| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2024/0774/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/820 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Анхбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/820
2024 10 17 2024/ШЦТ/820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.*** даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Батцэцэг,
Улсын яллагч: М.Анхбаяр,
Хохирогч: ***,
Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305018461442 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ын замаар явж байсан ***ыг мөрлөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун хацрын төвгөр, шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Би хохирогчоосоо уучлалт гуйж байна. Өмнө нь 2 удаа уулзсан. Уулзахдаа ч уучлалт гуйсан. Хохирол, төлбөрийг барагдуулна” гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Тухайн үед буюу 4 дүгээр сарын 24-ний орой манай ажлын 2 ах ууж байсан. Надаас дансаар мөнгө авсан. Би тэр хоёрыг хариуцдаг юм. Тэгээд санаа зовоод ажил тараад очиж авъя гээд очсон. Тэгээд караоке оръё гэхээр нь заа нохой, гахай шиг амралтгүй ажлуулаад яахав гээд хамт караоке ороод 1 шил архи уусан. Тэгсэн манай 2 ах согтчихсон. Тэр хоёрыг өрөө рүү оруулах гэсэн даахгүй байсан. Тэр буудалд манай 10 жилийн найз ажиллаж байсан. *** надад туслаад энэ 2 ахыг өрөө рүү оруулаад өгөөч гэсэн. Тэгээд хоёулаа сугадалцаад явж байхад ***тай мөргөлдсөн. Би жаахан уусан байсан болохоор “2 хүн авч явж байна, яагаад мөрлөж байгаа юм бэ “гэхэд шууд цохиод авсан. Тэгээд би газар унасан. Машин дотроос 2, 3 залуучууд гарч ирсэн. Тэгээд цаашаа юу болсныг санахгүй байгаа. Тэр бичлэг дээр манай ахын халааснаас утас авч байгаа нь харагдаж байгаа. Би байцаагчид тэд дэх минутад тийм гар орж авч байгаа гэдгийг хүртэл бичиж өгсөн. Тухайн үед 6.000.000 төгрөгийн хагалгаанд орох байсан. Тэр үед хагалгаанд орсон бол би нүдэндээ ийм сорвитой болохгүй байсан. 12.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс бодит хохирол нь 1.800.000 гаран төгрөг болсон. Тухайн үед ажилдаа яваагүй 14 хоногийн цалингаа нэхэмжилнэ. Мөн сэтгэл санааны хүчтэй цочирдолд орсон. Гүн хохиролтой байна. Гүн шоконд орсон. Эрүү, ам зуурсан. Нүүрэндээ том сорвитой болсон. Гадуур ажлаа хөөцөлдөөд явахдаа санаа зовж байна” гэв.
Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 4 дүгээр сарын 23-ний орой 23 цагийн үед хорооллын ард байх “Эрхэс” караокед байж байгаад манай 2 найз согтчихоор нь найз ***ийн хамт ***, *** хоёрыг ***ын замын хажууд буудалд нь аваачиж амраах гээд явж байтал ***ын замын уулзварын зүүн талд явж байтал намайг нэг залуу мөрлөхөөр нь би согтуу хүн аваад явж байхад гэсэн чинь уг үл таних залуу нэг цэнхэр “Акуа” машин ар талыг тогшсон чинь араас нь нэг залуу бууж ирээд намайг учир зүггүй зодож миний нүүр нүд бүхэлдээ хавдаж нүд хөхөрч, зүүн хөмсгөндөө нэлээн хэдэн оёдол тавиулсан, хамар бас мурийсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-н 8/,
Гэрч Э.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Эрхэс караокеноос гараад замынхаа хойд талаар зүүн тийш алхаад ***ын замын уулзвар дээр ирж байтал нэг үл таних залуу ***ыг мөрлөөд зөрсөн, тэгсэн *** “хоёр согтуу хүн маллаад явж байна шүү дээ, тойроод гарчхаач” гэсэн чинь нөгөө үл таних залуу “юу гэнээ” гээд тэнд зогсож байсан цэнхэр өнгийн жижиг машины хаалгыг тогшоод тэгсэн чинь дотроос нь хоёр залуу бууж ирээд тэгсэн эхлээд ***г мөрлөсөн залуу шууд ***гийн нүүр рүү нь цохиод тэгсэн *** унасан, тэгээд би салгаж татаад холдуулсан чинь нөгөө залуу миний сугадаж явсан залууг өшиглөж унагаад тэгснээ намайг цохих гээд далайхад нь би бултаад тэгээд байж байснаа *** босож ирээд “найзыгаа аваад явж байна, гэж байхад чинь яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь ***г эхлээд цохиж унагаасан залуу ахин ирж ***г зодоод газар унагаад дээрээс нь цохиод *** ухаан алдсан байх шиг байсан. Тэгээд би уг залуучуудад би найзуудыгаа аваад явчихъя та нар явчих гэж хэлсэн. Тэгээд ***г зам дээр хэвтэж байхад очоод дуудсан чинь ухаан алдаад сэргэсэн, тэгэхээр нь би “босож чадах уу” гэсэн чинь “халаасанд утас байгаа” гээд тэгэхээр би утсыг нь аваад машинтай хүн дуудаад Баянголын нэгдүгээр хэлтэс дээр очсон тэгсэн чинь “гэмтлийн эмнэлэг яв бэртлээ үзүүл” гэж хэлсэн. Тэгээд гэмтэл дээр ***г үзүүлээд байж байтал цагдаа нар ирж мэдүүлэг тайлбар авсан. ***ын хоёр нүд тагларч, хавдаж нүүр ам нь хөхөрч, зулгарсан байсан. Нөгөө хоёр бас жаахан жаахан зодуулсан ямар гэмтэл учирсныг нь мэдэхгүй байна. Анх ***ыг мөрлөсөн залуу л цохиж зодоод байсан. Би эрүүл байсан болохоор огт зодуулаагүй бултчихсан. ***ын хоёр найзынхан нэгнийхэн утас алга болсон гэсэн. Загварыг нь мэдэхгүй байна. Уг залууг газар унасан байхад нь нөгөө хэдийг зодсон залуучуудын нэг нь газар уначихсан байхад очоод дуудаад хувцас хунарыг нь татаад байсан, тэгснээ нэгэндээ юм дамжуулчих шиг болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,
Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** ах нэг саарал өнгийн жижиг машинтай ирсэн, архи уусан согтуу байсан. Машиныг нь нэг эмэгтэй хүн барьж байсан, бид 2 машин дотор орж суусан. *** ах “бие засна” гээд машинаас буусан. Харин удалгүй гадаа түр тар гээд чимээ гарахаар нь буугаад харсан. *** ах танихгүй 3 залуутай зодоон хийж байсан. Би яваад очсон *** ах цохиулчихлаа гээд зүүж байсан нүдний шил нь хагарсан гартаа барьсан зогсож байсан, нэг залуу нь ***т цохиулсан бололтой газар хэвтэж байсан, тэр залуугийн хамраас нь цус гарч байсан. Тэр 3 залуугийн нэг залуу нь эрүүл байсан, эрүүл залуу нь би авч явж байгаа юм гэж хэлсэн. Харин *** нөгөө согтуу залуутай зодоон хийгээд байхаар нь би салгаж авч явсан. Би ***ыг салгасан, салаад доошоо алхаад явсан. ...Харин газар хэвтэж байсан залуу нь босож ирэхгүй газар хэвтээд байсан, би босгох гэсэн чинь босохгүй, амьсгаатай байсан. Тэр хэвтэж байсан залуугийн хамраас нь цус гарч байсан. *** ах цохиж унагаасан юм шиг байсан. Намайг машинаас гарч ирэхэд газар унасан хэвтэж байсан. *** ах бие засах гэж гарсан. Тэнд байсан эрүүл залуу нь хоорондоо шүргэлцээд, тэгээд маргалдаад зодоон хийсэн гэж хэлсэн. *** согтуу байсан. Харин тэр 3 залуугийн 2 нь согтуу нэг залуу нь эрүүл байсан. Би ямар нэгэн гар утас аваагүй, *** гар утас авсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хх-н 12-13),
***гийн сэжигтнээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Бид 2 машинд орж суусан, *** бие засах гэж гарсан. Гадаа хойно хүн орилоод байхаар нь бид 2 машинаасаа буугаад харсан чинь *** ах танихгүй, 3-4 залуустай зодоон хийж байсан, Давка ах очиж салгасан, би хараад зогсож байсан, *** ах нэг залууг цохиж унагаасан байсан тэр залууг босгох гэсэн босож ирэхгүй газар хэвтээд байсан. Тэр залуу нь шал согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Хүрлээ ахыг салгаад аваад явсан. Хүрлээ ах 3-4 залуутай зодоон хийж байсан, би машинаас буугаад харахад нэг залууг нь *** ах цохиод унагааж байсан юунаас болж яагаад зодоон хийсэн талаар мэдэхгүй. Маргааш өглөө *** ах над руу чат бичээд ах нь өчигдөр орой зодоон хийсэн байна, чи санаж байна уу, ах нь сайн санахгүй байна гэж бичсэн байсан. Хүрлээ ахын бүтэн нэрийг нь мэдэхгүй. Хүрлээ согтуу байсан, нэлээн согтуу байх шиг байсан, хаана хэнтэй архи уусан талаар нь мэдэхгүй, машиныг нэг эмэгтэй хүн барьж байсан. Би оролцоогүй, машины хажууд хараад зогсож байсан. Би өөрөө цохиулчих байх гээд айгаад ойртоогүй" гэх мэдүүлэг (хх-н 15-16),
Гэрч Н.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2023 оны 4 дүгээр сарын 24-ний орой Өргөөгийн замын хойн караокед ***, *** бид гурав дуулаад бага зэрэг архи ууцгаасан. Тэгээд тэндээсээ 23 цаг болж байхад гараад буудал руугаа явахаар болсон. *** тухайн үед нэг *** гээд танилтайгаа таараад бид дөрөв уг газраас гараад ертөнцийн зүгээр баруун тийш зам дагуу алхаад ***, *** хоёр миний хоёр талаас сугадаад *** ганцаараа урд алхаад явж байсан тэгсэн ***ын замын уулзварын өнцөг дээр явж байтал нэг залуу бид нарыг өдөж хоргоогоод тэгснээ шууд намайг цохиж унагаад тэгээд босох гэсэн чинь ахиж Өшиглөөд тэгээд цаашаа эргээд ***ыг зодоод явсан, би айгаад босохгүй хэвтээд үлдсэн тэр хэд маргалдаад яваад өгцгөөсөн би согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна нэг мэдсэн намайг нэг хүн ирээд бос үхлээ шүү дээ гээд босгоод би буудал руугаа орж амарсан. Толгой дагз хэсэгтэй шалбарсан, толгой хэд хоног өвдсөн. Өндөр л залуу байсан. Уг залуу нь намайг бас цохиж зодсон" гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Шинжээчийн 5531 тоот дүгнэлтэд: “...***ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салсын цус хуралт, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун хацрын төвгөр, шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэжээ. /хх-н 37-38/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 26-29/, хохирлын баримтууд /хх-н 42-49/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 50/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56, 58-652/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ын замаар явж байсан ***ыг мөрлөлөө гэх үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстын цус хуралт, зүүн дээд зовхинд язарсан шарх, баруун хацрын төвгөр, шанааны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Э.***, ***, Н.*** нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч *** нь хохирогч ***тай маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлөөгүй тул хавтаст хэрэгт баримтаар авагдсан 653.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны цалин, цаашид эмчилгээ хийлгэх нийт 12.500.000 төгрөг нэхэмжилсэн.
Хохирогчийн тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд хэдэн төгрөгийн эмчилгээ хийлгэх эсэх нь тодорхойгүй ба дээрх хохирлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс хохирлыг таамаглаж гаргуулах үндэслэлгүй байна.
Мөн хохирогч нь ажилгүй байсан үеийн цалингаа нэхэмжилсэн ба цалингийн тодорхойлолтоос өөр баримт хавтас хэрэгт авагдаагүй, шинээр гаргаж өгөөгүй тул дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.
Иймд хохирогч нь дээрх гэмтлийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон ажилгүй байсан үеийн цалингийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР