| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00871/И |
| Дугаар | 102/ШШ2022/01170 |
| Огноо | 2022-03-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 102/ШШ2022/01170
2022 оны 03 сарын 31 өдөр Дугаар 102/ШШ2022/01170 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, ...-р байрны ... тоотод оршин суух, одоо Канад улсад ажиллаж амьдарч байгаа, регистр ..., Б... овогтой Д...ийн Д...г Ж.Б.,
Хариуцагч: Баянгол дүүргийн ...-р хороо, Нарны хороолол,...р байрны ... тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ...-р хороо, Орхоны ... тоотод оршин суух, регистр ..., Б овогтой Д.ийн Б.,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б...,
Хариуцагч Д.Б...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Д... нь Д.Б...д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Д.Д... нь Д.Б...тэй 2006 оны 3 дугаар сард танилцаж 2008 оны 10 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Ц..., 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин Б.А... нар төрсөн. Д.Б... нь эцгийн хувьд хариуцлагагүй, 2 хүүхдээ хөлд ороход нь байгаагүй, 4-5 хоногоор гэрээсээ явчихдаг, хайр халамж муутай, хадам ээж нь хоол унд бэлдэж өгдөг, эхийн нь бие муу байхад орхиод явчихдаг байсан. Д... нь ганцаараа 2 хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгдөг, хүүхдээ өвдөхөд нь тэврээд гэр хорооллын дундуур явж байсныг нь мэднэ. Нөхөр нь хайр, халамжгүй учраас сална гэсэн бодолтой байсан боловч гэр бүлээ авч үлдэхийг хичээсэн. Тэрээр Гранд мед эмнэлэгт ажиллаж байхдаа 2013 онд Солонгос улсын чихрийн шижин өвчний хуралд оролцсон, 2015 онд Канад улсын Ванкувер хотын шихрийн шижингийн олон улсын сургалтад хамрагдаж тэндээсээ урт хугацааны виз авсан байдаг. Тухайн үед виз гарсан боловч гэр бүлээ бодоод явж чадаагүй. Грандмед эмнэлэг ажилчдаасаа сар бүр шинжилгээ авдаг, гэтэл бэлгийн замын халдварт өвчинтэй гарч маш их сэтгэлээр унасан. Д.Б...нь гэр бүлээс гадуурх харилцаатай байснаас ийм байдалд хүрсэн. Ийм учраас хүүхдээ өөрөө авч салахаар шийдсэн. Үүнийг Баасансүрэн зөвшөөрдөг. Д... карантины үеэр ирсэн, эвлэхээр хичээсэн, улмаар жирэмсэн болсон боловч бас л хэрүүл маргаантай байснаас хүүхэд нь зулбасан. Тэр үед ч мөн Д.Б... орхиод явсан. Гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийн эхийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2006 онд Д.Д...тай танилцаж 2009 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Сүүлийн 3 жилийн турш бид хамт амьдраагүй бөгөөд Долгормаа гадаад явж 2 жил амьдарч байгаад 2021 онд ирсэн. Буцаад 2 хүүхдээ аваад явсан. Гэрлэлт цуцлуулахад миний зүгээс татгалзах зүйлгүй, 2 хүүхэд асрах, хуулийн дагуу тэтгэмж төлөхөд маргах зүйлгүй. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх 3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай 2017 оны 9-р сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх 13/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 14-15/,
Хариуцагчаас гэрлэсний гэрчилгээний лавлагаа /хх 22/ зэрэг баримтуудыг тус тус гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хэрүүл маргаантай, нөхөр нь гэр бүлдээ хайр халамжгүй, эвлэхээр хичээсэн боловч үр дүн гараагүй, одоо 2 хүүхдийн хамт Канад улсад ажиллаж амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахаар шаарджээ.
3.Хариуцагч гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрсөн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Д.Б..., Д.Д... нар нь 2008 оны 10 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулжээ. Хамт амьдрах хугацаандаа 2009 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.Ц..., 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.А... нарыг төрүүлж /хх14-15, 22/ өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Гэрлэгч Д.Б... нь гэр бүлдээ халамж анхаарал тавьдаггүй, гэр бүлээс гадуур харилцаа тогтоодог зэрэг шалтгааны улмаас хэрүүл маргаантай байсан, улмаар эхнэр Д.Д... нь Канад улсад ажиллаж амьдрах болсноор тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. Цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Зохигч гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг Д.Баасансүрэн нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргаагүй байна.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, хүүхдийн эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.ийн Б., Д.ийн Д... нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Ц..., 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Б.А... нарыг эх Д.Д...ийн асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар Б.А...ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Б.Ц..., охин Б.А... нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Д.Б...ээр тэжээн тэтгүүлсүгэй.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Б...ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА