Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: А.Б

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Ч

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Ч ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0066955 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч А.Б, Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.О , хариуцагч Х.Ч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч А.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №0066955 дугаар бүхий шийтгэлийн хуудсаар А.Бид оногдуулсан шийтгэлийг эс зөвшөөрч байгаа тул гомдол гаргаж байна.

Нэг. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Чээс А.Бид холбогдуулан шийтгэл оногдуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1-т заасныг ноцтой зөрчиж гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд хязгаарласан.

Учир нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Чийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №0066955 шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийдвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д хамаарах зөрчил юм. Мөн 5 хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.10...дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаас үзвэл улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан захиргааны актыг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргагч нь шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар хуульчилсан болно.

Гэтэл А.Бид оногдуулсан шийтгэлийн хуудсанд гомдол гаргах хугацааг 2019 оны 10-р сарын 30-ны дотор буюу мэдэгдсэнээс хойш 9 хоногт багтаан гомдол гаргахаар заасан ба түүнчлэн аль байгууллагад хаяглан гомдол гаргахыг тусгахгүйгээр шийтгэл оногдуулсан нь А.Б*******ийн хуулиар олгогдсон эрхийг гүйцэд эдлүүлээгүй үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1-т заасантай тус тус нийцээгүй, гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон байна.

Хоёр: Эрх бүхий албан тушаалтан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1-р зүйлийн 1.3-т “тухайн үйлдэл нь зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг заалтад нийцэж байгаа эсэх” болон 7.2-р зүйлийн 2-т шийтгэл оногдуулах хуулийн зүйл, хэсэг, заалт ... тусгана”, мөн хуулийн 4.13-р зүйлд заасанчлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг зохих журмаар үйлдээгүй, 4.14-р зүйлд заасанчлан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хавсаргаагүй, мөн хуулийн 4.15.3-р зүйлд заасан оролцогчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичиг баримт, бусад нотлох баримтын эх сурвалжийг заагаагүй, эцэслэн тодорхой болгоогүй, эх сурвалжгүй баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн зэргээр хуулийг зөв хэрэгжүүлээгүй болох нь шийтгэлийн хуудас, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг авсан тэмдэглэл (зөрчлийн хэрэг нээсэн хугацаа зөрүүтэй, ямар хуулийн ямар зүйлд заалтаар хэрэг үүсгэсэн нь бичигдээгүй, мэдүүлэг үргэлжилсэн хугацаа байхгүй.. хх13-14), хохирогчийн гомдол (хохирогчийн гомдлыг засварлаж, өөрчилж хэрэгт хавсаргасан хх-ийн ... хуудас), зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл (хх-ийн ...) 2018, 2019 оны цалингийн хүснэгт гэх зэргээр тус тус тогтоогдож байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2-т заасанчлан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд энэхүү шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх, мөн хуулийн 4.1.4-т шалгуулагч этгээдэд адил тэгш хандах, түүний хууль ёсны эрх ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх зарчмыг баримтлан явуулна гэж заажээ.

Гэтэл иргэн Б.О  Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хаяглан гаргасан гомдлыг хүлээн авч түүний гомдлыг засварлан дахин бичүүлсэн байдаг бөгөөд ийнхүү засуулж бичүүлсэн гомдлыг хүрээнд 2019.09.30-ны өдрийн 02-15/92 дугаартай Төлөвлөгөөт бус шалгалт хийх тухай удирдамж гаргасан. Ингэхдээ шалгуулагчид мэдэгдээгүй, ямар хүрээнд хяналт шалгалт явуулах гэж байгаа тухайгаа нууцалсан нь төрийн хяналт явуулах үйл ажиллагаа нь ил тод байх, эрх тэгш явуулах үндсэн зарчмыг алдагдуулан зориуд нэг талыг буруутгах, шийтгэх байр суурийг баримталсан байна. Улсын байцаагч Төлөвлөгөөт бус шалгалт явуулахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-т заасанчлан ...иргэний гомдол мэдээлэл хүний амь нас эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд...төлөвлөгөөт бус шалгалт явуулна. Харин ийнхүү шалгалт явуулахдаа тус хуулийн 10.9.7-д заасанчлан уг зөрчил нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж болохыг нь зохих ёсоор нотолсон байхыг шаардсан байдаг.

Туүнчлэн уг хуулийн 10.9.11-т улсын байцаагч хийсэн шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл нотолгооны үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Гэтэл Улсын байцаагч нь тухайн үйл баримтын бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шалгалт бүхий объектод биечлэн шалгалт хийгээгүй, Б.Оөгсөн мэдүүлэг, объектын нөхцөл байдал баримт бичигт шалгалт хийхгүйгээр 2019.10.18-ны өдрийн 02-06-205/45, 2019.10.16-ны өдрийн 02-06-045/44 дугаар актыг тавьж иргэн А.Бид хохирол төлбөр оногдуулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1-д заасанчлан ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ” гэж заасан байдаг бөгөөд Б.О*******ийг худалдагчаар ажиллуулахдаа хэзээнээс, ямар хугацаатай авч ажиллуулсан, хэдэн төгрөгийн цалин хөлс өгсөн, авсан болох түүнчлэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх, ажилд орсон гарсан тушаал, хөдөлмөрийн дотоод дүрэм журамд хэрхэн тодорхойлсон талаар огт дурдаагүй хяналт явуулаагүй болно. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар тушаалын 2.1-т ажил олгогч нь Улсын бүртгэлийн гэрчилгээ регистрийн дугаараар Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлж мэдээллийн нэгдсэн санд нэмж, нэг удаа дугаар олгохоор заасан.

Гэтэл иргэн А.Б нь харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст ажил олгогчоор бүртгүүлээгүй байхаас гадна Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн “А.Б нь ажил олгогчоор бүртгүүлээгүй болох тухай лавлагааг хэрэгт хавсаргаагүй болно. Ийнхүү улсын байцаагч хяналт шалгалтын явцад хэргийг эцэслэн шийдвэрлэх нөхцөл байдлыг олж тогтоох, түүнийгээ нотлох, нотлох баримтаа хэрэгт хавсаргах ёстой бөгөөд ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг буруутган шийтгэл ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2019.10.08-ны өдрийн 199001449 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дахь заалт, 10.16 дугаар зүйлийн 3 дах заалтуудыг тус тус зөрчсөн болох нь хяналт шалгалтын явцад баримтаар тогтоогдож байна гэжээ. Гэтэл уг хэрэгт Улсын байцаагч Х.Чийн гаргасан “Б.Онийгмийн даатгалын шимтгэлийн тооцоолол” 2018 оны цалин, 2019 оны цалингийн хүснэгт мэдээлэл зөрүүтэй, Б.Осард авах ёстой цалин, ажилласан хоног, нэмэгдэл, гарт олгох олговор, суутгалын тооцооллыг буруу гаргасан, түүнчлэн нийт ажилласан цагийн бүртгэл, хоцролт зэргийг тогтоогоогүй нотолгооны шаардлага хангахгүй (цалин олгосон хүний болон санхүүгийн тамга тэмдэггүй) баримтад тулгуурлан үндэслэлгүйгээр шийтгэл оногдуулсан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14-р зүйлд заасанчлан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хавсаргах, 4.15.3-д оролцогчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичиг баримт, бусад нотлох баримтын эх сурвалжийг заах, оролцогчдын мэдүүлэг, нотлох баримтыг эргэлзээгүйгээр нотлох гэснийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон байна.

Мөн 2019.10.22-ний өдрийн 199001449 дугаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл Солонгос гэх ахуйн барааны дэлгүүр ажиллуулж буй эзэн А.Бид ...Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-ны дэх заалтын дагуу хариуцлага тооцож байна гэжээ. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 53.1-дэх заалтад “. ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох” тухай заасан. Иргэн Б.О******* нь тухайн ажилд илүү цагаар ажилласан гэх ямар нэгэн баримт хэргийн материалд байдаггүй бөгөөд нөхөн амраагаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Чийн 2019.10.21-ны өдрийн №0066955 дугаар шийтгэлийн хуудсаар иргэн А.Бид шийтгэлийг хүчингүй болгож миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг сэргээж өгнө үү..." гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэн Б.Огаргасан Солонгос гэр ахуй, бичиг хэргийн дэлгүүрт худалдагч, кассчнаар ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, илүү цагийн мөнгө өгөөгүй гэх гомдол ирсэн.

1. Х.Ч миний бие 2019 оны 09 дүгээр сарын 23-нд жирэмсэн амаржсаны чөлөөнөөс томилогдон орсон. Цахим дотоод сүлжээгээр ирсэн даруйд өргөдөл үндэслэлтэй эсэх талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5 дах заалтын дагуу 2019 оны 09 сарын 30 нд бичүүлж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу 02-15/92 тоот удирдамжийг хэлтсийн даргаар батлуулан шалгалтыг эхлүүлсэн. Өргөдөл засварласан гэх асуудалд гэрчээр хохирогч Б.О , ХХУБ Ч.Д  нарыг гэрчээр татаж тодруулга авч болно.

2. Гомдол, мэдээллийг авч төлөвлөгөөт бус шалгалтын удирдамжийг батлуулсан даруйд холбогдогчид утсаар мэдэгдэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг өгөхийг мэдэгдсэн.

3. Холбогдогч А.Боос мэдүүлэг авах гэж удаа дараа залгасан ирэхгүй байсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 /Шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх/ дэх заалтыг зөрчиж 2019 оны 10 дугаар сарын 08 нд ирж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг авахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан холбогдогчийн эрх болон үүргийг хоёр удаа танилцуулсан болно. Гарын үсэг зурахгүй, хүлээн авахгүй гэх тайлбар дээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.7 /Шийтгэлийн хуудсыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд хүлээн аваагүй нь шийтгэл, албадлагын арга хэмжээг албадан хэрэгжүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй/ дах заалтыг мөн сануулсан.

4. Холбогдогч А.Бид Б.Оцалин хөлстэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хүссэн. Ажил олгогчийн өөрийнх нь үндэслэлтэй хэмээн өгсөн баримт бичиг хуульд нийцсэн гэж үзсэн учраас Зөрчлийн тухай хуулийн 10.17-н 1 дэх /Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр тооцсон шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шийтгэлийг хугацаандаа төлөөгүй бол шимтгэлийг тооцсон алдангийн хамт нөхөн төлүүлж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр,хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ заалтыг үндэслэн тогтоосон.

5. Шийтгэлийн хуудсан дээрх хугацаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5.2 дах заалтанд заасны дагуу сайн дураараа биелүүлэх 15 хоног, цаашлаад Захиргааны ерөнхий хуулийн 94-р зүйлийн 94.1 дэх заалтын 30 хоног байгааг сануулж шийтгэлийн хуудсыг авсан даруйд мэдэгдсэн болно.”                                      

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр гомдол гаргагч “А.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Гомдол гаргач А.Б шүүхэд хандаж “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Чийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0066955 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг зохих журмаар үйлдээгүй... ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу хэрэгт хавсаргаагүй... эх сурвалжгүй баримтад тулгуурлаж хэргийг шийдвэрлэсэн...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02-15/91 дугаар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хяналт шалгалтыг явуулж Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Чийн гаргасан,  2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0066955 дугаар бүхий “Шийтгэлийн хуудас”-аар гомдол гаргагч А.Бийг “Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах Солонгос гэр ахуйн барааны дэлгүүр ажилтны Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200,000 төгрөгөөр торгох” шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст иргэн Б.О  ирүүлсэн “М*******” ХХК-д 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс бичиг хэргийн худалдагч, кассаар орсон..., ажиллаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөггүй байсан, илүү цагаар байнга ажилладаг, ажлаас шалтгаангүй халсан учир ажилгүйдлийн тэтгэмж гаргуулж авах хүсэлтэй.. гэх өргөдлийг гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Ч 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” 199001449 дүгээр тэмдэглэл үйлдэж, гомдол гаргагч Б.О*******д гэмт хэрэг, зөрчил, түргэн тусламж, гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймийн талаар эрх бүхий байгууллагад хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн бол хуульд заасан хуриуцлага хүлээлгэхийг сануулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11/7971 дүгээр албан бичгээр “Солонгос гэр ахуйн барааны дэлгүүр” гэсэн хуулийн этгээд бүртгэлгүй байна” гэсэн хариуг ирүүлжээ. Мөн Б.О  нь анх “М*******” ХХК-д ажилд орсон гэх бөгөөд энэ тухай баримтыг зөрчлийн хэрэгт хавсаргаагүй, мөн ажлаас чөлөөлөгдөхдөө ямар байгууллагаас чөлөөлөгдсөн талаарх баримтыг цуглуулаагүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ", 2-т "Холбогдогч дараах эрхтэй" 2.4-т “хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах" 2.8-д " нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх” гэж, мөн хуулийн 3.5-д “эрх бүхий албан тушаалтан дараахь хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, 1.2-т “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг” гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “М*******” ХХК-ийн өмнөөс хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон итгэмжлэл олгогдоогүй байхад А.Б гэгчийг холбогдогчоор оролцуулсан нь дээрхи хуулийн заалтыг зөрчсөнөөс гадна холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчид эрх үүрэг танилцуулаагүй, тэднийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зохих журмын дагуу оролцох, хүсэлт тайлбар гаргах боломжийг олгоогүй байна.

 Түүнчлэн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т "Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна", 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасан байхад хариуцагч “төлбөрийн баримт олгоогүй зөрчил илэрсэн” гэж тэмдэглэлд тусгаснаас өөрөөр уг зөрчлийг нотлох баримт цуглуулаагүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Чийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0066955 дугаар бүхий “Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 6.5-д заасныг баримтлан холбогдогч А.Б ийн гомдлын шаардлагыг хангаж, “Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Х.Ч ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 0066955 дугаар бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар дүгнэлт гаргасан прокурор болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.Д