Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/826

 

 

 

 

 

  2024         10          21                                       2024/ШЦТ/826

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Пүрэвдулам,

Улсын яллагч: Э.Анударь,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405025811199 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, **** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” зочид буудалд хамт байсан иргэн ***ий iphone 12 pro max загварын гар утас, иргэн Б.***ын Samsung S10 загварын гар утас, иргэн ***ын iphone 12 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй байна” гэв.

Хохирогч ***ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ны өдрөөс 05-ны өдрийг шилжих шөнө найз ***тэй хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хүрээ” нэртэй зочид буудалд орж хоносон. Тэгээд маргааш нь ***, *** хоёрыг 14 цагийн орчимд архи, пиво аваад ир гэж дуудсан. Тэгээд бид нар нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. *** 17 цагийн орчимд *** гэдэг найзаа утсаар дуусан. ***ыг ямар учиртай дуудсан гэхээр 1 ширхэг тамхи, 2 ширхэг үсний боолт аваад такси бариад ир гэж хэлээд ***ын Хас банкны 5005741925 дугаартай данс руу *** 15.000 төгрөгийг шилжүүлсэн. 18 цагийн үед  *** захисан зүйлийг авч ирсэн. Тэгээд бид нар үргэлжлүүлж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шөнийн 03 цагийн орчимд унтсан. Өглөө 08 цагийн орчимд сэрсэн чинь *** миний гар утас байхгүй байна, та нарын гар утас байна уу, үзээрэй гэхээр нь үзтэл *** бид хоёрын гар утас байхгүй байсан. *** бас байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/

Хохирогч Б.***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд найз *** утсаар залгаад хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байна яасан юу болсон бэ гэхэд *** буудалд байна жаахан юм уусан дотор муу байна завтай бол хүрээд ирээч гэхээр нь би удахгүй очлоо гэж хэлээд явж байхад *** бас ирж байгаа та хоёр замдаа таараад хүрээд ир гэсэн. Би ***тай яриад Хүрээ буудлын гадаа уулзаад гаднаас 2 шил 0.75 грамм Агар нэртэй архи, Сэнгүр нэртэй 0.5 грамм пиво авч орсон. Буудал ***, ***тэй хамт байсан. Тэгээд бид авсан архиа ууж эхэлсэн. Ууж байхад *** миний дүү ирж байгаа гэхээр нь тэгвэл тамхи, 2 ширхэг үсний боолт аваад ир гэж хэлээд мөнгийг нь би өөрийн хаан банкны 5114349752 дугаартай данснаас Хас банкны 5005741925 дугаартай данс руу 15.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй *** захисан зүйл аваад орж ирсэн. Бид хэд уугаад нэлээн халсан байсан. *** бид нартай нийлээд ганц нэг татсан. Би их согтсон байсан миний утас цэнэггүй болоод унтарсан байсан. Бас цэнэглэгч хайж байсан. Нэг сэрэхэд орой 20 цаг орчим болж байсан харуй бүрий болж байсан. Би ***тэй орон дээр сэрсэн. Тэгээд утсаа хайсан чинь байхгүй байсан. Нөгөө хэдээ дуудаж сэрээгээд утас яасан талаар асуухад бүгд мэдэхгүй байсан. Тэгээд өөрсдөө гар утсаа хайхад ***ээс бусдынх нь гар утас алга болсон байсан. Тэгээд би ***ыг аваад явсан байна гэж сэжиглэсэн. Миний утас Самсунг Эс-10 загварын гар утас байсан. 2023 оны 11 дүгээр сард 550.000 төгрөгөөр худалдаж авч байсан.” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

Хохирогч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед найз *** “найз хаана байна хүрээд ирж чадах уу” гэж асуухаар нь “хаана байгаа юм” гэхэд *** найз нь модны хоёрт буудалд байна гэсэн. Тэгээд би очиж байх замдаа найз ***тай таараад хамт очсон. Буудалд ороход ***, *** хоёр байсан. Тэгээд бид дөрөв архи, пиво ууж байхад *** би дүүгээ дуудаад түлхүүр өгөх гэсэн юм гэж ярьж байсан тэр үед нь дүүд нь тамхи, үсний боолт захисан. Удалгүй дүү нь захисан зүйл аваад орж ирсэн. Бид хэд уугаад нэлээн халсан байсан. Буудлын эгчээс доош бууж асуухад та нартай хамт байсан залуу өмсөж байсан жинсэн якаа цонхоор шидчихээд яаж авах вэ гэж асуусан байсан. Тэгээд *** эгч намайг явуулахгүй байна гэж ярьсан байсан гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Iphone 12 загварын гар утас байсан. 2024 оны 5 дугаар сард найзаасаа 780.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/

 

Яллагдагчаар ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “2024 оны 6 дугаар сарын сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ зочид буудалд очоод ***, ***, *** нарын гар утсыг архи уугаад унтаж байхад нь хэлэлгүйгээр нууцаар хулгайлж авч гараад маргааш нь бусдад зарсан. “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө даатгал хохирлын ТХҮ-024/10070, ТХҮ-024/10072, ТХҮ-024/10365 дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлоо бүрэн төлнө. Дахин ийм хэрэг хийхгүй” гэх мэдүүлэг /хх-н 76-77/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 24-28, 33-36, 41-44/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 79-85/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүрээ” зочид буудалд хамт байсан иргэн ***ий iphone 12 pro max загварын гар утас, иргэн Б.***ын Samsung S10 загварын гар утас, иргэн ***ын iphone 12 загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, Б.***, *** нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч нарыг унтаж байх үед нь тэдгээрийн гар утаснуудыг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд хохирогч ***, *** нарын эд зүйлийн үнэлгээгээр гарсан гар утасны төлбөрийг төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн, харин хохирогч Б.***тай холбогдож чадахгүй байгаа, хохирол төлбөрийг нь төлөхөө илэрхийлсэн болно.

Иймд шүүгдэгчээс 400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.***т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, зарим хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***, *** нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 400.000 төгрөг гаргуулж хохирогч Б.***т олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР