Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00666

 

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2022/00666

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: У

 

Хариуцагч:  Д-ХК 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,697,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д-ХК-иас 2,697,333 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Д.У нь 1993 оны 5 дугаар сард Д-ын трубин цехэд машинистаар орж, Эрчим хүчний салбарт 27 жил 7 сар ажиллаад 50 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарах эрх нээгдсэн учир Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн Хөдөлмөрийн халуун нөхцөлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу Д-ХК-ийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/412 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарсан. Мөн энэхүү тушаалаар Д-ХК-ийн захиргаа Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.У-ийн эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 36 сарын дунджаар тооцоод 26,973,332 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Дулааны 4 дүгээр цахилгаан станцын санхүүгийн албанаас нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Д.У-ийн Голомт банкны 1-6 тоот харилцах дансанд шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч 24,275,998.80 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдөр 10 хувийг суутган авсныг мэдээд энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 22.1.1-д хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлнө гэж хуульчилсан. Хуулиар татвар авахыг хориглосон орлогоос хууль зөрчин татвар авч иргэний эрхийг зөрчсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэж татварт хууль бусаар суутгасан 2,697,333 төгрөгийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.У нь Д-ХК-д нийт 27.07 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/412 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д-ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Д.У-д эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 26,973,332.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дансанд шилжүүлсэн тул Баянгол дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Д-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/412 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах тэтгэмж олгох тухай тушаал /хх 5/, Голомт банк дахь 1-6 тоот дансны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулга /хх 6/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Д-ХК-д холбогдуулж 2,697,333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандсан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд хандах болсон шалтгаанаа буюу 2,697,333 төгрөгийн шаардлагын үндэслэлээ ...татвараас чөлөөлөх орлогоос татвар суутгаж намайг хохироосон гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...хуульд заасны дагуу татвар суутгаж зохих байгууллагад шилжүүлсэн. Иймд 2,697,333 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсээс шаардах ёстой, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт Д-ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/412 тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал авагджээ. Уг тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн Турбин цехийн турбины машинч Д.У-ийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, Д.У-г эрчим хүчний салбарт ажилласан 27 жил 7 сард ногдох 26,973,332 төгрөгийн тэтгэмж өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Дээрх тэтгэмжийг олгохдоо тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 2,697,333 төгрөгийг суутгасан, энэ үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараахь харилцааг зохицуулна, 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговорын хэмжээг тогтоох гэж тус тус заасан.

 

Д-ХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээгээр эрчим хүчний салбарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн хувь хэмжээг тогтоон тохирсон талаар талууд маргаагүй.

 

Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон тэтгэмж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарч байна. Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авч, нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрхэд хохирол учруулж, олох байсан орлогыг үндэслэлгүй бууруулсан гэж үзнэ.

 

Дээрх эрхийг хэрхэн сэргээх талаар Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид олговол зохих мөнгөн хөрөнгөөс /тэтгэмж/ суутган авсан татварын хэмжээгээр нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

Түүнчлэн хариуцагчийн ...Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч Д.Улаанхүү өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс талуудын хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд талуудын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэхгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй.

 

Харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарах ба хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Иймд хариуцагчаас 2,697,333 төгрөгийг гаргуулж Д.Улаанхүүд олгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д-ХК-иас 2,697,333 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.У-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,110 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д-ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 58,110 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.У-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ