| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0787/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/883 |
| Огноо | 2024-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/883
2024 11 07 2024/ШЦТ/883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,
Улсын яллагч: М.Анхбаяр,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405000001143 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд үйлчлүүлж байсан хохирогч ***ын эзэмшлийн Хуавэй Вая 32 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүйгэв.
Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Солонгос Улсаас ирээд 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр танил ах ***, үеэл эгч *** нартай уулзаад Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** бааранд 2 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлж байгаад бүжгийн талбайд бүжиглэж байгаад сууж байсан ширээн дээрээ паск болон гар утсаа тавьчихсан байсан чинь миний паск болон гар утас алга болчихоор нь баарны хамгаалагчид хэлж байгаад камерын бичлэг үзсэн чинь нэг үл таних залуу ширээн дээрээс миний паск болон гар утсыг хулгайлаад аваад гарч байгаа нь бичигдсэн байсан. Тэгээд гараад хайгаад тэр хавиар явж байсан чинь миний паск болон гар утсыг хулгайлж авсан залуу харанхуй гудамжинд зогсож байхаар нь барьж аваад гар утас болон паскаа нэхсэн чинь миний паскийг хашааны буланд нуучихсан байсан. Тэгээд паскийг буцааж өгсөн боловч миний гар утсыг гаргаж өгөөгүй нуучихсан байсан. Миний паскан дотор гар утасны кейсийг хийчихсэн байсан. Тэр залуу мөн паскан дотор байсан картуудыг өмднийхөө халаасанд хийчихсэн байсан тул цагдаагийн байгууллагад миний гар утсыг олж өгч хохиролгүй болгож хулгай хийсэн хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэж хадсан. ...гомдол санал байхгүй, би шүүх хуралд оролцохгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-н 15-18/,
Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд 2021 оноос эхлэн одоог хүртэл хамгаалагчаар ажиллаж байгаа. 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд санаж байна, манай баараар үйлчлүүлж байсан залуу ширээн дээр байсан цүнх, эд зүйлээ хулгайд алдчихлаа гэж хандсан. Тэрний дагуу цаг тухайд нь хяналтын камерыг шүүхэд манай бааранд үйлчлүүлж байсан 20-25 орчим насны залуу цүнх эд зүйлээ алдсан ширээний тэр хавьд зогсож хоёр тийшээ харж байгаад ширээн дээр биш буйдан дээр байсан хүний цүнхийг аваад гарч байсан. Тэгээд тэр залуу баар хаасны дараа камер шүүж дуусаад гадаа хараад зогсож байтал баарны ойролцоо ганцаараа явж байхаар нь барьж аваад чи хүний цүнх хулгайлж авсан залуу мөн байна, тэр цүнхийг нь гаргаж өг гэхэд би аваагүй гэж гүрийгээд байхаар нь өөрт нь бичлэгийг нь үзүүлэхэд яах аргагүй хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хаана нуусан талаар хэлсэн. Тэр газар нь өөртэй нь хамт очиж үзэхэд байхгүй байсан. Тэгээд тэр хүнийг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Би тэр залууг харвал танина, би өөрөө камер шүүж олж цагдаа дээр авч ирж өгөөд ажил руугаа явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “...гэрч *** 1-5 хүртэлх дугаартай ...нарын зургийг таньж олуулахад энэ хүмүүс дотор 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг шилжих шөнө бааранд байсан хүний эд зүйлийг хулгайлсан 3 гэсэн дугаартай хүн байна гэж *** *** зургийг зааж энэ хүн мөн бусад зураг дээрх хүмүүс нь огт харж байгаагүй хүмүүс байна.” гэжээ /хх-н 23-25/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...*** баруун гараараа буйдан дээр байгаа хар ямар нэгэн зүйлийг авч байгаа бичлэг харагдана. ... *** нь баруун ташаандаа цүнх үүрээд *** баарнаас шатаар уруудан гарч байгаа бичлэг харагдана...” гэжээ /хх-н 30-34/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 35-37/,
Яллагдагчаар ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 22-ны өдрийг шилжих шөнө *** бааранд үйлчлүүлж байхдаа бусдын буйдан дээр байсан цүнхтэй эд зүйлийг хулгайлж аваад нуусан. ...Тухайн үед цагдаа ирээд би авсан эд зүйлээ тэр дор нь нь гаргаж өгч хохиролгүй болгосон...” гэжээ /хх-н 46-47/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, илтгэх хуудас /хх-н 7-8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” бааранд үйлчлүүлж байсан хохирогч ***ын эзэмшлийн Хуавэй Вая 32 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 320.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч *** нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь хохирогчийн ширээн дээр байсан гар утсыг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Анхбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “учруулсан хохирлоо нөхөн төлсөн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч ***ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР