| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/03996/И |
| Дугаар | 102/ШШ2022/00590 |
| Огноо | 2022-02-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2022/00590
| 2022 оны 02 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2022/00590 | Улаанбаатар хот |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хэсэг, Ривер гарден * дугаар байрны * тоотод оршин суух хаягтай, Б ургийн овогтой С-ын Х
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * байр, * тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар байрны * тоот хаягт оршин суух, З ургийн овогтой У-ийн Д
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О
Хариуцагч У.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч У.Д-ийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: У.Д- нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хуучнаар Домог инвест ББСБ ХХК буюу одоогийн нэршил нь Т ББСБ ХХК-тай 80,000,000 төгрөгийн 103213010100058 дугаартай зээлийн гэрээ, 103213101000058-1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Барьцааны гэрээнд У.Д- нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол, * байрны 8 тоот хаягт байршилтай, * м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. У.Д- зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул Т ББСБ ХХК нь У.Д-ид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,317,264.28 төгрөг гаргуулах, уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Тус өргөдлийн шаардлагыг У.Д- бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/Ш32020/05623 дугаар шүүгчийн захирамжаар талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Уг эвлэрлийн гэрээний үүргийг У.Д- биелүүлээгүй, төлөлт хийгээгүй тул 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 181/ГХ2020/00479 дугаартай захирамжаар гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан. 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20280561 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад, У.Д- өөрийн өмчлөлийн Ү-* улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн * хороо, * хороолол, * байр, * тоот хаягт байршилтай, 80.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг 95,317,264.28 төгрөгийн төлбөртөө тооцож Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х-ы нэр дээр шилжүүлэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү. Ямар нэг гомдол, санал байхгүй гэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар өмчлөх эрх шилжүүлэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасан. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн * хороо, * хороолол, * байр, * тоот хаягт байршилтай, 80.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч С.Х мөн байна гэдгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Гэтэл У.Д- тус орон сууцыг чөлөөлж өгөхгүй, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Иймд эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47б байрны 8 тоот хаягт байршилтай, * м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч У.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Т ББСБ ХХК-иас 80,000,000 төгрөгийн зээл авч барьцаанд нь маргаан бүхий өөрийн орон сууцыг барьцаалсан нь үнэн. Төлбөрөө төлөөгүй удсан учир Т ББСБ ХХК нь зээлийн төлбөр гаргуулах, барьцааны зүйл болох 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Уг өргөдлийг хариуцагч зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхээс баталгаажуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад би өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 95,317,264.28 төгрөгийн төлбөртөө тооцож С.Х-ы нэр дээр шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн. Ингэснээр орон сууц нэхэмжлэгчийн нэр дээр шилжсэн үйл явдал болсон, энэ талаар маргахгүй. Гэхдээ Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад ...барьцааны зүйл болох орон сууцыг шилжүүлж өгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгачих, дараа нь төлбөрөө төлөөд надаас буцаагаад авч болно гэж хэлсэн. Тухайн үед би богино хугацаанд зээлийг төлөх боломжгүй байсан учраас нь Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан энэ саналыг зөвшөөрч, байраа С.Х-ы нэр рүү шилжүүлсэн. Одоо би байраа суллаж өгөх боломжгүй. Учир нь тухайн үед намайг бараг хуурах замаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, надаар өргөдөл бичүүлж авч, байрыг нэр дээрээ шилжүүлж авсан. Хэрэв би ийм өнөөдрийн нөхцөл байдал үүсэхийг мэдэж байсан бол тухайн үед нь байраа ингэж хялбар шилжүүлж өгөхгүй байсан. Харин ч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг журмынх нь дагуу явуулж орон сууцаа дуудлага худалдаанд нь оруулж, зах зээлийн үнээр нь зараад зээлээ төлөх боломжтой байсан. Мөн тухайн үед эргүүлээд би байраа авах боломжтой юм байна гэж ойлгосон учраас банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр биш тус байгууллагын ажилтан С.Х-ы нэр дээр байрыг шилжүүлж өгсөн. Би өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч талд хэдэн төгрөг төлөөд байраа буцааж өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах боломжийн талаар хүсэлтээ гаргаад явж байна. Мөн байрыг шилжүүлж өгөх үеийн үнийн дүнг хүртэл харьцуулаад үзэхэд миний хувьд их хохиролтой байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Уг нь аль болох нэхэмжлэгч талдаа тохиролцох хүсэлтэй байгаа гэжээ.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн Д.Б-т олгосон итгэмжлэл /хх3/,
С.Х-ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх4/,
2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б.Т-од олгосон итгэмжлэл /хх9/,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Н.О-т олгосон итгэмжлэл /хх10/,
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн С.З-д олгосон итгэмжлэл /хх18/,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 05623 дугаар захирамжийн хуулбар /хх28-29/,
20/9-671 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх30/,
Т ББСБ ХХК-ийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар /хх31/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийн хуулбар /хх32/,
С.Х-ы Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар /хх33/, У.Д-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлтийн хуулбар /хх34-35/,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоолын хуулбар /хх37/,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 479 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх38/-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /хх44/, У.Д-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх45/,
С.Т-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, фото зураг /хх47-50/,
Тогос пэйнт ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Т ББСБ ХХК-д гаргасан хүсэлт /хх51/-ийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулж, хэрэгт хавсаргасан /хх56-130/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Х нь эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * байрны * тоот хаяг байршилтай, * талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч У.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ ...маргаан бүхий орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөртөө тооцож авсан. Гэвч хариуцагч нь орон сууцнаас гарахгүй байгаагаас өөрийн өмчлөлийг бодитоор хэрэгжүүлэх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба өөрийн татгалзлаа ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй, төлбөрөө төлөөд байраа буцаан авах хүсэлтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/шз2020/05623 дугаар захирамжаар У.Д-аас 95,317,264.28 төгрөгийг гаргуулан Т ББСБ ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * байрны * тоот хаяг байршилтай, * талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Улмаар дээрх шүүгчийн захирамжид 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 181/ГХ2020/00479 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 20280561 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж ...2020.04.27-ны өдрийн 5623 дугаар захирамжаар У.Д-аас 95,332,264 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч У.Д- би ...өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47б байрны 8 тоот хаяг байршилтай, 80.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг төлбөртөө тооцож өгөхөөр Т ББСБ ХХК-тай тохиролцсон тул ...үл хөдлөх эд хөрөнгийг ...С.Х-ы нэр дээр шилжүүлэн өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн агуулга бүхий бичгийн хүсэлтийг өгчээ.
Дээрх хүсэлтийг үндэслэн эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * байрны * тоот хаяг байршилтай, * м2 талбайтай, 3 өрөө орон сууц нь С.Х-ы өмчлөлд шилжин ирсэн үйл баримт хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Х нь маргааны зүйл болж буй эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 47б байрны 8 тоот хаяг байрлах, 80.5 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь дээрх байдлаар нотлогдож байхаас гадна, уг орон сууц хариуцагчийн бодит эзэмшилд байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд маргааны зүйл болох 3 өрөө орон сууцыг хариуцагч У.Д-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай С.Х-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, * байрны * тоот хаяг байршилтай, *, 3 өрөө орон сууцыг хариуцагч У.Д-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Д-аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ