Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2269

 

А.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02705 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.А,, П.Б  нарт холбогдох

 

            А.Н-гаас А.А,ийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай Sinotruck ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай Howo LZZ3257 маркийн автомашиныг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоолгох, А.А,, П.Б  нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулах, А.А,ээс 176 522 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Н-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ичинхорлоо

Хариуцагч нарын өмгөөлөгч А.Батмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 43-52 УНО улсын дугаартай howo LZZ3257 маркийн автомашиныг 2011 онд, 83-86 УНБ улсын дугаартай sinotruck маркийн автомашиныг 2012 онд тус тус БНХАУ-ын Эрээн хотоос худалдан авч, тээвэрт явуулдаг байсан. Миний төрсөн дүү А.А, тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан тул түүнийг 2011 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 43-52 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулсан. А.А, нь тээврийн ажил хийж, тээвэрлэлтийн хөлсийг өөрийн дансаар авч, өөрийн цалин болон миний зээлийн мөнгийг суутган авч, үлдэгдэл мөнгийг надад тайлагнан өгч байхаар тохиролцсон. 2013 онд би ХААН болон Төрийн банкинд зээлтэй байсан учир өөрийн хоёр машины аль нэгийг худалдан борлуулж, зээлээ төлөх гэтэл А.А, нь “хамаатны ах П.Б аас хүүгүй 50 000 000 төгрөгийг зээлээд зээлээ төлчих, машинаа зарах хэрэггүй” гэсний дагуу П.Б аас 50 000 000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг миний талийгаач эхнэр данснаас авч, захиран зарцуулсан. 2014 онд би П.Б аас 20 000 000 төгрөг зээлсэн боловч банкны зээл бүтээгүй. Гэтэл А.А, нь П.Б тай үгсэн тохиролцож 2 ширхэг автомашиныг минь үндэслэлгүйгээр П.Б ын нэр дээр шилжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд А.А, нь тээвэрт явсан ажлын хөлснөөс 31 520 000 төгрөгийг, харин би 24 000 000 төгрөгийг нийт 55 520 000 төгрөгийг П.Б ад өгч, 14 480 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад барьцаа гэх нэрийдлээр 2 автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлсэн нь хууль бус. Учир нь миний нэрээр зээлсэн 70 000 000 төгрөгийг анх П.Б аас авахдаа талуудын хооронд ямар нэгэн зээлийн, барьцааны гэрээ хийгдээгүй. Иймд А.Н-гаас А.А,ийн нэр дээр 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 83-86 УНБ улсын дугаартай sinotruck ZZ3257 маркийн автомашин, 43-52 УНО улсын дугаартай howo LZZ3257 маркийн автомашины шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, автомашины хууль ёсны өмчлөгч нь А.Н- мөн болохыг тогтоолгож, А.А,, П.Б  нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас уг хоёр автомашиныг гаргуулж өгнө үү.

Түүнчлэн би банкны зээлийн эрсдлээс шалтгаалан өөрийн 2 автомашинаа дүү А.А,эд итгэмжлэн шилжүүлсэн уг хөрөнгүүдийг П.Б ад шилжүүлж, миний ашиг сонирхолд харш үйлдэл явуулж, улмаар А.А, нь автомашинуудыг ашиглаж надтай байгуулсан хөлсөөр ажиллах үүргээ зөрчиж, надад шилжүүлбэл зохих орлогоос завшсан 164 400 000 төгрөгийг А.А,ээс гаргуулж өгнө үү.

“Амарбаяжих эрдэнэс” ХХК-ийн захирал н.Базарсадаас 10 000 000 болон 14 000 000 төгрөг нийт 24 000 000 төгрөг төлсөн. Тухайн үед автомашинуудыг шилжүүлэхэд би Төрийн банкинд 23 сая гаруй төгрөг, Хаан банкинд 7-8 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан учир автомашинаа банкинд хураалгах эрсдлээс айж дүүдээ түр хугацаагаар шилжүүлсэн юм гэжээ.

 

Хариуцагч А.А, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний төрсөн ах А.Н- нь 2011 онд автомашин авсан, ирж бариарай. Энэ автомашины өрийг дараад өгөөч гэж хүссэний дагуу би автомашиныг барьсан. 2012 онд дахин howo маркийн машин авч, хамтдаа тээвэрт явж байгаад төлөхөөр тохиролцсон. Надад цалин өгнө гэж гэрээ байгуулаагүй. Тээвэрт явж байх хугацаанд А.Н- банкны өр нэхэгдээд байна гэхэд нь би П.Б тай зуучилж өгсөн. П.Б  нь манай аавын бага дүү юм. Тэд хоорондоо утсаар ярьж байгаад А.Н- нь П.Б аас 50 000 000 төгрөг зээлж авсан болохоос би авч өгье гэж зээлээгүй. Түүний дараа 2014 онд А.Н- ахын эхнэр нь өнгөрсөн. Тэр П.Б аас нэмж 20 000 000 төгрөгийг зээлсэн. Би тогтмол тээвэрт явж, банкны зээлийг нь төлдөг байсан. Тээвэрлэлтийн хөлс, тооцоог миний данс руу хийж, зарим мөнгийг нь А.Н-гийн данс руу шилжүүлдэг байсан. Автомашины засвар үйлчилгээ, дугуй зэрэгт мөнгө зарцуулдаг. П.Б  ах зээлсэн мөнгөө нэхэхэд зээлийн үлдэгдэл төлбөртөө дээрх 2 автомашиныг шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр П.Б  ах иргэний үнэмлэхгүй явсан тул миний нэр дээр харилцан тохиролцож шилжүүлсэн. Би тухайн үед ахын эхнэр энд тэнд өртэй гэхэд нь хадмуудаас 10 сая гаруй төгрөг зээлүүлсэн. Байр сав, хүмүүсийн өрийг нь дарж өгч байсан. Хаан банкны өртэй гэхээр нь би банкнаас зээл авч өгч байсан болохоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Би цалин гэж авдаггүй, тээврийн хөлс орж ирэхэд зээл рүү нь шилжүүлдэг байсан. 2 автомашины тээврийн орлогыг миний Хаан банкны дансаар авдаг байсан ч өөр хүмүүсийн тээврийн хөлс мөн орж ирдэг байсан. Би 2014, 2015 он хүртэл хүмүүс зуны ажил байна уу гэхээр дагуулж тээвэрт явдаг байсан. Тэр хүмүүсийн тээврийн хөлс бөөндөө ороод ирдэг, би автомашины эзэн бүрт нь тарааж өгдөг байсан. Би А.Н-гийн банкны зээлүүдийг нь сар бүр төлдөг байсан. Маргаан бүхий 2 автомашины өмчлөлийг дараа нь П.Б ын нэр дээр шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоо би 43-52 УНО дугаартай машиныг ашиглаж байгаа. Энэ машин Хас банкны барьцаанд байгаа гэжээ.

 

   Хариуцагч П.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Н- нь надаас 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөг зээлж, өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Энэхүү гэрээний дагуу төлбөрөө нэхэхэд удаа дараа худал хэлж, нилээдгүй хугацаа өнгөрсний эцэст маргаан бүхий дээрх 2 автомашиныг өрөндөө шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхэд би иргэний үнэмлэхгүй явж байсан тул дүү А.А,ийн нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр харилцан тохиролцсон асуудлыг 3 жилийн дараа гэнэт гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий 2 автомашины өмчлөл нэг нь иргэн А.А,ийн нэр дээр, нөгөө нь гуравдагч этгээдэд зарагдсан тул нэхэмжлэгч А.Н- өмчлөгчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжгүйн гадна өмч хууль ёсны дагуу өмчлөгчийн зөвшөөрөлтэйгөөр бусдад шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А.Н-гаас А.А,ийн нэр дээр 83-86 УНБ улсын дугаартай автомашин, 43-52 УНО улсын дугаартай автомашин зэргийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон, автомашины хууль ёсны өмчлөгч А.Н- мөн болохыг тогтоолгох тухай А.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.А,, П.Б  нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас автомашинуудыг гаргуулах болон, А.А,ээс 164 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 778 512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 737 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч А.Н- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу А.А,, П.Б  нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас автомашинуудыг гаргуулах болон А.А,ээс 164 400 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А.Н-гаас А.А,ийн нэр дээр 83-86 УНБ, 43-52 УНО автомашинуудыг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлэлд тооцсон, автомашины хууль ёсны өмчлөгч А.Н- мөн гэдгийг тогтоосон. Хариуцагч П.Б  нь 83-86 УНБ улсын дугаартай Sinotruck маркийн автомашиныг нэхэмжлэл гардаж авсанаас 4 хоногийн дараа өөрийн хүргэн ах Ш.Батбаатарт дүр үзүүлж, маргааны зүйлийг санаатайгаар бултуулах зорилгоор шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Улмаар Монгол улсын Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдсон үнийг шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурдсан атлаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 2 автомашиныг үнэлүүлсэн. П.Б аас автомашины үнийг гаргуулах, А.А,ээс автомашиныг барьцаанаас чөлөөлүүлэн гаргуулах боломжтой байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу А.Н- хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1, 493.2 дахь заалтыг үндэслэн шүүх үнийг төлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байсан. Хариуцагч А.А, нь 43-52 УНО улсын дугаартай Howo маркийн автомашиныг Хас банкны барьцаанд тавьсан байдаг боловч А.А, автомашиныг ашиглан орлого олсоор байгаагаа хүлээн зөвшөөрдөг. Энэ нь Хас банкны үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд өмчлөл бүр мөсөн шилжсэн гэсэн үг биш. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хас банкны зээлийн үлдэгдэл 3 416 666 төгрөг байсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоход өмчлөлийг А.Н-д шилжүүлэх боломжтой эсхүл зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх бүрэн боломжтой байсан.

А.А,ээс 164 400 000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд 2011 оноос автомашинуудыг Монголд орж ирсэнээс хойш А.А,ээр жолоодуулан түүнтэй хөлсөөр ажиллах гэрээг аман хэлбэрээр хийж, ашиг орлогыг А.А, нь А.Н-д төлөх байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон. А.А,ийн тээврийн орлого авдаг Хаан банкны дансны хуулгаар нотлогдож буй орлогоос А.Н-д шилжүүлэх ёстой байсан мөнгийг гаргуулах шаардлага гаргасан. Нийт хэдэн төгрөгийн орлого, ашиг олсоныг тодруулах боломжгүй, өөрөөр хэлбэл тээврийн орлогод хэдэн төгрөг бэлнээр авсаныг мэдэх боломжгүй тул зөвхөн нотлогдож буй орлогын хэмжээнд нэхэмжилсэн бөгөөд А.А, нь шүүх хуралдаанд тээврийн орлого орсон, өөр орлого ордоггүй, өөр орлогын эх үүсвэр байхгүйгээ мөн А.Н-гийн зээлд төлсөн мөнгө, өөрийн цалингаас бусад олсон орлогыг А.Н-д шилжүүлэх үүрэгтэй байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Дансаар олсон орлогоос өөрийнх нь авах ёстой байсан цалин, А.Н-гийн өмнөөс П.Б ад төлсөн зээл, түлшний зардал зэрэг тогтоогдож буй зардлуудыг хасч А.Н-д шилжүүлэх ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. Хэрэв А.Н-д энэхүү орлогоос шилжүүлэхээргүй нөхцөл байдал үүссэн, зайлшгүй зарцуулагдсан зардал гарсан бол хариуцагч А.А, нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг нь тогтоогдож байхад тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч А.Зүмбэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул гомдолд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү.

Шүүх 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн А.Н-гаас А.А,ийн нэр дээр 83-86 УНБ улсын дугаартай автомашин, 43-52 УНО улсын дугаартай автомашин зэргийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцон автомашины хууль ёсны өмчлөгч А.Н- мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2014 оны 8 дугаар сарын 13-ны байдлаар автомашин шилжүүлэхэд 40 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан мөн уг хоёр автомашиныг шилжүүлэхэд А.А,, П.Б , А.Н- нар байж, П.Б  шилжүүлгийн маягтыг бөглөсөн талаар талууд маргадаггүй. П.Б  бичиг баримтгүй байсны улмаас А.А,ийн нэр дээр 2 автомашиныг өөрийн зээлсэн мөнгөний үлдэгдэлд тооцон авсан. Гэтэл шүүхээс автомашин шилжсэний дараа П.Б ын машинаар тээвэрт яваад шилжүүлсэн мөнгийг урьд зээлсэн зээлийн төлбөрөөс хасан тооцож, зээлийн төлбөр төлөгдсөөр байхад автомашин шилжүүлж авах боломжгүй гэж дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан баримттай нийцээгүй.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар А.Н- нь хэлцэл хийхдээ барьцаалагчид мэдэгдээгүй гэсэн нь автомашиныг шилжүүлэн авагч П.Б ад хамааралгүй учир энэ үндэслэлүүдээр хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох боломжгүй тул шүүхийн шийдвэрийн гомдолтой холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч А.Н- нь хариуцагч А.А,, П.Б  нарт холбогдуулан автомашины эзэмших эрх шилжүүлсэн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулж, Синотрак /Sinotruck ZZ3257/ маркийн 8386УНБ улсын дугаартай, Хово /Howo LZZ3257/ маркийн 4352 УНО улсын дугаартай автомашинуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгон, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс автомашинуудыг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндэслэлгүй хөрөнгөжсөн тул 164 400 000 төгрөгийг хариуцагч А.А,ээс гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, зээлийн төлбөрт автомашиныг шилжүүлэн авсан гэж тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж, талуудын хооронд эрх зүйн маргаантай харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч А.Н- нь нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ “... төрсөн дүү А.А,ийг өөрийн өмчлөлийн 4352 УНО улсын дугаартай автомашины жолоочоор ажиллуулсан ба тэрээр өөрийн цалин, тээвэр, шатахууны зардал болон миний зээлийг суутгаж, үлдэх мөнгийг надад өгөхөөр тохиролцсон ...” буюу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагч А.А, “... ах надад автомашин авсан, ирж бариарай, машины өрийг дарж өгөөч” гэж хүссэний дагуу би машиныг барьсан, 2012 онд дахин Хово маркийн машин авч хамтдаа тээвэрт явж байгаад төлөхөөр тохиролцсон, ах банкны өр нэхэгдээд байна гэж П.Б аас мөнгө зээлсэн, би тогтмол тээвэрт явж ахын банкны мөнгийг төлдөг байсан, ... би цалин авдаггүй байсан, тээврийн хөлсийг банк руу шилжүүлдэг байсан ...” гэж тайлбарлан маргажээ. /3хх 70-72 дахь тал/

Гэтэл шүүх талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ эсхүл хамтран ажиллах гэрээний аль харилцаа үүссэн талаар үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодруулж, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь түүнд талуудын оролцоо буюу тэдний хувьд үүсэх эрх, хүлээх үүрэг, үүсэх үр дагаврыг тодорхойлж, шаардах эрхийн үндэслэлд хамаарах гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

Мөн нэхэмжлэгч талаас нэмэгдүүлсэн шаардлагаа нотлох зорилгоор шүүх хуралдааны явцад шинээр 38 хуудас нотлох баримтыг гаргаж өгсөн байхад эдгээр баримтуудтай хариуцагч А.А, танилцах эрхээ эдлэх эсэх талаар асууж тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /3хх 29-67 дахь тал/

Нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан А.А,ийн дансанд орсон тээврийн орлого болон зээлийн эргэн төлөлт, зайлшгүй зардлын дүнг тодорхойлуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүхээс тусгай мэдлэг шаардагдахгүй, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд зохигчдын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэх боломжтой гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа нэхэмжлэгчийг 164 400 000 төгрөгийн ашиг орлого олсон нь тогтоогдоогүй, нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. /2хх 189-192 дахь тал/

Түүнчлэн бусдын хууль бус эзэмшлээс автомашинуудыг гаргуулах шаардлагын тухайд маргаан бүхий автомашинууд хариуцагч нарын эзэмшил, өмчлөлд байхгүй нь тогтоогдсон буюу 83-86 УНБ улсын дугаартай автомашины хувьд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.А,ээс П.Б ын, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр П.Б аас Ш.Батбаатарын, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ш.Батбаатараас Л.Лхагва-Очирын, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Л.Лхагва-Очироос З.Жавхлантөгсийн нэр дээр тус тус шилжсэн, харин 43-52 УНО улсын дугаартай автомашин нь 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр А.А,ээс П.Б ын, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр П.Б аас А.А,ийн, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр А.А, нь Хас банк ХХК-ийн барьцаанд тавьж, банкны нэр дээр шилжүүлсэн байна. /2хх 76-87/

Иймээс дээрх шаардлагатай холбоотойгоор тухайн автомашин өөр этгээдийн өмчлөлд шилжсэн тохиолдолд уг шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжтой эсэх, түүнчлэн тухайн автомашины өмчлөгч болсон этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх эсэхийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Дээр дурдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/02705 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1 040 570 төгрөг, хариуцагчаас урьдчилан төлсөн 738 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

           

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Ч.ЦЭНД