Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2257

 

“КБ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “КБ-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Т-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 181 805 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Г

Хариуцагч Г.Т-

Хариуцагчийн өмгөөлөгч С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч “КБ-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т- нь КБ-тай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 3000-2014/188 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам 20, Б-2 тоотод байрлах 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийг барьцаалсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дуусгасан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл 67 109 005 төгрөг, зээлийн хүү 18 394 119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 678 682 төгрөг, нийт 89 181 805 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Т- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би КБ-тай 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3000-2014/188 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 80 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо Баянголын ам Найрамдлын зам 20, Б-2 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2201023734 дугаартай, 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийг барьцаалсан. Энэ талаар маргахгүй бөгөөд уг зээлийг бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэхээр авсан боловч үйл ажиллагаа доголдсон. Би 3 жилийн хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт нийт 57 422 738 төгрөг, үндсэн зээлд 12 890 995 төгрөг төлсөн. Зээлсэн мөнгөтэйгээ дүйцэхүйц хэмжээний мөнгө төлсөн учир хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөхийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжилсэн хүүг хасч өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 67 109 005 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 22 072 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т- нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Ү-2201023734 тоот улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20, Б-2 тоотод байрлах 346.8 м.кв талбайтай Г.Т-гийн өмчлөлийн хувийн сууц, гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736 714 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Т-гээс улсын тэмдэгтийн хураамжид 493 495 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “КБ-” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “КБ-” ХХК давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

        Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...“КБ-” ХХК нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сар өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлж хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж үзэж, уг хэсэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй" гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас 22 072 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч зээлийн нийт үлдэгдэл төлбөрийн талаар огт маргаагүй байхад шүүх өөрийн үзэмжээр зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Учир нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш 3 жилийн дотор нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхээ эдэлж байхад зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 11 сарын дараа нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзсэн нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр нэхэмжлэл гаргах ёстой гэсэн хуулийн заалт байхгүй бөгөөд харин дээрх хуулийн заалтын дагуу 3 жилийн дотор нэхэмжлэл гаргах эрхээ эдэлснийх нь төлөө үидэслэлгүйгээр нэхэмжлэгчийг буруутгасан.

  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байвал зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх зээлийн хүүг багасгаж болохоор хуульчилсан байхад шүүх зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл бодогдсон зээлийн болон нэмэгдүүлсэн хүүг бүхэлд нь хасаж шийдвэрлэсэн.

  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заасан "... нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 22 072 801 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэсэн хэсгийг хүчингүй болгож, "хариуцагч Г.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт нийт 89 181 805 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “КБ-инд..." гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “КБ-” ХХК нь хариуцагч Г.Т-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 89 181 805 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

“КБ-” ХХК нь 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 80 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, Г.Т- нь зээлийн гэрээний хугацаанд мөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээж, зээлийн гэрээг бичгээр байгуулсан нь 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг хангасан, гэрээ хүчин төгөлдөр. /хх-9-11 дэх тал/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.Т- нь өөрийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, Найрамдлын зам 20Б-2 тоот хаягт байрлах 346.8 м.кв талбай бүхий хувийн сууц, гараашийг “КБ-” ХХК-д барьцаалж, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон ба барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хуулийн хүчин төгөлдөр байна. /хх-9-12 дахь тал/

            Хариуцагч тал зээлийг гэрээгээр тохиролцсон хугацаанд төлөөгүй, гэрээний хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэгч нь зээл, зээлийн хүүг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Түүнчлэн зээлийн гэрээний 3.1.4, 4.9-т зааснаар зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна. /хх-9-11 дэх тал/ Иймд хэтэрсэн хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

            Хариуцагч Г.Т-, гэрээний хугацаанд зээлийн хүүд 60 480 000 төгрөг төлөхөөс 57 422 738 төгрөг /80 000 000Ч25.2%Ч3 жил/ төлсөн, үндсэн зээл 80 000 000 төгрөгөөс 12 890 995 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар /хх-41-42 дахь тал/ тогтоогдож байх тул түүнийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэж үзнэ. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлдүүлэгч нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, үүргээ хугацаанд биелүүлээгүйд хариуцлага тооцон гүйцэтгээгүй үүргийн үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцон шаардаж байгаа нь хуульд нийцнэ.

            Иймд хариуцагчаас үндсэн зээл 67 109 005 төгрөг, зээлийн хүү 18 394 119 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 678 682 төгрөг буюу нийт 89 181 805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Нэхэмжлэгч тал үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Талуудын байгуулсан барьцааны гэрээгээр нэхэмжлэгч “КБ-” ХХК-д барьцааны эрх үүссэн, мөн хариуцагч гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2018/02157 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т-гээс зээлийн гэрээний үүрэгт 89 181 805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ-” ХХК-д олгосугай” гэж, 3 дахь заалтын “493 495” гэснийг “674 059” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268 315 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД