үзэхэд модон амбаарт нь хулгай орсон байдалтай, цоожийг нь эвдлээд цүүнд нь зүүсэн байсан. Тэгээд амбаарт нь орж үзэхэд дээврээс нь зүүсэн байсан хивс байхгүй харагдсан. Би буцаж ирээд Жаргал, Баяржаргал нарт амбаарт хулгай орсон талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас

            Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: Намайг гэртээ байж байхад 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баяржаргал надруу яриад манай өвөлжөөний амбаарт хулгай орсон байна уу үгүй юу шалгаад өгөөч гээд байхаар нь хүү Найданжүд, Энхтөр хоёрыг явуулаад үзүүлэхэд амбаарынх нь цоожийг эвдэлсэн байна. Мэдэхээр хивсийг нь хуйлгалсан байна гэж хэлж ирсэн. Би цагийг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай том хүү Найданжүд гэрээс гарч орж ирээд Жаргалын өвөлжөөний орчим машины  гэрэл асаад арын даваагаар нь даваад явчихлаа  гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

            Гэрч Г.Лхагвабаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: Жаргалын эхнэр Баяржаргал  бол миний төрсөн дүү юм. 2014 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Агуйт гэдэг газар байх өвөлжөөн дээр очиход амбаарын хаалгыг даруулгаар нь дараад цоожийг нь зүүчихсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа Баяржаргал надруу утасдахаар нь амбаар нь онгорхой байсан талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53,81 хуудас/

Шүүгдэгч Д.Эрдэнэбадрахын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуудас/

Шүүгдэгч Д.Барсболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нар нь бүлэглэн, 00-53 УНК улсын дугаартай Hyundai grace маркийн тээврийн хэрэгсэл хэрэглэж 2014 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Төв аймгийн Дэлгэрхаан сумын Давст багийн нутаг “Агуйт” гэх газраас хохирогч Р.Жаргалын өвөлжөөний модон амбаарт хууль бусаар нэвтэрч 5 ш хивс, 12 цагаантай эмээлийн мод, хурган дотортой эрэгтэй дээл 2 ш, эрэгтэй хүний монгол гутал зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад 9.070.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Барсболдын ... 22 цагийн орчимд Эрдэнэбадрах бид хоёр миний эзэмшлийн 00-53УНК улсын дугаартай Хуандай Грейс маркийн машинтай яваад сумынхаа шатахуун түгээгүүрээс түлш аваад  Жаргалын бууцан дээр очоод модон амбаарынх нь цоожийг хөшиж онгойлгоод амбаарт орж шар өнгийн модон авдар цоожгүй байхаар нь онгойлгож үзэхэд 12 цагаантай шар модтой, цэнхэр оломтой, 2 ш жирэмтэй, дөрөө, гөлөм байхгүй эмээл, хурган дотортой эрэгтэй хүний бор гадартай дээл, хүрэн өнгийн хээ угалзтай эрэгтэй хүний жижгэвтэр монгол гутал зэргийг аваад авдарны хажууд хуйлж тавьсан байсан хивсийг аваад хотруу явсан. хивсийг түлшээр өгөөд хот орж эмээлийг нь Эрдэнэбадрах бид хоёр 480 000 төгрөгөөр зараад мөнгөө тэнцүү хувааж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуудас/, шүүгдэгч Д.Эрдэнэбадрахын ...Жаргалын өвөлжөөний амбаарын цоожийг Барсболд хөшиж онгойлгоод ороход авдар нь онгорхой байсан. Тэр авдраас нь  мөнгөн тоногтой  хагас хугас нь байхгүй модон эмээл,  хивс, эрэгтэй хүний 2 ширхэг  хурган дотортой дээлийг аваад хотруу явах замдаа хивсийг нь  түлшнээс өгөөд хот орж эмээлийг нь 480 000 төгрөгөөр өгөөд дээлийг нь Барсболдын машинд үлдээгээд явсан. Үстэй дээл гутал хоёрыг нь таксинд орхиод алдсан гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/, хохирогч Р.Жаргалын... манай амбаараас 2014 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 3*4 харьцаатай шар эрээн өнгийн шинэ хивс, 2*1,5 харьцаатай орны араар татдаг ягаан эрээн өнгийн 2 ш хуучин хивс, 2*1,5 харьцаатай улаан эрээн өнгийн 2 ш хуучин хивс, хурган дотортой хар өнгийн гадартай эрэгтэй хүний дээл, хүрэн өнгийн пүүсүү гадартай хурган дотортой дээл, хуучин цагийн эрэгтэй хүний 38 өмсгөлтэй хээ угалзтай монгол гутал зэргийг алдагдсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуудас/, гэрч Г.Баяржаргалын... манай амбаарын цоожийг хөшиж эвдээд цоожийг нь буцаагаад цүүнд нь өлгөсөн байсан ба амбаарт орж эд зүйлээ бүртгэхэд 12 цагаан мөнгөн тоногтой эмээл 5 ширхэг хивс, 2 ш хурган дотортой эрэгтэй хүний дээл зэрэг эд зүйлс алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/, гэрч Т.Найданжүдийн ... Жаргалын өвөлжөөн дээр Энхтөртэй очиход модон амбаарт нь хулгай орсон байдалтай, цоожийг нь эвдлээд цүүнд нь зүүсэн байсан. Тэгээд амбаарт нь орж үзэхэд дээврээс нь  зүүсэн байсан хивс байхгүй харагдсан. Би буцаж ирээд Жаргал, Баяржаргал нарт амбаарт хулгай орсон талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуудас/, гэрч Ц.Бат-Эрдэнийн... хүү Найданжүд, Энхтөр хоёрыг явуулаад Жаргалын амбаарыг үзүүлэхэд амбаарынх нь цоожийг эвдэлсэн байна. Мэдэхээр хивсийг нь хуйлгалсан байна гэж хэлж ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/,гэрч Г.Лхагвабаатарын...Агуйт гэдэг газар байх өвөлжөөн дээр очиход амбаарын хаалгыг даруулгаар нь дараад цоожийг нь зүүчихсэн байсан. Тэгээд 2 хоногийн дараа Баяржаргал надруу утасдахаар нь амбаар нь онгорхой байсан талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-11 хуудас/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Төв аймгийн Прокурорын газраас Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах нарт  холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул тэдгээрийг бүлэглэн, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохиролд хохирогч Р.Жаргал нь шүүгдэгч Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах нараас 9.070.000 төгрөгийн хохиролыг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах нар нь хохирогч Р.Жаргалын нэхэмжилсэн 9 070 000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан, хохирогч нь шүүгдэгч нараас  нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул шүүгдэгч нарыг  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан  гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Барсболд нь Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 38 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэгдэж 01 жил, 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан, шүүгдэгч Д.Эрдэнэбадрах нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1/66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 05 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан тэдгээрийн ялтай байдал арилсан байх тул тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна гэж заасан байх ба шүүгдэгч Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2014 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх тул энэ хуулинд хамаарагдаж байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хамаарахгүй байх ба мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх тул Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Барсболдын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 00-53 УНК улсын дугаартай Грейс маркийн тээврийн хэрэгсэлийн гэрчилгээгээр уг тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н.Хишигбаяр гэх хүн байх боловч Н.Хишигбаяр нь мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг Барсболдтой хамтран амьдарч байхад 00-53УНК улсын дугаартай машиныг Барсболд худалдан авч миний нэр дээр бичиг баримтыг нь авсан юм. Барсболд уг машинаар нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг байсан ба өөрийнхөө нэр дээр авах гэхээр хөдөөний хаягтай байсан болохоор миний нэр дээр бүртгүүлж хотын дугаар авсан юм. Тухайн үед орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл шугаманд явуулдаггүй байснаас  дугаар авах гэж машинаа миний нэр дээр болгосон. Надад энэ машин огт хамааралгүй юм гэжээ. /Хх-ийн 86 хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Барсболд энэ талаар мэдүүлэхдээ: Миний гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 00-53 УНК улсын дугаартай Грейс маркийн тээврийн хэрэгсэл бол миний худалдаж авсан машин. Н.Хишигбаяр гэх хүүхэнтэй хамтран амьдарч байхдаа шугаманд явах гэж худалдаж авсан юм. Би өөрөө хөдөөний хаягтай байсан болохоор хотын дугаар надад өгөхгүй байсан. Тухайн үед хөдөөний дугаартай машиныг шугаманд явуулдаггүй байсан болохоор машиндаа хотын дугаар авах л гэж хотын хаягтай Хишигбаярын нэр дээр болгосон юм. Дараа нь би энэ машиныг дүүдээ өгсөн. Дүү хөдөөний хаягтай байсан болохоор нэр дээрээ машиныг шилжүүлж болохгүй байсан юм. Дүү бид хоёрын дунд худалдах худалдан авах тухай гэрээ хийгдсэн зүйл байхгүй. Одоо энэ машиныг хэрэгт битүүмжлээд журмын хашаанд байгаа гэж мэдүүлсэн мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд 00-53 УНК улсын дугаартай Хуандай Грейс маркийн тээврийн хэрэгслийн бичиг баримт нь Н.Хишигбаярын нэр дээр байгаа боловч тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь шүүгдэгч Д.Барсболд  болох нь тогтоогдож байна  гэж шүүх үзэв.

 

 Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Д.Барсболдын өмчлөлийн 00-53УНК улсын дугаартай Грейс маркийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.Барсболд нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэл нийт 17 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Балчиг овгийн Дуламрагчаагийн Барсболд, Мөнгө овгийн Дагвын Эрдэнэбадрах нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч,  бусдын  эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар Д.Барсболд, Д.Эрдэнэбадрах  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн, хэрэгт битүүмжлэгдэн Төв аймгийн Цагдаагийн газрын журмын хашаанд байх Д.Барсболдын өмчлөлийн 00-53УНК улсын дугаартай Грейс маркийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгуулахаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, Д.Барсболд нь урд 17 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд өршөөгдсөн этгээд, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Эрдэнэбадрах, Д.Барсболд нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

               

ШҮҮГЧ                                     Ж.МӨНХТУЯА