Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2022/01137

 

2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр            Дугаар 102/ШШ2022/01137                 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух *** овогтой ***ы *** /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** байранд оршин байрлах “*** ББСБ” ХХК-нд холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.***

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Гэрч: Э.***, Б.***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*** нь “*** ББСБ” ХХК-нд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: *** ББСБ” ХХК-аас 2***-ны өдөр 25,000,000 төгрөгийн зээл авсан. Зээл авсны дараахан ковид-19 вирус гарч, санхүүгийн хувьд хүнд байдалд орж зээлээ төлж чадахгүй байсан. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн эзэмшилд байдаг байраа зарж зээлээ төлж дуусгасан. Нийт төлөх ёстой дүн нь 38,625,850 төгрөг бөгөөд 38,636,490 төгрөгийг төлсөн. Үүнээс компанийн дансанд 11,316,000 төгрөг тушаасан ба үүнийг компанийн тооцоололтой тулгаж хийсэн. Тухайлбал, үндсэн зээлээс 3,634,871.98 төгрөг, хүүгээс 7,620,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 60,870 төгрөгийг хасаж нийт 11,316,000 төгрөгийг компанийн дансанд тушаасан. Мөн хариуцсан эдийн засагчийн хэлсэн дансанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөнгөө бэлнээр өгөх гэсэн боловч АТМ-с 5,000,000 төгрөгөөс илүү гараагүй, эдийн засагч өөрийн биеэр 5,000,000 төгрөгийг авсан. Мөн нэг дансанд 21,000,000 төгрөгийг шилжүүлж, нийт 27,100,000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 600,000 төгрөг буюу нийт 1,100,000 төгрөг зээлээс хасагдах ёстой боловч хасагдаагүй учир уг мөнгөний хүү 220,490 төгрөгийг хасуулах хүсэлттэй байна. Нийт 38,636,490 төгрөгийг төлсөн ба уг төлсөн төлбөр нь баримтаар нотлогдоно гэв.

 

2. Хариуцагчиийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Нэхэмжлэгч Б.*** нь “*** ББСБ” ХХК-ийн харилцагч бөгөөд 2019 онд 25,000,000 төгрөгийг 3,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлснээ хүлээн зөвшөөрдөг. Зээлээ төлж байх хугацаандаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ***ад байршилтай Б.***гийн эзэмшлийн хаашаа байшин, орон сууц, газрыг барьцаалж зээлийн харилцаанд оролцсон. Б.*** нь зээлийг өөрийн бизнесийн орлогоор төлдөг байсан боловч удаа дараа зээлийн зөрчил үүсгэж, зээлээ төлөхгүй байсан. Тухайн үед зээлийн төлөлтийг эдийн засагч Э.*** хариуцаж байсан. Б.*** нь Э.*** гэх хүнтэй зээлийн харилцаанд оролцоогүй, байгууллагаас зээл авсан тул зээлийн гэрээний хавсралтад заасан төлбөрийг буцаан төлөх дансанд эсвэл бэлнээр төлөх ёстой байсан. Нэхэмжлэгч нь маргаж буй мөнгийг зохих ёсоор төлөөгүй, зээл төлсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Иймд зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцох, барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Б.***гийн иргэний үнэмлэхийн хуулбар, 21,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, зээлийн дансны хуулга, Б.***гийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга, “*** ББСБ” ХХК болон Б.*** нарын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, зээлийн гэрээний хугацаа сунгах тухай гэрээ, Э.***од 5,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, *** ББСБ ХХК-нд өгсөн боловч зээлээс хасагдаагүй мөнгөний тооцоо, зээлийн дансны хуулга, зээлийн төлбөрийн тооцоолол зэрэг баримтуудыг, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “*** ББСБ” ХХК-аас Б.***д 24,870,000 төгрөг шилжүүлсэн баримт зэрэг баримтыг гаргасан. Шүүхээс Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн ***-ны өдрийн ***дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, ***-ны өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол, хохирогчоор тогтоох тухай тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай тогтоол, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Б.***гаас мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Э.***оос мэдүүлэг авсан тэмдэглэл, зээлийн дансны хуулга зэрэг баримтуудыг бүрдүүлж, Б.***, Э.*** нарыг гэрчээр асуусан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “*** ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Зээлдэгч Б.*** гэрээнд заасан зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг гүйцэтгэж дуусаагүй гэх үндэслэлээр маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэг талаас “*** ББСБ” ХХК, нөгөө талаас Б.*** 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр *** дугаартай жижиг дунд бизнесийн зээлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр зээлдүүлэгч “*** ББСБ” ХХК нь 25,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдэгч Б.***д шилжүүлэх, зээлдэгч Б.*** нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн, зээлийн барьцаанд *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, уг газарт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 114.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байна.

 

4.2. Талууд ***-ны өдрийн ***-1 дугаартай гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 6 сараар буюу ***-ны өдөр хүртэл сунгасан байна. /хэргийн 17 тал/

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан “Ипотекийн гэрээ” байгуулагдсан, хүчин төгөлдөр байна.

 

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

6. Дээрх гэрээний дагуу зээлдүүлэгч “*** ББСБ” ХХК нь 24,870,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн, зээлдэгч Б.*** нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл “*** ББСБ” ХХК-нд үндсэн зээл 3,634,871.98 төгрөг, зээлийн хүү 7,620,257.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,870.69 төгрөг, нийт 11,316,000 төгрөг төлсөн болох нь зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

7. Харин зээлдэгч Б.*** нь 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 600,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 21,000,000 төгрөгийг тус тус Б.***гийн Хаан банк дахь *** тоот данс руу шилжүүлсэн, мөн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр Э.***од хүлээлгэн өгсөн болох нь дансны хуулга /хэргийн 5, 7-9 тал/ болон төлбөр төлсөн баримт /хэргийн 27 тал/, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч талаас дээрх 27,100,000 төгрөгийг хариуцагч “*** ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт шилжүүлж, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

8. Хариуцагч талаас зээлдэгч Б.*** нь зээлийн гэрээний 2.5–д зааснаар зээлдүүлэгч “*** ББСБ” ХХК-ийн банкны дансанд зээлийн төлбөрийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж маргасан.

 

9. Гэрээний 2.5-д “... зээлийн төлбөрийг бэлнээр болон *** ББСБ”-ын Худалдаа хөгжлийн банк дахь ***, Голомт банк дахь *** Хаан банк дахь ***, Төрийн банк дахь *** тоот дансуудад шилжүүлэн төлнө” гэж заажээ.

 

            10. Нэхэмжлэгч Б.***гаас маргаан бүхий 27,100,000 төгрөгийг шилжүүлсэн Э.*** нь хариуцагч “*** ББСБ” ХХК-ийн зээлийн эдийн засагчаар ажиллаж байсан байх ба тус байгууллагыг төлөөлж зээлдэгч Б.***тай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх ба гэрчээр Б.***, Э.*** нар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Э.*** нь “*** ББСБ” ХХК-ийн зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа зээлдэгч Б.***гаас “*** ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж, уг зээлийн төлбөрт 22,100,000 төгрөгийг Б.***гийн дансаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авсан боловч уг мөнгийг “*** ББСБ” ХХК-нд шилжүүлээгүй” гэж мэдүүлсэн байна.

 

11. Зээлдэгч Б.*** нь хариуцагч хуулийн этгээдийг төлөөлж зээлийн гэрээ байгуулсан зээлийн эдийн засагч Э.***ын шаардлагаар зээлийн төлбөрт 27,100,000 төгрөгийг түүнд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

12. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар зээлдэгч Б.*** нь үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээд болох зээлийн эдийн засагчид хүлээлгэн өгсөн байх тул үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч “*** ББСБ” ХХК-нд хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

 

13. Зээлийн тооцооллын хувьд, зээлийн дансны хуулга буюу тооцооллын талаар талууд маргаагүй бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 21,365,128 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 5,944,722 төгрөг /2021.06.20-ны өдөр хүртэлх зээлийн хүү 5,716,827 + 2021.06.20- 2021.06.30 хүртэл зээлийн хүү 227,894/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 4,570 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 27,314,420 төгрөг байсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Зээлдэгч Б.***гаас 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 600,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 26,000,000 төгрөг, нийт 27,100,000 төгрөг болон 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлсэн 600,000 төгрөгийг тус тус зээлийн тооцоололд оруулаагүйгээс зээлийн хүүгээс хасагдаагүй 220,490 төгрөгийг нэмж тооцоход 27,320,490 төгрөг төлөгдсөн байна.

 

14. Гэрээний 6.1-т “талууд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн барагдуулснаар гэрээг дуусгавар болсонд тооцно” гэж заасан. Зээлдэгч Б.*** нь зээлдүүлэгч “*** ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 13,564,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 65,440 төгрөг, нийт 38,630,419 төгрөгийг төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн байх тул мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

15. Хариуцагч “*** ББСБ” ХХК-ийн зээлийн эдийн засагч Э.*** нь зээлдэгч Б.***гаас зээлийн төлбөрт шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хувьдаа ашигласан гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Б.***гийн хариуцагч “*** ББСБ” ХХК-ийн өмнө хүлээсэн үүрэгт хамааралгүй буюу түүний зээлийн төлбөр төлсөн нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

16. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-д “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж зохицуулсны дагуу “*** ББСБ” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний зээлийн төлбөрийг үүргийг хангуулахаар Б.***гийн өмчлөлийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, уг газарт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 114.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч Б.*** нь “Барьцаат зээлийн гэрээ”-ний зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон.

 

17. Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон ... бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ” гэж заасан. Зээлийн гэрээний зээлийн төлбөр төлөх үүрэг дуусгавар болсноор “*** ББСБ” ХХК ипотекийн шаардлага дуусгавар болсон тул Б.***гийн өмчлөлийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, уг газарт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 114.5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, Б.***д шилжүүлэн өгөх үүрэгтэй юм.

 

18. Иймд хариуцагч *** ББСБ” ХХК-нд Б.***гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өмчлөгч Б.***д буцаан өгөхийг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

19. Нэхэмжлэгч Б.***гаас хариуцагч “*** ББСБ” ХХК-нд холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсныг тогтоолгож гэж тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, зөрчигдсөн эрхийг хамгаалах аргад хамаарахгүй тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх үндэслэлгүй. Харин орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь болж байгааг дурдах нь зүйтэй.

20. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт зааснаар “*** ББСБ” ХХК-нд *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, уг газарт байрлах улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 114.5 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй 64 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БГ-*** тоот зээлийн барьцааны гэрээний зээлийн барьцаанаас чөлөөлж, Б.***д уг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүлээлгэн өгөхийг даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1-т дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*** ББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.***д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ