Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2256

 

Г.Г-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01851 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “МК-” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Г-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ө, Д.У

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2001 оноос Мобиком корпорациас ажлын гараагаа эхэлж, 2005 онд “МК-” ХХК-ийг үүсгэн байгуулагдахад удирдлагын багт орж ажиллан, 2014 оноос гүйцэтгэх захирлаар ажилласан. Гүйцэтгэх захирал хийсэн сүүлийн 4 жилийн хугацаанд “МК-” ХХК-ийн зах зээл, бизнесийн салбар, брэнд зэргийг олон салбарт таниулж үйл ажиллагааг жигдэлсэн. Гэтэл ТУЗ-ийн 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18/02 дугаар тогтоолд намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй байсан мэт тусгасан. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/03 дугаар тогтоолоор дахин урьд гаргасан 18/02 дугаартай тушаалаас өөр буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэл заан, намайг ажлаас чөлөөлсний дараа дотоод аудитын шалгалт хийж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр дахин хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Дээрх тушаалуудад холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, ажлаас халсан үндэслэлийг өөрөөр заасан. Би гэрээгээ дүгнүүлэх саналыг Т-захиралд тавьсан боловч авч хэлэлцээгүй. Ажил олгогчоос гүйцэтгэх захиралтай цахим шуудангаар харилцахдаа ажлаа хүлээлгэн өгөхийг удаа дараа шаардсан ба ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаагүй байхад гаргасан мэтээр гэрээг цуцалсан. Иймд дээрх үндэслэлээр “МК-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “МК-” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн ТУЗ-ийн дарга Т-нь 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Г.Г-тай байгуулсан гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах контрактын гэрээг сунгахгүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Г.Г- нь мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай уулзан, харилцан тохиролцож, өөрийн хүсэлтээр контрактын гэрээг сунгахгүй дуусгавар болгохоо илэрхийлсэн мэдэгдлийг 3 дугаар сарын 21-ний өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т-д бичгээр буюу өөрийн цахим хаягаар хүргүүлсэн. Үүний дагуу 2018 оны 4 дүгээр сарын 01-нээр тасалбар болгон гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг дуусгавар болгохоор талууд шийдвэрлэсэн. Ингэхдээ Г.Г-тай харилцан тохиролцон 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд компанийн зөвлөхийн албан тушаалд өмнөх цалин хөлс, нөхцлийг хэвээр үргэлжлүүлэн ажиллах байсан бөгөөд энэ нь Г.Г-тай байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүйг илтгэнэ. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д зааснаар гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй.

2018 оны 3 дугаар сарын 23-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь Г.Г-гийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг зогсоох шийдвэр бөгөөд уг тогтоолд гэрээ цуцлах талаар үг үсэг, агуулга тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл Г.Г-тай байгуулсан гэрээг талууд харилцан тохиролцсон нөхцлийн дагуу цуцлаагүй байсан боловч 2018 оны 4 дүгээр сарын 18-нд компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн гүйцэтгэлд хийгдсэн аудитын дүгнэлтээр Г.Г- нь контрактын гэрээний хугацаанд компанийн дүрэм болон болон гэрээний тодорхой зүйл заалтуудыг ноцтой зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан. Ашиг сонирхлын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул компанийн зүгээс гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Үүнд Г.Г- нь компанитай байгуулсан контрактын гэрээний 4.19.1, 4.19.7, 4.19.8-ыг зөрчиж 4.19-д заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэж, зөвшөөрөл авах үүргээ биелүүлэлгүйгээр хэд, хэдэн гэрээ байгуулсан. Тухайлбал өөрийн төрсөн дүү Г.О-, түүний нөхөр Г.Цэрэнжав нарын 100 хувь эзэмшлийн “Күүлстар” ХХК-тай 2015-2017 оны хооронд нийт 102 962 057 төгрөгийн үнийн дүн бүхий үндсэн болон нэмэлт гэрээнүүдийг байгуулсан. Компанийн "Бизнесийн ёс зүйн журам”-ын 4.1.1-д сонирхлын зөрчил бүхий гэрээ байгуулахдаа удирдлагын багт мэдэгдэхгүй байх, сонирхогч талд компанитай гэрээ хэлцэл хийх боломж олгох, ажилтныг аливаа албан тушаалд авах, тушаалд дэвшүүлэхэд танил тал, хамаатан садангийн нөлөө оруулахыг хориглосон. Гэтэл Г.Г- нь контрактын гэрээний эдгээр заалтуудыг шууд зөрчиж сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн нь тогтоогдсон.

Г.Г-гийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний 4.19.7-д зааснаар нэг жилд тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй нэг удаагийн болон хоорондоо холбоотой цуврал бүхий 20 000 000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүн бүхий аливаа гэрээ хэлцэл байгуулах тохиолдолд 4.19-д заасны дагуу гэрээ байгуулах, шийдвэр гаргахдаа Төлөөлөн удирдах зөвлөлөөс заавал зөвшөөрөл авч шийдвэрлүүлэх үүрэгтэй. Гэтэл Компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан Аами Таами тоглоом худалдан авалтын нийт 1 440 000 юанийн үнийн дүнтэй гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэж зөвшөөрөл авалгүй дур мэдэн байгуулж, дээрх гэрээний үүргээ зөрчсөн. Хууль зөрчсөн дээрх хэлцлүүдийн талаар Г.Г-д тусгайлан хурал хийж танилцуулахад Аами Таами тоглоом худалдан авалтын хэлцлийн хувьд Төлөөлөн удирдах зөвлөлөөс энэ гэрээг байгуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй, гүйцэтгэх захирал нь өөрийн эрх мэдлээс хэтэрсэн гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолгүйгээр байгуулсан. Мөн “Күүлстар” ХХК-тай гэрээ байгуулсан нь сонирхлын зөрчлийн асуудал бөгөөд уг асуудлыг Г.Г- нь Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэх ёстой байсан, энэ нь хайхрамжгүй үйлдэл болсон гэж эрх мэдлээ хэтрүүлсэн, сонирхлын зөрчилтэй хэлцэл хийснээ өөрөө хүлээн зөвшөөрсөн. Дээрх зөрчлүүд нь гэрээний 2.4.10, 2.4.9-т заасанчлан гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцогдох тул компанийн зүгээс гэрээг цуцалсан нь гэрээ болон хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл контрактыг цуцлах үндэслэл бий болсон тул заавал дүгнэх шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Г-г хариуцагч “МК-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МК-” ХХК-аас 48 948 708 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Г- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, хариуцагч “МК-” ХХК-аас 402 694 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажил олгогч нь контрактыг дүгнэхээсээ өмнө, контрактын хугацаа дуусахаас өмнө, гэрээний зөрчлийн улмаас цуцлах тохиолдолд контрактыг зайлшгүй дүгнэх ёстой гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт заагаагүй. Зөвхөн хоёр тал контрактыг дүгнэсэн үед л Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэг хэрэглэгдэнэ. Нөгөө талаар, контрактыг дүгнүүлэх талаар нэхэмжлэгч хүсэлт гаргасныг хариуцагч харгалзан үзээгүй гэсэн дүгнэлт нь хэргийн баримтаар нотлогдоогүй, зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэсэн. Хэргийн баримтаас үзэхэд Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Г.Г-д мэдэгдэл өгч, түүнтэй байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно, цаашид сунгахгүй гэж мэдэгдсэнийг Г.Г- зөвшөөрч, доор нь гэрээ сунгахгүй болсныг хүлээн зөвшөөрч байна гэж бичсэн тул талууд "контрактыг дүгнэж, гэрээг цаашид үргэлжлүүлэх тухай асуудлыг шийдвэрлэх ёстой байжээ" гэсэн дүгнэлт илт үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн гэрээг цуцлах үндэслэл болсон зөрчлүүдийг нотлох баримтыг шүүх зохих ёсоор үнэлээгүй. Гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээний 4.19.7-д "нэг жилд тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд батлагдаагүй нэг удаагийн болон хоорондоо холбоотой цуврал бүхий 20 000 000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүн бүхий аливаа гэрээ, хэлцэл байгуулах" бол Төлөөлөн удирдах зөвлөлөөс заавал зөвшөөрөл авахаар заасан. Гэтэл шүүх "Аами, Таами тоглоомын төсөл нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсан" гэсэн дүгнэлт хийхдээ энэ талаарх нотлох баримтуудыг буруу үнэлсэн.

“МК-” ХХК-ийн 2018 оны бизнес төлөвлөгөөний төслийг Төлөөлөн удирдах зөвлөлд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулахдаа хэрэгжүүлэх хугацааг 4 сараас дараа оны 3 сар хүртэл гэж харуулсан. “МК-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18/01 тоот тогтоолоор баталсан “МК-” ХХК-ийн 2018 оны бизнес төлөвлөгөө хэрэгт байхгүй. Гэтэл шүүх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлд үндэслэн Аами, Таами тоглоомын төсөл нь бизнес төлөвлөгөөнд тусгагдсан гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл болсон.

Г.Г- нь "Аами, Таами" дүр бүхий дижитал контент агуулсан пластик тоглоом үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр буюу 2017 оны санхүүгийн жил дуусаагүй байхад байгуулсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2017 оны бизнес төлөвлөгөөнд орж батлагдаагүй, 600 орчим сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээ тул Г.Г- нь гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээний 4.19.7-д заасан Төлөөлөн удирдах зөвлөлөөс урьдчилан зөвшөөрөл авах үүргээ зөрчсөн.

Шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан дээрх гэрээг 2018 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бизнес төлөвлөгөөнд тусгагдсан тул зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн нь өрөөсгөл. ТУЗ-ийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлд “Long Cheng” ХХК-тай "Аами, Таами" дүр бүхий дижитал контент агуулсан пластик тоглоом үйлдвэрлэж, нийлүүлэх гэрээг байгуулахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн ямар нэг үг, өгүүлбэр байхгүй. Төлөөлөн удирдах зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд тогтоол гаргадаг.

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “МК-” ХХК-д хийсэн аудитын хурлын тэмдэглэлийн 2 дугаар хуудаст "Дүгнэлт-2: ..."Аами Таами" тоглоомын худалдан авалтын гэрээнд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах процесс нь "бэлтгэн нийлүүлэлтийн журам"-ыг зөрчсөн. Г.Г- захиралтай хийсэн ярилцлагад тэрээр энэ гэрээг байгуулах зөвшөөрлийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс авсан гэж тайлбарласан, гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол байхгүй, гүйцэтгэх захирал өөрийн эрх мэдлээс хэтэрсэн гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолгүйгээр байгуулсан нь компанийн дүрмийн болон процессийн алдаа байсан. Гэхдээ бид Курушима санд буюу Төлөөлөн удирдах зөвлөлийн нэг гишүүнд гэрээний үнэ болон төлбөрийн нөхцлийн талаар танилцуулж байсан" гэж Г.Г-гийн хэлснийг тэмдэглэлдээ тусгасанаас харахад тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн нэг гишүүнд танилцуулсныгаа Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авсан гэж аудитын шалгалтын үеэр ярьсан. Дээрх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т заасан үндэслэлд хамаарах тул Г.Г-гийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Г.Г- нь өөрийн хүргэний эзэмшлийн, өөрийн дүү менежерээр нь ажилладаг “Күүл стар” ХХК-тай 4 удаа гэрээ байгуулахдаа сонирхлын зөрчил гаргасан нь аудитын шалгалтаар тогтоогдсон. Тэрээр уг гэрээнүүдийг байгуулахаас өмнө Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй. Гэтэл шүүхээс “Күүл стар” ХХК-тай байгуулсан хэлцлүүдийн улмаас байгууллагад ямар хэмжээний бодит хохирол учирсан болох, үүнээс орлого, эд хөрөнгийн алдагдалд орсон байдал тогтоогдоогүй" гэж дүгнэсэн. Дээрх хэлцлүүдийг байгуулсан нь “МК-” ХХК-ийн "Бизнесийн ёс зүйн журам"-ын 4.1.1, Мобиком корпорацийн ажилтны ёс зүйн дүрмийн 2.3.6-г зөрчсөн.

“МК-” ХХК-ийн 51 хувийг нь Япон Улсын хөрөнгө оруулалттай “Мобиком корпораци” ХХК, 34 хувийг нь БНСУ-ын “Омни Нэтворкс” компани, 15 хувийг нь “Сумитомо корпораци кореа” компани тус тус эзэмшдэг бөгөөд удирдах ажилтны бизнесийн ёс зүйг өндөр хэмжээнд авч үздэг. “МК-” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад ёс зүйн зөрчилгүй ажиллах өндөр шаардлага тавигддаг тул Гүйцэтгэх захирал тэдгээр хэлцлийг Төлөөлөн удирдах зөвлөлд урьдчилан мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр байгуулах нь хохирол учирсан эсэхээс үл хамааран гэрээний зөрчилд тооцогдоно. Харин компанид учирсан хохирлыг төлүүлэх нь тусдаа асуудал.

Шүүхийн шийдвэрт "дээрх үндэслэл нь Г.Г-гийн ажлаас халах болсон тухайн үеийн нөхцөл байдалд хамааралгүй" гэсэн нь учир дутагдалтай. Учир нь “МК-” ХХК болон “Күүл стар” ХХК-ийн байгуулсан нийт 4 удаагийн гэрээнүүдээс 2017 оны 02 дугаар сарын 01-ний МБ-17/20, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны МБ-18/13 гэрээ нь дотоод аудит, хяналт шалгалтын цаг хугацаанд хамаарч байхад шүүх үл хэрэгсэж шийдвэрлэсэн.

Түүнчлэн “Мобиком корпораци” ХХК-ийн ерөнхий захирлын баталсан дотоод аудитын ажлын хэсгийн гишүүдийн нэр, албан тушаал тодорхой байхад шалгалтын үр дүнг тайлан болгон бичсэн хүний нэр тодорхойгүй гэх үндэслэлээр үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн.

Шүүх Компанийн тухай хуулийг хэрэглэх ёстой байсан ч хэрэглээгүй.

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д зааснаар гүйцэтгэх захирал нь сонгогддог албан тушаалтан юм. Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.6, 83.15 дахь хэсэгт "гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй" гэж тус тус заасан. Гэтэл Г.Г-гийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дууссан, одоо Төлөөлөн удирдах зөвлөл болон Г.Г-гийн хооронд ямар нэг хүчин төгөлдөр гэрээ байхгүй байхад шүүх сонгогдсон хугацаа нь дууссан нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосон нь энэ талаарх харилцааг нарийвчлан зохицуулсан Компанийн тухай хуулийг үгүйсгэсэн. Мөн “МК-” ХХК-ийн дүрмийн 7.2-д зааснаар нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш гүйцэтгэх захирлаар ажиллах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч нь “МК-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Төлөөлөн удирдах зөвлөл биш, “МК-” ХХК гэж тодорхойлсон. Шүүх шинээр гүйцэтгэх захирлаар томилогдсон этгээдэд нэхэмжлэлийг гардуулж, түүний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулсан.

Г.Г-г албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан шинэ гүйцэтгэх захирал биш, Төлөөлөн удирдах зөвлөл гаргасан байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах хугацаа олгоогүй, нэмэлт нотлох баримт цуглуулах боломжоор хангаагүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн  боловч  хэргийн үйл баримтын талаар  хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч “МК-" ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            “МК-” ХХК нь Г.Г-тай 2015 онд “Гүйцэтгэх удирдлагад хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулан, түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар томилон ажиллуулсан байна. /1хх 12-24 дэх тал/ Уг гэрээний агуулга нь Хөдөлмөрийн тухай хуулийн  22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 25.3 дахь хэсэгт заасантай нийцэх тул талуудын хооронд контрактын гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 11-17 дахь тал/

“МК-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит бус хурлын 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/03 дугаар тогтоолоор Г.Г-г контрактын гэрээний 2.4.9, 2.4.10, 2.4.13-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл заан түүнтэй байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх / Уг шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргажээ. /хх-26-27, 48 дахь тал/

Нэхэмжлэгч Г.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2 өөр тушаал гаргасан нь үндэслэлгүй, ... ажлаас чөлөөлсний дараа аудитын шалгалт хийж ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч нь “...нэхэмжлэгч контрактыг цуцлах ноцтой зөрчил гаргасан...” гэж тус тус тайлбарлажээ. /хх 42-51, 103-105, 131-132 дахь тал/

            Нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т-нарын хооронд харилцсан цахим шуудангаас үзвэл, талууд контрактын гэрээний хугацааг сунгахгүй байх, улмаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх, мөн гэрээний хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож, мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл шинээр томилогдсон гүйцэтгэх захирлын зөвлөхөөр ажиллуулан, цалин хөлсийг өмнө авч байсан хэмжээгээр тогтоон, 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох, 2017 оны батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу үнэлгээ хийж, урамшуулал олгох нөхцөл санал болгосныг нэхэмжлэгч Г.Г- хүлээн авч, баталгаажуулахыг хүссэн бөгөөд улмаар Төлөөлөн удирдах зөвлөл 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 18/02 дугаар тогтоолыг гаргажээ. /1хх 86-101 дэх тал/ Үүний дараа Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/03 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.7, талуудын байгуулсан гэрээний 2.4.9, 2.4.10, 2.4.13-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-г контрактын 4.19.1, 4.19.7, 4.19.8 дахь заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлээр уг гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлж, өмнө гаргасан 18/02 дугаар тогтоолын 1, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болгосон байна. /1хх 48 дахь тал/

Талууд контрактын гэрээний 4 дүгээр зүйлд гүйцэтгэх захирлын эрх, үүргийг тодорхойлсон ба гүйцэтгэх захирал нь гэрээний 4.1-д зааснаар компанийн дүрэм, энэ гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, удирдан явуулах, мөн 4.19.7-д зааснаар нэг жилд тухайн жилийн бизнес төлөвлөгөөнд тусгагдаагүй, 20 000 000 төгрөг ба түүнээс дээш үнийн дүн бүхий нэг удаагийн болон хоорондоо холбоотой цуврал аливаа гэрээ, хэлцэл байгуулах тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авч шийдвэрлүүлэх үүрэг хүлээжээ. /1хх 13-14 дүгээр хуудас/

Нэхэмжлэгч Г.Г- нь захиалагч “МК-” ХХК-ийг төлөөлж БНХАУ-ын “Лонг Чин” компанитай 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр МБ-18/32 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, тус компаниар Маамуу үндэсний брэндийн “Аами”, “Таами” дүр бүхий дотроо дижитал контент агуулсан пластик тоглоом 40 000 ширхэгийг үйлдвэрлүүлэх, захиалагч тал ажлын хөлсөд 1 440 000 юань буюу гэрээ байгуулсан өдрийн Монгол банкны албан ёсны ханшаар тооцвол 546 727 800 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /2хх 42-51 дэх тал/

Нэхэмжлэгч нь уг гэрээг “2018 оны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан, Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авах шаардлагагүй” гэж тайлбарлан, “МК-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дахь удаагийн хурлын тэмдэглэл, мөн оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18/01 тоот тогтоол, 2018 оны бизнес төлөвлөгөө гэх “8/7/2018” гэж огноолсон 2018 оны санхүүгийн үйл ажиллагааны тоон үзүүлэлтийг хүснэгтээр харуулсан баримтуудыг нотолгооны эх сурвалжаар заасан. /1хх 117-128, 166-172 дахь тал/ Уг баримтуудын агуулгаас дүгнэвэл, хариуцагч компани нь Маамуу үндэсний брэндийн “Аами”, “Таами” дүр бүхий пластик тоглоомтой холбоотой асуудал огт шийдвэрлээгүй байх тул нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулахдаа контрактын гэрээний 4.19.7-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэж зөвшөөрөл авах үүргээ зөрчжээ. Иймд түүнийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г- хариуцагч компанийг төлөөлж “Күүлстар” ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 3 960 000 төгрөгийн, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдөр 16 000 000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 555 000 төгрөгийн, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 38 600 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан байна. “Күүлстар” ХХК нэг гишүүнтэй бөгөөд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Г.Цэрэнжав нь нэхэмжлэгч Г.Г-гийн төрсөн дүү Г.О-гийн нөхөр болох нь нотлогдож байхын зэрэгцээ хариуцагч талын “... Г.О- нь тус компанийн менежерээр ажилладаг...” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй. /1хх 179-200, 2хх 197-200 дахь тал/ Мөн тус компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ нь хариуцагч компанийн үйл ажиллагаатай хамааралтай талаарх хариуцагч компанийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй. Иймд нэхэмжлэгчийг Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 91 дүгээр зүйлийн 91.1, Бизнесийн ёс зүйн дүрмийн 4.2.2-т заасныг зөрчиж сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

Ажилтны гаргасан дээрх зөрчлүүд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4-т заасан ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамаарч байх бөгөөд энэ нь Дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон байна. /2хх 173-182 дахь тал/ Иймээс хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/03 дугаар тогтоол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.7-д заасантай нийцжээ.

Хариуцагч компани нь гэрээний хугацааг цаашид сунгахгүй, дуусгавар болгох тухай мэдэгдлийг нэхэмжлэгч Г.Г-д гардуулан өгөхөд тэрээр уг мэдэгдлийн агуулгыг зөвшөөрч, гарын үсэг зуржээ. /2хх 87-88 дахь тал/

Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 18/03 дугаартай 2 тогтоол хэрэгт баримтаар авагдсан хэдий ч үүнийг 2 өөр шийдвэр гаргасан гэж дүгнэхгүй. Учир нь хэргийн 1 дүгээр хавтасны 26-27 дахь талд авагдсан тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, мөн хавтасны 48 дахь талд авагдсан тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримталснаар хоорондоо ялгаатай байгаа нь хариуцагч компанийн эрхийн актын техникийн шинжтэй алдаа байх тул эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлсон байх тул Төлөөлөн удирдах зөвлөл нь хариуцагч болно гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасан компани нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцааны оролцогч бөгөөд компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч болохгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/01851 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “МК-” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402 694 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД                                                       Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД