Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/01149

 

2022 оны 03 сарын 30 өдөр                          Дугаар 102/ШШ2022/01149                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ..-р хороо, Горькийн ...-р гудамж, 1... тоотод оршин суух, регистр ., Ж.  овогтой П.ын Г.,

            Хариуцагч: Баянгол дүүргийн..-р хороо, Р. бюлди.нг . тоотод.. байрлах, регистр ., А... ХХК,

            Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны болон авто зогсоолын тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г...,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т... өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:                                          

1.Нэхэмжлэгч нь А... ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн ...-р хороо, .-..р хэсэг, . д..үгээр байрны ... тоот 146.5 м.кв талбай бүхий орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  “Атмор групп” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн ...-р хороо, ..-р хэсэг, ... дүгээр байрны ... тоот 3 өрөө сууцыг 146.5 м.кв сууцыг 527 400 000 төгрөгөөр, 2018 оны 03-р сарын 01-ний өдөр “Автомашины зогсоол захиалгын гэрээ” байгуулж В1 давхарт 18 м.кв талбай бүхий зогсоолыг 30 000 000 төгрөгөөр тус тус худалдан авахаар тохирсон. Гэрээний дагуу 2017 оны 12-р сарын 3-нд 158 220 000 төгрөг, 2018 оны 3-р сарын 1-ний өдөр 369 180 000 төгрөг бүрэн төлсөн, мөн зогсоолын үнэ 30 000 000 төгрөгийг 2018 оны 3-р сарын 1-нд төлж, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн. Ингээд байраа хүлээн авч орсон. Төлбөрөө бүрэн төлсөн боловч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөөгүй байна. Иймд орон сууцны болон авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.  

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Г.. нь “А.” ХХК-ний ..барьж ашиглалтанд оруулсан Хан-Уул дүүргийн ...-р хороо, ...-р хэсэг, Дүнжингарав гудамжинд байрлах, “М...” орон сууцны хотхоноос орон сууц болон автомашины зогсоолыг захиалсан нь үнэн. Иргэн П.Г... нь манай “А...” ХХК-тай 2017 оны 12-р сарын 3-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулж, “М...” орон сууцны хотхоны 50/1-р байрны 01 тоот 146.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 3 600 000 төгрөгт тооцон нийт 527 400 000 төгрөгөөр захиалсан бөгөөд мөн 2018 оны 3-р сарын 01-ний өдөр тус орон сууцны В1 давхарт байрлах автомашины зогсоолоос 18.м.кв талбай бүхий 1 ширхэг автомашины зогсоолыг 30 000 000 төгрөгөөр тус тус захиалж, төлбөрөө бүрэн төлсөн. Гэвч манай компанийн хувьд тус орон сууцны хотхоныг 100 хувь барьж дуусган, ашиглалтад оруулж, бүх захиалагчид нь орон сууцандаа амьдарч байгаа боловч бичиг баримтын хувьд хараахан Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байгаа юм. Учир нь манай компани уг “М....” хотхоны барилгын төслийг хэрэгжүүлэхдээ “Монголын хот байгуулалтын хүрээлэн”-тэй хамтран ажилласан бөгөөд уг орон сууцны байрлаж буй газар нь “Монголын хот байгуулалтын хүрээлэнгийн нэр дээр байдаг. Уг газрын ашиглах эрх нь дуусаж, дахин сунгуулаагүй байгаатай холбоотойгоор уг орон сууцны хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгөхөд газрын бичиг баримт дутуу байгаа шалтгаанаар хараахан хүлээж аваагүй байгаа юм. Манай компани дээрх газрын ашиглах эрхийн хугацааг хамтран сунгуулж, уг орон сууцны хотхоныг Улсын комисст хүлээлгэн өгч, оршин суугчдын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгнө гэдгээ хэлсээр ирсэн билээ. Иймд захиалагч П.Г...ыг “М.” хотхоны 50.../1 дүгэр байрны 1 давхрын 146.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны болон тус хотхоны доор В1 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий 1 ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоход татгалзах зүйлгүй гэдгээ үүгээр илэрхийлж байна гэжээ.

3.Нэхэмжлэгчээс “Орон сууц захиалгын гэрээ” /хх 4-7/, төлбөр төлсөн баримт /хх 8-9/, Автомашины зогсоолын захиалгын гэрээ /хх 19-22/, төлбөр төлсөн баримт /хх 18/ зэрэг баримтыг гаргажээ.

                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

П.Г... нь “А.” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн ...-р хороо, ...-р хэсэг, Дүнжингарав гудамж, ....хотхоны  .... дүгээр байрны ...тоот 3 өрөө сууцыг 146.5 м.кв сууцыг 527 400 000 төгрөг, 2018 оны 03-р сарын 01-ний өдөр “Автомашины зогсоол захиалгын гэрээ” байгуулж В1 давхарт 18 м.кв талбай бүхий зогсоолыг 30 000 000 төгрөг төлөхөөр тус тус /хх 4-7, 9-12/ тохирчээ.

Захиалагч нь орон сууцны төлбөрт 2017 оны 12-р сарын 3-нд 158 220 000 төгрөг, 2018 оны 3-р сарын 1-ний өдөр 369 180 000 төгрөг, авто зогсоолын төлбөрт 2018 оны 3-р сарын 1-нд 30 000 000 төгрөгийг тус тус /хх 8-9, 18/ төлж, төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн байна. Улмаар орон сууцандаа орсон, авто зогсоолыг хүлээн авсан талаар талууд маргаагүй байна.

Орон сууц захиалгын гэрээний 3.8 дахь хэсэгт зааснаар орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл орон сууцны хууль ёсны өмчлөгч нь гүйцэтгэгч байна, Автомашины зогсоолын захиалгын гэрээний 3.6-д зааснаар автомашины зогсоолын төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь гүйцэтгэгч байхаар тохирсон, харин захиалагч төлбөрийг бүрэн төлснөөр түүний өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй, гагцхүү улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1 дэх хэсэг, 109-р зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан П...ын Г. нь Хан-Уул дүүргийн ...-р хороо, ..-р хэсэг, Дүнжингарав гудамж, “М...” хотхоны  .... дүгээр байрны .... тоот 146.5 м.кв талбай бүхий 3 өрөө сууц, тус байрны В1 давхарт байрлах 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолын тус тус өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 140 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.АЛТАНТУЯА