| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2020/0133/э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.С |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 44
С.М-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Э, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э
Шүүгдэгч С.М
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Мт холбогдох 2012001660074 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч В.Ц-н илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 51 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 19-07 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овгийн С.М
Шүүгдэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Хасу ХХК-ийн гудамжны 0 тоотод оршин суух иргэн М.М-ын байнга амьдардаг байранд нэвтэрч Ай фоне-8 плас маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас С.Мт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт С.М-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 тоот шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч С.Мын өмгөөлөгч Н.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь тус тогтоолоор С.Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Миний үйлчлүүлэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Хасу ХХК-ийн байрнаас иргэн М.М-ын гэрээс Ай фоне-8 плас маркийн гар утсыг нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. С.М нь тухайн байранд анх нэвтрэхдээ үүдний жижүүрээс Хасу мандал ХХК-ийн захирал Ч.М-ыг асуусан, үүдний жижүүр байхгүй байгаа талаар хэлтэл жижүүрээс бие засах газар асууж зөвшөөрөл авсан бөгөөд тухайн орон байранд нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна /гэрч Ч.С-ийн мэдүүлэг хх-9-11-р тал/. Бие засах өрөөг тухайн жижүүр эмэгтэйгээр заалгаж ороод бие засчхаад дараа нь зөвшөөрөлгүйгээр өөр өрөө рүү шагайсан, бусдын эд зүйл хулгайлах сэдэл төрсөн талаар мэдүүлсэн /яллагдагч С.Мын мэдүүлэг хх-38-41-р тал/. Өөрөөр хэлбэл түүний үйлдэлд орон байранд хууль бусаар нэвтэрсэн шинж тогтоогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолд хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг, саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бусаар нэвтрэлтэд буруутгах үндэслэл болно гэж дурджээ. Гэтэл С.М нь тухайн байранд нэвтрэхдээ зөвшөөрөл авсан байхаас гадна иргэн М.М-ын амьдардаг өрөө рүү орох тухайн цаг хугацаанд орохыг хориглосон саад, цоож, түгжээ болон ямар нэгэн тэмдэг, тэмдэглээ байгаагүй болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас харагдаж байна. Иймд түүний холбогдсон хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 тоот шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч С.М нь тухайн айлд орох зөвшөөрөл аваагүй. Тухайн үед хүн байхгүйг мэдсэн хэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан. Мөн тухайн айлтай садан төрлийн холбоо байхгүй. С.Мт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Хасу ХХК-ийн гудамжны 0 тоотод оршин суух иргэн М.М-ын байнга амьдардаг байранд нэвтэрч Ай фоне-8 плас маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих ажиллагаануудыг бүрэн шалгаж тогтоосон. Шүүгдэгч С.М-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч С.Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. С.М нь тухайн байранд нэвтрэхдээ үүдний жижүүрээс Хасу мандал ХХК-ийн захирал Ч.М-ыг асуусан бөгөөд үүдний жижүүр байхгүй байгаа талаар хэлтэл жижүүрээс бие засах газар асууж зөвшөөрөл авсан бөгөөд тухайн орон байранд нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл түүний үйлдэлд орон байранд хууль бусаар нэвтэрсэн шинж тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаар тогтоолд хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд хориглосон зай байх ба хориг, саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсвэл хориг саадтай байхыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бусаар нэвтэрсэнд буруутгах үндэслэл болно гэж дурдсан. Гэтэл С.М нь тухайн байранд нэвтрэхдээ жижүүрээс зөвшөөрөл авсан байхаас гадна иргэн М.М-ын амьдардаг өрөө рүү орох тухайн цаг хугацаанд орохыг хориглосон саад, цоож, түгжээ, болон ямар нэгэн тэмдэг, тэмдэглээ байгаагүй болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас харагдаж байна. Иймд түүний холбогдсон хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын 1, 2, 3 дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан С.Мыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар С.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч...С.М нь тухайн байранд нэвтрэхдээ зөвшөөрөл авсан байхаас гадна иргэн М.М-ын амьдардаг өрөө рүү орох тухайн цаг хугацаанд орохыг хориглосон саад, цоож, түгжээ болон ямар нэгэн тэмдэг, тэмдэглээ байгаагүй болох нь хавтаст хэргийн материалд авагдсан баримтуудаас харагдаж байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Мягмаржавын үйлдэл нотлогдсон, шүүгдэгч нь ариун цэврийн өрөө орох зөвшөөрөл авсан, харин М.М-ын байнга амьдардаг өрөө рүү орох зөвшөөрөл аваагүй байна.
Өөрөөр хэлбэл Хасу ХХК байранд М.М-ын амьдардаг өрөө болон бусдын ажлын байр тус тус байрладаг бөгөөд шүүгдэгч нь М.М-той төрөл садны холбоогүй, хохирогчийн гэрт шүүгдэгч нэвтрэх эрх олгогдоогүй нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэх явцад шүүгдэгч С.М нь 75 хоног цагдан хоригдсон байх тул түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мын цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД Д.Э
В.Ц