| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/00835/И |
| Дугаар | 102/ШШ2022/01452 |
| Огноо | 2022-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 102/ШШ2022/01452
2022 оны 04 сарын 20 өдөр Дугаар 102/ШШ2022/01452 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс -4, өөрийн байр, регистр ...., Т ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, Үйлдвэрийн бүс-2, өөрийн байр, ., Х. ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 72 675 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э. нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б. шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь Х... ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 72 675 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
Т.... ХХК нь Хаард конкрит ХХК-тай 2020 оны 6-р сарын 16-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулж, МZ-01, МZ-02, МZ-05 тоот нэмэлт гэрээ хийсэн. Гэрээний дагуу 2020 оны 6-р сарын 16-наас 8-р сарын 18-ны хооронд нийт 19 удаагийн нийлүүлэлтээр 58 650 000 төгрөгийн гэрээнд заасан бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлсэн. Гэрээний дагуу нийлүүлсэн зүйлээ 2020 оны 9-р сарын 28-ны өдөр тооцоо нийлэхэд Хаард конкрит ХХК нь 48 450 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гарсан. Гэрээний 7.2-т “гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөх”-өөр тохирсон. Төлбөрөө 2020 оны 10-р сарын 05-ны дотор төлөхийг мэдэгдсэнээс хойш 473 хоногоор хэтрүүлсэн бөгөөд алданги тооцоход 114 584 250 төгрөг болсон. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул алданги нь 24 225 000 төгрөг болж байна. Иймд Х... ХХК-иас төлбөр 48 450 000 төгрөг, алданги 24 225 000 төгрөг нийт 72 675 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Т.. ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, итгэмжлэл /хх 4/, “Бараа нийлүүлэх гэрээ” /хх 5-7/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх 8/, төлбөр тооцоо барагдуулах тухай мэдэгдэл /хх 9/ зэрэг баримтыг шүүхэд гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
“Бараа нийлүүлэх гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан байна.
2.Хариуцагч нэхэмжлэлийг няцаасан, татгалзсан тайлбар гаргаагүй байна.
3.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
Т... ХХК нь Х... ХХК-тай 2020 оны 6-р сарын 16-ны өдөр “Бараа нийлүүлэх гэрээ” байгуулж, бетон зуурмагийн МZ-01 зуны нэмэлт, МZ-02 өвлийн нэмэлт, МZ-05 ус тусгаарлах нэмэлт бодис тус тус нийлүүлэхээр /хх 5-7/ тохирчээ. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Худалдагч нь гэрээний дагуу 2020 оны 6-р сарын 16-наас 8-р сарын 18-ны хооронд нийт 19 удаагийн нийлүүлэлтээр 58 650 000 төгрөгийн бүтээгдэхүүнийг худалдан авагчид нийлүүлсэн, талууд 2020 оны 9-р сарын 28-ны өдөр тооцоо нийлж Х ... ХХК нь 48 450 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг баталгаажуулжээ. /хх 8/
Дээрх төлбөр тооцоог барагдуулах талаар Т... ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр худалдан авагчид мэдэгдсэн /хх 9/ байх ба хариуцагч төлбөрийг төлөөгүй байна.
Талууд гэрээний 7.2-т “гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөх”-өөр тохирсон тул Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож Х... ХХК-иас төлбөр 48 450 000 төгрөг, алданги 24 225 000 төгрөг нийт 72 675 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй.
Хариуцагч Х... ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б... нэхэмжлэлийн хувийг 2022 оны 03-р сарын 16-ны өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2022 оны 4-р сарын 13-ны өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул 72 675 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 521 500 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Х....ХХК-иас 521 500 төгрөг гаргуулж Т... ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х...ХХК-иас 72 675 000 /далан хоёр сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж Т... ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 521 500 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, Х... ХХК-иас 521 500 төгрөг гаргуулж Т... ХХК-д олгосугай.
3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА