| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/03374/И |
| Дугаар | 102/ШШ2022/00674 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/00674
| 2022 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2022/00674 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Р.Алтантуяа, М.Мөнхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ц
Хариуцагч: Б
Нэхэмжлэлийн шаардлага: 348,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанын оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Ц
Иргэдийн төлөөлөгч Д.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа
/Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Ц 348,000 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Миний бие 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн **-** УНЯ улсын дугаартай Тоёота Кровн /Toyota crown/ маркийн суудлын автомашинтай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ханбүргэдэй их дэлгүүрийн хойно явж байсан. Гэтэл хариуцагч Н.Б-ийн эхнэр нь миний автомашины хойд хаалгыг шалтгаангүйгээр өшиглөсөн. Би машинаас бууж юу болсныг асуухад түүний нөхөр Н.Б нь шалтгаангүйгээр намайг зодож эхэлсэн. Олон удаагийн давтамжтай маш хүчтэйгээр миний толгой, нуруу, хэвлий, мөр, гар хэсгүүдэд цохисон ба ухаан алдуулах зорилготойгоор олон удаа хувцсаар минь миний хоолойг боомилсон. Мөн гараас татаж, автомашин руу маш хүчтэйгээр нуруун тус газраар шидэж, миний эрүүл мэнд болон эд хөрөнгөд онц ноцтой хохирол, бэртэл, гэмтэл учруулсан. Зугтаж байх явцад газраас чулуу авч, миний толгойн тус газар цохисон. Ханбүргэдэй дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээр иргэн Н.Б нь санаатайгаар миний биед халдсан нь бүрэн тогтоогдсон. Гэхдээ шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг гараагүй учраас эрх бүхий байгууллагаас түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3.1-т заасны дагуу хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон гэж 100,000 төгрөгөөр торгосон. Ингээд миний бие хариуцагчид холбогдуулж дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:
1/ Миний эд хөрөнгөд учруулсан хохирлын үнэлгээг ДАМНО ХХК-иар хийлгэхэд 210,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Уг мөнгийг нэхэмжилнэ.
2/ Би Мед траума эмнэлэгт бүсэлхий нурууны компьютерт томографын шинжилгээг 130,000 төгрөгөөр хийлгэсэн. Уг мөнгийг хариуцагчаас нэхэмжилнэ.
3/ Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8,000 төгрөг төлсөн, энэ мөнгийг бас нэхэмжилнэ. Ингээд нийт хохиролд 348,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Б миний бие нэхэмжлэгч Э.Ц-ийн гаргасан нэхэмжлэлд дурдсан зүйлс нотлогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн зүгээс баримтууд бүрдүүлэн сөрөг нэхэмжлэх гаргах болно гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Э.Ц-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Ц-ийн Мед траума эмнэлэгт бүсэлхий нурууны үзлэг хийлгэсэн хуудас, төлбөрт төлсөн 130,000 төгрөг, үзлэгийн хуудас, төлбөр төлсөн баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтийн хуудас, ДАМНО ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Э.Ц-ийн Дүрс оношилгооны шинжилгээний хариу-г гаргаж өгсөн.
4. Нэхэмжлэгчиийн хүсэлтээр бичлэг /cd/-т үзлэг хийсэн. Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс нотлох баримт гаргуулсан /хх 32-50/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч Н.Б-д холбогдуулж 348,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан. Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ ...хариуцагч Н.Б миний бие, эд хөрөнгөд хууль бусаар халдаж хохирол учруулсан тул тэрээр надад учирсан бодит хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ...нэхэмжлэлд дурдсан зүйлс нотлогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн зүгээс баримтууд бүрдүүлэн сөрөг нэхэмжлэх гаргах болно гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, гэрч асуулгах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлж оролцдог.
Өөрийн бие махбод болон эд хөрөнгөд гэмтэл, хохирол учирсан, энэ нь хариуцагчийн буруугаас шалтгаалсан гэдгийг нотлох үүднээс нэхэмжлэгч шүүхэд болсон явдлын талаарх дүрс бичлэг гаргаж өгсөн ба уг бичлэгт шүүхээс үзлэг хийж баримтжуулсан.
Мөн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтээс Зөрчлийн 2105001503 тоот хэрэгт цугларсан баримтуудыг шүүхийн журмаар авч хэрэгт хавсаргасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заажээ.
Нэхэмжлэгчийн ...хариуцагч Н.Б ...Э.Ц-ийн биед, ...эд хөрөнгөд хохирол учруулсан, ...тул эрх бүхий байгууллагаас түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгосон гэсэн тайлбарыг хариуцагч ...нэхэмжлэлд дурдсан зүйлс нотлогдохгүй... гэснээс өөрөөр няцааж, үгүйсгээгүй, өөрийн татгалзлыг нотлохоор холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ямар нэг хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй.
Дээрх нөхцөл байдлыг хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад хариуцагчийн буруугаас шалтгаалж нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэхээр байна. Ийм учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй.
5. Хэрэгт нэхэмжлэгчийн Мед траума эмнэлэгт бүсэлхий нурууны үзлэг хийлгэхэд төлсөн 130,000 төгрөг, нэхэмжлэгчийн эд зүйлсийн үнэлгээг 210,000 төгрөгөөр тооцсон ДАМНО ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгчийн шүүх эмнэлэгт үзүүлэхэд төлсөн 8,000 төгрөгийн баримтууд авагдсан.
Дээр дурдсан зардлууд хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор гарсан гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн учир нэхэмжлэлд дурдсан нийт 348,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6. Иргэдийн төлөөлөгч ...хэн нь буруутай эсэхийг дүгнэн хэлэх боломжгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Боос 11,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Н.Б-ээс 348,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц-д олгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б-ээс 11,090 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
М.МӨНХТӨР