Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2022/01105

 

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01105 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байрлах *** ХХК /РД:***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух *** овогтой ***ийн *** /РД:***/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөр 60,049,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн өмгөөлөгч ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *** ХХК нь Н.***д холбогдуулан түрээсийн төлбөр 60,049,600 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** ХХК нь Н.***тай ***-ний өдөр орон сууц захиалгаар барих *** дугаартай *** дугаар байр, 10 давхар, 47 тоот, 115.48 м.кв 3 өрөө орон сууцыг 294,474,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг захиалагч 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор 100 хувь төлөхөөр график гаргасан. Гэтэл захиалагч гэрээний үндсэн үүргээ ноцтой зөрчиж байрны урьдчилгаа 45,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 249,474,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж алданги, амьдарсан хугацааны төлбөр, торгууль, байрнаас албадан гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүхээс байрыг чөлөөлөх, нэхэмжлэгч нь амьдарсан хугацааны төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн.

Бид энэ нэхэмжлэлээр өмнө нь шүүх шийдвэрлэсэн гэрээний алданги, торгууль, байр чөлөөлөх шаардлага бус, зөвхөн амьдарсан хугацааны төлбөрийг нэмж шаардаж байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргахдаа ***-ны өдрийн *** тоот албан бичгээр гэрээний 4.10.1 дэх хэсэгт зааснаар сарын түрээс 2,309,600 төгрөг буюу 15 сар амьдарсны түрээсийн төлбөр 34.644.000 төгрөгийг шаардсан.

Иймд H.***тай ***-ний өдөр байгуулсан орон сууц захиалгаар барих 47 дугаар гэрээний 4.10.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 07 дугаар сараас ***-ны өдрийг хүртэл буюу 26 сар манай өмчлөлийн орон сууцанд амьдарсан хугацааны түрээсийн төлбөрт 60,049,600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэг сарын түрээсийн төлбөрийг 2,309,600 төгрөгөөр тооцоолсон гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн төлбөрийг шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэхэмжлэгч хариуцагчид уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхдээ түрээс төлөхөөр харилцан тохиролцоогүй.

Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.10.1 дэх хэсгийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх боловч *** ХХК 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримт, гэрээний зүйл заалтуудыг үндэслэн гэрээнээс татгалзаж, түүнтэй холбоотой хохирлыг шийдвэрлүүлэх нэхэмжлэл гаргасан. Шүүхээс гэрээнээс татгалзаж, өгсөн авсан зүйлээ буцаах нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 45,000,000 төгрөгийг хариуцагч Н.***д буцаан өгч, хариуцагч нь уг байрыг нэхэмжлэгчид буцаан өг гэж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтыг өмнө нь шийдсэн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, магадлал байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гэрээ нь хүчин төгөлдөр байж гэрээний дагуу шаардах эрхтэй боловч анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар уг гэрээ нь дуусгавар болсон тул гэрээний заалтын дагуу төлбөр шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш Улсын Дээд шүүхийн тогтоол гарах хүртэлх хугацааны төлбөрийг нэхэмжлэгч тал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь уг маргаан яаж шийдэгдэх нь ойлгомжгүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан тул уг байрыг чөлөөлж өгөх боломжгүй байсан.

Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч тал хариуцагчид 45,000,000 төгрөг, хариуцагчаас нэхэмжлэгчид 34,664,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Н.*** зөрүү 15,000,000 төгрөгийг *** ХХК-аас авах ёстой. Энэ мөнгийг өгсөн нөхцөлд байрыг чөлөөлж өгөх боломжтой байсан боловч одоо хүртэл мөнгийг өгөөгүй.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн гэрээний дагуу өгсөн 45,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэж, бизнесээ явуулж байгаа. Н.*** гэрээний дагуу уг байранд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь үнэн. Шударга ёсны дагуу яривал аль аль нь гэрээний дагуу нэгнийхээ өгсөн зүйлийг ашиглаж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгч тал *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, *** ХХК болон Н.*** нарын хооронд ***-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ***-ны өдрийн *** дугаартай тогтоол зэрэг баримтуудыг,

Хариуцагч тал Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *** ХХК-аас Н.***д холбогдуулан гаргасан гэрээ цуцалж, орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 34,644,000 төгрөг, торгууль 4,500,000 төгрөг, алданги 50,000,000 төгрөг, хохирол 89,144,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, *** дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ***-ны өдрийн *** дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, ***-ний өдрийн ***/01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэл, Н.***гаас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр *** ХХК-нд гаргасан хариу шаардлага, *** ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай Н.***д шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, фото зураг, Хас банк дахь Б.Хан-Эрдэнийн хадгаламжийн дэвтэр зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлээс 56,431,218 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,618,382 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний зүйлийг харилцан буцаах үүрэгтэй бөгөөд хариуцагч Н.*** орон сууцыг буцаан шилжүүлээгүй 2019 оны 07 дугаар сараас ***-ны өдрийг хүртэл эзэмшиж, ашигласан хугацааны төлбөрийг *** ХХК болон Н.*** нарын хооронд байгуулсан гэрээний 4.10.1-т заасны дагуу гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон бөгөөд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөн маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргаан шүүхэд хэлэлцэгдэж байх хугацаанд хариуцагч төлбөр төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн *** ХХК болон Н.*** нарын хооронд ***-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тогтоол зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас *** ХХК, нөгөө талаас Н.*** ***-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал болох *** ХХК нь Б*** тоот 115 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч тал болох Н.*** 294,474,000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дотор хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байна.

4.2. Дээрх гэрээний дагуу худалдан авагч Н.*** орон сууцны үнэ 45,000,000 төгрөг төлж орон сууцыг хүлээн авсан боловч гэрээгээр тохирсон үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээр худалдагч гэрээнээс татгалзаж, хохирлоо шаардсан байх ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 55 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай тогтоолоор хариуцагч Н.***гийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч *** ХХК-аас орон сууцны урьдчилгаа төлбөр 45,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Н.***д олгож, хариуцагч Н.***гаас гэрээний улмаас учирсан хохирол 34,664,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч *** ХХК нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцыг хариуцагч Н.***д шилжүүлсэн боловч талууд гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болсон байх ба хариуцагч Н.*** орон сууцыг чөлөөлж өгөөгүй эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбар, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Н.***гаас маргаан бүхий орон сууцанд амьдарсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ***-ны өдөр хүртэлх хугацааны төлбөрийг шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл байна.

 

7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, ... хамаарна гэж тус тус заасан.

 

8. Нэхэмжлэгч *** ХХК нь худалдах-худалдан авах гэрээг цуцлах тухай шүүхэд нэхэмжлэл /хэргийн 96-98 тал/ гаргасан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр гэрээ дуусгавар болсон, энэ хугацаанаас хойш хариуцагч Н.*** нь гэрээний зүйл болох орон сууцыг зориулалтын дагуу ашиглаж, төлбөл зохих мөнгийг хэмнэсэн буюу энэ өртгөөр үр шим олсон гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч *** ХХК нь шилжүүлсэн орон сууцны үр шимийг хариуцагч Н.***гаас буцаан шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

 

9. Төлбөрийн хэмжээний хувьд, нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний 4.10.1-д заасан 2,309,600 төгрөгөөр нэг сарын төлбөрийн үнэлгээг тооцож 26 сарын төлбөр 60,049,600 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч талаас үнэ тогтоосон арга, хэмжээний талаар маргаж, баримтаар няцаагаагүй тул хариуцагч Н.***г 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс ***-ны өдөр хүртэлх хугацаанд 56,431,218 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжиж, үр шим олсон гэж үзэх үндэслэлтэй байна. Харин 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны гэрээний улмаас учирсан хохирлыг хариуцагч Н.***гаас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгохоор Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул энэ хугацаанд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч Н.***гаас 56,431,218 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,618,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

11. Н.***гаас 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс ***-ны өдөр хүртэл орон сууцыг эзэмшиж, ашигласнаас олсон үр шимийг гаргуулах тухай үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүхэд маргаан хянагдаж байх хугацаанд орон сууц эзэмшсэн тул төлбөр төлөх үүрэг хүлээхгүй гэх татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

 

12. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хуваарилан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Н.***гаас 56,431,218 /тавин зургаан сая дөрвөн зуун гучин нэгэн мянга хоёр зуун арван найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,618,382 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 458,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.***гаас улсын тэмдэгтийн хураамжид 440,106 төгрөг гаргуулж *** ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ