Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/01171

 

2022 оны 03 сарын 31 өдөр                          Дугаар 102/ШШ2022/01171                  Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ...-р хороо, Г. хотхоны ...-р байрны ... тоотод оршин суух, С.. сургуульд нийгмийн ажилтан, регистр ., Б. овогтой У.ийн Ч.,     

            Хариуцагч: Баянгол дүүргийн ..-р хороо, Б.. хороолол, ..байрны ... тоотод оршин суух, Ш. ажилтай, регистр ., Д. овогтой З.ын Б.,    

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох  тухай хэргийг хянан хэлэлцэв. 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Ч., 

   Хариуцагч З.Б. /цахимаар/, 

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б. нар оролцов.

                                                                                                                     

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

 

1.Нэхэмжлэгч У.Ч. нь З.Б.ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Миний бие З.Б.той 2011 оны 5 дугаар сард танилцаж, 2012 оноос хамтран амьдарч 2014 оны 10-р сарын 1-нд Сонгинохайрхан дүүргийн иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрахдаа 2012 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүү Б.А., 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр охин Б.Сондормөрөн нар төрсөн. З.Б. нь архины хамааралтай болсон тул гэр бүлийн маргаантай байдаг. Бид 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс тусдаа амьдраад 5 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ өөр дээрээ авч эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие У.Ч...тэй 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарч 2014 оны 10-р сарын 1-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний хүү Б.А. 2012 он...ы 11 дүгээр сарын 8-ны өдөр, охин Б.С... 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр төрсөн. Бидний таарамжгүй харилцаанаас болж 2017 оны 4 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч, 2 хүүхэд ихэнхдээ Чаминцэцэгийн асрамжинд байсан. Миний асрамжинд 2 хүүхдийн аавтайгаа байх хүсэлтийн дагуу хамт байдаг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, хүүхэдтэйгээ уулзаж байхаар хоорондоо тохиролцсон гэжээ.

3.Нэхэмжлэгчээс байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 4/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 6/, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх 7/, Ерөнхий боловсролын Сэн Лизэ сургуулийн тодорхойлолт /хх 8-9/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх 10-11/, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай 2022 оны 01-р сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх 12/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 14-15/ зэрэг баримтуудыг гаргажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нөхөр З.Б... нь архи их хэрэглэдэг, хэрүүл маргаантай байсан, 2017 оны 4-р сараас тусдаа амьдарч байгаа, одоо 2 хүүхдийн хамт амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй гэх үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүдээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулахаар шаарджээ. 

3.Хариуцагч гэрлэлт цуцлуулах, 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээх, тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрсөн байна.   

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.         

З.Б..., У.Ч... нар нь 2012 оноос хамтран амьдарч байгаад 2014 оны 10-р сарын 01-нд гэрлэлтээ батлуулжээ. Хамт амьдрах хугацаандаа 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.А..., 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр охин Б.С... нарыг төрүүлж өсгөжээ /хх 6, 14-15/.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Гэрлэгч З.Б... нь архи согтууруулах ундааг их хэрэглэдэг шалтгааны улмаас хэрүүл маргаантай байсан, улмаар гэрлэгч 2017 оны 4-р сараас тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогджээ. Цаашид хэн аль нь хамт амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

Зохигч гэрлэлтээ цуцлуулахдаа 2 хүүхдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг З.Б... нь хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргаагүй байна.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.3-т заасан хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй, хүүхдийн эрхийг зөрчихгүй, эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх үүрэгтэй.

    

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан З...ын Б..., У...гийн Ч... нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.А..., 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.С... нарыг эх У.Ч.ийн асрамжинд үл..дээсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.А..., Б.С... нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг З.Б...оор тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч З.Б...оос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

4.Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА