| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2021/03993/И |
| Дугаар | 102/ШШ2022/01107 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/01107
| 2022 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2022/01107 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: А
Хариуцагч: А ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бархассүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч А ХХК-иас 41,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч А ХХК-тэй 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр орон сууц захиалгын ОС/ЗГ-04 дугаартай гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Дүнжингарав барилга 50/2 дугаартай байрны В1 давхарт байрлах, 294 м2 талбайтай орон сууцыг нийт 742,500,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж аваад нэхэмжлэгч Ц.А нь засвар, өргөтгөлийн ажил хийж эхэлсэн. Гэтэл хариуцагч үүнийг эс зөвшөөрснөөс талуудын хооронд үл ойлголцол үүссэн тул 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр талууд харилцан тохиролцож Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээ хийсэн. Ингээд уг гэрээний дагуу хэн аль нь авсан өгсөн зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээсэн. Нийт 76,000,000 төгрөг гэж тохирсон ба үүнээс 35,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Одоо үлдэгдэл нь 41,000,000 төгрөг байгаа. Иймд хариуцагчаас 41,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Агийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээ зөрчиж засвар үйлчилгээ хийж, нийтийн эзэмшлийн трасс дээр нэмэлт өрөө тасалгаа гаргасан байдаг. Бид нэхэмжлэгчийг тус байрнаас гаргахын тулд тулд арга бюу гэрээ байгуулсан. Жич: шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Ц.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/, оршин суугаа газрын лавлагаа /хх 4/, 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №ОС/ЗГ-04 дугаар Орон сууц захиалгын гэрээ /хх 5-8/, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/ТАТ/01 дугаартай Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээ /хх 9-10/, 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Ц.А-гийн А ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл /хх 11/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 12/, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №22/02/03 дугаар Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 31/, дансны хуулга /хх43/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 49/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс цуглуулсан. Үүнд: А ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хх 52-53/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх 59/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А ХХК болон Ц.А нар №ОС/ЗГ-04 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр А ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Дүнжингарав гудамжид байрлах, 50/2 дугаартай байрны В1 давхарт байрлалтай, 293 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Ад хүлээлгэн өгөх, үүний хариуд Ц.А нь А ХХК-д 732,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.
2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А ХХК болон Ц.А нар №ЗГ/тат/01 тоот Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр А ХХК болон Ц.А нар өмнө нь буюу 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан №ОС/ЗГ-04 тоот Орон сууц захиалгын гэрээ-г хоёр талын санаачилгаар дуусгавар болгож, өгсөн авснаа харилцан буцаахаар тохиролцжээ.
2. 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч А ХХК-д холбогдуулж 41,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлээ ...хариуцагч нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээний дагуу ...үлдэгдэл 41,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.
Зохигчид дээр дурдсан үйл баримт болон 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/тат/01 тоот Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээний үлдэх төлбөр 41,000,000 төгрөг байгаа талаар маргаагүй.
Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа ...нэхэмжлэгч гэрээ зөрчиж ...нийтийн эзэмшлийн трасс дээр нэмэлт өрөө тасалгаа гаргасан. Нэхэмжлэгчийг тус байрнаас гаргахын тулд арга буюу гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна.
3. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдийн хооронд үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа гэрээгээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/тат/01 тоот Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт ...аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ... гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно гэж тус тус заасан.
Дээр дурдсанчлан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан №ЗГ/тат/01 тоот Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах тухай гэрээгээр нэхэмжлэгч Ц.А болон хариуцагч А ХХК-иуд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №ОС/ЗГ-04 тоот Орон сууц захиалгын гэрээ-г дуусгавар болгосон, төлбөрийн үлдэгдэл нь 41,000,000 төгрөг байгаа үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А ХХК-иас 362,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ад олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 41,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 362,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А ХХК-иас 362,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.А-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ