Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/01419

 

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дугаар 102/ШШ2022/01419 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ж.Кульдана нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** тайж овогтой ***гийн *** /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** давхарт байрлах, ***/РД:***/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн бус байгууллагын гишүүний түдгэлзүүлсэн эрхийг сэргээлгэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан, эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулж 10,000,000 төгрөг, ажлын хөлс 660,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ***

Хариуцагчийн төлөөлөгч: ***

Хариуцагчийн өмгөөлөгч: ***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Өлзийсайхан

 

Иргэдийн төлөөлөгч Л.***д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.*** нь хариуцагч ... Төрийн бус байгууллагад холбогдуулан Төрийн бус байгууллагын гишүүний түдгэлзүүлсэн эрхийг сэргээлгэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээ тараасан, эдийн болон эдийн бус хохирлыг арилгуулж 10,000,000 төгрөг, ажлын хөлс 660,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А.*** нь 2013 оны хавар 600,000 төгрөг төлж ***д элссэн. ... нь А.***г гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн. Гэвч төрийн бус байгууллагад гишүүнчлэлээс түдгэлзүүлэх эрх хуулиар олгогдоогүй. Учир нь Үндсэн хуульд гэм бурууг шүүх тогтоохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гэж заасан. Уг заалтын эсрэг ... нь иргэн А.***гийн гишүүнчлэлийн эрхийг түдгэлзүүлсэн. Үүнээс шалтгаалж А.***д зохих хэмжээний хохирол учирсан. А.*** нэлээд олон нохойтой бөгөөд охин нохой нь төрөөд гөлөгнүүдийг нь бусдад шилжүүлэхтэй холбоотой асуудлууд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... төрийн бус байгууллагын 31 дүгээр тогтоолоос хойш үйл ажиллагаа зогссон. А.***г гишүүнчлэлээс хасчхаад фэйсбүүк цахим орчинд З, М хоёр гишүүн нь нохойны хулгайн хэрэгт холбогдсон учраас гишүүнчлэлийн эрхийг нь түдгэлзүүлсэн гэж тараасан. Уг мэдээллийг уншсан холбооны гишүүд А.***гийн нэрийг бүтнээр нь бичиж нохой хулгайлсан юм уу гэх мэт зүйлс цацсан. Үүнээс шалтгаалж уг байгууллагын гишүүд нь А.***гоос зайгаа барьж, нэр төр нь гутаан доромжлогдсон. Үүнээс шалтгаалж А.*** нь хохирсон тул 10,000,000 төгрөг нэхэмжилж байна. А.*** нь нохойны удмын сан хэвлэх үнэмлэхийг өөрийн төрсөн дүүгийнхээ хэвлэх үйлдвэрээр хэвлүүлсэн. Уг үнэмлэхийн үлдэгдэл төлбөр 660,000 төгрөгийг ... төрийн бус байгууллагаас авах гэж шаардаж байсан боловч өгдөггүй, үйлчилгээ өгсөн гэж хэлдэг. Хариуцагч талын нотлох баримтаар өгсөн 8 хуудас баримттай танилцахад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31 дүгээр тогтоол буюу А.***гийн гишүүнчлэлийг түдгэлзүүлснээс хойш А.*** нь үйлчилгээ аваагүй. Иймд ***нь А.***д 660,000 төгрөг төлөх ёстой юм.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч ... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... төрийн бус байгууллагын гишүүн н.***ийн нохойг А.***, н.*** гэх гишүүд хулгайлсан тухай гомдол ирсэн. Гомдлын дагуу ... төрийн бус байгууллагын хурал зарлаж, хуралдсан. Гишүүний эрхийг хасаагүй, энэ хэргийн талаар шүүх байгууллага шийдвэрлэж, гэм бурууг нь тогтоох хүртэл түдгэлзүүлэх ёстой гэх шийдвэр гаргасан. ***нь 2016 онд олон улсын нохой судлалын холбооны гишүүн байгууллагаар элссэн. Гишүүн байгууллагаар элсэхэд манай улсад тавигдаж буй шаардлагууд нь амьтныг хамгаалах нийгэмлэгийн амьтдад энэрэнгүй хандах, нохой, муурын хулгай, алж хядах буруу үйлдлийг дэмжихгүй байх ёстой. Бид олон улсын гишүүнчлэлийн эрхийг алдахгүй, 10,000 гаруй гишүүдийнхээ эрх ашгийн төлөө нохойн хулгайтай хатуу тэмцдэг. Үүний дагуу бид удирдах зөвлөлийн хурал хийж А.***гийн эрхийг түдгэлзүүлж, ... төрийн бус байгууллагаас үзүүлдэг үйлчилгээнүүдийг түр хугацаагаар зогсоосон. Налайх дүүрэг дэх хэрэг дээр хэд хэдэн гэрч байдаг бөгөөд гэрчүүд тодорхой мэдээллүүдийг өгдөг. Эдгээр хүмүүс нь нохой хулгайлж байхдаа үйлдэл дээрээ цагдаа нарт баригдсан байдаг бөгөөд энэ асуудлын талаар одоо болтол Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа юм. ***нь дэлхийн нохой судлалын холбоонд элссэнээрээ дэлхийн нохой судлалын холбооны цахим бүртгэлийг хэрэглэж эхэлсэн. Уг цахим бүртгэлийн системд дахин бүртгэл үүсгэх боломжгүй нарийн систем байдаг. А.***, н.*** нарын хулгайлсан нохой нь цаашид бусад нохойтой үржилд орж, үүнээс гарч буй гөлөгнүүд нь нохойн холбооны бүртгэлд бүртгэгдэх эрсдэл үүссэн. Уг эрсдэлийг буцаах боломжгүй, нөхөж бүртгэж болдог учраас бид А.***гийн эрхийг түдгэлзүүлж, хулгайн нохой нь өөр бусад нохойтой нийлүүлэгт орсон байж магадгүй гэж үзсэн учир бид эрхийг нь түдгэлзүүлсэн. ***нь А.***гийн дүүгийн хэвлэх газраар 900,000 төгрөгийн удмын бичиг хэвлүүлэх бартерын гэрээ хийхээр тохиролцсон. Бид бэлэн мөнгөөр өөр газар хэвлүүлэх бүрэн боломжтой байсан. Бартерын гэрээгээр уг удмын бичиг хэвлэсэн төлбөрт ... төрийн бус байгууллагаас үйлчилгээ авахаар тохиролцсон. Бид 900,000 төгрөгөөр удмын бичиг хэвлүүлж, А.*** нь 240,000 төгрөгийн уралдаан тэмцээнд оролцох үйлчилгээ авсан. Гэвч тэр үед ийм асуудал гарсан тул А.***гийн эрхийг түдгэлзүүлсэн, үлдэх 660,000 төгрөгт үйлчилгээ авах эрх нь нээлттэй байгаа. ***нь өөрийн цахим хуудаст иргэн З, М нар нь нохой хулгайн гэмт хэрэгт холбогдсон учраас эрхийг нь түдгэлзүүлэх тухай удирдах зөвлөлийн хурлын тогтоолыг нийтэлсэн. Уг тогтоолын нийтэлсэн шалтгаан нь үүнийг мэдээгүй хүмүүс нохойгоо очиж нийлүүлэх эрсдэлтэй байсан. Жилд нэг эр нохой 90 орчим охин нохойтой нийлэх боломжтой, охин нохойноос дунджаар 3 гөлөг гарвал 300 гаруй гөлөг гарах өндөр эрсдэлтэй байсан тул нийтэд мэдээлсэн боловч овог, нэрийг нь бүтнээр нь зарлаж, нэр хүндэд нь халдаагүй тул 10,000,000 төгрөгийг олгох боломжгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчээс ... ТББ-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай мэдэгдэл, ... ТББ-ын удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай А.***гийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай тушаал, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэрэг баримтуудыг,

хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, ... ТББ-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай С.***ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай удирдах зөвлөлийн тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай хурлын тэмдэглэл, Ч.***ээс ... ТББ-нд гаргасан өргөдөл, ... ТББ-ын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоол /З, М нарын гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай/, ... ТББ-нд гишүүнээр элсэх анкет, ... ТББ-нд үржүүлгийн нэр авах хүсэлт, ... ТББ-нд өмч шилжүүлэх өргөдөл, ... ТББ-ын нийлүүлгийн баримт, нохойны удмын бичиг, үржлийн нэр олгосон гэрчилгээ, өргөмжлөл, диплом, шагналын гэрчилгээ, фото зураг зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн, шүүхээс ... цахим хуудаст нийтэлсэн мэдээлэл болон сэтгэгдэл /хх 199-205/-д үзлэг хийж бэхжүүлж, ... ТББ -ын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн харилцагч А.***гийн өглөг, авлагын үлдэгдлийн тооцоо, удмын бичгийн захиалгын төлбөр зарлагын баримт, 145,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, 105,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, тэмцээний бүртгэлийн анкет зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч ... ТББ нь нэхэмжлэгч А.***гийн гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдоогүй байхад гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүний эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, түүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарааж эдийн бус гэм хорын хохирол учруулсан. Мөн хариуцагч байгууллага ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: А.***гийн хулгайлсан байж болзошгүй нохой бусад нохойтой үржилд орж, гөлөгнүүд нь ... ТББ-ын бүртгэлд бүртгэгдэх эрсдэл үүссэн тул эрсдэлээс сэргийлэх зорилгоор А.***гийн төрийн бус байгууллагын гишүүний эрхийг түдгэлзүүлж, энэ талаар цахим хуудаст нийтлэхдээ А.***гийн овог нэрийг нь зарлаж, нэр хүндэд нь халдаагүй тул 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нохойны удмын бичгийн карт хэвлүүлсэн хөлсийг үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж барагдуулна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. ... ТББ нь цэвэр үүлдрийн бүх нохойг нэгдсэн бүртгэлд оруулах, бичиг баримтжуулах, үржил селекцийн ажлыг системтэй удирдан явуулах, нохой сонирхогч үржүүлэгчдийг мэдээллээр хангах, сургалт явуулах, үзэсгэлэн тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг байх ба 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

4.2. Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тогтоолоор гишүүн А.***гийн гишүүний эрхийг хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлжээ. /хх 26-33/

 

4.3. Хариуцагч талаас нэхэмжлэгч А.***гийн төрийн бус байгууллагын гишүүний эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлээ иргэн Ч.***ээс гаргасан нохой хулгайд алдсан гэх гомдлын дагуу А.***д холбогдуулан цагдаагийн байгууллага шалгаж байсан гэж тайлбарлаж, энэ тайлбараа нотлохоор Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай иргэн Ч.***ээс гаргасан гомдлын дагуу А.***д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрүүгийн *** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болохыг мэдэгдсэн албан бичгийг шүүхэд гаргасан байна.

4.4. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн бус байгууллагын дүрэмд удирдах зөвлөлийн эрх хэмжээ,... удирдах зөвлөлийн хуралдаанаас шийдвэр гаргах журам зэргийг тусгана гэж заасан. ... ТББ-ын дүрмээс үзэхэд удирдах зөвлөл нь төрийн бус байгууллагын гишүүний эрхийг түдгэлзүүлэх эрх хэмжээ олгосон зохицуулалт болон гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэл тодорхойгүй байх ба хариуцагч талаас эрх бүхий этгээдийн баталсан төрийн бус байгууллагын гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэл, журмыг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг байхгүй гэж тайлбарлаж байна.

4.5. Хариуцагч төрийн бус байгууллагын гишүүний эрхийг түдгэлзүүлэх үндэслэл, журам тодорхойгүй нөхцөлд удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тогтоолоор А.***гийн төрийн бус байгууллагын гишүүний эрхийг үндэслэлгүйгээр түдгэлзүүлсэн гэж үзэхээр байна.

4.6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар нэхэмжлэгч А.***гийн ... ТББ-ын гишүүний эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

5. Гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

5.1. Хариуцагч ... ТББ-аас өөрийн цахим хуудаст ... ГҮТББ-ын гишүүн *** дугаартай Ч.***ийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн өргөдлийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн удирдах зөвлөлийн ээлжит хурлаар хэлэлцэн цагдаагийн байгууллагад эрүү үүсгэн шалгагдаж байгаа гишүүн З, гишүүн М нарын гишүүний эрхийг хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гартал түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг мэдэгдэж байна гэсэн мэдээлэл нийтэлжээ. /хх 199-200/

5.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

5.3. Нэхэмжлэгч А.***д холбогдуулан цагдаагийн байгууллагад нохой хулгайд алдсан гэх гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, түүнтэй холбогдуулан ... ТББ-аас гишүүн А.***гийн эрхийг түдгэлзүүлсэн болох нь Нийслэлийн Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай албан бичиг, ... ТББ-ын удирдах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тогтоолоор тус тус тогтоогдож байна.

5.4. Хариуцагч ... ТББ-ын нийтэд тараасан мэдээлэл үнэн бодит байдалд нийцсэн болох нь дээрх баримтаар нотлогдож байх тул хариуцагч байгууллага эдийн бус гэм хорын хариуцлага хүлээх үндэслэлгүй байхаас гадна нэхэмжлэгч эдийн бус хохирлын хэмжээ 10,000,000 төгрөг гэж тодорхойлсон үндэслэлээ баримтаар нотлоогүй.

5.5. Иймд эдийн бус гэм хорын хохирол 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

6. Нохойны удмын бичгийн карт хэвлэх ажлын хөлс 660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд,

6.1. Нэг талаас А.***, нөгөө талаас ... ТББ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч тал болох А.*** нь 1,200 ширхэг нохойны удмын бичгийн карт хэвлэх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч тал болох ... ТББ ажлын хөлс 2,400,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, хариуцагч байгууллагын өглөг авлагын тооцоо, кассын зарлагын ордер /хэргийн 221-225 тал/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

6.2. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

6.3. Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч А.*** 1,200 ширхэг нохойны удмын бичгийн карт хэвлэх ажлыг гүйцэтгэсэн, захиалагч ... ТББ нохойны удмын бичгийн картыг хүлээн авч, ажлын хөлс 1,740,000 төгрөгийг төлж, үлдэгдэл ажлын хөлс 660,000 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөр төлсөн баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.

6.4. Хариуцагч талаас ажлын хөлсөнд ..." ТББ-ын үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн гишүүний эрхийг түдгэлзүүлсний улмаас үйлчилгээ авах боломжгүй байсан шалтгаанаар ажлын хөлсийг мөнгөн хөрөнгөөр гаргуулахаар шаардаж байна.

6.5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч А.*** хариуцагч ... ТББ-аас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байх тул хариуцагч байгууллагаас 660,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.***д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн бус байгууллагын гишүүний эрхийг сэргээлгэх шаардлага үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, ажлын хөлс 660,000 төгрөг гаргуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 20,390 төгрөг, нийт 90,590 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.***гийн ... ТББ-ын гишүүний эрхийг сэргээж, хариуцагч ... ТББ-аас ажлын хөлс 660,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.***д олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч ... ТББ-аас 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 90,590 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.***д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ж.КУЛЬДАНА