Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00840

 

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/00840

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  М ХХК 

 

Хариуцагч: Ч.А 

 

Нэхэмжлэлийн шаардлага: зөөврийн компьютер 1 ширхэг, 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар гаргуулах

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 21,571,402 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Я, Б.Д

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Ч.А-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа М ХХК-ийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

М ХХК нь хариуцагч Ч.Ад холбогдуулж М ХХК-ийн өмч болох зөөврийн компьютер, дагалдах баримт бичгийг түүний хууль бус эзэмшлээс гаргуулахаар анх шүүхэд хандсан. Ингээд бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн шаардлагыг тодруулсан ба хариуцагч Ч.А-д холбогдуулж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1/ Зөөврийн компьютер 1 ширхэг;

2/ 3 ширхэг худгийн паспорт;

3/ 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар;

4/ 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар.

М ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ч.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, түүнийг байгаль орчны мэргэжилтнээр ажиллуулж эхэлсэн. Гэвч тэрээр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн. Тухайн үед ажлаасаа буухдаа өөрийн албан хэрэгцээнд хэрэглэж байсан албаны зөөврийн компьютер, худгийн паспорт 3 ширхэг /эх хувь/, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг эх хувь болон файл хэлбэрээр дур мэдэн авч явсан. Ч.Атай утсаар холбогдож албаны эд зүйлийг авъя гэсэн боловч үлдэгдэл тэрээр цалин өг, тэгвэл өгнө гээд албаны эд зүйлийг өгөөгүй. Манай зүгээс Ч.А-д ...цалингын төлбөр тооцоо байгаа бол манай төв оффис дээр ирээд тооцоо нийл, албаны эд зүйлийг хүлээлгэж өгөөд цалингаа ав гэсэн боловч өнөөдрийг хүртэл ирээгүй. Манай зүгээс байнга холбогдох гэхээр хариуцагчийн утас нь холбогдохгүй байсан. Ийм учраас хариуцагч Ч.Агаас М ХХК-ийн өмч болох зөөврийн компьютер 1 ширхэг, 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар тус тус гаргуулж өгнө үү. Хариуцагч Ч.А нь М ХХК-ийн өмч болох зөөврийн компьютер түүний эзэмшилд байгаа талаар маргахгүй байгаа тул энэ талаарх шаардлага хангагдана гэж үзэж байна. Харин 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар түүнд байхгүй гэж хариуцагч тал маргаж байна.

Ч.А нь компанийн албаны хэрэгцээний зөөврийн комьютер болон 3 ширхэг худгийн паспортбайгаль орчны тайлан төлөвлөгөөг байгаль орчны асуудал хариуцан ажиллаж байсан мэргэжилтний хувьд авч явсан. Энэ нь хариуцан ажиллаж байсан удирдлага, уурхайн деспетчир, компанийн нарийн бичгийн дарга нарын бүртгэл, тайлбар зэргээр нотлогддог. Хариуцагч нь М ХХК-ийн төв оффис дээр ирж би байгаль орчны төлөвлөгөө тайландаа ашиглана гээд нарийн бичгийн дарга Ж.Б-ээс худгийн 3 ширхэг паспортыг авж яваад эргүүлэн авчирч хүлээлгэн өгөөгүй. Жил болгоны 12 дугаар сарын 31-ний өдөр байгаль орчны менежментийн тайлан төлөвлөгөөг холбогдох байгууллагуудад өгч хянуулж батлуулдаг. Гэвч манай компанийн байгаль орчны төлөвлөгөө тайлан, худгийн паспортууд байхгүйгээс болж манай компани 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалтаар Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй нь хууль зөрчсөн гэж 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар 500,000 төгрөгөөр торгуулсан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ахин зөрчилтэй гарсанХэрвээ манай компанид тухайн маргаан бүхий баримт материал эх хувиараа хадгалагдан байсан бол Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн хяналт шалгалтын үеэр зөрчил, дутагдалтай гарч торгуулахгүй байсан.

Хариуцагч нь ...цалингийн төлөгдөөгүй үлдэгдэл тооцоо байгаа учраас үндсэн нэхэмжлэлд тусгасан зөөврийн компьютерийг хүлээлгэн өгөх боломжгүй байгаа, эсвэл Цалин өгөхгүй байсан учир Б.Б- нь өөрийн хэрэглэж байсан зөөврийн компьютерийг хариуцагчид өгсөн гэх мэтээр ойлгомжгүй тайлбарыг шүүхэд мэдүүлж байсан. Ч.А нь М ХХК-ийн ахлах хуулийн зөвлөх Б.Батгэрэлтэй холбогддог байсан. Тухайн үед Б.Батгэрэл байгууллагын эд хөрөнгийг авчирч өгөөд тооцоо нийлээд цалингаа авахыг сануулахад Ч.А би зөөврийн компьютерт байгаа бүх тайлан төлөвлөгөө бүгдийг нь би устгалаа өөр яриа байхгүй гэж хэлээд устгасан байдаг. Ч.А нь Хөдөлмөрийн тухай хууль болон М ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, ажлыг хаяж явахдаа дур мэдэн байгууллагын эд хөрөнгийг авч явсан үйлдэл нь хууль бус юм. Хэрвээ ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцалж уг харилцааг дуусгавар болгохоор ажил олгогчид мэдэгдсэн бол түүнээс хойш 30 хоног өнгөрмөгц өөрийн ажлын байраа орхих эрхтэй бөгөөд өргөдлөө өгсөнөөс хойш 30 хоногийн хугацаанд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмыг мөрдөн ажил үүргээ хэвийн үргэлжлүүлэн гүйцэтгэх үүрэг хүлээнэ. Ч.А нь хөдөлмөрийн дотод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил хүлээлцэх үйл явцыг дамжилгүй, тойрох хуудсыг зураагүй байдаг. Манай компанийн ахлах хуульч Ч.Атай утсаар холбогдсоноос хойш Ч.Атай ахин холбогдож чадаагүй бөгөөд Ч.Агийн хөдөлмөрийн гэрээ, ажил орох үед бөглөсөн анкет зэрэгт байдаг холбогдох хүмүүсийн дугаар нь бүгдээрээ холбогдох боломжгүй эсвэл эрх нь хаагдсан, хаана байгаа хэрхэн холбогдох нь тодорхойгүй байдаг. Тиймээс манай байгууллагад нэн шаардлагатай чухал бичиг баримтууд болоод зөөврийн компьютерийг яаралтай гаргуулж авахын тулд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулсан. Энэ хугацаанд Ц.А холбогдоод өөрийн авч явсан бичиг баримт болох 3 ширхэг худгийн паспорт, байгаль орчны тайланг эх болон файлаар, зөөврийн компьютерийг өгөөд тооцоо нийлж тойрох хуудсаа зуруулан цалингийн үлдэгдлээ авах бүрэн боломж байсан гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ч.А-гийн эзэмшилд М ХХК-ийн өмч болох зөөврийн компьютер байгаа, энэ талаар маргахгүй. Харин Ч.А нь 2021 оны 02 дугаар сард ажлаас гарахдаа 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар авч яваагүй. Албаны зөөврийн компьютерийг М ХХК-ийн ажилтан ХАБЭБО-н дарга Ч.Б- нь хэрэглэж байгаад 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ч.Ад өгсөн бөгөөд тэр үед компьютерт ажлын холбогдолтой баримт файлууд огт байгаагүй. Ч.А-гаас гаргуулахаар нэхэмжилсэн худгийн паспорт 3 ширхэг, байгаль орчны тайлан, төлөвлөгөөний эх хувиудыг хариуцагч аваагүй учир уурхайд байх бичиг баримтын бурдэлд эдгээр баримтууд нь эх хувиараа үлдсэн. Мөн Ч.А нь файл хэлбэрээр ямар ч баримт аваагүй. Байгаль орчны мэргэжилтнүүдийн дундын суурин компьютерт Ч.А-гийн хийсэн байгаль орчны холбогдолтой бүх баримтууд файл хэлбэрээрээ үлдсэн байгаа. Харин нэхэмжлэгчийн зүгээс цалингийн тооцооны үлдэгдлийг 3,023,121 төгрөг үлдсэн мэтээр тооцоолол гарган өгч, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг шүүхэд баримтаар гарган өгчээ. Эдгээр баримт, мэдээлэл бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ч.А нь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр М ХХК-ийн Элстэй уурхайд Байгаль орчны мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдсонМ ХХК-д ажилд ороход Ч.А болон түүнтэй хамт томилогдсон бүх ажилчид Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Учир нь Н ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн М ХХК-тай хийсэн Ажиллах хүч, ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх 08/01 тоот гэрээний дагуу тус гэрээний хавсралт 1-д заасан ажилчидыг албан тушаалд томилсон. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу Н хаан ХХК нь ажиллах хүчийг олж, М ХХК нь ажиллуулдаг байсан. Иймд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Н хаан ХХК-ийн гүйцэтгэх захирал нь дээрх гэрээний хавсралт 1-д заасан Ч.А болон бусад 19 ажилчдын Ажилд томилох тухай тушаалыг гаргасан. Ч.Аг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр анх ажилд ороход М ХХК-ийн санал болгосон цалин нь 1,800,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сараас 2020 оны 6 дугаар сарыг хүртэл 2,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 2,500,000 төгрөг болж цалингийн хэмжээ өөрчлөгдсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.А нь М ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэл ажиллах хугацаанд хөдөлмөрийн хөлс болох нийт 56,175,000 төгрөг авах байснаас 31,076,000 төгрөг авсан. Авах ёстой цалингийн үлдэгдэл болох 25,099,000 төгрөгийг өдийг хүртэл М ХХК нь өгөөгүй, нэхэмжлэгч талын өгсөн баримтаар бол 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч.Атай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхэд л аваагүй цалингийн үлдэгдэл 22,923,281 төгрөг болж байгаа гэж үзээд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд: Ч.А нь М ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу /тухайн өдөр гэрээ байгуулсан гэж үзэхэд/ 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сар хүртэлх цалингийн нийт үлдэгдэл болох 22,923,281 төгрөгийг гаргуулах.

Анх аваагүй цалин гэж 22,923,281 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэхдээ хэрэгт сүүлд цугларч ирсэн баримтуудыг судалж үзэхэд зарим цалин тавьсан гүйлгээг шүүж оруулаагүй байсныг хасч тооцоход олгоогүй цалин хөлсний үлдэгдэл өөр гарсан. Иймд дараах сөрөг нэхэмжлэлийг эцсийн байдлаар гаргасан. Үүнд:

1/ 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан хугацаанд олгогдоогүй цалингийн үлдэгдэл 15,985,671.5 төгрөг

2/ Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4-т цалин хөлсийг хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулж олгох-оор заасны дагуу алданги 5,585,730.5 төгрөг, нийт 21,571,402 төгрөг гаргуулна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ ...Ч.А нь М ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарыг хүртэл ажиллах хугацаанд хөдөлмөрийн хөлс болох нийт 56,175,000 төгрөг авах байснаас 31,076,000 төгрөгийг л авсан. Авах ёстой цалингийн үлдэгдэл болох 25,099,000 төгрөгийг М ХХК нь өгөөгүй. Нэхэмжлэгч Ч.А удаа дараа цалингаа авахаар нэхэхэд удахгүй төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрсэнНэхэмжлэгч талын баримтаар бол 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ч.А-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхэд л аваагүй цалингийн үлдэгдэл 22,923,281 төгрөг болж байна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд цалин хөлс олгох зарчим, хэлбэрийг заасан бөгөөд 49.1-д Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно, 49.8-д Ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно гэж заасан. Ч.Агийн ажилласан цагийн цалинг Ч.Агийн Хаан банкны 5-4, 5-5, Хас банкны 5-1 Э.Б-ын данс руу тус тус шилжүүлдэг байсан. Хариуцагчийн гаргасан тооцоогоор 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 22,923,281 төгрөгийн үлдэгдэл цалингийн тооцоо байхгүй. 2021 оны 02 дугаар сарын 3,023,121 төгрөгийн үлдэгдэл цалингийн тооцоо байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцоолсон тооцоолол мэргэжлийн алдаатай тооцоо юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-г 2019 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2020 оны 4, 11, 12 дугаар саруудын цалинг болоод бусад саруудын үлдэгдэл цалинг аваагүй мэтээр тооцоо гаргасан. Үнэн хэрэгтээ Ч.А нь 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 4, 11, 12 дугаар саруудад ажиллаагүй бөгөөд ажилласан хоног цагийн бүртгэл байдаггүй. Харин 2019 оны 9 дүгээр сард 9 хоног ажиллаж 736,720 төгрөгийн цалин бодогдож, 2019 оны 10 дугаар сард 15 хоног ажиллаж 1,297,500 төгрөгийн цалин бодогдож, 2020 оны 8 дугаар сард 25 хоног ажиллаж 2,765,010 төгрөгийн цалин бодогдсоноос үлдэгдэл 765,010 төгрөг тус тус бодогдсон байсныг 2021 оны 02 дугаар сарын 01-нд нийт 2,799,230 төгрөгийн цалинг Ч.Агийн Хаан банкны 5-4 тоот дансанд шилжүүлсэн. Мөн 2020 оны 9 дүгээр сарын урьдчилгаа цалин болох 850,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 30-нд Ч.Агийн Хаан банкны 5-5 тоот данс руу шилжүүлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 2021 оны 01 дүгээр сарын үлдэгдэл цалин болох 466,500 төгрөгийг Хас банкны Э.Б-ын 5-1 тоот дансанд шилжүүлсэн. Энэ нь Ч.А-гийн арилжааны банкуудын дансны хуулга болоод манай компанийн санхүүгийн нэгдсэн тооцоонуудаар нотлогддог. 2019 оны 11 дүгээр сар, 2020 оны 4 дүгээр сар, 2020 оны 11, 12 саруудад Ч.А нь ажиллаагүй, ажилласан хоноггүй тул цалин олгоогүй. Хариуцагчийн зүгээс цалинг хэрхэн боддог, олгодог болохыг ойлгох хэрэгтэй. Ч.А-гийн нэг өдрийн цалин 2019 оны 01-3 сар хүртэл 71,429 төгрөг, мөн оны 4-7 сар хүртэл 75,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл 90,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 125,000 төгргийн цалинтай ажиллаж байсан. Тиймээс тухайн саруудад ажилласан хоногт хуульд заасан үндэслэл журмын дагуу нэг өдрийн ногдох цалинг нь бодож олгодог. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бодож гаргаад тайлбарлаад байгаа шиг цалингийн тооцоо байхгүй. Цалингаас НДШ, ХХОАТ суутгагддаг. Эдгээр хүчин зүйлсийг тооцож тайлбарлаагүй бодсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцлол тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, мэргэжлийн бус хүний тооцоо юм. Ч.А нь М ХХК-д хэдэн сарын хэдэнд хэдэн хоног ажилласан талаар дэлгэрэнгүйгээр М ХХК-ийн санхүүгийн тооцоо, Элстэй уурхай-н диспетчерийн цагийн бүртгэлээр илэрхий байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тооцсон цалингийн үлдэгдэл болоод дутуу тооцоолол Ч.Ад байдаггүй бөгөөд ажилласан хоногуудын цалинг бүрэн олгосон байхад үлдэгдэл цалин болоод ажлаагүй одөр саруудын цалинг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байнаЧ.А нь ажлаасаа өөрийн санаачилгаар гарч байгаа тул хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтад нийцүүлэн албан хэрэгцээнд ашиглагддаг албаны эд хөрөнгийг хийгээд өөрийн үүрэгт албан ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудас зуруулж тооцоо нийлэх үүрэгтэй. Гэтэл байгууллагын эд хөрөнгийг хүлээлгэн өгөлгүй хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журмын зөрчсөн тул манай байгууллагын зүгээс Ч.А-д үлдэгдэл цалин болох 3,023,121 төгрөгийг тооцоо нийлж тойрох хуудас зуруулах хүртэл олгох боломжгүй, ажилтан ажил олгогчтой эцсийн тооцоо хийж дуусаагүй учраас ажил олгогчийн зүгээс Ч.Ад холбогдуулан ямар нэгэн тушаал шийдвэр гаргаж цалингийн үлдэгдлийг олгох боломжгүй. Ч.Агийн ажилласан гэх маргаан бүхий 2019 оны 11 сар, 2020 оны 4, 11, 12 саруудад ажилласан нь тогтоогдохгүй байна. 2019 оны 11 сарын тухайд цахим жимейл хаягт үзлэг хийж баримтжуулах явцад тухайн ажилласан гэх нотлох баримтууд нь өмнөх 9, 10 гэх саруудын албан хүсэлт, тайлан төлөвлөгөөний хариу нь хянагдаад 11 сарын өдрүүдэд ирсэн байсан. Тэдгээр ирсэн жимейл захидлыг М ХХК-ийн холбогдох хүмүүс болон ажлын имейлд илгээж байсан нөхцөл байдал илэрсэн. 2020 оны 411, 12 саруудад Ч.А-гаас явуулсан имейл байхгүй. Элстэй уурхайн байгаль орчны мэргэжилтний хувьд имейл хаяг нь холбогдох байгууллагуудын цахим санд хадгалагдан үлдсэн байдгаар тухайн байгууллагууд тэр жилийн байгаль орчны холбогдох мэдэгдэл, хүсэлтийг илгээж байсан гэдэг нь тухайн баримтуудаас харагддаг. Тиймээс хариуцагчийг тухайн саруудад ажил хийсэн ажилласан хоногтой гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангажхариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 4/, дүрэм /хх5-7/, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх9-12/, ажил хүсэгчийн анкет /хх13/, 2021 оны 02 дугаар сар, Ч.А цалингийн үлдэгдэл гэсэн баримт /хх15/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 181/шш2021/01433 шийдвэр /хх66-68/, Ч.А-гийн цалингийн тооцоо /хх79/, Элстэй уулын баяжуулах үйлдвэрээс М ХХК-д явуулсан албан бичиг, хавсралт /хх80-82/, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн №08/01 тоот Ажиллах хүч ханган нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 168-169/, М ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх 170-177/, М айрон ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх217-218/.

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Э.Б-ын Хас банк ХХК дахь дансны хуулга /хх 39-62, 84-90/, Ч.А-гийн Хаан банк ХХК дахь дансны хуулга /91-131/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: Э.Б-ын Хас банк ХХК дахь дансны хуулга /хх140-146/, Ч.Агийн Хаан банк ХХК дахь дансны хуулга /хх148-166/, Дорноговь аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага, шийтгэлийн хуудас /хх/. Ж.Б-ийг гэрчээр асуусан.

 

8. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: Хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн /хх 195-216/. Х.Билэгбадрахыг гэрчээр асуусан.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. М ХХК нь хариуцагч Ч.А-д холбогдуулж зөөврийн компьютер 1 ширхэг, 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2020 оны байгаль орчны тайлангуудыг файл болон бичгийн эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.А нь М ХХК-д холбогдуулж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан хугацаанд олгогдоогүй цалингийн үлдэгдэл 15,985,671.5 төгрөг, алданги 5,585,730.5 төгрөг, нийт 21,571,402 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

3. Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

1. Хариуцагч Ч.А-гийн хууль бус эзэмшлээс М ХХК-ийн зөөврийн компьютер 1 ширхэг, 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг файл болон бичгийн эх хувиар, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч ...Ч.А ...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа гарч байгаагаа мэдэгдсэн, ...тэрээр ажлаас гарахдаа албан хэрэгцээнд хэрэглэж байсан албаны зөөврийн компьютер, худгийн паспорт 3 ширхэг /эх хувь/, байгаль орчны тайлан, төлөвлөгөөг эх хувь болон файл хэлбэрээр дур мэдэн авч явсан, одоог хүртэл хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарласан.

 

2. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан.

 

Энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.

 

3. Хариуцагчийн зүгээс М ХХК-иас зөөврийн компьютер 1 ширхэгийг авсан, уг эд зүйл түүний эзэмшилд байгаа талаар маргаагүй. Иймд хариуцагч Ч.Агаас зөөврийн компьютер 1 ширхэгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгоно.

 

Харин М ХХК-ийн 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө файл болон эх хувиар, 2020 оны байгаль орчны тайлан файл болон эх хувиар Ч.Агийн эзэмшилд хадгалагдаж байгаа болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Сөрөг нэхэмжлэл:

 

1. Хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч М ХХК-д холбогдуулж 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан хугацаанд дутуу олгогдсон цалингийн үлдэгдэл 15,985,671.5 төгрөг, алданги 5,585,730.5 төгрөг, нийт 21,571,402 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч ...Ч.А-гийн үндсэн цалин 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 2,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд 2,500,000 төгрөг байсан. Гэтэл ажил олгогч Ч.Агийн цалинг байнга дутуу өгч байснаас нийт олгогдоогүй цалингийн үлдэгдэл 15,985,671.5 төгрөг болсон. Уг мөнгөнөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 141.3-т зааснаар алданги тооцоход 5,585,730.5 төгрөг болно. Ингээд нийт 21,571,402 төгрөгийг ажил олгогчоос авна гэжээ.

 

2. М ХХК-ийн зүгээс Ч.А нь тус компанид тодорхой хугацаанд ажилласан болон ажилласан хугацааны зарим цалинг олгоогүй талаар маргаагүй. Харин ...компанийн эд хөрөнгийг авч яваад буцааж өгөөгүй. Албан ёсоор тойрох хуудсаа зуруулж, тооцоогоо хийсний эцэст өгөх ёстой цалинг олгоно, ...цалингийн тооцоолол буруу, ...ажиллаагүй сарын цалингаа үндэслэлгүй нэхэмжилж байна гэсэн агуулгаар сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Түүнчлэн нэхэмжлэгч талаас ...Ч.А-гийн үндсэн цалин 2019 оны 01 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл 1,500,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл 1,800,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл 2,500,000 төгрөг байсан гэж тайлбарласан.

 

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн МХ-01 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу Ч.А нь М ХХК-д байгаль орчны мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн ба талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажилтанд тогтмол олгох цалингийн хэмжээг бичгийн хэлбэрээр тусгаагүй байна.

 

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн МХ-01 дугаартай хөдөлмөрийн гэрээний дагуу Ч.А нь М ХХК-д байгаль орчны мэргэжилтнээр 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд Ч.Агийн цалин ажиллаж эхэлсэн үеэс тогтмол өссөн талаар маргаагүй, харин хэдий хэмжээтэй нэмэгдэж явсан талаар маргасан гэж үзнэ.

 

3. Хэрэгт М ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн 2021 оны 02 дугаар сар, Ч.А цалингийн үлдэгдэл гэсэн баримтад Ч.А-гийн үндсэн цалинг 2,500,000 төгрөг гэж тусгасан байдал,

ажил олгогчоос цалин, хөлсийг нэмэгдүүлэх бүрдээ холбогдох эрхийн актыг гарган албажуулж байгаагүй үйл баримтыг буюу М ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/00/0105 тоот албан бичигт ...Ч.Агийн зүгээс өөрийн цалин, цалингийн шатлалыг нэмэгдүүлэх талаар хүсэлт ...тавьж байгаагүй, ...тухайн үеүүдэд Ч.Агийн цалинг уурхайн даргын хүсэлтээр аман хэлбэрээр нэмж олгож байсан... гэснийг,

шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан Х.Б-ын ...Ч.А нь 2019 оны 9, 11, 12 саруудад ...уурхайд байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж байсан, ...цалин нэмдэг байсан, ...гэхдээ байгууллага энэ талаараа ямар нэг тушаал, шийдвэр, бичиг хийж өгдөггүй байсан гэх мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан М ХХК-иас Ч.А-д шилжүүлж байсан мөнгөн дүнгүүдтэй харьцуулан судлахад хариуцагчийн ...Ч.А-гийн цалин ажилд орсон цагаас хойш тогтмол нэмэгдэж явсан, үндсэн цалин 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарыг хүртэл хугацаанд 2,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг хүртэл хугацаанд 2,500,000 төгрөг байсан гэх тайлбар, мөн үүнтэй холбогдуулан гаргасан дутуу цалингийн тооцоолол үндэслэл бүхий байна гэж шүүхээс үзлээ.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 хэсгүүдэд зааснаар М ХХК-иас 15,985,671.5 төгрөгийг гаргуулан Ч.Ад олгов.

 

4. Ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, үндэслэлгүйгээр саатуулсан тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алдангийг ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгохыг Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д заасан. М ХХК нь Ч.А-д хөдөлмөрийн гэрээний дагуу олгох ёстой цалинг дутуу олгосон үйл баримт тогтоогдсон гэж шүүхээс үзсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-т заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй. Иймд алданги гаргуулах тухай Ч.А-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Агаас зөөврийн компьютер 1 ширхэгийг гаргуулан М ХХК-д олгож, М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 ширхэг худгийн паспорт, 2020, 2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, 2020 оны байгаль орчны тайланг файл болон бичгийн эх хувиар Ч.А-гаас гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан М ХХК-иас 15,985,671.5 төгрөгийг гаргуулан Ч.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,600 төгрөгийг улсын орлогоос Ч.Ад буцаан олгож, нэхэмжлэгч М ХХК-иас 298,428 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ